УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 11, санал хураалт болоход 29 хоног үлдээд байна. Манай улс анх удаа УИХ-ын сонгуулиа бүсчилсэн хэлбэрээр томсгосон тойрогт зохион байгуулж буйгаараа онцлогтой. Манай улс өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлснээр УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 28-нд байхаар тогтсон. Үүний дагуу Үндсэн хуулийн 21.1-д УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэж заасан юм. Ингэснээр УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж заасан. Энэхүү заалтад нийцүүлэн УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Ингэснээр УИХ-ын 78 гишүүнийг мажоритар буюу “олныг төлөөлөх”, 48 гишүүнийг пропорцианал буюу “хувь тэнцүүлсэн” тогтолцоогоор жагсаалтаар сонгох юм. Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах тохиолдолд нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана.
Харин жагсаалтаар сонгууль явуулах тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байна гэж заасан. Сонгуулийн тойрог болон мандатын тоог УИХ-аас тогтоохдоо орон нутагт бүсчилсэн долоо, нийслэл Улаанбаатарт зургаа, нийт 13 байхаар тогтсон. Үүний дагуу
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг нэгтгэн нэг,
Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг нэгтгэн хоёр,
Баян-Өлгий аймаг гурав,
Булган, Орхон, Хөвсгөл аймгийг нэгтгэн дөрөв,
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэн тав,
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нэгтгэн зургаа,
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийг нэгтгэн долдугаар тойрог болгосон.
Харин нийслэлд
Баянзүрх дүүрэг найм,
Баянгол дүүрэг ес,
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нэгтгэн арав,
Сонгинохайрхан дүүрэг 11,
Хан-Уул дүүрэг 12,
Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтгэн 13 тойрогт хуваасан.
Ийнхүү нэгтгэсэн байдлаар томсгосон тойрог болгосон учраас саналын хуудаснаас авахуулаад шинэ тутам зүйл олон бий. Тиймээс бид энэ удаад сонгогчдын боловсролд зориулан саналаа хэрхэн өгөх талаар дараах мэдээллийг бэлтгэлээ. СЕХ-ны референт П.Алтанчимэгээс сонгуулийн тойрог болон жагсаалтын саналын хуудсыг хэрхэн бөглөх талаар тодруулахад “Энэ удаагийн УИХ-ын сонгуульд сонгогч санал өгөх байранд очихдоо хоёр төрлийн саналын хуудас хүлээн авна. Эхний хуудаст тухайн тойрогт нэр дэвшигчдийн мэдээлэл бүхий саналын хуудас байна. Энэ хуудаснаас та зааврыг нь сайтар уншаад мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчдийн урд талын зууван дугуйг дүүргэн будах байдлаар саналаа илэрхийлнэ. Ингэхдээ таны сонгохыг хүссэн нэр дэвшигч аль ч намаас байж болох бөгөөд гол нь мандатын тоотой тэнцүү дугуйлж саналаа илэрхийлнэ. Хоёр дахь саналын хуудсанд улсын хэмжээнд нэр дэвшиж буй 19 нам, хоёр эвслийн нэрс байрлах бөгөөд та өөрийн дэмжихийг хүссэн нам эсвэл эвслийн төлөө саналаа илэрхийлэхдээ урд талын зууван дугуйг дүүргэн будаж саналаа илэрхийлнэ. Эдгээр нам, эвслийн ард жагсаалтаар нэр дэвшигчид байрлах бөгөөд та жагсаалтад нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд хүлээн авах боломжтой” гэдгийг хэллээ.
Гадаадад суугаа 2459 иргэн сонгуульд оролцоно
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд гадаадын 31 улсад суугаа Монгол Улсын 2459 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ. Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 6-наас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай юм. Ингэхдээ https://election.burtgel.gov.m... хаягаар орон https://election.burtgel.gov.m... хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг цахим шуудангаар санал өгөх Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх, Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очих зэрэг болно. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны зургадугаар сарын 20-23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгөх юм. Түүнчлэн энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэлтэй 1562 иргэн Улсын Дээд шүүхээс лавлагаа авсан байна. Тодруулбал, Улсын Дээд шүүх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийн лавлагааг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 25-ны өдрийг дуустал хүлээн авч, хуульд заасан журмын дагуу олгох ажлыг зохион байгуулсан байна. Ингэхэд нийт 1562 иргэн 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтээ ирүүлж, давхардсан тоогоор нийт 1594 лавлагаа олгожээ. Үүнд, Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон өр төлбөртэй эсэх лавлагааг 96 иргэнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн тодорхойлолтоор төлбөртэй 42 иргэнд, “Иргэдийн банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй” гэсэн лавлагааг давхардсан тоогоор 1456 иргэнд олгож ажиллажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол, төлбөргүй гэсэн тодорхойлолтоо дахин ирүүлсэн зургаа, улс төрийн нам, эвслээ өөрчлүүлэх хүсэлт 14, бусад шалтгаанаар 12 иргэн дахин лавлагаа авах хүсэлт ирүүлснийг холбогдох журмын дагуу дахин олгосон байна. Түүнчлэн 1594 лавлагаанаас албан бичгийн хэвлэмэл хуудсаар албажуулсан 49, төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн И-Монголиа цахим системээр боловсруулан, хянуулж, тоон гарын үсгээр баталгаажуулсан 1545 лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд цахимаар бүрэн илгээжээ. “Иргэдийн банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх” лавлагааг Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 37 Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Үндэсний ба Олон улсын арилжааны Арбитр, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын мэдээллийн сан болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын сангаас тус тус шүүлт хийлгэн, мэдээллийг нэгтгэн ажиллажээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна