Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 4-7-ны хооронд зохион байгуулна. Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн арван хичээлээр зохион байгуулж байгаа юм. Шалгуулагч эдгээрээс хоёроос багагүй хичээлийг сонгож, элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах ёстой. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хамгийн түрүүнд буюу долдугаар сарын 4-нд түүх болон англи хэлний хичээлээр эхлүүлнэ.
Энэ жилийн элсэлтийн шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 19-нд эхлүүлж, дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт хаасан юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц “Элсэлтийн ерөнхий шалгалтыг жил бүрийн зургадугаар сарын сүүлчээр зохион байгуулдаг бол энэ жил сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор долдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар болсон. Сонгуулийн өмнө олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад тохиромжгүй гэж үзсэн учраас ийм шийдэлд хүрсэн. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх долдугаар сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар холбогдох бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогийн байдлаар 36 мянга орчим шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Боловсролын үнэлгээний төвийн системтэй холбоотой зарим нэг асуудал гардаг. Гэхдээ шалгуулагч системтэй холбоотой асуудлаа тухай бүрд нь шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Мөн тодорхой өргөдлийн дагуу шалгуулагчдын мэдээллийг засаж, асуудлыг шийдвэрлэсэн” гэдэг мэдээллийг өглөө.
Шалгуулагч холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, 30-40 минутын өмнө очих ёстой
Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгавруудыг тухайн хичээлийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байдаг. Монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно гэдгийг холбогдох мэргэжилтэн хэлж байлаа.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөө бүртгүүлсэн шалгуулагчид юу анхаарах ёстой вэ, шалгалтын өдөр ямар бичиг баримт бүрдүүлж очиж ёстой талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодруулахад “Бүртгүүлэхдээ оруулсан цээж зургаа эргэж харахыг зөвлөж байна. Учир нь, зарим сурагч сэлфи эсвэл хэн нэгэнтэй хамт татуулсан зураг, бүр хүүхэлдэйн киноны баатар, амьтны зураг хүртэл байршуулсан байх жишээтэй. Энэ мэт зураг албан хэрэгцээний шаардлага хангахгүйг анхааруулж байна. Тухайн зураг монгол хэл, бичгийн шалгалтын болон элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас дээр хэвлэгддэг учраас стандартын шаардлага хангасан, албан ёсны цээж зураг байх ёстой. Шаардлага хангахгүй зураг оруулсан тохиолдолд бид устгах байдлаар хариу мэдэгдэж байгаа. Хэрэв таны оруулсан зураг устсан байвал стандартын шаардлага хангахгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Зарим бүртгүүлэгч огт зураг оруулахгүй байна.
Энэ тохиолдолд тухайн сурагчийн батламж зураггүй хэвлэгдэнэ гэсэн үг. Тиймээс хариуцлагатай хандаж, мэргэжлийн газарт авахуулсан, стандартын шаардлага хангасан цээж зураг оруулахыг зөвлөж байна” гээд шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр очихдоо иргэний үнэмлэх болон бүрэн, дунд боловсролын гэрчилгээг эх хувиар нь, мөн бүртгүүлсэн шалгуулагчийн хэсгээсээ бүртгэлийн хуудас, суудлын хувиар бичсэн мэдээллийг хэвлэж авсан байх ёстой бөгөөд шалгалт эхлэхээс 30-40 минутын өмнө очсон байх ёстойг санууллаа.
Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй шалгуулагчдаас дахин шалгалт авна
Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулсан. Тус шалгалтад 36 мянга орчим шалгуулагч оролцсоноос 5300 орчим нь босго оноондоо хүрээгүй гэдэг дүн гарсан. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 юм.
Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин шалгалтад орох боломжтой аж. Тэгвэл монгол хэл, бичгийн шалгалтынхаа босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас ирэх наймдугаар сарын 17-нд дахин шалгалт авахаар шийдвэрлэсэн гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц хэллээ. Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалтад хувь хүний бэлтгэлтэй холбоотой асуудал нэлээд гардаг. Тухайлбал, бичиг баримтаа мартах, хаяж гээгдүүлэх, цагаасаа хоцрох гэх мэт тохиолдол их гардаг. Шалгалтын өдөр шалгуулагч хувийн бэлтгэлээ хангаж, шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх ёстой” гэдгийг сануулаад элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах гэж байгаа хүүхдүүдийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст байршуулж буй мэдээллийг цаг алдалгүй авч байхыг зөвлөв.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчид Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу монгол хэл, бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх ёстой. Тус тогтоолыг эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилгоор баталсан билээ.
Монгол хэл, бичгийн шалгалт дөрвөн даалгавартай
Монгол хэл, бичгийн шалгалтыг анх авч байх үед шалгуулагчид эх зохиох болон үндэсний бичигтэй холбоотой даалгаврыг гүйцэтгэхгүйгээр хоосон үлдээхээс гадна зохион бичлэгийг ярианы болон сошиалын үг хэллэгээр бичдэг байжээ. Тэгвэл жил өнгөрөх тусам ийм тохиолдол эрс багасаж, гүйцэтгэлийн хувь нэмэгдэж буйг холбогдох мэргэжилтэн онцоллоо. Сүүлийн жилүүдэд сурагчдын найруулан бичих, зөв бичих чадвар сайжирч байгаа нь энэ удаагийн шалгалтаас ажиглагдсан байна. Тухайлбал, уран зохиолын адилтгал, зүйрлэл, уран дүрслэл зэргийг түгээмэл ашиглахаас гадна ямар нэгэн зохиол, эрдэмтэн мэргэдийн хэлсэн үгээс иш татах зэргээр зохион бичлэгээ дэлгэрүүлэн бичдэг болжээ. Монгол хэл, бичгийн шалгалт дөрвөн даалгавартай байдаг. Нэгдүгээрт, уншаад ойлгох чадварыг шалгах буюу асуултын дагуу хариулт сонгох тест, хоёрдугаарт, зөв бичих дүрэм буюу алдаатай үгийг олж зөв бичих, гуравдугаарт, монгол бичиг буюу үндэсний бичгээр бичсэн эхийг орчин цагийн кирил бичигт хөрвүүлэх, дөрөвдүгээрт, өгөгдсөн сэдвийн хүрээнд 200-250 үгтэй эх зохиох бөгөөд энэ жилийн шалгалтын эх зохиох сэдэв “Миний ирээдүйн амьдрал” нэртэй байв. Тиймээс шалгуулагчид өөрийнхөө ирээдүйн амьдралыг зөгнөн мөрөөдсөн, төсөөлсөн байдлаар бичих ёстой аж. Харин өнгөрсөн үеэ дурсаж, одоо үеэ хүүрнэж бичсэн тохиолдолд тухайн шалгуулагч бүрэн оноо авч чадахгүй юм байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна