“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд өнөөдрийн байдлаар 150 хоршоо 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байна. Малчид сайн дураараа хамтарч, хоршоо байгуулан, бизнес эрхлэхээр зээл авч байгаад АН-ын зүгээс эсэргүүцэн “Өнөөдрийн зээл, маргаашийн өр” хэмээн шүүмжилсэн. Үүнтэй холбогдуулан малчид хэвлэлийн бага хурал хийж, “Шинэ хоршоо хөдөлгөөн” ямар үр дүтэй талаар саналаа хэлж, улстөржүүлэхгүй байхыг хүслээ. Ингээд малчдын байр суурийг хүргэж байна.
Д.Гомбо-Очир: Малчид оюун ухаантай, гэгээлэг ард түмэн
/Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин, Дэлхийн нүүдэлч малчид уугуул иргэдийн холбооны Азийг хариуцсан хүндэт зөвлөх, Монгол Улсын Гавьяат малчин/
-Би 80 нас хүртлээ мал аж ахуйнхаа төлөө л явж ирлээ. Ардын хувьсгалаас хойш 100 гаруй жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд төр, засгаас малчдын талаар олон арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Гэвч өнөөдрийн “Шинэ хоршоо хөдөлгөөн”-тэй дүйхүүц том арга хэмжээ зохион байгуулж байсангүй. Энэ хөдөлгөөн бол хөдөө аж ахуйн хувьсгал боллоо. Үндсэн хуульд “Мал үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Үүний дагуу төр, засгаас малчдадаа итгэж, малчид нь хоорондоо бие биедээ итгэж амьдрах шаардлагатай тулж байна. Жалгын нэг тарж амьдарвал хоосон хоцорно гэдгийг өнгөрсөн өвлийн зуд бидэнд анхааруулж, сургамж боллоо. Тиймээс ч төр, засгаас зөв арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Би 330 сумын малчдын төлөөлөлтэй уулзлаа. Мал аж ахуй эзэнгүйгээр явахгүй гэж олон жил яригдсан. Өнөөдөр биеллээ олж, төр, засаг оновчтой шийдвэр гаргалаа. Энэ бол хувьсгал юм.
Гэхдээ “Шинэ хоршоо хөдөлгөөн”-тэй зэрэгцээд шүүмжлэл гарч байна. Малчид биднийг мэдлэггүй, боловсролгүй, зээл аваад өрөнд орно гэж байна. Би үүнийг эсэргүүцэж байна. Малчин бид математикч, “Хаан” боловсролтой. “Хаан” боловсрол гэдгийг нь Монголын уур амьсгал, амьдрах ухаанаас олж авдаг. Малчин хүн цаг агаараа, байгаль дэлхийгээ хараад шинжиж мэддэг. Малчдын зээл төлөлт ипотекийн зээлийн дараагаар орж байна. Бид зээлээ хариуцлагатай төлдөг. Малчид бол өөрийнхөө төлөө биш хүний төлөө ажилладаг. Монголын нүүдлийн мал аж ахуйг “Бага Монгол Улс” гэдэг. Тиймээс “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг зоригт малчид дэмжиж, хэрэгжүүлнэ. Малчид бид оюун ухаантай гэгээлэг ард түмэн шүү.
Д.Отгонпүрэв: бид хоршоо байгуулж, хамтын хөдөлмөр өрнүүлэх нь зүйтэй
/Архангай аймгийн Цэнхэр сумын малчин/
-Таван хошуу мал бол шавхагдашгүй баялаг. Мал сүргээ төр, засгаас бодлогоор хамгаалж явах хэрэгтэй. Учир нь, уур амьсгалын өөрчлөлт, цас зудын нөхцөлд малчид хүчин мөхөстөж байна. Зудын хүнд нөхцөлд малчид эрүүл мэндээ хамгаалж чаддаггүй. “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлж байгаад баяртай байна. Хоршооны гишүүд нэгдэж, хашаа саравч, худаг усаа сайжруулж, ногоон тэжээл тарьж, өвлийн бэлтгэлээ хангахад үр дүнтэй. Малчид арилжааны банкнаас жилийн 24 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол өнөөдөр энэ хөдөлгөөнөөр зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авахаар болсонд баяртай байна. Малчин бид хоршоогоо байгуулж, зээлээ авч, хамтын хөдөлмөрөө өрнүүлэх нь зүйтэй.
П.Пүрэвдулам: Эмэгтэйчүүд хоршоо байгуулж, амьдрал ахуйгаа дээшлүүлнэ
/Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын малчин/
-Малчин бид жалгын нэг тарж бутарч амьдарснаас нэгдэх нь зүйтэй гэдгийг өнгөрсөн өвлийн зуд бидэнд харууллаа. Би хоршоо байгуулах гэж олон жил явсан. “Шинэ хоршоо хөдөлгөөн” малчдад дэмжлэг болохуйц үр дүнтэй үйл явдал болж байна. Эмэгтэйчүүд бид хоршоо байгуулан, хамтарч ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлнэ.
О.Долгорсүрэн: Малчид зээлээ хариуцлагатай төлдөг
/Архангай аймгийн Цэнхэр сумын малчин/
-Бидэнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” том тусламж, дэмжлэг болж байна. Малчин банкнаас өндөр хүүтэй зээл авдаг. Бид зээлээ хариуцлагатай төлдөг. Тиймээс бид төр, засгаас “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлж, хөдөлмөр эрхлэхэд дэмжиж, жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгож байгаад баяртай байна. Энэ зээлийг үргэлжлүүлэн олгоосой гэж хүсэж байна.
Ц.Цэрэннадмид: Хоршоо байгуулж, хамтарч хөдөлмөрлөхийг уриалж байна
/Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин/
-Би “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг дэмжиж байна. Малчин эмэгтэйчүүд өглөө бүр цайныхаа дээжийг өргөж л, тэнгэр хангайдаа “авлига” өгдөг хүмүүс. Үдэш болохоор долоон бурхандаа дээж, өргөж, мөргөдөг улс. Малаа маллаж, хөдөлмөрлөхөөс өөр зүйл мэдэхгүй. Харин “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр бага хүүтэй зээл олгож байгаад баяртай байна. Монголын малчин эмэгтэйчүүдээ дэмжиж, хамтарч хөдөлмөрлөхийг уриалж байна.
Э.Гончигсүрэн: “Шинэ хоршоо хөдөлгөөн” залуу малчдыг дэмжсэн арга хэмжээ боллоо
/Архангай аймгийн Цэнхэр сумын малчин/
-Залуу малчид өрх толгойлж гараад мал маллахын зэрэгцээ аж ахуй эрхлэхийг хүсдэг. Ингээд арилжааны банкнаас зээл авахад мал цөөтэй учир хүндрэлтэй тулгардаг. Бага зээл олгоно гэдэг. Харин “Шинэ хоршоо хөдөлгөөн” залуу малчдад урам хайрлаж, дэмжсэн арга хэмжээ болж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна