Монголын скаутын холбооны Скаутын салбар хариуцсан дарга Д.Тэмүүжинтэй Үндэсний VII жембори зохион байгуулах гэж байгаатай нь холбогдуулан ярилцлаа.
-Ярилцлагын эхэнд та өөрийгөө танилцуулана уу. Хэдэн онд скаутын гишүүн болсон бэ?
-Намайг Доржсүрэнгийн Тэмүүжин гэдэг. Монголын скаутын холбооны Үндэсний төв штабт төслийн удирдагч, Скаутын салбар хариуцсан даргын албан тушаалтай. Манай холбоо НҮБ-тай хамтран олон төсөл хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээрийн нэгийг миний бие хариуцан ажилладаг. Манай ээж скаутын багш. Энэ утгаараа миний хүүхэд нас скауттай салшгүй холбоотой. Бараг хөлд орохоосоо эхлэн ээжтэйгээ хамт скаутын бүхий л үйл ажиллагаанд оролцдог байв. Ингэж скаутын байгууллагатай ойр өссөн учраас одоо ч гэсэн үйл ажиллагаанд нь оролцож, хүүхдүүдийн боловсролд чадах чинээгээрээ тусалж дэмжихийг хичээдэг. Их сургуулиа төгсөөд бизнесийн байгууллагад ажиллах боломж надад байсан ч сонирхдог, хийх дуртай ажилдаа илүү их цаг зарцуулъя гэж бодсон учраас Монголын скаутын холбоонд ажиллах шийдвэрийг гаргасан.
-Монголын скаутын холбооноос Үндэсний VII жемборийг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн жембори ямар онцлогтой болох вэ?
-Жембори гэдэг үгээс эхлэн тайлбарлая. Индиан омгийн ахлагч нарын уулзалт буюу томоохон хэмжээний чуулганыг жембори гэж нэрлэдэг байсан. Жембори зохион байгуулахад олон хүн нэг дор цуглаж чуулдаг учраас томоохон хэмжээний цугларалтыг жембори гэж нэрлээд заншжээ. Жемборийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Монголын скаутын холбооны хувьд үндэсний болон олон улсын шинж чанартай нийт 12 жемборийг зохион байгуулж байсан туршлагатай. Энэ жилийн Үндэсний VII жемборийг анх удаа Улаанбаатар хотоос хол буюу Баян-Өлгий аймагт, яг Толбо нуурын эрэгт зохион байгуулж байгаагаараа онцлог. 21 аймгийн хүүхэд, залуус Алтайн хязгаарт зочилж казах үндэстний соёл, уламжлалын онцлогтой танилцаж, хамтдаа хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдана. Зүгээр бодоход л гоё шүү дээ. Өглөө босоод майхнаа онгойлгоход Толбо нуур, Алтайн уулс харагдана. Эх орноороо бахархахгүй байхын аргагүй. Хүүхэд бүр эх орныхоо сайхнаар бахархаж, өөрийн ертөнцөө тэлж, хөгжихөд нь жембори маш том алхам болно гэж найдаж байна.
-Та бүхэн жемборийг ирэх долдугаар сард хийхээр товложээ. Нийслэлээс нэлээд зайдуу газар олон хүүхдийг хамруулсан арга хэмжээ хийх учраас аюулгүй байдалд нэлээд анхаарал хандуулж байгаа байх?
-Жембори болон томоохон үйл ажиллагааг зохион байгуулах хорооны багийг ерөнхийдөө хагас жилийн өмнө байгуулж, бүх ажлаа төлөвлөдөг. Зохион байгуулах хорооны удирдлага 30 орчим хүн, тэдний удирдлагад хамтран ажиллаж байгаа салбар хорооны 100 гаруй хүн үндсэн зохион байгуулалтыг хариуцдаг. Үүнээс гадна хүүхдүүдийг хариуцдаг багш нар бий. Нэг багш 10 хүүхдийг хариуцан ажилладаг. Үүнээс юу гэж ойлгох вэ гэхээр үндсэндээ 300 орчим хүн энэ удаагийн жемборийг хариуцан ажиллах юм. Баян-Өлгий аймаг Улаанбаатар хотоос 1700 гаруй км-ийн зайтай. Монголын скаутын холбоо “Скаут тур” компанитай хамтран ажилладаг. Энэ байгууллага автобустай аяллууд зохион байгуулдаг бөгөөд Үндэсний VII жемборийг зохион байгуулахад бидэнтэй хамтран ажиллана. Жемборид оролцох хүүхдүүдийг нэгдсэн байдлаар, цагдаагийн хамгаалалттай авч явна. Мөн шаардлагатай тохиолдолд ажиллах эмч нарын баг дагалдан явах юм.
-Улаанбаатараас Баян-Өлгий хүртэл зөвхөн автобусаар явах юм уу. Замдаа аль нэг аймагт буудаллахаар төлөвлөсөн үү?
-Бид гурав хоногийн аяллын хөтөлбөр гаргасан. Үндэсний VII жемборид оролцогчид Өвөрхангай, Говь-Алтай, Ховд аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад буудаллана. Тэгэхээр Улаанбаатараас Баян-Өлгий аймаг ороход гурав хоног зарцуулах бөгөөд хүүхдүүд аяллын тусгай хөтөлбөрт оролцоод явах юм. Баян-Өлгий аймгаас буцаж ирэхдээ хоёр хоног зарцуулна. Харин Баян-Өлгий аймагт байх таван шөнө, зургаан өдрийн хөтөлбөртэй. Дэлхийн скаутын үйл ажиллагаанд цогцолбор төв гэсэн хэллэг байдаг. Энэхүү цогцолбор төв дотроо өртөөнүүдтэй. Өртөөнүүд нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Хүүхдүүдэд зааж өгөх, сургах, тоглуулах, тоглоомын аргаар хөгжүүлэх гэх мэт хөтөлбөрүүд багтсан байдаг. Энэ жилийн жемборийн үеэр таван төрлөөр цогцолбор төвийг байгуулна. Хүүхдүүд эдгээр төвөөр тав хоногийн турш аялж, бүх үйл ажиллагаанд нь оролцсоноор тодорхой мэдлэгтэй болж, хөгжих боломжтой юм.
-Таван цогцолбор төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ямар чиглэл, сэдвийн хүрээнд хөтөлбөрүүдээ боловсруулсан вэ?
-Юуны түрүүнд Олон үндэстний цогцолбор төвийн талаар танилцуулъя. Эндээс казах үндэстний талаарх мэдлэг мэдээллийг олж авах боломжтой. Урлаг соёлоос нь эхлээд уламжлалт зан үйл, хооллох соёл, аж байдал зэрэг энэ үндэстний талаарх олон талын мэдээллийг энэ цогцолбор төвийн үйл ажиллагаанд оролцсоноор олж мэдэх юм. Үндэсний VII жемборид 14 орны 100 гаруй скаут оролцохоор саналаа ирүүлээд байна. Тэдгээрээс зарим нь Олон үндэстний цогцолбор төвөөр дамжуулан өөрийн улс орны ёс заншил, онцлог зүйлээсээ танилцуулна.
Удаах төв нь Скаутын цогцолбор. Энд хүүхдүүд скаут хүнд байх ёстой чадваруудыг сурч эзэмшинэ. Хээрийн нөхцөлд гал түлж сурахаас гадна уяа зангилаа, морз, эмнэлгийн анхан шатны тусламжийг шаардлагатай тохиолдолд хэрхэн үзүүлэхийг сурах юм.
Толбо нуурын эрэг дээр энэ удаагийн жемборийг зохион байгуулж байгаа онцлогтоо түшиглэн Усан цогцолбор төвийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Нуурын гүехэн хэсгийг сонгон хашаалж байнгын хараа хяналттай ажиллана. Ойролцоогоор 80-100 метр, гүний хувьд 50-60 сантиметрийн гүнтэй хэсгийг сонгон тохижуулна.
Монголын скаутын холбоо, Эмэгтэй скаутын холбоо гэж тусдаа хоёр байгууллага байдаг. Эмэгтэй скаутын холбоонд зөвхөн эмэгтэйчүүд хамрагддаг бол манай холбоо хүйс харгалзахгүйгээр гишүүнээ элсүүлдэг. Энэ удаагийн үндэсний жемборид Эмэгтэй скаутын цогцолбор төвийг байгуулахаар болсон. Охид энэ төвийг сонгосноор оёж шидэх, зурах гээд илүү хувь хүний хөгжил талын чадваруудыг эзэмших юм.
Сүүлийнх нь SDG village буюу Чөлөөт цагийн цогцолбор төв. Үндэсний жемборийн үеэр хүүхдүүд шахуу хуваарьтай байгаагаас шалтгаалан ядрах гээд байдаг. Тиймээс бид үдээс хойших цагийг тэдний хувьд чөлөөт цаг болгон гаргаж өгч байгаа юм. Тийм үед хүүхдүүд Чөлөөт цагийн цогцолбор төвийг зорьж болно. Энэ төвд хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ хэрхэн оруулж болох вэ, гар доорх материалаа ашиглан юу хийж чадах вэ зэргийг туршиж үзэх боломжтой.
-Баян-Өлгий аймгийн онцлогуудаас тусгасан бэсрэг наадам зохион байгуулах тухай сонссон. Наадамд ямар зүйлсийг багтаасан талаараа мэдээлэл өгөөч?
-Тийм ээ, бид ерөнхий хөтөлбөрийнхөө дундуур бэсрэг наадам зохион байгуулахаар болсон. Үүнийг бүргэдийн бэсрэг баяр гэж ч ойлгож болно. Баян-Өлгий аймгийн Бүргэдийн холбооныхонтой холбогдсон. Тэд жемборийн үеэр хүүхдүүдэд танилцуулах бүргэдээ сургаж байгаа. Яагаад гэвэл, бүргэд сэрүүн үед өд нь сэргэж, нисэх чадвар нь нэмэгддэг жигүүртэн юм байна. Үүнээс гадна бид нэг өдөр автобустай аялал зохион байгуулна. Өлгий хоттой танилцаж, Хөгжимт драмын театраар нь орж урлагийн тоглолт үзнэ. Музейгээр нь зочилно. Мөн олон нийтэд нээлттэй байдаг сүм хийдээр нь орж уламжлал, өв соёлынх нь талаарх мэдлэгээ тэлнэ. Өлгий хотынхны “Өндөрлөг” гэж нэрлэдэг газраар нь очно. Энэ газраас Өлгий хотыг бүхлээр нь харж зураг авах боломжтой юм.
-Үндэсний жемборид оролцохоор хэдэн хүүхэд бүртгүүлээд байна вэ. Хол зам туулах учраас аялалд оролцогсдод насны хязгаар заасан байх?
-Монголын скаутын холбоо 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийг энэ удаагийн жемборидоо хамруулж байна. Хүүхдүүдийн аюулгүй, эрсдэлгүй байхаар бодолцож зарим аймагт квот тогтоосон. Ингэхдээ 100-аас илүүгүй хүүхдийг жемборид хамруулахаар болсон юм. Одоогоор 1200 орчим хүүхэд аялалд хамрагдахаар бүртгүүлээд байна. Насны хувьд 12-17 насны хүүхэд бидний зохион байгуулж байгаа жемборид оролцох боломжтой юм.
-Төлбөрийн талаар мэдээлэл өгөөч?
-Жемборийн үндсэн хөтөлбөр 500 мянган төгрөг, автобустай аялал 375 мянган төгрөгийн төлбөртэй байх юм. Өглөө, өдөр, оройн хоол, ирж очих унааны зардал, аяллын даатгал, хөтөлбөр зэргийг багтаан дээрх үнийг тогтоосон. Скаутын гол мөн чанар нь хүүхдүүдийг биеэ даахад нь сургаж, нийгмийн иргэн болох чадварыг нь сайжруулах. Тиймээс хүүхдүүд өөрсдөө хоолоо хийж иддэг. Харин бид эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний материалуудыг хүүхдүүдэд тарааж өгөх юм. Үүнд дааж авсан багш нь тусалж хамтдаа бүх зүйлээ хийнэ.
500 мянган төгрөгт жемборийн онцлогийг харуулсан бүч, футболкоос гадна казах үндэсний тоорцгон малгай, өврийн дэвтрийг хүүхэд нэг бүрд өгнө. Өврийн дэвтэрт скаутын зарим шаардлагатай зөвлөгөө, хээрийн нөхцөлд ямар хоолыг хэрхэн хийх талаарх мэдээлэлтэй байна.
-10 хүүхэд нэг салаа гэхээр 200 орчим сургагч багш шаардлагатай. Танай холбоонд тийм нөөц бололцоо бий юү?
-Монголын Скаутын холбоонд чадварлаг боловсон хүчний нөөц хангалттай бий. Манайх 21 аймаг, есөн дүүрэгт салбар холбоодтой. Салбар холбоо бүр өөрийн гэсэн даргатай. Тэр хүн нь тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад сургагч багш нарыг бэлтгэдэг. Бүлгийг удирдаж байгаа багш нар салаануудад хичээл заадаг багш нарыг бэлтгэдэг гэсэн үг. Сургагч багш хариуцлагатай байх ёстой. Хүүхдүүдийг өөрийн хүүхэд шиг үзэж аливаа оролцоог нь дэмжих юм. Үүний хариуд бид сургагч багшийн оролцооны хураамжийг авахгүй. Зөвхөн замын зардал 375 мянган төгрөгөө хураалгана.
-Үндэсний жемборийн үеэр олон улсын скаутуудын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдүүдийг тэдэнтэй чөлөөтэй харилцахад нь хэрхэн анхаарч байна вэ?
-Манайх Гадаад харилцааны хороотой. Уг хорооны гишүүд гаднаас ирж байгаа зочин төлөөлөгчтэй харилцаж шаардлагатай тохиолдолд орчуулга хийнэ. Түүнээс гадна гаднаас ирж байгаа скаутууд монгол хүүхдүүдтэй нэг хотхонд байрлах тул гадаад хэлний мэдлэгээ сайжруулах, бусад орны хүүхдүүдтэй харилцах талд саад үгүй. Тэд бүхий л үйл ажиллагаанд хамт, жигд оролцох боломжтой гэсэн үг.
-Жемборид хүүхдээ оролцуулахаар бүртгүүлсэн зарим эцэг, эх аялалд хамт явах хүсэлтэй бол боломжтой юу?
-Зарим эцэг, эх “Бид хүүхдээ хувийн машинаараа аваад хамтдаа явах боломжтой юу” гэж асуусан. Хүүхдүүдийг тээвэрлэх үед эцэг, эхтэй нь хамт явуулахгүй. Цувааны ойр орчимд эцэг, эхчүүд явахыг хориглоно. Аюулгүй байдлыг бодолцож гаргасан энэ шийдвэрийг эцэг, эхчүүд хүндэлнэ гэдэгт итгэлтэй байна. Олон машин зэрэг явах нь эрсдэлтэй шүү дээ. Эцэг эхчүүд хамт явж болох ч үйл ажиллагаа явуулж байгаа бүс рүү орохыг хориглож байгаа. Харин бидний Толбо нуурын эрэг дээр байгуулсан эргэлтийн цэгт хүүхэдтэйгээ уулзах боломжийг бүрдүүлнэ.
-Монголын скаутын холбоо ойрын жилүүдэд томоохон ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Монголын скаутын холбоо үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийн нэг нь төсөл хөтөлбөрийн ажил. Энэ нь скаутын гишүүн бус хүмүүст хамаатай. Скаутын гишүүн бус хүмүүст зориулж бид “You can”, “Steam” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Нөгөөх нь скаутууддаа зориулсан үйл ажиллагаа байдаг юм. Жил бүр манай үндэсний зөвлөлийн хурал болдог. Үүнд 21 аймаг, есөн дүүргийн Скаутын холбооны дарга нар, Удирдах зөвлөл, товчооны гишүүн зэрэг нийтдээ 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй хурал болдог. Энэ хурлаар тайлангаа тавьж, ирэх жилийн төлөвлөгөөгөө баталдаг юм. Үүний дагуу бид жилийн туршид үйл ажиллагаагаа явуулдаг гэж ойлгож болно.
-Хэрэв оройтоогүй бол жемборид хүүхдээ оролцуулахыг хүссэн эцэг, эхчүүд ямар утсаар холбогдох вэ?
-Одоохондоо бүртгэлээ хаагаагүй байгаа. Эцэг, эхчүүд аймаг, дүүргийнхээ скаутын холбоонд хандах хэрэгтэй бөгөөд манай төв штабын 1132-4171 утсаар лавлаж болно.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна