Хэвшмэл ойлголтыг халсан ази залуус


"Форбс” сэтгүүл Азийн бизнес эрхлэгчид, уран бүтээлчид, медиа төлөөлөгч, өөрчлөлтийг манлайлж үеийнхэндээ урам зориг өгсөн 30 хүртэлх насныхныг онцолжээ. Энэ удаад 21 улсын төлөөллийг хамруулснаас топ 30-ыг сонгон жагсаасан байна. Статистикаас харвал Энэтхэг улс хамгийн олон буюу 86 хүн бүртгүүлсэн бол Хятад, Япон 32, Сингапур 27, Австрали 26, Индонез 18 хүн бүртгүүлжээ. Өөрчлөгдөж буй ертөнцөд Азийн залуу үе өргөжин тэлэхийг эрмэлзэж байна. Тэд эрчим хүч, хог хаягдлын менежментийн шийдлүүдийг санал болгосноор компаниудыг “ногоон” шийдлийг сонгоход дөхөм болжээ. Тухайлбал, Акшит Бансал, Рагхав Арора нар байгальд ээлтэй тээврийн салбарт боломжийг олж харсан Энэтхэгийн цахилгаан машины зах зээл жил бүр 26 хувийн өсөлттэй яваа. Тэдний байгуулсан “Statiq”компани нь цахилгаан машин, автобус, ачааны машин, гурван дугуйтыг цэнэглэх станцын сүлжээг орон даяар нэвтрүүлсэн. “Statiq”-ийн аппликейшн хөрөнгө оруулагчдаас 27.5 сая ам.долларын санхүүжилт босгоод байгаа бөгөөд дараагийн санхүүгийн жилд анхны үйл ажиллагааны ашгаа байршуулах юм.

Жендэрийн дуу хоолой

Энэ жилийн жагсаалтад гарааны бизнесийг санаачлагчдаас гадна хэвшмэл ойлголтыг эвдэж, үеийнхнээ хүчирхэгжүүлж буй уран бүтээлч, тамирчин, ирээдүйтэй оддыг дурджээ. Индонезын "Voice of Baceprot" (VoB) метал хамтлагийг онцолсон байна. Хижаб өмссөн охидын хамтлаг нь исламын шашинтнууд зонхилсон улс орны хэвшмэл ойлголтыг эвджээ. Хүйсийн тэгш бус байдал, цаг уурын өөрчлөлтийг хөндсөн дуунуудаараа алдартай  “Voice of Baceprot”-ыг “Дэлхийд хэрэгтэй метал хамтлаг” гэж тодорхойлсон. Тэд ирэх сард “Гластонбери” хөгжмийн наадамд оролцох Индонезын анхны уран бүтээлчид болно. Хамтлагийн бүрэлдэхүүнд Фирда Марся Курниа, Види Рахмавати,  Эуис Сити Айсях нар багтдаг. Анх сургуулийнхаа арга хэмжээнд зориулж “Металлика” хамтлагийн хит дуунуудыг коверлож байжээ. Тэдний “God, Allow Me (Please) to Make Music” дууг “YouTube”-д  таван сая гаруй хүн үзсэн байна. Тамирчдын жагсаалтыг 10 наснаасаа хийн урт буугаар хичээллэсэн БНХАУ-ын тамирчин Хуан Ютин тэргүүлжээ. Тэрбээр Ханжоугийн Азийн наадмаас гурван алтан медаль хүртсэн. Хуан Парисын олимпын наадамд шигшээ багаасаа хамгийн их найдвар тээж буй тамирчин юм.

Бүгд сурах эрхтэй

Аксана Солтан бол  боловсролын эрх тэгш хүртээмжийн төлөө карьераа зориулсан хүний эрхийн хуульч юм. Гэр бүлээрээ 1999 онд Афганистанаас дүрвэж, Виржиниагийн их сургуульд суралцаж байхдаа төрөлх орныхоо бага орлоготой хүүхдүүдэд туслах болов. Хожим нь АНУ-д төвтэй хүүхдийн төлөөх сангаа үүсгэн байгуулж, Афганистан дахь охидын боловсролд анхаарчээ. Тэрбээр нарны эрчим хүчээр ажилладаг радиогоор дамжуулан афган эмэгтэйчүүдэд боловсрол олгох хөтөлбөрийг боловсруулсан. Түүнтэй зорилго нэг пакистан бүсгүй мөн жагсаалтад багтжээ. Пакистанчуудыг их сургуульд сурахад нь туслах зорилгоор Алена Надимын удирддаг Лахор дахь “EduFi” төв улсдаа  алдартай. Түүний үзэл баримтлал тун энгийн. Цалингаас цалингийн хооронд амь зуудаг гэр бүлд сургалтын төлбөрөө сар бүр төлөх боломжийг нээжээ. “EduFi” нь Пакистаны 27 коллежтэй хамтран ажилладаг. Надим Массачусетсийн технологийн их сургуулийн төгссөн. Тэрбээр “McKinsey”-д дадлага хийж, Лондонд “Goldman Sachs”, “Ventura Capital”-д ажиллаж байсан туршлагатай. “EduFi” Пакистаны гарааны бизнесийн түүхэн дэх хамгийн том эргэлт болжээ.

Хөрөнгө оруулагчид гарааны бизнес рүү

Хятадын “5Y Capital” компанийн дэд ерөнхийлөгч Стивен Ши ухаалаг гар утасны аварга компани болох “Xiaomi”-гийн анхны хөрөнгө оруулагчдын нэг. Тэрбээр таван тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Ши хиймэл оюун ухааны хөгжлийг түргэтгэгч, бие даасан жолоодлоготой стартап “Pony.ai”, контент бүтээгч “Haiper” болон мансууруулах бодис илрүүлэх “Helixon” платформд хөрөнгө оруулжээ. Тэгвэл Ясмин Гао бол финтек болон энтерпрайз программ хангамжийн эхэн үеийн гарааны бизнесүүдэд голлон анхаардаг “fintech unicorn Airwallex”-ийн үүсгэн байгуулсан  венчур хөрөнгө оруулагч.

Илүү “Ногоон” ирээдүй

Тогтвортой байдлын зорилгод хүрэх чухал алхам бол технологи. Хятадын Жу Юэян 2020 онд арилжааны өмчлөгчдөд эрчим хүчний зардал болон нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулахад тусалдаг “Small Eel” эрчим хүчний менежментийн компаниа байгуулжээ. Өнөөдөр улсдаа найман хотын аж үйлдвэрийн парк, оффис, худалдааны төвүүдэд суурилуулсан уг платформын ухаалаг мэдрэгч нь эрчим хүчийг хянаж, хаана хэмнэлт хийх боломжтойг тодорхойлдог. Хэрэглэгчдэд шаардлагагүй үед эрчим хүч хэмнэхэд нь туслах ухаалаг гэрэлтүүлэг, температурын хяналтын багцтай аж. Чэнду хотод төвтэй тус компани Хятадын K2VC, “Zhencheng Capital” зэрэг хөрөнгө оруулагчдаас 19 сая ам.доллар босгожээ. “Small Eel” гадаадад анхны төслүүдээ хэрэгжүүлж, Сингапурт худалдааны төв, оффисын барилгад программ хангамжаа суурилуулж, Ойрх Дорнод руу тэлэх зорилготой байна. БНХАУ нүүрсхүчлийн хийг саармагжуулах үндэсний зорилтоо 2020 онд зарласнаар арилжааны өмчлөгчдөд эрчим хүчний зардал болон нүүрсхүчлийн хийн ул мөрийг бууруулахад тусалдаг эрчим хүчний менежментийн компаниуд байгуулагджээ.

Агуулгын ертөнцийг тодорхойлогчид

Азийн залуу аниматор Эрика Энг 2019 онд “Шарсан будаа” комикоороо карьераа эхлүүлсэн. АНУ-д суралцах мөрөөдөл нь бүтэлгүйтсэнд урам хугарч вэб комик бичиж, өнгөрсөн хоёрдугаар сард график роман болгожээ. Эрика Сан-Францискогийн Урлагийн академид визуал эффектийн чиглэлээр цахимаар суралцсан. Ердийн вэб комикоос 30 хуудас илүү энэ зохиолыг хэвлэлийн компаниуд ном болгохоос татгалзаж байсан одоо эрэлтээрээ Малайзид тэргүүлж байна. Харин Юи Оцүки Васедагийн их сургуульд сурч байхдаа “Generation-Z” үед чиглэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нөлөөллийн маркетингийн үйлчилгээ бүхий корпорациудад үйлчлэх зорилгоор “ФинТ”-ээ нээжээ. Өдгөө KDDI болон “Mercari” зэрэг Японы 200 гаруй корпорацтай хамтран ажилладаг. “ФинТ” Азид тэлэх төлөвлөгөөнийхөө хүрээнд Вьетнамд салбараа нээж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг сая гаруй дагагчтай болжээ. Шанель Контос инстаграмдаа үе тэнгийнхээ охидоос сургуульд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар асуусан нь Австрали даяар дуулиан дэгдээж, Засгийн газрын түвшинд ажил хэрэг болсон. Тэрбээр охидын эрхийг хамгаалах  ТББ-аа байгуулжээ. Энэтхэгийн ганц бие ээж Адрижа Чакрабарти сэтгэлийн хямралтай тэмцсэн туршлагадаа үндэслэн сэтгэцийн эрүүл мэндийн MHM хөдөлгөөнийг Чандигарт эхлүүлжээ. Их сургуульд сэтгэл судлалын магистрын зэрэг хамгаалсныхаа дараа “MHM Clinic” болсон сошиал кампанит ажлуудаа амжилттай өрнүүлж байна.

Мэргэн санааны эзэд

Хог хаягдлын менежментийн шийдлүүдийг судалж, Засгийн газартай хамтран ажилласны дараа Бхагья Шри Жайн “The Disposal Company” (TDC) компаниа 2020 онд үүсгэн байгуулж, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд хуванцрын хэрэглээгээ бууруулах талаар зөвлөгөө өгдөг. TDC хуванцрын зээлийг үйлчлүүлэгчдэдээ зуучилж байна. Мөн хогийн цэгээс хуванцар хаягдлыг цуглуулж дахин боловсруулдаг аж. Тэгвэл Сингапурын Жонсон Лим, То Тинг Фэнг нар автомашин хуваалцах үйлчилгээг 2021 онд эхлүүлжээ.  “GetGo” стартап өнөөдөр орлогоороо Сингапурт 1600 байршлаас 200 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй. 2023 онд орлого нь өмнөх жилийнхээс 50 хувиар өсөж 51 сая ам.долларт  хүрчээ. 2030 он гэхэд “GetGo”10 мянган автомашинтай болох зорилго тавьжээ. Сиан Доусон зайрмагийг эрүүл хоололтын жагсаалтад оруулжээ. Найзтайгаа хамтран 64 ам.долларын үнэтэй зайрмаг үйлдвэрлэгч худалдан авч, тэжээлийн нэмэлтгүй,  сахаргүй амттан хийх туршилтаа эхлүүлэв. Ингэж “Gym Bod” зайрмагны брэндээ хүнсний ачааны машинаас худалдаж, 2022 онд “Coles” супермаркетын сүлжээгээр хоёр сая австрали долларын захиалга авсан нь жилийн дараа хоёр дахин нэмэгджээ. Австрали, Шинэ Зеланд даяар 1000 гаруй дэлгүүрт 10 австрали доллароор худалдаалж, Кувейт, АНЭУ-д экспортолж байна.

 

Гэрээсээ дэлгүүр хэснэ

Юми Хван зургаан тивийн 37 орноор аялсан нэгэн. Ийнхүү дэлхийг тойрон аялахдаа Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийн барааг худалддаг YOLO вэбсайтыг байгуулжээ. Цар тахлын улмаас нислэгүүд зогсоход Хванг “Croket” онлайн зах зээлийг ажиллуулж эхэлсэн. Эхний жилдээ 8000 худалдагчийн 147 мянган бүтээгдэхүүнийг жагсаав. Өнөөдөр Өмнөд Солонгосын “Croket” хэрэглэгчид Тайландаас ирсэн зөөлөн чихэр, Францын брэндийн цүнх тэргүүтэй 89 орны 700 мянган  нэр төрлийн барааны сонголттой. Уг программыг гурван сая гаруй хүн татаж авсан байна. Сөүлд төвтэй тус компани нь БНСУ-д төвлөрсөн “Strong Ventures” зэрэг хөрөнгө оруулагчдаас одоогийн байдлаар 6.3 тэрбум воны санхүүжилт босгож, шинэ төслүүдийг хэрэгжүүлжээ.

Шинжлэх ухаанаас бизнесийн хязгаарт

“Tidetron Bioworks”-ийг үүсгэн байгуулснаасаа хойш Жан Жичян синтетик биологи ирээдүйтэй салбарт бооцоо тавьж хөрөнгө оруулагчдаас 100 сая ам.доллар цуглуулсан. Гуанжоу хотод төвтэй стартап нь хоол хүнс, ундаа, эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг пептид зэрэг 30 гаруй түүхий эдийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. Мөн хүнсний амт, үзэмжийг сайжруулах нэмэлт бодис болгон ашигладаг хүчил зэрэг олон төрлийн химийн бодисуудыг үйлдвэрлэдэг. Жан докторын зэрэг хамгаалахдаа микроскопын түвшинд биологийг сонирхож эхэлсэн гэдэг. Хятадын Сун Ятсений их сургуулийг анагаах ухааны чиглэлээр төгсөөд аж үйлдвэрлэлд ашигладаг микробуудыг судлах зорилгоор хувийн лабораториа байгуулж,  нарийвчлан  мэдээллийн сан үүсгэжээ.

Японы Агаар, сансрын агентлагийн сансрын нисгэгчийн туршилтыг амжилттай давсан хамгийн залуу хүн бол Аю Ёнеда. Тэрбээр 2019 онд Токиогийн их сургуулийг анагаахын чиглэлээр төгсөөд сансрын нисгэгчдийн сургалтад хамрагдах хүртлээ дадлагажигч эмчээр ажилласан. Япон улс НАСА-гийн төсөлд оролцож байгаа тул тэр сар руу аялах анхны япон хүн болох юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр