Б.Оюунгэрэл: Ухаан санаа нь эрүүл л байгаа бол уйлах, инээх гэдэг жам ёсны сэтгэлийн илэрхийлэл


-Улсаас төсөв аваагүй, ямар нэг хулгай зэлгий хийгээгүй, хэн нэгний эрхийг зөрчөөгүй

болохоор хэний өмнө ямар буруу зүйл хийснээ ойлгодоггүй-

МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа. Нэг сая төгрөгийн такстай хүлээн авалт зохион байгуулсан гэдэг сенсацид өртөх үеэр түүнтэй утсаар ярьж байв. АНУ-д, НҮБ-ийн эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын хуралд оролцож явахад нь шөнийн 03:00 цагт ярьж таарсан ч тэр бүх зүйлийг тайлбарлаж өгсөн. Түүнд яагаад ч юм зарим нэг хүн дургүй юм билээ. Гэтэл тэр зүгээр л ТББ-ын тэргүүн. Б.Оюунгэрэлийг ярилцахаар, ойлгохоор урилаа.

-Та Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргаар яагаад ажилладаг вэ. Цаг хугацаа өнгөрөх хэрээр танд дургүй хүмүүс олон болчихлоо?

-Би МЭХ-ны ерөнхийлөгч болоод таван жил, таван сар болж байна. Хоёр дахь удаагаа сонгогдлоо. Анх эмэгтэйчүүдийн холбоо байгуулъя гэж бодож байсан. Сонин түүх л дээ. Харин байгуулах холбооныхоо нэрийг бодож байхдаа интернэтээс “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо” гэж хайж үзтэл “2014 онд МЭХ-ны 90 жилийн ой болж, фото зургийн үзэсгэлэн гарлаа” гэсэн мэдээ news.mn дээр гарсныг уншиж байлаа. Өөр илэрц гарч ирээгүй. Тухайн үед холбоо байгуулах талаар ярьж явсныг найзууд мэдэж байсан. Би нэг юм хийнэ гэвэл богино хугацаанд хийчихдэг зантай. Түүнийг найзууд маань мэддэг болохоор анх ярьж байснаасаа хэсэг хугацааны дараа найзуудтайгаа уулзахад  “Холбоогоо байгуулчихсан уу” гэж асуусан. Тэгэхэд нь “Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг байгууллага байдаг юм байна” гэхэд найзууд гайхаж байсан. Ингээд би МЭХ-г сонирхож эхэлсэн. Холбооны чуулган нь болж, ерөнхийлөгчөө сонгох гэж буйг мэдээд өөрөө нэр дэвшиж, өрсөлдөхөөр шийдсэн хэрэг. Хүмүүс их өөрөөр ойлгодог. Ингээд МЭХ-ны ерөнхийлөгч болохдоо эмээж байсан. 1992 он хүртэл МЭХ нь төрийн том институц байсан. “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр анх байгуулагдсан энэ холбоо 1992 он хүртэл төрийн чиг үүрэг хэрэгжүүлэгч том бай­гууллага байсан. Эмэгтэйчүүдийн бай­гууллагын дарга нь одоотой дүйцүүлбэл Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байсан. "С.Удвал гуай улаан номертой машин унадаг байсан юм шүү, миний охин" гэж Д.Мөнхөө гуай надад хэлэхэд би гайхаад “Машины номер тийм чухал юм байх даа" гэж бодоод өнгөрсөн. Гэтэл тэр үед долоохон  дарга улаан номертой машин унаж байсны нэг нь манай байгууллагын дарга байсан. Үүгээр юу хэлэх вэ гэхээр тийм өндөр эрэмбэтэй албан тушаал байсан. Харин 1992 онд Монголын эмэгтэйчүүдийн хороог татан буулгах тухай асуудал ярихад Д.Мөнхөө гуай эсэргүүцсэн ч дийлээгүй. Улмаар ТББ-ын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж үлдсэн. Одоо ТББ болоод 32 дахь жилдээ явж байна. Өнгөрсөн 32 жил нэг төрийн бус байгууллага битий хэл нийт улсаараа амаргүй цаг хугацааг даван туулаад өнөөдрийг хүрсэн.

Холбоо 21 аймаг, 330 суманд гишүүд, төлөөлөгчтэй. Бүгд цалин хөлсгүй, төсөв хөрөнгөгүй ажилладаг. Та асуусан. Яагаад дахин сонгогдож ажилладаг юм бэ гэж. “Цалин авдаггүй юм бол тэгээд зайлаач” гэдэг. Манай ажлын албанд одоо гурван хүн ажиллаж байна. Бусад нь сайн дураараа ажилладаг. Таныг цалингүй мөртлөө олон нийтийн төлөө ажилла гэвэл зөвшөөрөх үү. Хэчнээн хүсэл сонирхол байлаа ч хүнд өөртөө болон гэр бүлдээ хүлээсэн үүрэг гэж бий. Харин МЭХ-ны аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгчид сайн дураараа, сайхан сэтгэлээрээ, эв нэгдэл, үнэт зүйлээрээ нэгдэж, хэлсэн хэлээгүй хамтраад ажилладаг. Бид 21 аймаг, 330 сумын идэвхтэн, сонгуультнуудаа нэгтгэж харвал аль ч төрийн агентлагтай дүйцэхүйц ажил хийдгийг бардам хэлнэ.

Өнөөдөр Монголын эмэгтэйчүүд гэрт орж эм, гадаа гарч эр болж байна. Амаргүй хүнд ачааг үүрээд амьдралаа авч явах гэж чадлаараа тэмцэж байна. Хүүхэд хамгааллын асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, архидалт, ядуурал, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, хүний эрхийн зөрчил гээд ярих сэдэв, хийх ажил мундахгүй их байгааг харуулж байна. Би хэзээ ч, хэнийг ч өнөөдрийг хүртэл шүүмжилж, МЭХ-руу ирсэн “гал”-ыг хэн рүү ч шилжүүлж байгаагүй. Гэхдээ өнөөдөр шүүмжилмээр байна. Сайн дураараа эвлэлдэн нэгдсэн байгууллагууд улс орон, төр засагтаа туслаад чамгүй ажлыг нугалж байгаа нь нууц биш. Сүүлдээ “Монголын эмэгтэйчүүд” гэдэг нэрээ авах гэж дайрч байгаа. Ийм нэртэй 70 гаруй ТББ Монголд бий. Эмэгтэйчүүд, хүүхдийн, охидын гэх мэт эрх ашгийг нь хамгаалах нэрээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун төрийн бус байгууллага бий. Бүгд л их бага, янз бүрийн хэмжээгээр төртэйгөө, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, тодорхой санхүүжилт аваад ажилладаг. 

-Та шууд ерөнхийлөгчид нь өрсөлдсөн юм уу?

-Олон нийтэд нээлттэй зарласан шалгаруулалтад материалаа өгөөд, өрсөлдсөн. Сүүлд болсон сонгуульд ч мөн ийм зарчмаар оролцлоо. Анх холбоо татвар авдаггүй, гишүүнчлэлгүй НҮТББ байсан. Санхүүжилт хаанаас авах нь маш тодорхойгүй байсан. Гэтэл МҮХАҮТ, МЗХ, Үйлдвэрчний эвлэл, Монголын ахмадын холбоо гэх мэт байгууллагууд ТББ мөртлөө хуультай. Манайх хуульгүй. Тэгэхээр бид ТББ-ын тухай хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй. Үүний дагуу татвар, хандив, хамтын ажиллагаа, олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжнэ. Гишүүнчлэлгүй байгууллага хаанаас татвар авах вэ. Хэн, яагаад бидэнд хандив өгөх вэ.

За, олон улсын төсөл хөтөлбөрийн мөнгө захиргаа, удирдлагын санхүүжилтэд зориу­лагддаггүй. Гэтэл бичиг цааснаас эхлээд захиргааны зардлаа ч хэрхэн босгох нь ойлгомжгүй байсан. Ингээд 2021 онд дүрэмдээ өөрчлөлт оруулж, 30 мянган үнэмлэх хэвлэж, 21 аймагт явуулсан. Сумдын анхан шатны нэгжүүдээ ядаж санхүүжүүлье гээд татвар авч эхэлсэн. Жилд 12 мянган төгрөг. Нас, хүйс, нам харгалзахгүй гишүүн болж болно. Жилийн 12 хоёр мянган төгрөгийн татварын 6000 нь суманд, 3000 нь аймагт, 3000 нь манайд буюу төвд ажлын албанд ирэх ёстой. Гэхдээ тэгдэггүй л дээ. Гишүүддээ бид цалин хөлс, албан тушаал амлаж чаддаггүй тул тогтворгүй. Гишүүддээ зориулсан үйл ажиллагаа явуулах ёстой ч бидний хийж буй бүх төсөл хөтөлбөр, олон нийт рүү дандаа чиглэдэг. “Том” ТББ юм шиг, Монголын бүх эмэгтэйчүүдийн өмнө үүрэг хүлээх  юм шиг. Гэвч эрх зүйн хувьд тийм субъект биш. Тийм боломж ч бага. Гэхдээ л бид хөдөө, хотгүй боломж нөхцөл, хамтын ажиллагаа, сайхан сэтгэлтэй идэвхтэн, сонгуультнуудынхаа ачаар маш олон ажлуудыг нугалж, хамтдаа ард нь гарч байна.  Нэг талдаа ардчиллын дараа сайн дураар эвлэлдэн нэгдсэн ТББ. Нөгөө талаар социализмын үеийн уламжлалт байгууллагын хандлага зэрэгцээд “Хаданд хавчуулагдсан халиуны зулзага” гэдэг шиг л явдаг.

-Та ерөнхийлөгч болоод холбоондоо татсан төсөл бий юу?

-“Дэмжих бүлгээр дамжуулан туслах малчдыг чадавхжуулах нь” гэдэг төслийг ХЭҮК-той хамтарч дөрвөн аймгийн 12 суманд хэрэгжүүлсэн. Европын холбоо санхүүжүүлсэн. Гэхдээ санхүүжилтийг ХЭҮК захиран зарцуулсан. Үүний үр шимээр туслах малчдын асуудал Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа бодлого болж суусан. Би оролцогч гэдгээрээ сарын 178 мянган төгрөгийн цалин авч байсан. Ийм дүнгээр бусад  оролцогчид маань цалинжсан. Манай байгууллагад өөр мөнгө ирээгүй. Хоёр дахь нь, “Улаан цэцэг” УСК-гоо хийхийн тулд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд кино урлагаар дамжуулж соён гэгээрүүлэх нь” гэдэг төсөл бичиж, Швейцарын хөгжлийн агентлагаас 130 сая төгрөг авсан. ДЭМБ-тай бид хамтарч ажилладаг. Гэхдээ санхүүгийн ямар нэг харилцаа байхгүй. 2019 онд Жендэрийн үндэсний хорооноос 30 сая төгрөгийн төсөл авч байсан юм байна. Одоогоор олон улсын байгууллагаас санхүүжилт авсан өөр түүх алга. 

-Цар тахлаас хойш тан руу чиглэх дайралт илт нэмэгдсэн. Жишээлбэл, “Улаан цэцэг” гэж кинон дээр юу болсон юм бэ. Орлогоо авч чадахгүй байгаа гэж байсан. Эдийн засгийн ашигтай ажиллаж чадсан уу?

-Гурван асуулт ирдэг. Яагаад МЭХ кино хийдэг юм. Хоёрт, хэнээс мөнгө авав. Гуравт, охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөөр байхад яагаад кино хийж явна вэ гэх мэт. Эмэгтэйчүүдийн түүхийг бичиж үлдээсэн, хадгалж, хамгаалсан нь бараг л үгүй. Кино урлагт гэхэд  “Мандухай сэцэн хатан” гэдэг ганц киног л монголчууд мэднэ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо манай улсад 17 хувь буюу Ази, Номхон далайн бүс нутагтаа хамгийн доогуурт бичигддэг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хэдэн дарга нар хувцсаа сольж өмсөөд, тайзаа өөрчлөөд яриад шийдэхгүй. Бүхий л талаар бид мэдлэг, ойлголт, соён гэгээрлийн ажлуудыг тогтмол зохион байгуулж байж илүү дэвшил авч ирнэ. Үүний нэг арга нь кино урлаг. Бидэнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллахад гэр бүлээ, ажил амьдралаа хэрхэн зольж, ямар ялгаварлан гадуурхалтад өртөж, ямар бартаа саадыг давдгийг харуулах, ойлгуулах том зорилго байсан. Хоёрт, маш олон улсад эмэгтэйчүүдийн музей гэж бий. Тэдгээр улс энэхүү музейгээр улсынхаа туулж өнгөрүүлсэн түүхийг эмэгтэйчүүдийнхээ түүхээр дамжуулан харуулдаг юм билээ.

Эмэгтэй хүний асуудал гэж нэг хүний биш, нэг улсын ч биш, нийт хүн төрөлхтний асуудал. Эмэгтэй хүйсээр тухайн нийгмийн нөхцөл байдлыг харж болно. Эмэгтэй баатрыг, дүрийг, идеалыг дагалдаж, тухайн улсын нийгмийн, улс төрийн түүхийг илэрхийлж байдаг. Өнөөдөр бидэнд тийм идеал байна уу. Олон байсан. Одоо ч байгаа. Харин хардаггүй, үнэлдэггүй, ойлгодоггүй. Гуравт, С.Удвал бол манай улсаас дэлхийн энх тайвны шагнал хүртсэн хоёрхон хүний нэг. Гайхалтай эмэгтэй, төр, нийгмийн зүтгэлтэн байсан. Бид киноныхоо үг өгүүлбэр, сцен бүрд утга санаа шингээж ажилласан.

2022 оны гуравдугаар сарын 7-нд нээсэн. “Ю Тийм” компанитай хамтарсан. Үндсэн хамтран ажиллах гэрээний санхүүжилт бол 655 сая төгрөг. Хоёр талаас 50, 50 хувь зардлаа гаргаж, ашгийн 50, 50 хувийг мөн хувааж авах нөхцөлтэй. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж зохиогчийн, оюуны өмчийн эрхийг МЭХ 100 хувь эзэмших гэрээтэй.

МЭХ-ны хувьд үүргээ 100 хувь биелүүлсэн. Мөн төсөл дууссаны дараа санхүүжилт хүрэхгүй байна гэдэг асуудлыг хамтрагч талаас ярьсан учраас дахиад 50 орчим сая төгрөгийг МЭХ нэмж кино төсөлд өгсөн. МЭХ-ноос "Улаан цэцэг" төсөлд зарцуулсан 370 гаруй сая төгрөгийн  130 саяыг Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлсэн. Бусад нь хандив. Намаас мөнгө авсан гэж маш их дайрч байсан. Санхүүжилттэй холбоотой бүх баримт, задаргааг одоо ч үзэж, танилцаж болно. Дурын иргэн орж ирээд үзье гэвэл бид үзүүлэхэд бэлэн байдаг. Манай байгууллагад олон улсын аудит ч орж байсан.

Бид одоо хэр киногоо авч чадаагүй байгаа. Манай хамтрагч тал нэмэлт 120-оод сая төгрөг нэхдэг. Эсвэл орлогын 60 хувийг авна гэдэг хүсэлтээ удаа дараа тавьдаг. Тэгэх боломжгүйгээ бид илэрхийлдэг. IPTV-д киногоо оруулсан ч  орлогоо одоо хүртэл авч чадаагүй л байна. Нээлтийн үеэр кино театрууд 60 орчим сая төгрөгийн орлого олсон байдаг. Дараа нь би есөн аймгаар яг өөрөө киногоо авч яваад, 110 сая төгрөгийн орлого олсон. Нэг аймгийн орлого одоо орж ирээгүй байгаа. Нийт 170 орчим саяын орлого олжээ. Үүнээс суутгахаар тооцсон нэмэлт зардлаа хасаад, манай бодит орлого 40 сая төгрөг юм. Иргэн Г.Ундармаа өөрийн нэрээр IPTV-үүдтэй гэрээ хийж, хувийн  дансаар орлогоо  авч байгаа юм байна лээ.

-Хүмүүс МЭХ-г буруутай гэж хардаг. Гэхдээ кинондоо сэтгэл хангалуун байдаг уу?

-Байгаагүй зүйлийг бий болгосондоо баяртай явдаг. Гэхдээ хүссэндээ хүрээгүй.  Харамсалтай нь интернэтэд тавигдсан байна лээ. Улсаас төсөв аваагүй, ямар нэг хулгай зэлгий хийгээгүй, хэн нэгний эрхийг зөрчөөгүй болохоор хэний өмнө ямар буруу зүйл хийснээ ойлгодоггүй. Хүсвэл хэн ч кино уран бүтээл хийх нь ардчилсан нийгэмд нээлттэй шүү дээ. 

-Сэдвээ бага зэрэг өөрчлөөд хэрэг­жүүлсэн төслийн талаар ярилцах уу. “Нандин төсөл” хэзээ эхэлсэн бэ?

-2022 оны есдүгээр сараас эхэлсэн. Говь-Алтай аймагт “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг нээх үеэр хамт эхлүүлсэн. Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын тухай, дэлгэцийн дон, мэргэжил сонголт, эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалт, охидын эрүүл ахуйн тухай лекц уншдаг. 50 гаруй мянган хүүхдэд лекц уншсан байна. Бид сумын сургуулийн ангид, дотуур байранд “Ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш” гэсэн уриатай жижигхэн модон хайрцаг байршуулдаг. Нийгмийн хэвшмэл ойлголтоор хүнийг хүйсээр нь ялгаварладаг энэхүү хандлагыг л өөрчлөх зорилготой. Дөрвөн аймгийн 62 суманд хийсэн. Зарим суманд дунджаар 200-400 хүүхэд. Зарим том сумдад, аймгийн төвийн сургуулиудад  нь мянга мянгаар нь зохион байгуулдаг.  Янз, янз. Мөн нийслэлийн сургуулиудад уншсан. Нийлээд 50 гаруй мянга гэсэн тоо бий.

-Их богино хугацаанд олон сумаар явсан харагддаг. Өдөр бүр өөр суманд очсон уу?

-Жил хагасын дотор 80 гаруй суманд ажилласан байна. Яг “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд бол 62 сум. Өнгөрөгч намар Хөвсгөл аймгийн 24 сумаар явсан. Өдөр нь зааланд, шөнө нь замд явдаг. Аймаг бүрийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгчид баг болж ажилладаг. Ядрахгүй байна гэж юу байх вэ. Богино хугацаанд ажлаа амжуулаад ар гэртээ, үр хүүхдэдээ хурдлан ирэхийг бас хүснэ. Яах вэ, орон нутагт явж байхад “Та нар яасан ядардаггүй юм” л гэдэг. Гэхдээ би хийсэн ажилдаа сэтгэл хангалуун явдаг. Зөв зүйл хийж яваадаа улам бүр итгэдэг, баярладаг. Лекц уншаад дууссаны дараа алга ташилтыг хараад урамшдаг. Эмчдээ үзүүлээд гараад ирсэн хүмүүс баярлах нь баярлаж, уйлах нь уйлж, инээх нь инээхэд баярладаг.

-Төслийн үр дүнг яаж хэмждэг юм бэ. Жишээ нь “Хавдаргүй монгол эмэгтэй”  төслийн үр дүнгээс хуваалцана уу?

-200 гаруй,  бараг 300-аад хүн хавдартай гарсан. Гэхдээ манай төслийн гол зорилго, үзүүлсэн эмэгтэйчүүд эрүүл гэдгээ мэдээд инээгээд гарах. Энэ илүү чухал. Яагаад хавдартай хүн оношлогдвол үр дүн гарлаа гэж үздэгийг би гайхдаг. Үрэвсэл, халдварт өвчин, улайлт, хортой хоргүй хавдрууд гээд маш олон янзын онош үзлэгээр илэрдэг.  Гэтэл хавдар туссан мэдээгээ сонсож, уйлж байгааг нь дүрсжүүлээд, олон нийтийн сүлжээгээр цацвал л үр дүнтэй гэж ойлгогдох юм шиг байгаа юм. Би хэзээ ч бусдын эрүүл мэндээр нэр төр олохгүй, бусдын зөрчигдсөн эрхээр сурталчилгаа хийхгүй. Энэ бол миний зарчим. Хавдрыг нь оношлуулсан эмэгтэй бүрээр бичлэг хийж, амийг нь аварлаа гээд цацсан бол өдийд бараг “ардын баатар” болчихсон байх байсан биз. Бид хэтэрхий хэлбэр хөөдөг болсон.

 Хөдөөд, сумын төвд, малчны хотод, шувуунаас өөр амьтан очдоггүй  хилийн отрядад очиж хийгдсэн Хавдрын эрт илэрүүлгийн анхны шахуу баг манай "Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан.  

-Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдэдээ хандан та баярын мэнд дэвшүүлнэ үү?

-Энэ хорвоогийн хамгийн үнэтэй баялаг бол хүүхэд. Хорвоогийн хамгийн үнэтэй баялгийг хэвлийдээ тээж төрүүлдэг хүмүүс бол ээжүүд. Ээжүүд аминаасаа амь тасалж хүн төрүүлдэг. Тасалсан аминыхаа төлөө амиа тасартал явдаг хүмүүс.  1957 онд “Эхийн алдар”  одонг тухайн үеийн Эмэгтэйчүүдийн хороо анх санаачилж, тэр  үеийн Намын төв хороо баталж “Эхийн алдар” одонг олгож эхэлсэнээс хойш 67 дахь жилдээ энэхүү одонг өгч байна. Монголын төрөөс жилдээ нэг удаа “Эхийн алдар” одонг олгохдоо ээжүүдийн үнэлэгддэггүй нөр их хөдөлмөрийг төр үнэлж ээжүүдэд бөхийж, хүндэтгэл үзүүлдэг үйл явдал гэж би боддог.  Энэ жил нийтдээ 11 мянга гаруй ээж “Эхийн алдар” одонг хүртэж байна. Эмэгтэй хүний эх орондоо оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт бол үр хүүхэд. Энэ хорвоогийн хамгийн том баялгийг бий болгож байгаа ээж нартаа Эх үрсийн баярын мэнд дэвшүүлье. Монголын сайхан үрсдээ эрүүл энх өсөн торниж, аз жаргалтай амьдрахыг ерөөе. Ээж бүхэн үрээ энгэртээ тэвэрч, айл бүхэн жаргалтай байг ээ. Монголын үрс маш олон болтугай.

М.Тэнгис

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр