Улсын их хурлын төгсөлт ба элсэлт


Монгол Улс тэр чигээрээ төгсөлт, элсэлт гэсэн хоёр үгний дунд хотолзох шахан бужигнаж, сургууль, цэцэрлэгийн төгсөлтийн энэ их үймээн дунд УИХ-ын чуулган сүүлчийн хуралдаанаа хийж, 2020 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон эрхэм гишүүд ч бас төгсөлтөө тэмдэглэв.  Отгон хуралдааны үеэр эрхэм гишүүд ээлж дараалан үг хэлж, ангийн дарга Г.Занданшатарт загнуулж харагдсан. Тэрбээр “Хуулиа яриач, сонгуулийн сурталчилгаа битгий хийгээд бай. Өнгөрсөн дөрвөн жил ажил хийгээгүй байж одоо гэнэт ухаан сэхээ ороод яах вэ” хэмээн гишүүдээ зандарч байгаа харагдсан. Хичээл дээр унтаж, унтаж, гэнэт сэрсэн дунд ангийн хүүхдүүд багшийнхаа нүдэнд өртөх гэж  байгаа юм шиг л аашлах эрхэм гишүүд сэтгүүлчдийн дуранд өртөх гэж хэр чадлаараа хичээж байгаа нь илт. Хаалтын чуулганы үеэр Ерөнхий сайд үг хэлсэн. Тэрбээр “76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж, холимог тогтолцоотой 126 гишүүнтэй парламенттай болох эрх зүйг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан. Олон жил ярьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж чадсан. Байгалийн баялгаасаа хувь хүртэх, байгалийн баялгаа ашиглуулж байгаа орон нутаг түрүүлж хөгжих боломжтой эрх зүйн суурийг баталсан. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа. Төрийн захиргааны байгууллага нь 700 га-д байдаг биш илүү олон тулгууртай, төрийн захиргааны байгууллагууд өөрсдөө манлайлж нүүх боломжийг та бүхэн бүрдүүлж чадлаа. Дэмжиж ажилласан парламентын гишүүддээ Засгийн газрын гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн хэлсэн юм. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 гаруй жил ажилласан 76 гишүүнтэй УИХ-ын сүүлчийн хуралдаан боллоо. Ийнхүү УИХ-ын хаврын чуулган завсарлаж, дараагийн сонгогдсон УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр тэдний бүрэн эрх дуусгавар болох юм. 

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын УИХ дахь бүлгээс сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай бүлэг 126 удаа хуралдаж, 327 асуудлыг хэлэлцсэн. УИХ 2000 орчим хуулийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд манай намын бүлэг голлох үүрэг гүйцэтгэсэн. Бид хамгийн гол нь энэ дөрвөн жилд эв нэгдэл, хариуцлагатай байсан" гэв. Сонирхуулж хэлэхэд, өнгөрсөн УИХ-д суусан 76 гишүүний 25 хувь нэр дэвших эрхээ авч чадалгүй үлдэж,  гурван гишүүн гэмт хэрэгт холбогдон бүрэн эрхээ түдгэлзүүлж, “сургуулиа” төгсөж чадсангүй. Мөн гурван гишүүн шүүхээр шалгагдаж, хоёр гишүүн Их хурлын гишүүн байхдаа ял сонслоо. Хамгийн дуулиантай, хамгийн их асуудал дагуулсан 76 гишүүнээр эдний анги түүхэнд бичигдэн үлдэх биз ээ. 


УИХ-ын  гишүүдийн төг­сөлт­тэй зэрэгцэн элсэлт ч бас өрнөж байна. Хэдхэн хоногийн дараа эхлэх сонгуулийн сурталчилгааны бэлтгэл ажлууд бараг жигдэрч байх энэ үед Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, АН-ын дэд дарга С.Баярцогт  тэргүүтэй нөхөд нэр дэвших эрхээ булаалгасан хэмээн бухимдаж, Сонгуулийн eрөнхий хороог хүртэл шүүхэд өгчээ. Тэд Сонгуулийн ерөнхий хороо  Октябрийн Баасанхүүг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гаргасан нь хууль бус гэж үзэж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн бөгөөд бичиг баримтуудыг хянаж үзээд нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэр гаргасан юм. Дээрх 154 албан тушаалтны дунд  авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нэг хүн байсан нь Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр байлаа. Тэрбээр “Би авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй" хэмээн өдөр бүр мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногт шүүх цагдаагийнханд гомдол гаргаж тун ч завгүй өнгөрөв. Н.Номтойбаярын хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, авлигын хэргээр ял сонссон. Гэвч тэрбээр дээд шүүхэд гомдол гарган ялын зүйлчлэлээ солиулжээ. Тэрбээр “Би авлига аваагүй. Албан тушаалдаа л хайнга хандсан хүн” хэмээн мэдэгдэж байх юм. Үүний зэрэгцээ УИХ-д нэр дэвшигчдийн үйл хөдлөл, үг олны анхаарлыг татав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ганбат “Би ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөлд санал өгсөн. Надад ахмадууд 10 мянган төгрөг хандивла” хэмээн мэдэгдэж, ХҮН намын нэг нэр дэвшигч хүүхдийн цэцэрлэгт зангиатайгаа бөмбөг булаацалдан өнхөрч, АН-ын жагсаалтын дөрөвт бичигдсэн бүсгүй “Би мөнгөтэй болохоор өөрийнхөө төлөө нэр дэвшиж байна” хэмээн мэдэгдэж олны нүдийг орой дээр нь гаргав. Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлж, нэг залуу бүр өөрийгөө “Монгол Зеленский” гэж нэрлээд сайт болгонд төлбөртэй мэдээгээ тавиулж байна. Хэн нэг нь түүнд “Зеленский” гэж алдартай гоё удирдагч байдаг гээд шивнэчихсэн бололтой. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийгээд буцлаа. Харамсалтай нь, энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Беларусийн төрийн тэргүүнийг барьж хорьж гэх агуулгатай мэдээлэл тарааж, АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү “No war” хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулсан нь гаднын зочинд таатай сэтгэгдэл төрүүлсэнгүй. Беларусийн төрийг 30 жил тэргүүлж байгаа А.Г.Лукашенко  сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг талыг барь­сан мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж, биднийг Монголын ард түмний дайсан мэт харуулж байгаад би гүнээ харамсаж байна” гэж хэлээд буцлаа.


Боловсрол, шинжлэх ухаа­ны яамны харьяа Боловсролын зээлийн сантай холбоотой хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгааг албаныхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс зээл тэтгэлэгт хамрагдсан 2115 суралцагч, мөн 2017 оноос хойш зээлээс чөлөөлөгдсөн 200 гаруй хүний хувийн хэрэг, материалтай танилцан 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, Боловсролын зээлийн санд эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Монголчууд мөнгөгүйдээ сургалтын төлбөрийн зээлээ төлдөггүй юм биш, төлөх дургүйдээ л зээлээ буцааж өгдөггүй юм байна гэдэг нь энэ үеэр тодорхой болов. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 269 суралцагч 1.4 сая ам.доллар буюу 4.8 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлжээ.

Олны анхаарлыг татаад байсан “Ногоон” автобусны сонсгол өнгөрсөн сард Төрийн ордонд болсон. Автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны  тайлан, санал, дүгнэлтийг УИХ-д  Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцууллаа.  Нээлттэй сонсголын хүрээнд  20 гаруй байгууллагаас  6729 хуудас нотлох баримт бүрдүүлжээ. Шалгалтын явцад  606 автобусны тоог 600 болгосон ч  гэрээний үнэд өөрчлөлт оруулаагүй. Хөдөлгүүрийн багтаамж нь бас өөрчлөгдсөн. "Голомт" банк хууль зөрчин баталгаа гаргасан, Улсын төсвөөс 2023 онд нийтийн тээврийн автобус худалдан авах 272.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээс "Тэнүүн-Огоо" ХХК-д нийт 134.5 тэрбум  төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогджээ. Хамгийн сонирхолтой нь БНСУ-ын компанид "Тэнүүн-Огоо"  компани 21 сая ам.доллар, ачаа тээврийн компанид 838.200 ам.доллар, Хятадын цахилгаан автобусны компанид 62 сая юань, автобусны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын гурван компанид 882.992 юань буюу нийт 111 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон бөгөөд 23.5 тэрбум төгрөг нь хаашаа орсон нь тодорхойгүй байгаа юм. Дээрх баримтаас харахад "Тэнүүн-Огоо" компани Өмнөд Солонгосын хуучин автобусыг хямд үнээр авч, Хятадаас сэлбэг хэрэгсэл худалдан авч, өнгөлж зассан нь тодорхой болов. 
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн таатай мэдээг Эдийн засаг хөгжлийн яамнаас дуулгалаа.  

Энэ оны эхний хагас жилийн байдлаар  гадаадын шууд хөрөнгө оруулалт 885 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 73 хувиар буюу 374 сая ам.доллароор нэмэгджээ. Хөрөнгө оруулалтын 79 хувь буюу 698 сая ам.доллар нь уул уурхай, 75 сая ам.доллар нь шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа, 54 сая ам.доллар нь худалдааны салбарт орж ирсэн байна. Тэгвэл хамгийн таагүй мэдээг Цагдаагийн ерөнхий газраас дуулгав. Сүүлийн үед хар тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, хар тамхи наймаалагч гурван бүлэг тус газарт шалгагдаж байгаа юм байна. 

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр