Нийгмийн соёл бол баялаг



Моддын орой бие биеэ шүргэхгүй байхыг “Модны хажиглал” гэж нэрлэдэг гэнэ. Энэ нь модноос модонд хортон шавж, өвчин навчсаар дамжин халдварлахаас сэргийлдэг ба  хүчтэй салхинд биесээ гэмтээхээс сэргийлдэг учиртай. Мөчрүүд хоорондоо зайтай байвал тусах нарны цацраг үндэс, ёзоор хийгээд шинэ залуу моддыг илч дулаан гэрлээрээ гийгүүлнэ. Хэдийгээр модод нарны гэрэл өөд бие, биеэсээ өрсөн тэмүүлэх боловч харилцан зохицож, төгс эко системийг бий болгож, оршин буйг бид үүнээс харж болно. Үүнийг моддын нийгэм ба моддын нийгмийн соёл гээд төсөөлцгөөе. Тэгвэл эндээс бие биеэ хүндлэх ба зэрэгцэн оршихуйн төгс хэлбэрийг олж ажиглана. Харин хүн төрөлхтөн дэлхийг утга учиртай болгодог хэл, уламжлал, зан заншил, нийгмийн соёлоор  амьдардаг. Бүхэлд нь хүний нийгэм гэх ба хүний нийгмийн соёл нь соёл, зан заншил, амьдралын хэв маягийн хүрээнд нийгмийн харилцааг бүрдүүлдэг нийтлэг утга санаа, хэм хэмжээ, өвөрмөц шинж чанар өөр өөр нийгмийн бүтцээс бүрдэнэ. Нийгмийн соёлыг бүрдүүлэгч эдгээр зүйл бүс нутаг, хүн амын бүлгийг тодорхойлдог. Дэлхий дахины нийтлэг соёл гэж бий. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэг нийгмийн зохион байгуулалт, хууль, шашин шүтлэг гэх мэт ойлголтыг агуулсан соёл. Энэ мэтчилэн нийгмийн соёл гэдэг маш өргөн хүрээтэй гүн гүнзгий утгатай ухагдахуун. Соёл, түүхийн хувьд Грек, Ромын, Ассир, Месопотамын нийгмийн соёлын тухай ярьж болно.

Хэдийгээр хүмүүс нийгмээ бүтээдэг ч эсрэгээрээ өөрсдөө нийгмийн соёлын бүтээгдэхүүн байдаг.  Бидний харилцаа хандлага нийгэмд оруулах үүрэг, оролцоо, хувь нэмэр, хөдөлмөрийн хуваарилалт хүртэл нийгэм соёлын тарьсан үр юм даа. Өчигдөргүй өнөөдөр байдаггүйтэй адил урьд  амьдарч байсан хүмүүсийн шан татсан хөрсөнд л бид ургаж байгаа шүү дээ. Яг үүн шиг бид хөрсөө хэрхэн арчилж, яаж бордсоноос шалтгаалан бидний үүтгэсэн хөрсөнд ирээдүйн нийгмийн соёл ургаж төлжинө. Нийгмийн хөгжил, үйл ажиллагааг төлөвшүүлэхэд нийгмийн соёл чухал үүрэг гүйцэтгэдгийг энд хэлэх гээд байна. Харин эргээд хөгжин цэцэглэж буй эдийн засаг, засаглалын үр дүнтэй хэлбэрийг хадгалахын тулд нийгмийн соёлыг ойлгох нь чухал. Нийгмийн соёлыг ойлгох нь улстөрчдөөс гадна бизнесмэнүүдийн хувьд ч мөн чухал ач холбогдолтой. Нэрийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахыг зорьж буй бизнесмэн, компаниуд зорилтот бүлэгт хамаарах нийгмийн соёлын талаар гүн гүнзгий мэдээлэлтэй байхгүй бол болохгүй шүү дээ. Хувь хүнд бүрэлдэн бий болсон итгэл үнэмшил соёл болон төлөвшиж тухайн нийгмийн бүлэгт нөлөөлж, бүрэлдэн бий болсон уламжлал, хэв маяг, итгэл үнэмшил өөр бусад нийгмийн бүлгүүдэд аажмаар халдварлаж эхэлснээр нийгмийн соёлын хэм хэмжээг тодорхойлдог. Гэхдээ бидний нийгмийн соёлын талаарх ойлголтууд өнгөцхөн шинжтэй байдаг. Гудамжид шүлсээ хаяхгүй байхаас эхлээд, мэндлэх, инээмсэглэх гэх мэт хувь хүний соёл, хандлагыг нийгмийн соёлтой хутгаж ойлгоод байдаг. Гэтэл энэ бүгдийг хувь хүнд төлөвшүүлдэг суурь болох нийгмийн соёлоо огт ярьдаггүй байх нь. Угтаа машинаар бол дөрвөн дугуй нь хагархай байхад л урагшлахгүй байгаа  шалтгааныг толь нь хагархайгаас боллоо гэж дүгнэхтэй ижил юм.

Соёл угаасаа нийгмийн шинж чанартай боловч гүн ухаан, бэлгэдэл, итгэл үнэмшил зэргээр дамжиж нийгмийн харилцаанд нөлөөлдөг гэж  Америкийн социологич Ж.Ленски дүгнэсэн байдаг. Еврази, Африкийн зарим орнууд үндэстний шинжээ хадгалсан нийгмийн соёлыг өрж, угсарсаар байгаа нь харагддаг. Харин бид сүүлийн 100 жилийн хугацаанд үндэсний хэв шинж, ухамсар соёлоосоо алсарч Европ зүгийн нийгмийн соёлыг өрж, угсарсаар ирлээ. Нийгмийн соёл үндэстний зан заншил, ахуйд суурилсан байх аваас ёстой зөв голдирлоороо явж байгаа нь тэр хэмээн би мунхаглана. Уг нь эндээс л нийгмийн ухамсар төлөвшиж, соёл болон үргэлжлэх байж. Түүнээс өнөөдрийнх шиг хүн бүрийн хандлага, сэтгэл хөдлөлөөр нийгмийн соёлыг тодорхойлдоггүй байх нь. 

Энэ талаар эрдэмтэн Э.В.Соколов “Соёл ба нийгэм” номдоо “Энгийн ухамсрын хүрээнд соёл нь үнэлэмжийн ойлголт болдог бөгөөд бие хүний соёл бус харин соёлтой байдал гэсэн шинжид илүүтэй хамаардаг” гэж бичжээ. Тухайн хүний соёл бус соёлтой байдал нь л нийгмийн соёлын нэг хэсэг болох нь байна гэж ойлговол зохино. Өөрөөр хэлбэл, бид хувь хүний ухамсар төлөвшин тогтох, бусадтай нийцэн амьдрах соёлыг өөртөө шингээх боломжтой тийм атмосферийг бий болгох ёстой. Харин бид ийм өөрийн гэсэн онцлогтой нийгмийн соёлыг бий болгоогүй бололтой. Түүхээ харж байхад тийм боломж ч үгүй байж дээ гэж өршөөнгүй хандахаас аргагүй. 

Тэгэхээр юуны өмнө Европ суурьтай нийгмийн соёлтой байх уу, Ази чигийн нийгмийн соёлтой байх уу, эсвэл өөрийн гэсэн онцлогтой байх юм уу гэдэг дүрмээ тодорхойлох болов уу. Ер нь энэ талаар бичигдсэн хууль, дүрэм, журам гэж юм ер нь байдаг уу та минь. Хөгжлийн концепц гэж байдаг шиг нийгмийн соёлын концепц гэж баймаар юм.

Гаднын улсуудаар явсан хүмүүсийн тэмдэглэлийг уншиж байхад хот бүр өөрийн гэсэн тодорхой дэг, журам онцгой соёлтой байдаг гэсэн өгүүлэмж олонтаа. Жишээ нь, Японы онцлогтой нийгмийн соёл гэж байна. Дээрх моддын нийгэм шиг бие биедээ өчүүхэн ч саад үл болох нийгмийн соёлоо тэд ягштал мөрдөж амьдардаг тухай. Тэд өөрсдийн онцлогтой соёлыг би болгож түүгээрээ иргэнээ төлөвшүүлдэг байх нь. Гэхдээ энэ нь тухайн улс үндэстний зан заншил, ахуйтай холбоотой соёл иргэншил. Бид үүнийг нийгмийн соёл ийм байх ёстой гээд л шууд хуулбарлаад авч болохгүй. Аль нэг нийгэмд хэвийн гэж тооцогддог зүйлийг өөр нийгэм ёс суртахуунгүй эсвэл ер бусын гэж хүлээж авна шүү дээ. Барууны орнуудад хэт задгай усны хувцас өмсөх нь хэвийн үзэгдэл бол Арабын хойгт энэ нь тэнгэр бурхантай тэрсэлсэн хэрэг болох тул эмэгтэйчүүдэд хориотой. Саудын Араб, Катар, Иран зэрэг улсад бүсгүйчүүд биеэ бурхаагаар бүхэлд нь бүрхэх ёстой гэсэн заншилтай. Ойрх Дорнодын орнуудад усны хувцасны наймаа тун явцгүй гэдэг нь эндээс харагдана. Энэ мэтчилэн маш олон жишээ татаж болно.

Бид 100 жил Европын суурьтай нийгмийн соёлыг бий болгохоор зүтгэж иржээ гэж дээр дурдсан. Суурин иргэншил нь хэдэн зуу магадгүй хэдэн мянган жилийг туулж тухайн нийгэмдээ тохирсон соёлыг, хэдэн үеэрээ төрж өссөн хүмүүс ямх ямхаар, чимх чимхээр нэмж боловсруулсаар иржээ. Платон “Нийгэм бол улс буюу  хот улс гэдэг зохион байгуулалтад үндэслэдэг” гээд хэлчихэж. Энэ үгэнд өөрсдийгөө өмгөөлөн бодох санаа цухалзуулсныг би сортосхийн ажиглаадахав. Өөрсдийгөө өмгөөлөхийг хичээх нь бас л нийгмийн соёл суугаагүйн л шинж байх.

 “Соёл” гэдэг үгийг олон янзын ойлголтоор хэрэглэдэг тухай дээр дурдсан. Соёл нь нийгмийн байгууллагууд ахуйн, улс төрийн, хөдөлмөрийн гэх мэт олон өгөгдлөөр дамжуулан нийгмийн бүх л салбарт тэгш хүртээмжтэйгээр хүрч хөгжүүлдэг. Ингээд ойлговол соёл нь энгийн ухамсрын түвшинд үнэт зүйлсийн нийлбэр болж таарна. Словен хэлнээ соёл хэмээх ойлголтыг “Культура”гэж хэлдэг ажээ. Үгийн үндэс нь “Культ” гэх үгнээс гаралтай гэж Оросын эрдэмтэн Н.Бердяев бичжээ.

 “Культ гэдгийг монгол хэлнээ хөрвүүлбэл “Шүтээн” гэсэн үг болох аж. Сүүлийн үед нийгмийн оюун санаа бохирдож урлаг уран сайхны хэм хэмжээ доошиллоо гэх яриа ялангуяа урлагийнхны дунд их сонсогдох болжээ. Нийгмийн оюун санааг төлөвшүүлэх ёстой нийгмийн соёл гэдэг зүйл нь төлөвшөөгүй учраас урлагийн үнэлэмж өдөр ирэх тусам уруудаад байна. Бид нийгмийн соёлоо өнгөцхөн харж дүгнээд байгаа учраас нийгмийн соёл төлөвшихгүй байгаа юм биш үү. Соёлоо бий болгоод яг тэр орчуулгынх нь утга санаагаар шүтээнчилж авч үзвэл яасан юм бэ. Тэр бүтээсэн нийгмийн соёлоо “Өв” болгож хойшид уламжлуулан авч явах байдлаар. Хүүхдийг цэцэрлэг сургуулийнх нь наснаас эхлэн нийгмийн соёлыг оюун ухаанд нь хоногшуулах ямар арга хэлбэрийн сургалт байж болох вэ. Үүнийг үгүй хийж болохгүй бөгөөд нандигнан хайрлах ёстой гэдэг ойлголтыг кодлоод өгч болмоор санагдана. Нөгөөтэйгүүр бид боловсон, мэдлэгтэй, чадварлаг, бусадтай таарамж нийлэмж сайтай, ажилдаа хариуцлагатай, ухамсартай, хүнийг өндөр соёлтой гэдэг. Өндөр соёлтой иргэнийг сурган хүмүүжүүлэх гээд л байгаа юм. Нийгмийн соёл, нийгмийн соёлт гишүүн хоёр биеэсээ харилцан хамааралтай.

Уг нь нийгмийн соёлын тухай ойлголтуудыг манай өвөг дээдэс бий болгосон. Хэдийгээр нүүдэлчид зонхилох нийгэм ч гэлээ яг л энэ онцлогтоо тохирсон урлаг, уран сайхан, шүлэг, яруу найраг, ноёд хатдын өргөөний ёслол хүндэтгэл, хүн хоорондын харилцаа гэх зэргээр нийгмийн философийг бий болгож түүнийгээ зүйр цэцэн үгс, сургаалт үлгэрүүд, оньсого таавартаа шигтгээд үлдээчихэж. Нөгөө 100 жил европчууд нийгмийн суурийг тавих гэж хөглөж явахдаа заримыг нь хөлдөө гээгээд, хөдсөнд ороогоод хог дээр хаячихаж. Нэн ялангуяа сүүлийн 30 жилд орж ирсэн барууны соёлын нөлөөгөөр үлдсэн жаахан өвөө өшигчөөд салахаа больсон. Нийгмийн соёлыг бий болгосноор хувь хүн хэрхэн төлөвшиж нийгмийн соёлт гишүүн болж эргээд соёлт гишүүн маань хэрхэн нийгмийн соёлын хөрс суурийг эрүүлжүүлэх вэ гэдгийг анзаарсан л байж таарна. Ийм харилцан хамааралтай нийгмийн соёл, өндөр соёлт хүн хоёулаа нийгмийн баялаг юм.

Хэрэв чи гахайнуудын дунд төрсөн бол өөрийгөө гахай л гэж бодно. Мянга гангар хун болох гэж хичээгээд нэмэргүй, чамайг хүссэн ч эс хүссэн ч өмхий балчигтаа хутгаж орхихоор чи өөрийгөө гахай л гэж бодно.  Хүний нийгмийн ихэнх цаг хугацаанд ийм байсаар ирсэн. Будда шиг гэгээрч Күнз шиг бясалгаж чадвал шавар дотор дэлбээлэх бадамлянхуа мэт ойр тойрны өмхий балчгаа өнгөлж чадах бөлгөө.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр