Өөрийгөө элээж, өрөөлийг ирлэсэн академич


Монголын бэлчээрийн ургамлыг судалж, малын тэжээлийн найрлагад түүхэн шинэчлэл хийсэн, хөдөө аж ахуйн салбараас төрсөн анхны эмэгтэй академич, доктор, профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат ажилтан Рэнцэнгийн ЦЭРЭНДУЛАМ

Өнө эртээс мал аж ахуй эрхэлж ирсэн нүүдэлчин монголчуудын оршихуйн гол асуудал бол ус, бэлчээр, өвс ургамал байсныг өнөөдрийн бодит нөхцөл харуулж байна. Тиймээс улс орны эдийн засгийн нэгэн том хөшүүрэг болсон мал аж ахуй, бэлчээр, өвс ургамлыг хамгаалах, ашиг шимтэй болгох үйл хэрэг үе үеийн эрдэмтэн мэргэдийн анхаардаг, барьж авдаг сэдэв байж, тэдний судалгааны үр дүн улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөлд шууд болон шууд бусаар нөлөөлсөөр иржээ. Үүгээрээ тэд Монгол Улс, монголчууд, нүүдлийн соёл иргэншил цаашид оршин тогтноход тодорхой үүрэг гүйцэтгэсэн гавьяатай хүмүүс. Ийм л эгэлгүй эх оронч хүмүүсийн нэг нь Монголын дөрөвхөн эмэгтэй академичийн нэг болох Рэнцэнгийн Цэрэндулам билээ.

Баянууд овогт Рэнцэнгийн Цэрэндулам 1931 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Уялга харуул гэдэг газар төржээ. 1939- 1943 онд Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургууль, 1947 онд Төв аймгийн Батсүмбэр сум дахь Малын зоотехникумыг төгссөн цагаас түүний амьдрал Монгол орны бэлчээр, өвс ургамалтай холбогдсон байна. Ном эрдэмд дуртай, ажилч хичээнгүй, 16 настай жаал охин МУИС- ийн Зоотехникийн тэнхимд үргэлжлүүлэн сурч, 1952 онд төгсөхдөө  Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон очжээ.

Тухайн үеийн төр, засаг дунд шатнаас нь дээд түвшинд суралцсан залуу боловсон хүчнээ хоёр жил ажиллуулаад, 1954 онд Москва хотноо Бүх холбоотын мал аж ахуйн эрдэм шинжилгээний институтийн аспирантурт илгээсэн байна. Тэнд Р.Цэрэндулам гурван жил суралцаад 1957онд “БНМАУ-ын малын тэжээлийн найрлага, шимт чанар” сэдвээр хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтний зэрэг амжилттай хамгаалан эх орондоо иржээ.

Шинэхэн эрдэмтнийг МУИС, ХААИС-д багшлуулж, эрдэм шинжилгээний ажилтнаар тохоон томилсон нь нүдээ олсон хэрэг байлаа. Ийнхүү энэ эгэл даруухан эрдэмтний сурсан мэдсэнээ хойч үедээ хүргэх сурган хүмүүжүүлэгчийн замнал эхэлжээ.

Эрдмийн үрийг хойч үедээ зааж, сургаж байсан залуу эрдэмтнийг 1961 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилоход тэрбээр тухайн цагийн жишиг шалгуурыг даван, нарийн бичгийн дарга, тасгийн эрхлэгчээр дэвшин 1968 он хүртэл ажилласан байдаг. Түүний амьдрал тэр чигтээ мал аж ахуй, малын бэлчээр, өвс тэжээлтэй холбогдоно. Эзэмшсэн мэргэжлээ өөрийн болгож, улмаар хүн ард, улс эх орондоо хэрэгтэй зүйл болгон эрдмийн оройд гарна гэдэг нь нэгэн насны үйл хэрэг гэдгийг Р.Цэрэндулам академич ажил үйлс, амьдралаараа харуулсан хүн. Тэрбээр 1969 онд Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ахлах ажилтнаар томилогдон очиж, улмаар тус хүрээлэнд сектор салбарын эрхлэгчээр 1984 он хүртэл 15 жил ажиллахдаа эрдмийн ажлаа үргэлжлүүлэн бататгах, үр өгөөжийг нь дээшлүүлэх бүхий л зүйлийг гүйцэтгэсэн гэдгийг салбарын эрдэмтэн мэргэд ярьж байна. Тиймээс 1974 онд Бүх холбоотын мал аж ахуйн эрдэм шинжилгээний инстутитийн аспирантурт хориод жилийн дараа дахин очиж, “Монгол орны малын тэжээлийн нөөц” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Түүнтэй хамт ажиллаж байсан, шавь нар нь багшаа дурсахдаа “Багш маань их эрдмийн оройд гарсан төдийгүй Монгол Улсад хамгийн хэрэгтэй зүйл хийсэн хүн” гэдгийг бүгд дуу нэгтэй батлан хэлэх аж. Тэр тусмаа “Бидэнд өвлүүлж үлдээсэн ном бүтээл, эрдмийн ажлын үнэ цэнийг нь юутай ч зүйрлэшгүй” хэмээн товчхон тодорхой хариулна лээ.

Ийн дурсахаас өөр аргагүй их гавьяаг Р.Цэрэндулам хөдөө аж ахуйн салбартаа байгуулсан. Тэр тэтгэвэртээ гарсан ч Мал аж ахуйн хүрээлэнд зөвлөх ажилтан, эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажилласан юм. Өөрийнхөө эрдмийн ажлын хажуугаар шавь нарынхаа гарыг ганзаганд хүргэх гэж түүний зүтгэсэн нь талаар болоогүй. Гавьяат мал зүйч Д.Самданжамцын хэлснээр “Шинжлэх ухааны доктор зургаа, дэд эрдэмтэн 20-оодыг төрүүлсэн бол удирдсан дипломын ажил бол тоогоо алдсан. Өөрийгөө мартаад л залуучуудын диплом, эрдмийн ажилтай мөн ч их зууралдсан даа” хэмээсэн. Ийм ачтай сурган хүмүүжүүлэгч ажээ.

Р.Цэрэндуламын хариуцаж гүйцэт­гэсэн эрдэм шинжилгээний ажил олон бий. Тухайлбал, “Монгол үнээний ашиг шим, саамыг нэмэгдүүлэх арга” эрдэм шинжилгээний ажлыг 1952-1954 онд хариуцаж ажилласан нь ихээхэн үр дүнтэй зүйл болсон гэдэг.

1954-1957 онд “БНМАУ-ын малын тэжээлийн химийн найрлага, шимт чанар” эрдэм шинжилгээний ажлыг гардаж ажилласан юм. Тэгвэл 1957-1974 онд “Бэлчээрийн ургамал, бэлтгэн хэрэглэдэг төрөл бүрийн тэжээлийн химийн найрлага, шингэц, шимт чанар, тэдгээрийн өөрчлөгдөх зүй тогтол”, 1975-1985 онд “Улсын бэлтгэлийн малыг тууврын замд оторлон таргалуулах зөвлөмж боловсруулах”, 1981-1985 онд “Саалийн үнээний тэжээллэгийн технологи боловсруулах”, 1986-1991 онд “Гахай, шувуу, бордооны болон өсвөр малын тэжээллэгийн арга” эрдэм шинжилгээний ажлыг хариуцан ажиллаж, 1991-1995 онд “Монгол- Японы хамтарсан “Говь” төсөл болон “Монгол малын экологи, бэлчээрийн маллагааны технологи” төсөлд судлаач зөвлөхөөр, 1996 оноос Монгол- Японы хамтарсан төсөлд оролцож, монгол малын цусны биохимийн зарим үзүүлэлтийг бэлчээрийн ургамлын найрлага, шимт чанарын өөрчлөгдөх зүй тогтолтой холбон судлах, монгол хонины бэлчээрээр таргалах, турах онцлогийг судлах судалгаануудад манлайлан ажиллаж байжээ.

Хамгийн гол нь эдгээр судалгааны үр дүн үйлдвэрлэлд өргөн нэвтэрч, бэлчээрийн тэжээлийн нөөцийг тогтоох, даацыг тодорхойлох болон мал сүргийн тэжээллэгийн жор, норм зохиох, тооцох бүх ажилд үндсэн хэрэглэгдэхүүн болж ашиг тусаа өгчээ. Үүний зэрэгцээ түүний боловсруулсан мал маллагаа, бэлчээр тэжээлийн бүхий л технологи, судалгааны ажил нь үйлдвэрлэл сургалтад амжилттай нэвтэрч, өнөө хэр салбартаа төдийгүй Монгол Улсад үнэ цэнтэй байгаа нь ямархан алсын хараатай эрдэмтэн байсныг нотлох биз ээ.

Өдгөөгийн нэр төртэй олон эрдэмтэн түүний удирдлага дор эрдмийн зэрэг, дэв хамгаалсан байдаг. Тэдний нэг нь Хөдөө аж ахуйн ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Ринчиндорж юм. Тэрбээр “Би 1979 онд ХААИС төгсөөд Малын тэжээл, тэжээллэг секторт Р.Цэрэндулам багшийн удирдлага дор очсон. Энд хамт ажиллаж байгаад 1996 онд “Махны чиглэлийн үхрийг өсгөн бойжуулах өвс, тэжээлийн хэв шинж” сэдвээр докторын зэрэг хамгаалахад миний удирдагч багш байсан. Надаас гадна академич Ц.Содномзундуй, доктор Д.Баатар, Лувсан, Хөххүү гээд олон эрдэмтний ажлыг удирдсан даа. Багш маань хүний хувьд маш хүнлэг, нийтэч. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ажил төрлөөс гадна байнга л ахуй амьдрал, ар гэрийн байдал асууж лавлаж явдаг сан. Олон ч төсөл хөтөлбөр дээр ажилласан. Р.Цэрэндулам багшийг зөвхөн дотоодын хэмжээнд дүгнэх аргагүй. Тэр дотоодын төслөөс гадна Орос, Герман, Япон гэх мэт олон улстай хамтарсан төсөлд ажилладаг өргөн цар хүрээтэй хүн байлаа” хэмээн бахархангуй дурссан юм.

“Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдэг дээ. Энэ эрдэмтний ид залуу насаа зориулсан Хөдөө аж ахуйн их сургууль, түүний дундаас Био технологийн сургууль, Мал аж ахуйн хүрээлэн гээд хаа явсан газарт уулзсан хүн бүхэн энэ эрхэм хүнийг дурсахдаа энэ л үгийг давтан давтан хэлээд байх шиг санагдсаныг нуух юун.

Түүнтэй олон жилийн турш хамтран ажилласан Гавьяат мал зүйч Д.Самданжамц “Би 1970-1990 он хүртэл Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байхдаа Мал аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлийн дарга байсан учраас түүнтэй байнга уулзана, ажил хэргийн нягт холбоотой байсан. Тэгээд 1990 оноос хойш Мал аж ахуйн хүрээлэнд хамт ажиллаж, олон ном, бүтээлд хамтарч байлаа. Ажлыг цаг тухайд нь хийдэг, мөн ч ажилсаг, байнга хүнд туслахыг хичээж явна. Энэ хэрээр түүний гараас олон ч эрдэмтэн төрсөн дөө. Ерөөсөө их нийтэч хүн учраас мэддэг чаддаг бүхнээ бусдад харамгүй зориулж ирсэн. Өөрийн мэдэх чадах бүхнээ бусдад харамгүй өгч байгаа нь гайхамшигтай” хэмээн өгүүлсэн юм.

Түүний бүтээсэн ном судар, эрдэм шинжилгээний ажил гэвэл хэдэн авдраар тогтохгүй зүйл бий. Тухайлбал, Р.Цэрэндуламын бичиж хэвлүүлсэн нэгэн сэдэвт зохиол гэхэд 12 томоохон бүтээл бий. Түүнчлэн сурах бичиг, гарын авлага 15, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл 103, заавар зөвлөмж, технологи стандартын 22, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд тавьж хэлэлцүүлсэн илтгэл 29, эрдэм шинжилгээний ажлын тайлан 15-ыг тус тус бүтээж туурвисан бол 21 ном редакторлаж орчуулсан төдийгүй түүний бүтээлүүд нь ОХУ, БНХАУ, Унгар, Герман, Итали улсад орчуулагдан хэвлэгдсэн гэхээр олон улсын хэмжээний эрдэмтэн гэдэг нь харагдана.

Тэрбээр эрдэм судалгааны ажлынхаа хажуугаар 1958-1964 онд Монголын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгч, 1963-1986 онд Монгол-Унгарын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга, тэргүүлэгч гишүүн, 1971-1980 онд Хөдөө аж ахуйн Үйлдвэрчний эвлэлийн Төв хорооны тэргүүлэгч гишүүн, 1976-1978 онд Ажилчны районы намын хорооны гишүүн, 1986-1990 онд МАХН-ын Төв хорооны гишүүн, 1976-1989 онд Төрийн шагнал эрхлэх хорооны гишүүний сонгуульт албыг хашсан нийгмийн идэвхтэй эмэгтэй байжээ.

1982 оноос ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож, 1990 онд “Академич” цол хүртсэн байна.

Р.Цэрэндулам эрдэмтнийг ид хийж бүтээх наснаас нь эхлээд салбарын шагналуудаас эхлээд төр түүнийг үнэлж, “Алтангадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1995 онд “Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнасан байна.

Өнөөдөр Шинжлэх ухаан Гавьяат зүтгэлтэн Р.Цэрэндулам академич бурхны оронд заларсан ч “Монголын бэлчээрийн ургамлын найрлага” тэргүүтэн бүтээлүүд, эрдэм шинжилгээний ажил нь цагийн салхинд үл бүдгэрэх Монгол Улсын үнэт өв болон үлджээ.

Р.Цэрэндулам бол Монголын бэлчээр, түүний шим тэжээл, найрлагад онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгийг хийж бүтээсэн бүх зүйлээс нь харагдана.

“Зууны 100 эмэгтэй” II ботиос...

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр