Z үеийг нэгтгэсэн бизнесмэн

unen
18 цагийн өмнө

Залуу хэрэглэгчид болох  Z үеийнхний сонирхлоос гардаггүй нийгмийн сүлжээг санаачилсан, БНХАУ-ын технологийн конгломерат “Beijing ByteDance Technology” компанийн үүсгэн байгуулагчийг “Тренд хүн” буландаа онцоллоо. Технологийн салбарыг шинэчлэгчид, тэргүүн эгнээнд алхаж буй бизнесмэнүүдийн түүх залууст зорилгодоо шантралгүй хүрэх урам зориг өгдөг. Ийм түүчээлэгчдийн нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй “ТикТок”-ийн эцэг Жан Иминий ололт амжилт, технологийн ертөнцөд үзүүлсэн нөлөөллөөс товч дурдъя.  Интернэт хэрэглэгчид компьютероос ухаалаг утас руу аажмаар шилжиж буйг анзаарсан тэрбээр 2011 онд хувийн карьераа эхлүүлэхээр ажлаасаа гарчээ. “ByteDance”-аа 2012 эхлүүлж, сарын дараа мэдээ цуглуулах “Toutiao” программ зохион бүтээжээ. Энэ явдлаас хойш жилийн дараа Жан Имин “Форбс” сэтгүүлийн Ази манлайлагчдын жагсаалтад багтсан юм. Түүний цогцлоосон бизнесийн эзэнт гүрний зах зээлийн үнэлгээ 75 тэрбум ам.долларт хүрсэн нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй стартап болжээ.

Дэлхийн алсын хараа

Жан Имин 42.3 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө  Хятадын топ 10 тэрбумтны жагсаалтад багтдаг. Тианжин хотын Нанкай их сургуулийг 2005 онд микро электроник, программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн тэрбээр ажлын гараагаа “Kuxun” вэб сайтаас эхлүүлсэн. “Майкрософт”-д 2009 онд  хэсэг ажиллахдаа үл хөдлөх хөрөнгийн хайлтын портал бүхий гарааны бизнесээ хөгжүүлжээ. Энэ нь тухайн цагийн Хятад улсыг донсолгож байсан зөөврийн интернэтийн эрин үетэй давхацсан юм. Жан Иминий онцлог нь салбарынхаа өнгийг тодорхойлж байсан “Алибаба”, “Тенсент”, “Байду”-аас санхүүжилт хүсээгүй анхны хөгжүүлэгч. Харин ч эсрэгээрээ мэдээ нэгтгэх аппликейшнээр “Байду”-тай өрсөлдөх болов. Редакцын ажилтнуудын тусламжгүйгээр хэрэглэгчдийн сонирхолд тулгуурлан мэдээ гаргадаг хиймэл оюун ухаанд суурилсан систем болох “Toutiao” контентоо зохион бүтээлээ. Уг платформын тусламжтай хэрэглэгчид юу уншиж, хайж байгааг судалж, зуршилд нь тулгуурлан мэдээлэл, нийтлэл санал болгодог. Олон хэрэглэгч ашиглах тусам өгөгдөл хуримтлуулах, алгоритмын дэвшилттэй болно. Аппликейшн нь маш хурдан хугацаанд сая саяар татагдсан учир Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгчид хамтран ажиллах санал ирүүлэв. Ийнхүү гар утасны шинэ загваруудад программаа суулгажээ. “ByteDance” ухаалаг утасны бүтээгдэхүүнд хиймэл оюун ухааныг бүрэн ашигласан анхны компани болов.  Жан Имин 2014 онд Цахиурын хөндийд зочилжээ.  Хятадын технологийн салбарт өсөж буй од Хятад, АНУ-ын бизнес эрхлэгчдийн өмнө хиймэл оюун ухаан, алгоритмын талаар илтгэл тавив.  Хоёр орны салбарын шилдгүүд сонссон түүний илтгэлийг  “Хятадын технологийн компаниудын алтан үе" гэдэг. АНУ-аас ирээд Жан оффистоо зориулж дэлхийн бөмбөрцөг худалдан авсан нь амбицын бэлгэдэл байлаа. Жан анхнаасаа л дэлхийн компанийг төсөөлсөн. “ТикТок” бол мөрөөдлөө гүйцэлдүүлэх даяаршлын төсөл байв. Дотоодын бизнесийн талбарт орон зай, хэрэглэгчтэй болоод “Douyin” буюу олон улсын нэршил нь “ТикТок” гэгддэг богино хэмжээний видео платформоо 2016 онд гаргав.  “Douyin” нь хэрэглэгчдэд 15 секундийн богино видео бичлэг хийх, засварлах, шүүлтүүр нэмэх, “Weibo” эсвэл “WeChat”-даа хуваалцах боломж олгосноор залуучуудын анхаарлыг татаж, гарч ирсэн даруйдаа хит болов. Олон улсын зах зээлд зориулснаараа дотоодын “Douyin”-ээс ялгаатай. “ТикТок” ердөө долоон жилийн дотор Хятадын технологийн аварга компаниуд санаархаад бүтэлгүйтсэн  гадаадын интернэт хэрэглэгчдийг соронз мэт татсан. Цар тахал бизнесүүдийг боомилж байхад, “ТикТок” гэртээ уйдсан хэрэглэгчдээр хүрээгээ тэлж байлаа. 2020 онд 315 сая гаруй шинэ хэрэглэгчтэй болж, #carantine хаштаг 59.8 тэрбум хандалт авчээ. АНУ-ын алдартай “Musical.ly” програмыг “ТикТок”-той нэгтгэхийн тулд нэг тэрбум ам.доллароор 2018 онд худалдан авч, гадаад зах зээлд амжилттай нэвтэрсэн юм. Компаниа хөл дээр нь бат зогсоохын тулд “Sequoia Capital China”, “SotftBank Group Corp”, “KKR & Co”, “General Atlantic” зэрэг хөрөнгө оруулагчийн дэмжлэгийг авчээ.  “ТикТок” 2019 оны эхний улиралд дэлхий даяар хамгийн их татагдсан iOS программ, нийгмийн үзэгдлүүдийг дагуулсан. Бизнесүүд ч “ТикТок” нөлөөлөгчдийг анхааралдаа авч эхэлсэн. “Burberry”, “Poshmark”, “Calvin Klein” брэнд олон нийтийн сорилтуудыг даван туулж, Z үеийг татах зорилгоор сурталчилгаандаа ашиглаж эхлэв. “Майкрософт” компанийн удирдлагууд “ТикТок”-ийг худалдан авах санал тавихад Жан Имин эелдгээр татгалзжээ.  “Насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан хуурамч мэдээ, хүчирхийлэл, бэлгийн контентыг шүүдэггүй” гэж Хятадын Засгийн газраас “Bytedance”-ийг тогтмол шалгадаг. Геополитикийн хөндлөнгийн шугамд баригдсан “ТикТок” АНУ-д Хятадын компани гэж харагддаг ч хятад хүмүүсийн хувьд харь зүйл. Эх орон нэгт Жэк Магийн адил бизнесийн гараа нь дардан байгаагүй. Нэг талаар Жан шаргуу хөдөлмөр, ухаалаг байдлыг капиталист бизнес эрхлэлттэй хослуулсан гүйцэтгэх захирал. Гэтэл түүний компанийг АНУ-ын засаг захиргаа “Хятадын заналхийлэл” гэж үздэг.  

Хятад мөрөөдөлд тэмүүлэгч

Бээжинд төвтэй “Byte Dance”-ийн хөрөнгийг голчлон зар сурталчилгааны орлогоос бүрдүүлдэг. АНУ, Зүүн өмнөд Азийн хэрэглэгчдийн таашаалд нийцдэг, гадаадад амжилттай нэвтэрсэн технологийн компани юм. "ByteDance"-ийн ашгийн өсөлт 2022 онд хоёр оронтой тоонд хүрсэн нь "Мета", "Амазон" зэрэг салбарын аварга компаниудын дунд тэргүүлэх үзүүлэлт юм. “Экономист” сэтгүүлээс “Хятадаас “төрсөн”  олон улсын технологийн анхны гигант компани” гэж тодорхойлдог,  “YouTube”, инстаграмын гол өрсөлдөгч. 41 настай Жан Имин Хятадын эдийн засгийн шинэчлэлийг биеэр туулсан Шинэ мянганыхны төлөөлөл. Хятад мөрөөдөлд суурилсан бизнесмэн.  Америк, Баруун Европын орны дэлгүүрээс авсан бараан дээр “Хятадад үйлдвэрлэв” гэсэн шошго хадаастай байдаг.  Худалдах боломжтой бүхнийг баруун солгойгүй үйлдвэрлэн экспортолдог байсан нь хятадуудын гадаад валютын урсгалаа нэмэх гол арга байсан юм. Харин одоо оймс, цамц мэтийн хэрэглээний жижиг зүйлс үйлдвэрлэхээ болихоор шийджээ. Нийлүүлэлтээ чанаржуулж ноу хау шингэсэн технологийг нэвтрүүлсэн нь энэ цагийн хятад мөрөөдөл. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэгч орон болохоор зорилгоо тодорхойлжээ. Жан Иминий төрж, өссөн зүүн өмнөд эргийн Фужиан муж дэлхийд нээлттэй болсон  анхны бүс нутгийн нэг. Хэрэглэгчид Хятадын цензурын хууль тогтоомж, зар сурталчилгаа болон жинхэнэ хайлтын үр дүнгийн хооронд ялгаагүй учир интернэт компаниудаас холбогдох мэдээллийг олоход хэцүү байсан. Тэрбээр Нанкай их сургуулийн оюутнуудтай уулзахдаа “Фэйсбүүк хүмүүстэй, “Uber” машинтай холбодог. Тэгвэл манай бүтээгдэхүүнүүд хүмүүсийг мэдээтэй холбодог. Хятадын интернэт хэрэглэгчид сонирхсон мэдээллээ цахим орчноос олж чаддаггүй. Жишээлбэл, “Байду” зар сурталчилгааг хайлтын үр дүнтэй андуурдаг. Хиймэл оюун ухааныг ашиглан хэрэглэгчдийн сонирхож буй контентыг санал болгох боломжтой. Ирээдүйг урьдчилан таамаглах хамгийн сайн арга бол түүнийг бүтээх явдал. Гэхдээ эхлээд бодит байдалтай нүүр тулах ёстой. “Google” бол хил хязгааргүй компани. Манай компани “Google” шиг хил хязгааргүй болно” гэжээ. “ByteDance”-ийн хувьцааны зонхилох буюу 24 хувийг эзэмшдэг тэрбээр Хятадын Засгийн газрын шахалтаар гүйцэтгэх захирлын суудлаа шилжүүлсэн. Албан тушаалаа 2021 онд өгсөн ч урт хугацааны бодлого боловсруулах чиглэлд ажиллаж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард зах зээлд гаргасан хиймэл оюун ухаан бүхий “Doubao” чатботыг есөн сая удаа татаж, “Байду”-гийн “Ernie Bot”-ийг гүйцжээ. БНХАУ дахь IOS үйлдлийн систем дээрх сар бүрийн тогтмол хэрэглэгчдийн тоо дөрвөн сая гаруйд хүрч, зах зээлийг тэргүүлсэн. “Doubao” чатботыг гар утас болон компьютер дээрээ сар бүр хэрэглэдэг 26 сая идэвхтэй хэрэглэгч байгааг “ByteDance” компани мэдээлсэн юм.  Үндэстэн дамнасан интернэт технологийн компанийг өөрийн арга барилаар удирдан шинэлэг давлагааг бий болгосон түүнийг оньсого мэт гэж тодотгодог.  Эдийн засагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Бүх Хятадын Аж үйлдвэр, худалдааны хорооноос сүүлийн 40 жилийн шилдэг 100 бизнес эрхлэгчийн жагсаалтад оруулсан байна. Түүний “Бид бусдаас шаргуу ажиллаж, илүү төгс төгөлдөр байх ёстой” гэсэн үгийг Жэк Магийн хичээл зүтгэл, тууштай ажиллах ёс зүйн цуурай хэмээдэг. Бүтээмжид анхаарал хандуулсны ачаар “ByteDance”  хөрөнгө оруулагчдын дунд нэр хүндээ алдаагүй. 17 их наяд ам.доллароор хэмжигддэг дэлхийн цахим худалдааны зах зээл Жан Иминий анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Компанийнхаа орлогын өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч, өндөр хүлээлттэй “ТикТок шоп” цахим худалдааны платформоо хэрэглэгчдэд нээсэн. Цахим дэлгүүрт 2.99 ам.долларын “Nike”-ийн дуураймал цамцнаас эхлээд 16 ам.долларын компьютерын ширээ худалдаалж байна. “ТикТок шоп” энэ онд  20 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн борлуулах зорилготой “Amazon.com”-той өрсөлдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тодорхой сонирхлын бүлгийн хүмүүсийг нэг дор цуглуулах боломжтой гэж үзсэн байна. 


  Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 18 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 18 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 18 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07