Энэ жил дэлхий даяар 76 улсад сонгууль болж, хүн төрөлхтний тэн хагас нь сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ. Үүний нэгээхэн хэсэг нь гурван сая гаруй монголчууд. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын ээлжит 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, өнгө өнгийн туг далбаагаа хийсгэн нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж аваад Монгол орны өнцөг булан бүр рүү тарж одлоо.
Эрх баригч Монгол Ардын Нам энэ сонгуульд “Ард түмэн ялна” гэсэн уриатай орж байгаа бол Ардчилсан намынхан “Сольё” гэсэн том лоозон барьжээ. Засгийн эрхийг барьж явсан намын хувьд бүхнийг өөрчилнө гэсэн бодолтойгоор энэхүү уриаг барьсан нь дамжиггүй. Гэхдээ яг юуг солих гэж байгаа нь нэг л бүрхэг байна. Харин асар их мөнгөтэй, шүүхэд нөлөөлөх хэмжээний эрх мэдэлтнүүдтэй хэмээн яригдаж байгаа МАК компанийн залуу ноён Н.Номтойбаяр “Үндэсний үйлдвэрээ сэргээе. Үндэстнээрээ баяжъя” гэдэг уриатай орж ирлээ. Монголын хамгийн баян хүн ийм уриа сонгож авах нь бусдын анхаарлыг татах биз. Үндэсний эвсэл “Шинэ нэгдсэн эвсэл- Шинэ сонголт - Шинэ Монгол” гэсэн АН-ын уриатай төстэйдүү уриаг сонгож авчээ. Тэгвэл Иргэний зориг намынхан “Зоригтой бай” уриатай энэ сонгуульд оролцож байгаа юм. Энэ удаагийн сонгуульд 1336 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэдний 39.6 хувь нь эмэгтэйчүүд. Нийт нэр дэвшигчийн 65 хувь нь буюу 966 нь тойрогт өрсөлдөж байгаа юм. Эдгээр 1336 нэр дэвшигч 2.2 сая хүнээс сонгогдож 126 нь УИХ-ын гишүүн болно. Гадаадад оршин сууж буй 5340 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Сонгуулийн үеэр нэр дэвшигчид дуучин, бүжигчдийг дагуулж, том том самбар дэлгэж, хэн их ном сонин тарааснааараа өрсөлддөг байсан түүх ард үлдсэн. Сонгуулийн сурталчилгааны үеэр тараах материалын хэмжээ хязгаартай, зөвхөн заагдсан байрлалд зурагт хуудсаа наах боломжтой, ямар нэг урлагийн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй юм. Нэр дэвшигчид маш богино хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулж, хөдөө орон нутагт 3-4 аймаг дамнан ажиллах ёстой. Тиймээс хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал бүхий л нэр дэвшигчийн толгойны өвчин болоод байна. Нэр дэвшихээр эрхээ авсан олон хүн хандивын мөнгө хүссэн эрээн алаг зургаар сошиал орчныг дүүргэж, энд тэндгүй уулзалтууд эхэлж, монголчууд сонгуулиар амьсгалж байна. Харамсалтай нь, УИХ-ын 2024 оны оны ээлжит сонгууль АН-ын хувьд нэг л базаахгүй эхлэв. АН-ын сурталчилгаа анхнаасаа бүтэлгүйтэж эхлэв. Лу.Гантөмөр дарга Сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг наран ургах Дорнод аймгаас эхлүүлэхээр нисдэг тэрэг хөлөглөөд Улаанбаатараас гарах гэсэн боловч бороо орж, мөндөр бууж, АН-ын даргыг тэнгэр хангай таалсангүй. Мордохын хазгай гэгч болов.
Энэ жилийн сонгуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг авч олон нийтэд ил тод зарлаад байна. Парламентад суудалтай улс төрийн намын дарга нараас хамгийн баян нь АН-ын дарга Л.Гантөмөр. Тэрбээр 705 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн дөрвөн орон сууц, амины нэг орон сууцтай, 319 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг суудлын жижиг машинтай гэж мэдүүлжээ. Тэгвэл ХҮН намын дарга Т.Доржханд хамгийн их авлагатай хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байна. Хүн намын дарга 1.1 тэрбум төгрөгийн авлагатай гэнэ.
Улс төрийн сонгууль гэдэг уг нь мөрийн хөтөлбөр дээрээ тулгуурласан бодлогын мэтгэлцээн байх ёстой гэж ярьцгаадаг ч Монголын улстөрчид булайгаа дуудаж, булхайгаа дэлгэх өрсөлдөөнд орж байгаа аятай л аашилж эхлэв.
Сонгуулийн сурталчилгаа эхлээд хэдхэн хонож байгаа ч цагдаагийн байгууллагад сонгуультай холбоотой 160 гаруй өргөдөл, мэдээлэл иржээ. Харамсалтай нь нийт өргөдлийн 56 нь гэмт хэргийн шинжтэй байгааг тогтоожээ. "Ховд аймагт саналын хуудас бөглүүлж байна" гэх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгалт хийсэн бөгөөд үзлэг нэгжлэг хийсэн ч ноцтой зөрчил олж тогтоогоогүй юм байна. Мөн сурталчилгаа эхэлсэн өдөр УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон зургаан охин хүчирхийлэлд өртсөн гэдэг мэдээлэл цацагдаж, олныг хирдхийлгээд байна. Сонгуультай зэрэгцээд нэр дэвшигчдийн хөрөнгө мөнгө, гэр бүл, эдлэн газар элдэв тусгай зөвшөөрөл, лицензтэй холбоотой томоохон баримт фактууд дэлгэгдэж, шүүх цагдаа шалгах ёстой мэдээллүүд ч илчлэгдэж эхлэв. Сонгууль дагасан олон баримт фактууд дундаас УИХ-ын дарга асан З.Энхболдын Монголын Үндэсний телевизэд өгсөн яриа хууль хяналтынхны анхааралд ч өртөж эхэллээ. Тэрбээр ярилцлага өгөх үеэрээ “Ц.Элбэгдорж 2009 оны сонгуульд орохдоо МАК компаниас хамгийн их хандив авсан. Тэр мөнгийг нь би зөөж Ц.Элбэгдоржид аваачиж өгсөн. Үүнийхээ шанд Цагаансуваргын ордыг Ц.Элбэгдорж МАК компанид өгсөн” хэмээн мэдэгдэж байх юм.
Сонгуулийн сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид аль хэдийнэ үнэмлэхээ гардаж авсан ч гэсэн АН-ын нөхдүүд тайвширч чадахгүй л байна. Тус намын төлөөлөл “Зориггүй Лу.Гантөмөр нэр дэвших эрхээсээ татгалз” гэсэн уриатай хэвлэлийн бага хурал хийж бас л багагүй шуугиан дэгдээгээд авлаа.
УИХ-ын гишүүд дахин тангараг өргөх эрхээ олж авахаар бүгд шахуу нэр дэвшиж, Ерөнхий сайд тойргуудаар уулзалт хийгээд завгүй. Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч ганцаараа үлдэж, зочид төлөөлөгчид хүлээж аваад бас л завгүй байна. БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн араас Лаос ард улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Улаанбаатарт хөл тавилаа. Сонирхуулж хэлэхэд, ирэх наймдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нарыг хүлээж авах бэлтгэл ажил эхэлжээ.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна