Энэ удаагийн УИХ-ын сонгууль хэд хэдэн онцлогтой болж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийг анх удаа бүсчилсэн хэлбэрээр томсгосон тойрогт зохион байгуулж байгаа билээ. Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, УИХ-ыг нэг танхим, 126 гишүүнтэйгээр бүрдүүлэх юм. Ингэхдээ эдгээр гишүүний 78-ыг олныг төлөөлөх, 48-ыг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Сонгуулийн санал хураалт энэ сарын 28-нд 07:00-22:00 цагийн хооронд болох бөгөөд сонгогчид саналын хоёр хуудас бөглөх юм. Тиймээс иргэд, сонгогчдод мэдээлэл өгөх зорилгоор Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.
-Энэ удаагийн сонгуулийн онцлогоос шалтгаалж, сонгогчид саналын хоёр хуудаст тэмдэглэгээ хийнэ. Тиймээс сонгогчид саналын хуудаст тэмдэглэгээ хийхдээ юуг анхаарах ёстой вэ?
-Нэг үеэ бодвол сонгогчид саналын хуудсыг хэрхэн, яаж тэмдэглэх тухай ерөнхий ойлголт мэдээлэлтэй болохоос гадна улс төрийн намуудын бодлого, мөрийн хөтөлбөрийг сонирхож судалдаг болсон байна. Бас санал хураах байранд заавал иргэний үнэмлэхээ авч ирэх ёстойг ч мэддэг болсон. Энэ удаагийн сонгуулийн тухайд саналын хуудас тойрогт нэр дэвшигчид болон нам, эвсэлд өгөх санал тэмдэглэх хоёр хэсэгтэй байгаа. Саналын хуудас дээр улс төрийн нам, эвслүүдийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар байрлуулдаг. Гэхдээ заавал тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигч бүртгүүлэх ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй учраас нам, эвслүүд харилцан адилгүй тоотой нэр дэвшигч бүртгүүлсэн байгаа. Гэсэн ч сонгогчид заавал тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож байж саналын хуудас нь хүчин төгөлдөр болно. Жишээлбэл, тухайн тойрог арван мандаттай байлаа гэж бодоход арван нэр дэвшигчийг сонгож тэмдэглэгээ хийнэ гэсэн үг. Хэрэв, үүнээс дутуу найм, есөн хүнийг сонгож тэмдэглэсэн тохиолдолд төхөөрөмж саналын хуудсыг уншихгүй. Тиймээс санал өгөхөд нэлээд хугацаа орж, анхаарал шаардах учраас аль болох эртхэн саналаа өгөхийг сонгогчдод зөвлөж байна. Санал өгөх бүхээгт тухайн тойрог хэдэн мандаттай, саналын хуудсаа хэрхэн бөглөх талаарх тайлбар хэсгийг нэмэлтээр байршуулах юм билээ.
-Хэрэв сонгогч саналын хуудас дээрээ илүү эсвэл дутуу тэмдэглэгээ хийж хүчингүй болгосон тохиолдолд яах ёстой вэ. Саналын хуудас дахиад хэдэн удаа авч болох вэ?
-Тухайн хоёр төрлийн саналын хуудаст тэмдэглэгээ хийж дуусаад саналын хуудас унших төхөөрөмжид аль ч талаар нь уншуулах боломжтой. Хэрэв сонгогч тухайн тойргийн мандатын тооноос дутуу эсвэл илүү бөглөсөн тохиолдолд саналын хуудас алдаа заагаад буцаж гарч ирнэ. Дутуу бөглөсөн бол гүйцээж будаад дахин уншуулах боломжтой. Харин илүү будсан тохиолдолд хүчингүй болсон саналын хуудсаа устгуулж, шинэ саналын хуудас дахин нэг удаа авах эрхтэй. Тиймээс сонгогчид анхааралтай бас хариуцлагатай байх ёстой шүү.
-Зарим сонгогч сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам, нэр дэвшигчийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртэй танилцаж байж сонголтоо хийдэг бол зарим нь төдийлөн ач холбогдол өгдөггүй. Ер нь мөрийн хөтөлбөр чухал уу, сонголтод нөлөөлөх үү?
-Мэдээж мөрийн хөтөлбөр маш чухал. Тухайн улс төрийн нам, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй заавал танилцаж байж сонголтоо хийх нь зөв. Мөрийн хөтөлбөр яагаад чухал вэ гэдэгт гурван зүйлийг онцлон хэлж болно. Нэгдүгээрт, улс төрийн намууд сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөр буюу бодлогоороо өрсөлддөг. Хоёрдугаарт, сонгуульд ялсан улс төрийн намын мөрийн хөтөлбөр дараагийн дөрвөн жилийн хугацаанд ажиллах Засгийн газрын үйл ажиллагааных нь үндэс суурь болдог. Тэгэхээр сонгогчид тухайн улс төрийн намд итгэл үзүүлж буй нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааных нь хөтөлбөрт саналаа өгсөн гэж ойлгох хэрэгтэй. Гуравдугаарт, сонгогчид улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт үндэслэж байж саналаа өгдөг. Энэ утгаараа улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр сонголт хийхэд хамгийн чухал нөлөөтэй учраас мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэй байгуулж буй гэрээ ч гэж хэлдэг.
-Улс төрийн намууд сонгогчдод таалагдаж, тэднээс оноо авахын тулд биелэх эсэх нь баталгаагүй хэт хийсвэр амлалт өгдөг тохиолдол байдаг. Тиймээс сонгогчид мөрийн хөтөлбөрөөс юуг голлон анхаарч харах ёстой вэ?
-Тухайн улс төрийн нам, эвслийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр холбогдох хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Жишээлбэл, мөрийн хөтөлбөрт тусгасан тухайн нэг хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд манай улс төсөв санхүүгийн хувьд боломжтой эсэхэд дүгнэлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн хөтөлбөрийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлсэн байх ёстой гэсэн үг. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө сонгогчдод таалагдаж тэдний саналыг авах зорилгоор бус хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг улс орныхоо санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаж боловсруулсан байх ёстой. Бие даан нэр дэвшигчдийн хувьд ч адилхан. Мөн тухайн дэвшүүлж буй зорилго УИХ-ын бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах, мөн иргэд, олон нийтийн хэрэгцээ шаардлагыг хангах эсэх гэх мэт олон хүчин зүйлийг нягталж харах хэрэгтэй. Тиймээс улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол сонгуульд ялахын тулд гаргасан жагсаалт биш. Харин иргэд, олон нийтийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн, зайлшгүй шийдвэрлэх ёстой, олон нийтийн эрх ашиг, хүсэл сонирхол, улс орны хөгжлийн бодлого, алсын хараанд нийцэж буй эсэх гэх мэт олон талаас нь харж үзэх ёстой.
-Үе үеийн сонгуулиар залуучуудын идэвх оролцоо хангалтгүй байдаг. Залуучуудын идэвх оролцоо бага байдаг нь юутай, ямар хүчин зүйлтэй холбоотой гэж харж байна вэ?
-Манай улс төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд сонгогчдын ирц буурч байна. Сонгогчдын идэвх оролцоо, ирцийн асуудал олон хүчин зүйлтэй холбоотой байдаг. Хамгийн чухал үндсэн асуудал нь нийгэм, эдийн засгийн хүчин зүйл. Тодруулбал, сонгууль зохион байгуулж буй санал авах үйл явц сонгогчдод төвөг учруулахгүй, ээлтэй, хүртээмжтэй байх ёстой. Дараагийнх нь хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудал. Сонгогч оршин суугаа бус иргэний үнэмлэхийнхээ үндсэн хаягийн дагуу харьяа санал хураах газар очиж саналаа өгдөг. Залуучуудын идэвх оролцоо бага байхад нөлөөлж буй нэг хүчин зүйл нь энэ болов уу. Өөрөөр хэлбэл, залуучууд, залуу гэр бүлийн хувьд орон сууц буюу тогтсон хаяг, мөн ээлжийн ажилтай байх гэх мэт асуудал тулгардаг. Түүнчлэн манай улсын хөдөлмөрийн зах зээл улирлын чанартай байхаас гадна хүмүүсийн амралт, аялал зугаалгын үе эхэлчихдэг. Энэ мэт асуудал нь том зургаараа сонгогчдын ирц, идэвх оролцоонд нөлөөлдөг. Тиймээс сонгуулийн санал хураах уламжлалт арга барилыг өөрчилж, технологид тулгуурласан шинэлэг хувилбар, арга хэлбэрийг нэвтрүүлэх хэрэгтэй гэж боддог. Өөрчлөлт хийх хэрэгтэйг дэлхий нийтээрээ ч хүлээн зөвшөөрч байгаа юм. Жишээлбэл, Өмнөговь аймгийн сонгогч Улаанбаатар хотод ажилладаг тохиолдолд ядаж улс орон даяар бодлого мөрийн хөтөлбөрөө уралдуулж буй улс төрийн намын жагсаалтад саналаа өгөх эрхтэй баймаар байгаа юм. Энэ бол техникийн болон зохион байгуулалтын л асуудал.
Залуучуудын идэвх оролцоонд нөлөөлж буй бас нэг хүчин зүйл бол улс төрийн асуудал. Улс төрөөс хол байдаг, надад хамаагүй гэх ойлголт бас нөлөөлдөг байх. Залуучууд сонгуулийг нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх арга хэрэгсэл гэж хардаггүй тал бий. Дараагийнх нь сонгогчдын боловсролын асуудал. Сонгууль гэж юу вэ, ямар ач холбогдолтой вэ, яагаад дөрвөн жил тутам зохион байгуулдаг вэ, сонгуульд оролцож саналаа өгөх нь яагаад чухал вэ гэх мэт асуудлыг мэдүүлж ойлгуулах өргөн хүрээтэй, урт хугацааны хөтөлбөр байдаггүй.
-Манай улсын сонгогчдын боловсролын түвшин ямар хэмжээнд байна вэ. Сонгогчдын боловсролд анхаарч ажилладаг байгууллагын хувьд та бүхэнд тодорхой судалгаа, мэдээлэл байдаг болов уу?
-Сонгогчдын боловсролын түвшинг хэмжихэд хэцүү. Ямар үзүүлэлтээр хэрхэн хэмжих вэ гэдэг асуудал бий. Сүүлийн хоёр ч удаагийн сонгуулиар анх удаа саналаа өгч буй сонгогчдын идэвх оролцоо өндөр үзүүлэлттэй гарсан. Эндээс үзэхэд залуучуудын сонгуулийг харах, ойлгох өнцөг өөрчлөгдөж байна уу гэж харж болохоор байна. Дийлэнх улс орон сонгогчдын боловсролын түвшинг сонгуулийн ирцээр тодорхойлдог. Манай улсын хувьд зарим улс оронтой харьцуулахад сонгуулийн ирц харьцангуй гайгүй, тогтвортой үзүүлэлттэй байдаг. Сонгогчдын боловсрол руу анхаарч ажилласнаас хойш ажиглагдсан дэвшилттэй нэг зүйл бол сонгуулийн боловсрол санал хураах байранд очиж саналаа өгөх болон ирцийн асуудлаар хязгаарлагдаж байсан бол харин одоо энэ сэдэв илүү өргөн хүрээтэй, ард түмэн засгийн эрх барих эрхээ хэрэгжүүлэх гэж буй асуудал гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрдөг хандлага бий болж байна.
-Танай төв сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?
-Сүүлийн дөрвөн удаагийн сонгуулиар залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн компанит ажлыг тогтмол зохион байгуулж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад хоёр сая 215 мянга орчим сонгогч бүртгэгдсэн байна. Үүний 63 хувь нь 44 хүртэлх насны сонгогч. Энэ нь нийт сонгогчийн дунд залуучуудын эзлэх хувь нэмэгдэж байгааг харуулж байна. Гэтэл залуучуудын сонгуульд оролцох идэвх оролцоо нэмэгдэхгүй байгаа нь парламент ард түмний хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдахгүй байх эрсдэлтэй. Тийм учраас залуучуудад чиглэсэн мэдлэг мэдээлэл олгох ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Мөн бид төлөөллийн байгууллагад хүйсийн тэгш эрхийг хангах, сонгогчдын жендэрийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
-Цахим орчин хурдтай хөгжихийн хэрээр үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ, мэдээлэл маш хурдтай түгдэг. Сонгогчид үүнд хэрхэн шүүлтүүртэй хандах вэ?
-Сонгогчдын хувьд цахимаар явж буй мэдээ мэдээлэлд заавал шүүлтүүртэй, хэрсүү хандах хэрэгтэй. Зөвхөн сонгуулиар гэлтгүй ер нь бүх цаг үед сошиалын мэдээллийг нягталдаг байх нь зөв шүү. Сонгууль бол ард түмэн төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэх боломж. Тиймээс сонгогчид мэдлэг мэдээлэлтэй, хариуцлагатайгаар сонголтоо хийх ёстой. Бид хэдийгээр төлөөллийн зарчмаар өөрийнхөө эрхийг бусдад шилжүүлж байгаа ч тэр төлөөлөл нь миний, бидний ашиг сонирхолд нийцсэн чиг үүргээр ажиллаж чадах уу гэдгийг бодож, улс төрийн намуудын бодлого, мөрийн хөтөлбөрийг харьцуулж судлах хэрэгтэй.
-Танайх сонгуулийн санал өгөх үйл явцыг хөндлөнгөөс ажигладаг байгууллагын хувьд сонгогч саналаа хараат бусаар өгөх боломжоор хангаж чадаж байгаа юу?
-Сонгогчийг саналаа хараат бус, нууцаар өгөх бүх боломжийг сонгуулийн байгууллага хангаж ажилладаг. Сонгогч санал авах байранд очиж, нэрийн жагсаалтад гарын үсэг зураад дараа нь саналын хуудаст тэмдэглэгээ хийж, санал тоолох төхөөрөмжид уншуулна. Энэ бүх үйл явцад таны санал нууцлалтай байна. Таныг ямар нам, хэн гэдэг нэр дэвшигчид саналаа өгсөн гэдгийг хэн ч мэдэхгүй. Мэдэх ч боломжгүй. Сонгуулийн тухай хуульд сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэх ёстой гэсэн үндсэн зарчим бий. Мөн сонгуулийн санал хураах үйл явц, сонгогчдын саналыг нууцалж чадаж байна уу гэдгийг сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл болон хөндлөнгийн байгууллагуудын төлөөлөл ажиглаж байдаг. Тиймээс сонгогчид ямар нэгэн айдас, дарамт шахалтгүйгээр өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлэх боломжтой.
-Тойрог, мандат, санал авах байр гэх мэт сонгуулийн үйл явцтай холбоотой мэдээ, мэдээллийг сонгогчид хаанаас, ямар утсаар лавлах боломжтой вэ?
-Бид Сонгууулийн ерөнхий хороотой хамтарч сонгогчдод мэдээлэл өгөх лавлах утсыг ажиллуулдаг уламжлалтай. Тиймээс иргэд, сонгогчид та бүхэн 1800-2800 утас руу холбогдож мэдээлэл авахад нээлттэй шүү. Төвийн лавлах утсанд ирж буй дуудлагыг ангилж үзэхэд 2020 оны сонгуулиас өмнө нэр дэвшигч, нам, эвслүүдийн амлалт, мөрийн хөтөлбөр, улс орны хөгжлийн бодлого, алсын хараатай холбоотой асуулт ирдэггүй байсан. Харин сүүлийн үед сонгуулийг бодлого, мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн гэж хардаг шинэчлэл ажиглагдаж байна. Хуулийн дагуу сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амардаг. Эл өдөр ажиллаж байгаа байгууллагуудын тухайд ажилтнуудаа саналаа өгөх эрхийг нь эдлүүлэх үүрэгтэй гэдгийг сануулж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна