УИХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуульд хоёр сая 238 мянган иргэн саналаа өгөх юм. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллого хийх үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах бөгөөд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагчдыг оролцуулна. Түүнчлэн гадаадын ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг ажиглагчаар оролцуулах юм. Хяналтын тооллогын үйл ажиллагааны дүрс бичлэгийг буулгаж баталгаажуулах аж.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-ны өдөр болно.
Энэ удаагийн сонгуулиар сонгогчид холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ хоёр тусдаа саналын хуудсыг ашиглах юм.
1. Нэр дэвшигчдийг сонгох хэсэг
Эхний саналын хуудаст танай тойрогт нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигч 78 хүний нэр байрлана. Та эдгээрээс өөрийн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг сонгох ёстой. Жишээлбэл, Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэг УИХ-ын сонгуулийн зургаан мандаттай. Тиймээс сонгогч та өөрийн дэмжиж байгаа зургаан нэр дэвшигчийн нэрийг сонгон дугуйлна. Илүү эсвэл дутуу санал тэмдэглэвэл тухайн саналын хуудас хүчингүй болохыг анхаараарай.
2. Нам, эвслийг сонгох хэсэг
Харин хоёр дахь саналын хуудас УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлсэн төлөөлөх аргаар бүрдүүлэх нам, эвслийн төлөө саналаа өгөх хуудас юм. Энэ саналын хуудаст 23 нам, хоёр эвслийн нэр бичигдсэн. Эндээс сонгогч өөрийн дэмжиж байгаа нэг нам эсвэл эвсэлд саналаа өгнө. Илүү тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болох юм.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24603/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна