“Форбс” сэтгүүлийн үнэлгээгээр Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани Азийн хамгийн баян эрхмээр шалгарсан. Түүний хөрөнгө 88.6 тэрбум ам.доллароор хэмжигддэг. Хөрөнгө чинээгээрээ дэлхийд зургаад эрэмбэлэгддэг энэ баян гэр бүл “Reliance Industries Limited”-ийг эзэмшдэг бөгөөд баялгаа хэрхэн өсгөж, юунд зарцуулдаг, яагаад олны анхаарлын төвд оршдогийг “Дэлхийн хүн” буландаа онцоллоо. Хэдийгээр тэгээс эхлээгүй ч эцгийн бий болгосон суурь хөрөнгийг хэд дахин үржүүлсэн сүйхээтэй бизнесмэн. “Reliance Industries Limited” компани жилийн 104 тэрбум ам.долларын эргэлттэй бөгөөд газрын тос, харилцаа холбоо, жижиглэн худалдаа гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гужарат мужийн Жамнагар дахь газрын тос боловсруулах цогцолборыг 1999 онд барьж байгуулжээ. Энэхүү цогцолбор нь өнөөдөр компанийн орлогын 60 хувийг бүрдүүлж байна. Телевизийн 20 суваг, стриминг үйлчилгээ, цаасан хэвлэлийн “Network18” медиа, программ хангамжийн “Firstpost” болон “Moneycontrol” хөгжүүлэгч компани түүний мэдэлд байдаг. Өөрөөр хэлбэл, энэ гэр бүл Энэтхэгийн мэдээллийн урсгалыг хянадаг. Түүний удирддаг “Эзэнт гүрэн”-д 340 мянган хүн ажиллаж байна.
Эзэнт гүрний эхлэл
“Reliance Industries” конгломератын үндэс суурийг 1966 онд нэхмэлийн худалдаачин Дирубхай Амбани тавьжээ. Дирубхай тив дамнасан худалдааны компанид ажиллахаар Йемений Аден хотыг зорьжээ. Тэнд бизнесийн зах зухаас суралцаад 1958 онд Мумбайд буцаж ирээд халуун ногоо худалдаалж эхлэв. Хүний нутагт хурааж цуглуулсан мөнгөөрөө эхлүүлсэн анхны бизнес нь бүтэлгүйтлээ. Нийтийн байранд хамгийн хямдхан өрөө түрээслэн амьдардаг Дирубхайн дөрвөн хүүхдийн ууган нь Мукеш. Тусгаар тогтноод удаагүй Энэтхэгт нэхмэлийн бизнес цэцэглэн хөгжиж, хөрөнгө зоорьтой бүхэн хошуурч байлаа. Дирубхай Амбани ч зүгээр суулгүй 1973 онд нэхмэлийн нийлэг утас худалдаж, удалгүй полиэфир үйлдвэрлэж, газрын тосны салбарт шилжсэн байна. Мукеш бол Амбанийн гэр бүлээс дээд боловсрол эзэмшсэн анхны хүн. Мумбайн их сургуулийг инженер, химийн технологийн чиглэлээр бакалавр, АНУ-ын Стэнфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 1981 онд буюу 24 настайдаа эцгийнхээ бизнест туслан газрын тос боловсруулахаас гадна харилцаа холбоо, технологийн салбарт хүч үзэв. Гучин жилийн хугацаанд олон салбарт амжилтад хүрсэн, дэлхийн супер баячуудын нэг, Давосын чуулганы хүндэт зочдын нэг болжээ. Дирубхай Амбани 2002 онд гэрээслэл үлдээлгүй нас барахад Мукеш ахмад хүүгийн хувиар гэр бүлийн бизнесээ өвлөв. Гэтэл компанийн ТУЗ-ийн дарга, дэд ерөнхийлөгч байсан дүү Анил нь өв залгамжлалын маргаан үүсгэсэн. Ах нь отгон дүүгээ санхүү, хөрөнгө оруулалтын менежментээс аажмаар шахаж, холдуулж, бизнесээ эрх мэдэлдээ бүрэн авчээ. Анил Төлөөлөн удирдах зөвлөлд нээлттэй захидал хүртэл бичсэн ч тус болсонгүй. Ээж нь дайтаж буй хөвгүүдээ эвлэрүүлэхээр Мукешийг ятгаж чадсанаар цахилгаан эрчим хүчний төслүүдийг Анилд шилжүүлжээ. Ах дүүсийн өрсөлдөөн үүгээр дууссангүй. Мукеш дүүгийнхээ гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээг 2019 онд хүчингүй болгов. Анил Шведийн “Ericsson” компанийн үйлчилгээний төлбөр 77 сая ам.долларыг төлж чадалгүй шоронд орох шахсан. Дампуурлаа зарлан ахдаа бүх хувьцаагаа шилжүүлснээр Мукеш эцгийнхээ үлдээсэн эзэнт гүрний үнэмлэхүй хувь эзэмшигч болжээ. Анил ч компанийн үйл ажиллагаанаас хөндийрч, гэр бүлийн баярт оролцохоо больсон гэдэг. Британийн хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч 259 жилийн түүхтэй “Hamleys”-ыг худалдан авч, 18 улсад 167 дэлгүүр эзэмшиж байна. Удалгүй Лондоны ойролцоох Букингемшир дэх таван одтой зочид буудал, “Сток Парк” гольфын талбайг эзэмшиж эхэлсэн. 2022 онд 98 сая ам.доллароор Нью-Йоркийн “Мандарин Ориентал” зочид буудлыг худалдан авчээ. Мукеш Английн “Ливерпүүл” клубийг худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн цөөн бизнесмэний нэг. Хэрвээ зорилгодоо хүрч чадвал спортын багцынх нь гол “эрдэнэс” болно. Тэрбээр 2008 онд “Мумбай” крикетийн багийг авсны дараа Энэтхэгийн Премьер лигт таван удаа аваргалсан.
Эерэг дүр
Мукешийг “Орчин үеийн махаража” гэдэг. Махаража нь энэтхэгээр их хаан гэсэн утгатай. Тус улсад ийн цоллуулсан баян эрхэм түүнээс өөр үгүй. Амбанийн гэр бүл барууны чинээлэг хүмүүсийг ч алмайруулам хэт тансаг амьдралын хэв маягтай. Зарим талаар “Галзуу баян азиуд” киног санагдуулна. Арабын тэнгис рүү харсан тансаг харш нь дуурийн театр, кино студи, усан сан, рашаан сувилал, сүм, 168 автомашины дотор зогсоолтой. Мукеш 1985 онд эцэг, эхийнхээ сонгосон бүсгүйтэй гэрлэсэн. Тэр үед дунд сургуульд багшилж байсан Нита дундаж гэр бүлээс гаралтай эмэгтэй. Нита 1997 онд Жамнагар дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн 17 мянган ажилчинд зориулан ногоон байгууламжаар хүрээлэгдсэн байгальд ээлтэй хотхон бариулжээ. Түүний санаачилгаар цар тахлын үед компанийн бүх ажилчны цалинг бүрэн олгож, ковидоор нас барсан ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг “Амбани” сангаас төлсөн. Тэрбээр олон улсын сургуулиа Мумбайд нээж, эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл, өв соёл, хот байгуулалт, нийгмийн янз бүрийн салбарт эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор сан байгуулжээ. Тус сангийн тайланд дурдсанаар зөвхөн хөдөө орон нутгийн амьдралыг өөрчлөх хөтөлбөрт 134 сая ам.доллар зарцуулсан байна. “Амбани” соёлын төв 2000 суудалтай кино театр, урлагийн үзэсгэлэн, тоглолт, хувцас загварын шоу зохион байгуулдаг “Art House” танхимтай. Уг төв нь Энэтхэгийн соёл, урлаг, уламжлалыг сурталчлах зорилготой. Энэ мэтчилэн Нита Энэтхэгийн зах зээлийг монополчилсон гэж буруутгагддаг гэр бүлийн “Эерэг дүр төрхийг” хариуцдаг. Мукеш 2019 онд эхнэртээ зориулан 229.52 каратын очир эрдэнийн хүзүүний зүүлт захиалсан нь дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог.
Галзуу баян гэр бүл
Музешийн гурван хүүхэд гэр бүлийн бизнест удирдах албан тушаал хашдаг. Ууган охин Иша “Reliance Industries”-ийн жижиглэн худалдаа болон хувцас загварын салбарыг тэргүүлдэг. АНУ-д Йель, Стэнфордын их сургуулийг дүүргэсэн түүний захиргаанд дээд зэрэглэлийн үндэсний хувцасны “Avantra by Trends”-ээс эхлээд гаднын “Mainbocher”, “Chanel”, “Balenciaga”, “Schiaparelli”, “Yves Saint Laurent”, “Dries Van Noten” зэрэг 22 брэндийн албан ёсны эрхийг эзэмшдэг. Иша Амбани 2018 онд аавынхаа найз, тэрбумтан Ажай Пирамалын хүү Ананда Пирамалтай нижгэр хуримласан. Хуриманд 10 мянган зочин оролцсоноос АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, “Google”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай, улс төрийн тоймч Арианна Хаффингтон болон Болливудын жүжигчид байлцжээ. Хуримын онцлох үйл явдал нь дуучин Бейонсегийн тоглолт байсан юм. Ананда Пирамал эцгийнхээ конгломератын нэг салбар болох “Piramal Realty” үл хөдлөх хөрөнгийн урсгалыг удирддаг. Түүний хувийн хөрөнгө 4.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэнэ. Амбанийн гэр бүлийн том хүү Акаш конгломератын харилцаа холбооны салбар болох “Reliance Jio”-г удирддаг. “Jio” өргөн зурвасын 4G интернэт болон гар утасны үйлчилгээг 2006 онд нэвтрүүлснээр Энэтхэгийн харилцаа холбооны зах зээлийг байлдан дагуулсан. Өнөөдөр энэ үйлчилгээ нь 426 сая хэрэглэгчтэй. Дотоодын төлбөргүй дуудлагын үйлчилгээг 2017 онд нэвтрүүлсэн нь Амбанийн амбицыг дэлхийд тунхагласан юм. 1.5 тэрбум хүн амтай улсад интернэт хэрэглэгчдийн тоо тогтвортой өсөх нь гарцаагүй. “Reliance Jio” өрсөлдөгчөө зах зээлээс шахах, бизнесийн хувийг худалдаж авах замаар монопол байдлаа тогтоож байна. Акаш 2019 онд үнэт эдлэлийн бизнес эрхлэгч Рассел Мехтагийн охин Шлокатай гэрлэжээ. Амбанийн гэр бүлийн урилгаар алдартай уран бүтээлчид, технологи, загварын ертөнцийн магнатууд, улстөрчид Энэтхэгт үе үе чуулдаг. Хамгийн сүүлд Марк Цукерберг, Билл Гейтс, Иванка Трамп, зураач Жефф Кунс, жүжигчин Пенелопа Круз, Айшвария Рай, “Dior”-ын бүтээлч захирал Мария Гразия Кюри, супер модель Зендаяа, Жижи Хадид нарын “Оддын десант” Мумбайд буужээ. Ах, эгчийнхээ жишгийг дагаж Ананда нэр хүндтэй айлын охинтой сүй тавьсан байна. Радхика Мерчант бол Энэтхэгийн хамгийн баян хүмүүсийн нэг Вирен Мерчантын өв залгамжлагч. Нью-Йоркийн их сургуулийг төгссөн энэ бүсгүй аавынхаа “Encore Healthcare” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн. Сүй тавих ёслолд 1200 зочин оролцсон. Энэ үеэр тайзнаа гаралгүй удсан дуучин Рианна “Umbrella”, “Work”, “All Of The Lights”, “Diamonds” зэрэг хит уран бүтээлүүдээ зургаан сая ам.доллароор дуулжээ. “Дэйли мэйл” сонинд бичсэнээр, үдэшлэгт 120 сая ам.доллар зарцуулсан байна. Нита Амбани “Зөвхөн Амбани л сүр дуулиантай ёслол зохион байгуулж чадна. Энэ цаг үеийг тодорхойлогчид нэгэн тайзан дээр гарлаа. Мөнгө ийм хүчтэй” хэмээн цахим хуудастаа бичжээ. Үдэшлэгээс хоёр хоногийн өмнө Жамнагар хотын ойролцоох Жогвад тосгоны 51 мянган оршин суугчдад оройн зоог барьжээ. Хуримын өмнөх нижгэр найр нь Амбанийн гэр бүлийн уламжлал юм. Ирэх сарын 12-нд товлосон хуримыг хэвлэлүүд “Зууны хурим” гэж тодорхойлсон. XVIII зууны үеийн ордонд болох хуримын зочдыг тусгай нислэгээр Жамнагарт хүргэнэ. Дэлхийн шилдэг 21 тогоочийн баг энэтхэг, япон, тайланд, мексик, пан-азийн 2.5 мянган төрлийн хоол бэлтгэх аж. Зөвхөн үдийн хоолны үеэр зочдод 225 төрлийн хоол санал болгох юм. Мукеш Амбани Дубай дахь “Палм Жумейра” арлын хамгийн үнэтэй виллаг 80 сая ам.доллароор худалдаж авсан нь отгон хүүдээ зориулсан бэлэг байлаа. Аав нь түүнд сэргээгдэх эрчим хүчний хувьсгал хийх үйл явцыг удирдан чиглүүлэхийг даатгажээ. “Reliance Industries” үйлдвэрлэлийн хортой нөлөөг багасгах, шинээр боловсруулах үйлдвэр барих, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор 80 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөсөн. Тус компани 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх үүрэг хүлээжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24603/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна