Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо


Улсын Их Хурлын 2024 оны анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан  Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.



Үдээс хойших хуралдааныг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээн, хэлэлцэхээр товлосон зарим асуудлыг түр хойшлуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцүүлэхээр тогтов.



Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюунрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна гэсэн юм.


Лувсаннамсрайн Оюунрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 2001 онд “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 2015 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн. 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын орон нутагт суурилсан төслийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2021 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаа хэмээн Ерөнхийлөгч танилцууллаа.


Монгол Улсын Ерөнхий сайдыг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өдөр /2024.07.05/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцээд, гишүүдийн олонх дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэсэн юм.







Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Наранбаяр, Б.Пүрэвдорж, Б.Батбаатар,  Р.Эрдэнэбүрэн, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, О.Цогтгэрэл, О.Алтангэрэл нар Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид хандан авлигатай тэмцэх талаарх бодлого, зарчмыг үргэлжлүүлэх эсэх, төрийн албаны залгамж халааг тасалдуулахгүй байх, эдийн засаг өссөн ч ядуурал буурахгүй байгаа асуудлыг шийдвэрлэх, төрийн сонгуулийн тэгш бус гараа, шударга бус үйлдлийг давтуулахгүйн тулд хамтрах эсэх зэрэг асуудлыг хөндөн хэлэлцсэн.


Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ асуулт тавьсан гишүүдийн асуултад хариулахдаа авлигын эсрэг үйл ажиллагаанд хамтрахыг санал болгож, аливаа асуудалд бодитоор, ул суурьтай хандаж, ялангуяа хүнээс хамааралтай зүйлд хэн нэгний нөлөөн автахгүйгээр, зоримог шийдвэр гаргана гэдгээ илэрхийлсэн юм. 




Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, С.Эрдэнэбат, Б.Бейсен, Х.Тэмүүжин, Л.Мөнхбаясгалан, Н.Алтанхуяг, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат, Ж.Алдаржавхлан, Ц.Баатархүү, Д.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир, Ж.Золжаргал, С.Эрдэнэболд, Б.Түвшин, Б.Бат-Эрдэнэ, Ж.Баярмаа, Д.Цогтбаатар, Г.Очирбат, Р.Сэддорж, Ц.Идэрбат нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний олонх нь тойргийнхоо сонгогчдод талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, шинээр байгуулагдах Засгийн газрын баримтлах бодлого, зарчим, бүтэц, бүрэлдэхүүн, улс орны хөгжил, хүний эрх, эрх чөлөө, бүсчилсэн хөгжлийн талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх эрхээ эдлэв. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэд хандаж, Засгийн газраа бүрдүүлэхдээ намаа бус, улс орноо чухалчлах, Улсын Их Хурал дахь цөөнхийн хяналтын функцийг ажиллуулах боломж олгох, 30 жилийн алдааг давтахгүй, Боловсролын зээлийн сан, нүүрс, ногоон автобусны хулгай зэрэг асуудлыг марталгүй, хөөн хэлэлцэж, хариуцлага тооцохыг сануулсан юм.


Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 104 гишүүний 103 нь гар өргөж, дэмжлээ. Ингэснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэж, индэрт урилаа.



Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, олон намын төлөөллөөс бүрдсэн парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтийг давсан. Хамгийн олон инженер, эрдэмтэн судлаач, профессор, мэргэжлийн экспертүүд, эмч, багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон төлөөллөөс бүрдсэн Улсын Их Хуралд 81 гишүүн шинээр сонгогдсон нь шинэ 30 жилийн эхлэл хэмээн онцоллоо. Тэрбээр, ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига юм. Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйлд авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсч л энэ сонголт хийгдсэн. Зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэх нь чухал. Шинж тэмдэгтэй зууралдах биш, доголдлын шалтгааныг зөв оношилж, суурь реформ хийх ёстой. Энэ дөрвөн жилд боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслүүдээ хэрэгжүүлж дуусгахаас гадна 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын либеральчлал, бүсчилсэн дэд бүтцийн “Таван тойрог” мега төслийн бүтээн байгуулалт, төрөлжсөн бүсүүдийг бий болгож, ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, тус сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Зорилго, зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.

Аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлагатай. Төрийн байгууллагуудын бүтэц ерөнхий биш, тухайлсан асуудлыг нарийвчлан хариуцах, хариуцлага хүлээх, үнэлэлт дүгнэлт өгдөг байх тогтолцоонд шилжихэд энэ парламент чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна. Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихөд Монгол хүн бүрийн идэвхтэй оролцоо чухал гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайдыг үг хэлсний дараа хуралдаан даргалагч Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан ирэх даваа гарагт үргэлжлэн хуралдах тухай товыг зарласнаар энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр