Биржийн борлуулалт нэмэгдэж, бодлогын хүү буурсныг зарласан долоо хоног



Хадлан, тариалангийн ажил үндсэндээ жигдэрч, ногоо цагаагаа хураан хаа сайгүй “Намрын ногоон өдрүүд” гэсэн хаяг, шошготой гэр майхан алагласан долоо хоног өнгөрч байна. Шинэ ургацын дээжээс хүртэх гэсэн иргэд олшрохын хэрээр ногоочдын орлого нэмэгдэж, олон сарын хөдөлмөрөө үнэлүүлж эхэллээ.


Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал зэрэг хүндрэл үүссэн ч бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байна. Гэвч монголчууд газрын тосны үйлдвэртэй болоход саад бэрхшээл олон байгаа гэнэ. Тухайлбал, Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулах, тоног төхөөрөмжийн импортын хил, гаалийн журмыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах яриа хэлэлцээг хийх шаардлагатай байгаа юм байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болох учиртай. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ. 
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Евроазийн эдийн засгийн холбоо, ОХУ-ын “Экспортын төв” групп хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” форумыг өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулав. Форумын үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улс болон ОХУ хооронд төлбөр тооцоо хийхэд хүндрэл учирсаар байгаа тул төлбөр тооцооны шинэ систем нутагшуулах уу, Оросын банк Монголд салбараа нээх үү зэрэг хувилбаруудыг авч үзнэ. ОХУ-ын банк Монголд салбараа нээх бүрэн боломжтой, Засгийн газар нээлттэй ханддаг. Монголбанкны ерөнхийлөгч ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгчтэй энэ асуудлаар удахгүй уулзана” хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар олон жил оролдож байгаа. Хэрвээ энэ гэрээ байгуулагдвал Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас бүрэн чөлөөлөх юм. Тиймээс гаднын банк оруулж ирэх асуудлыг дээд түвшинд ярьж байгаа бололтой. 
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн таатай мэдээллийг эдийн засагчид дуулгаж байна. Тодруулбал, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өсжээ. Уул уурхайн олборлолт хоёр их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 90 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Монгол Улс 2024 оны эхний найман сард нийт 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрч, биржийн борлуулалт огцом нэмэгдсэнийг зарлав. Үүнтэй зэрэгцэн Монгол банк бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 10 хувьд хүргэх болсноо мэдэгдлээ.  Бодлогын хүүг 2022 оноос хойш анх удаа 10 хувьд хүргэж бууруулж байгаа юм. 
Үүнээс гадна эдийн засагтай холбоотой сайн гэхэд ч хэцүү, саар гэхэд ч хэцүү нэг мэдээлэл бас байна. Улсын нийт гадаад өр оны эхний хагаст 34.9 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хэдийгээр улсын өр нэмэгдсэн мэт харагдаж байгаа боловч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 тэрбум ам.доллар буюу 17.5 хувиар нэмэгджээ. Төв банкны гадаад өр 43.9 хувиар буурсан сайн мэдээ бас өртэй холбоотой мэдээг дагаж явна. Монгол банк  Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өр төлбөрөөс 4.5 тэрбум юанийн эргэн төлөлт хийж, Засгийн газрын нийт өр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр багасжээ. Задлаад харвал Засгийн газрын гадаад өр оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 25.6 тэрбум төгрөгөөр, дотоод өр 510 тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 489.6 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Товчхондоо бол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газар өр зээлээ чамлахааргүй хагасалж байгаа дүр зураг эндээс харагдаж байна.
Орон нутгийн сонгууль дагасан мэдээллүүд ар араасаа хөвөрч, нэр дэвшигчид хандивын дансаа нээж, штабуудаа байгуулж эхлэв. Монголчуудын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 15 нам, нэг эвслээс 282 хүн өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа ирүүлсэн ч  33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ. Эдгээр нэр дэвшигч өмнө нь албан тушаалын хэргээр ял сонсож байсан, хугацаа хэтэрсэн өр зээлтэй, бичиг баримтын зөрчилтэй учраас тэд сонгуульд нэр дэвших эрхээ алдсан гэнэ. 
Авлигатай тэмцэх газар нэр бүхий томоохон эмнэлгүүдийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн гэдгээ нуухгүй байна. Үүнд, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн удирдлагууд багтжээ. Үүнээс гадна "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд, нийт 25 хүнийг шалгаж байгаа бөгөөд захирлаас нь эхлэн дэд захирал, хэлтсийн дарга нарыг шалгаж байгаа аж. Дээрх албан тушаалтнууд өөрийн өмчлөлд шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй автомашинаа хаанаас олсон мөнгөөр худалдаж авснаа тайлбарлаж чадахгүй байгаа аж.  Тэдний энэ үйлдэл “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учраас  нарийвчлан шалгуулахаар хавтаст хэргийг нь Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.


Цахим орчинд багш мэргэжлийг тойрсон бөөн маргаан дэгдэж, сүүлдээ боловсролын асуудал болсон, болоогүй  өндөгний хэрүүл болж хувираад байна. Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийх  үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар түүн рүү өндөг шидэж, яамны хэвлэлийн төлөөлөгчтэй гар зөрүүлээд авсан. Гэвч сайдын шийдвэр хэвээрээ үлдэж, А.Отгонбаатар дарга Зөрчлийн хуулийн дагуу ял сонсох болоод байна.
Одоогоос хэдэн сарын өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд Монголын үндэсний телевизэд ярилцлага өгөхдөө “ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж МАК группээс их хэмжээний хандив авсан. Тэр мөнгийг би өөрөө зөөж авчирч Ц.Элбэгдоржид өгсөн. Үүний шагнал болгож Ц.Элбэгдорж стратегийн орд болох Цагаан суваргын ордыг МАК ХХК-д өгч байсан” гэсэн агуулгатай зүйл ярьсан. Тэгвэл энэ асуудлыг нарийвчлан шалгуулахаар Х.Бат-Ялалт АТГ-т хандлаа. Ингэснээр З.Энхболд авлига зуучилсан хэрэгт өөрөө холбогдож байгаа бололтой.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө