Б.Пүрэвдагва: SDY залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллага байх болно



- Судалгаанд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхийг чухалчилдаг 1990-ээд оныхон СДМЗХ-г удирдана -


СДМЗХ-ны  ээлжит VII Их хурал болж,  удирдлагын бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Улмаар  Бага хурлын анхдугаар хуралдаанаа хийсэн юм.  Тус холбооны VII Их хурал “SDY calling you буюу СДМЗХ таныг дуудаж байна” уриатайгаар энэ сарын 14-15-нд Тусгаар тогтнолын ордонд болж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 500 гаруй залуу оролцон, шинэ Ерөнхийлөгчөөс гадна Бага хурлын төлөөлөгчдийг сонголоо. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, СДМЗХ-ны  зургаа дахь ерөнхийлөгч Н.Учрал  хуралдааныг нээж үг хэлсэн юм. Үргэлжлүүлэн СДМЗХ-ны үе үеийн ерөнхийлөгч нарын төлөөлөл болж,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцож,  эх орны өнцөг булан бүрээс  хүрэлцэн ирсэн залуучуудад мэндчилгээ дэвшүүллээ. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Т.Төрболд  уншиж танилцуулав. Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар,  Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Н.Энхбаатар нарын удирдлагууд оролцлоо.  Энэ удаагийн хуралдаанаар “Залуус хүсэл зорилго”, “Эрх тэгш нийгэм”, “Олон талт соёл”, “Хамтын үнэ цэн” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. 
Монгол Улсын Ерөнхий сайп Л.Оюун-Эрдэнэ эхний өдрийн хуралдаанд хүрэлцэн ирж,  дүрмээр олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны шинэ тэргүүнээр Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж буйгаа Их хурлын төлөөлөгчдөд танилцуулсан. МАН-ын дарга энэ шийдвэрийг гаргахдаа намын удирдах түвшний хүмүүстэй зөвлөлдөхөөс гадна Залуучуудын холбоон доторх уур амьсгалыг үндэслэсэн гэдгээ онцолж байв. Тэрбээр энэ тухайд “1990-ээд оны залуучууд та бүхэн өөрсдийн цаг хугацааны түүхийг бичих хүндтэй үүргийн өмнө зогсож байна. Энэхүү цаг хугацаанд СДМЗХ-гоор дамжуулж хоорондоо нэгдэн нөхөрлөж, хамтын нөхөрлөл дундаас хамтын үнэт зүйл, дараа дараагийн ирээдүйг тодорхойлох Монгол Улсын хөгжлийн  төдийгүй МАН-ын хөгжлийн бодлогууд, шинэ хандлага, шинэ салхи, шинэ хүмүүс орж ирэх урсгалыг нээж чадна гэдэгт итгэж байна” хэмээн  тодотгосон. Ийнхүү санал хураалт явуулахад Их хуралд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонх  нь дэмжсэнээр СДМЗХ-ны долоо дахь ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагвыг сонгосон юм.  Түүний хувьд 1990 онд төрсөн бөгөөд 2008 онд МАН-д элссэн. МАН-ын Бага хурлын гишүүн, Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалтай. Ийнхүү СДМЗХ-г цаашид 1990-ээд оны залуучуудын төлөөлөл авч явахаар болж байна. 


 
Б.Пүрэвдагва: Дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлөгөө хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас холбооны тамга, тэмдгээ гардан авсан шинэ Ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх стратеги  төлөвлөгөөгөө танилцууллаа.  Тэрбээр  тэргүүлэх дөрвөн чиглэл, 16 зорилт бүхий Progressive,  Development,  Strategy буюу /PDS/ Дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахаар болсноо танилцуулж, VII Их хурлын төлөөлөгчдөөр батлууллаа. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тус холбооны долоо  дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Пүрэвдагва  холбооны үйл ажиллагааг цаашид хааш нь чиглүүлж, ямар арга барил, стратеги төлөвлөгөө баримталж ажиллах талаар  “Юуны өмнө надад итгэл хүлээлгэж, 27 жилийн түүхтэй МАН-ын  дэргэдэх СДМЗХ-ны нэгэн үеийн  түүхийг бичих хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг хүлээлгэсэн хамт олондоо  гүн талархал илэрхийлье” гээд  ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх  Дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлөгөөг MNCG судалгааны байгууллага болон Стратеги  академитай хамтран 18-35 насны янз бүрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй, хот, хөдөөгийн 800 гаруй залуус, SDY-ийн 100 тэргүүлэгч, гишүүдээс чанарын  болон тоон судалгаа авснаа танилцуулсан.  Эдгээр судалгааны үр дүнд тулгуурлаж, SDY-ийн дараагийн дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг салбар салбарын экспертүүд, эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагуудтай хамтран боловсруулсан байна. Дээрх судалгаанаас гарсан хамгийн том дүгнэлт нь “СДМЗХ залуусын дуу хоолойг илэрхийлдэг, оролцоог нь хангадаг, асуудлыг шийддэг байгууллага болох бөгөөд энэ нь сонголт гэхээсээ илүү зайлшгүй хийх ёстой, сонголтгүй буюу цаг үеийн шаардлага,  нийгмийн бодит хүлээлт” гэдгийг Б.Пүрэвдагва онцоллоо. Түүний стратеги төлөвлөгөөнөөс онцлоход “SDY-д гишүүнээр элсэхдээ  заавал социал демократ үзэл баримтлалтай байх албагүй. Харин биднийг сонгосон гишүүддээ SDY үзэл баримтлалаа тайлбарлан таниулж, боломж олгож, дэмжлэг үзүүлж ажиллана. Биднийг сонгох суурь шалтгааныг тодорхой болгож өгнө” хэмээн онцлоод СДМЗХ-г залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллага болгох алсын хараа бүхий стратеги төлөвлөгөөг танилцуулсан. Судалгааны дүнд тэргүүлэх дөрвөн чиглэлд, хувь хүний болон нийгмийн  дэвшилтэт хөгжилд хөтлөх нэн тэргүүний 16 зорилт бүхий Progressive,  Development,  Strategy  /PDS/ дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлгөөг   хэрэгжүүлэн ажиллах юм байна.  Түүний танилцуулсан судалгаанаас үзэхэд  залуучуудын 54 хувь нь "Дэмждэг намгүй" гэж хариулсан бол улс төрийн нам дэргэдээ залуучуудын байгууллагатай байхыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.  “Тиймээс  бид үйл ажиллагаандаа улс төрийн,  нийгмийн, хувь хүний хөгжлийн гээд олон янз байдлыг тусгаж, тэнцвэрийг  барьж, биднийг сонгох суурь шалтгааныг маш тодорхой болгож өгөх  шаардлагатай байна” хэмээн тодотголоо.  СДМЗХ-ны долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тэрбээр  байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр  “СДМЗХ-ны ээлжит VII  хуралдаанаар  2024-2028  онд хэрэгжүүлэх Дэвшилтэт хөгжлийн бодлогоо /PDS/ зарлаж,  төлөөлөгчдийн хамтаар баталлаа. Энэ төлөвлөгөөг боловсруулахын тулд нийгмийн судлалын маш олон эксперт, судлаачийг хамруулж тоо болон чанарын судалгааг улс орон даяарх 18-35 насны залуучуудын дунд  өрнүүлсэн. Ингэснээр гарсан үр дүнд нь тулгуурлан залуучуудынхаа хүсэл, хэрэгцээ шаардлагад тулгуурласан стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Энэ стратегийн хүрээнд дөрвөн төрлийн боломжийг залуучууддаа санал болгож байна.  Тухайлбал, хувь хүний хөгжих боломж, нийгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, олон улсын түншлэлийн болон улс төрд оролцох боломж гэсэн дөрвөн үндсэн чиглэл, 16 зорилттой стратегийг танилцуулж, батлууллаа. Улс орон даяар салбар холбоодтой, үндэсний хэмжээний байгууллагын хувьд стратегийн зорилгоо бид бүс нутгийн хүрээнд онцлог бүрд нь тохируулан боловсруулж, ажлын даалгавраа болгож байгаа юм. Тухайлбал, нийслэлийн төдийгүй зүүн, баруун бүсийн залуучуудын асуудал өөр.  Ерөөсөө 18-35 насны залуучуудын маань асуудал ч дотроо хэд хуваагддаг. 18-22, 22-29, 30-35 насны залуучуудын өмнө тулгарч буй асуудал тус бүрдээ өөр байдаг. Тиймээс олон асуудал, онцлогтой, залуучуудын асуудлыг шийдэх бодитой шийдлийг олж, бодит үр дүн гаргахаар ирэх дөрвөн жилээ эхлүүлж байна. Энэ удаад СДМЗХ 27 жилийн түүхэн дэх долдугаар үе рүү шилжиж байна. 1990-ээд оныхон энэ холбоог цаашид авч явах хүндтэй үүргийг хүлээн авлаа. Бидний онцлог бол маш прагматик, бодитой үр дүн хүсдэг, судалгаанд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхийг чухалчилдаг үеийнхэн. Тэгэхээр бид цаашид өөрсдийн үеийнхний арга барилаар өөрсдийн үеийнхний асуудлыг өөрсдөө шийдэх  уриан дор ажилдаа орж байна.  Манай холбооны VII Их хурлын уриа SDY calling you буюу “СДМЗХ таныг дуудаж байна“ гэдэг уриатай. Энэ бол бид таны оролцоог, өөрийгөө болон нийгмийг өөрчлөхөд гар бие оролцохыг уриалан дуудаж  буй хэлбэр. Тиймээс залуучууд та бүхнийг энэ бүхэнд хамт байхыг уриалж байна. Манай холбоо бүгдэд үүд хаалга нээлттэй,  залуучууд та хэн ч бай бид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ энэ ташрамд хэлье” гэлээ. СДМЗХ-ны ээлжит Их хурлын хоёр дахь өдөр Бага хурлын анхдугаар болов. Ингэснээр СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан, илтгэлийг сонсож дүгнэсэн юм. Илтгэлийг СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан танилцууллаа. Мөн СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Бага хурлын анхдугаар хуралдаанд танилцуулсан юм. СДМЗХ-ны одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсанг Бага хурлын төлөөлөгчдийн дийлэнх олонх нь дэмжсэнээр түүнийг улираан сонгов. Тус хуралдаанаар СДМЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинээр сонгов. Мөн СДМЗХ-ын Хяналтын хорооны даргаар  Ж.Таныг томиллоо. Энэ нь SDY түүхэнд  Хяналтын хороог  эмэгтэй хүн удирдахаар болсон анхны тохиолдол  болж байна.


 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
2
care
0
haha
6
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө