- МАН-аас Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд 100 эмэгтэй нэр дэвшиж байна -
МАН-аас аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийг намын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар орон нутгийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзан, тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ анхан шатанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо ямар байгаа тухайд санал солилцон, мэдээллээ хуваалцсан юм. “Хотын хөгжилд эмэгтэйчүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулсан тус уулзалтад УИХ-ын гишүүн Д.Ганмаа, О.Номинчимэг, М.Энхцэцэг нар оролцож, УИХ-ын ээлжит сонгуулийн онцлогийн талаар санал хуваалцаж, туршлагаа солилцсон юм. Түүнчлэн СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Жавзандорж, тус холбооны дэд ерөнхийлөгчид болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцон, орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй эмэгтэйчүүддээ зориулан СДМЭХ-ны зүгээс сонгуулийн хуулийн талаарх зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ шаардлагатай бусад үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Сонирхуулахад, энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-аас нийслэлийн хэмжээнд 100 эмэгтэй нэр дэвшиж байгаа нь шинэ зуунаа эхлүүлж буй улс төрийн ууган хүчинд бэлгэшээлтэй үйл явдал болж байгааг оролцогчид онцолж байлаа. Уулзалтын эхэнд СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа нээж үг хэлсэн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нэр дэвшигч эмэгтэйчүүдэд хандан зарим захиас, даалгаврыг өгсөн. Тодруулбал, тэрбээр эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг хамгийн их дэмжиж, манлайлж ирсэн нь МАН бөгөөд Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх саналыг гарган, тусгуулж ирснийг онцлон үүний үр дүн ойрын жилүүдэд бодитоор гарч эхэлснийг дурдсан. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр намууд нэр дэвшүүлэхдээ нийт мандатын 30 хувьд нь эмэгтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт оруулснаар энэ жилийн сонгуульд түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 519 эмэгтэй нэр дэвшсэн стастистик гарсан. 2012 оны сонгуулиар 11 буюу нийт гишүүдийн 14.4 хувийг эмэгтэй гишүүн эзэлж байсан бол 2016 оны сонгуулиар хамгийн их буюу 13 эмэгтэй гишүүн парламентад сонгогдон ажилласан юм. Харин 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй байв. Тойрогт нэр дэвшигчдийн 35 хувь, жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар тусгасан. УИХ-ын сонгуулийг 1992 оноос хойш найман удаа явуулсан. 1992 онд 293 хүн нэр дэвшиж байсны дөрөв нь эмэгтэй нэр дэвшигч байсан бөгөөд гурав нь буюу 75 хувь нь сонгогдож байжээ. 2020 онд 606 хүн нэр дэвшсэний 151 нь эмэгтэй байснаас 13 хүн сонгогдож, 17.1 хувь болсон. Харин УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар манай улс түүхэндээ анх удаа парламентын 126 гишүүнтэй болоод байгаа билээ. 2024 оны УИХ-ын ес дэх удаагийн сонгууль нь холимог систем буюу 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар(эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлэн байршуулснаар), жендэрийн квотыг 30 хувиар хуульчлан зохион байгуулж, таван нам эвслийн тойргоос найман эмэгтэй, таван нам эвслийн жагсаалтаас 24 эмэгтэй нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь түүхэн дээд амжилтыг найман хувиар ахиулж, 25 хувьд хүргэсэн үзүүлэлт болоод байгаа юм. Ийнхүү УИХ-ын найман удаагийн сонгуульд нийт 608 гишүүн сонгогдон ажилласнаас эрэгтэй 544, эмэгтэй 64 буюу өнгөрсөн 32 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн УИХ-д эзэлж байсан түүхэн дээд амжилт нь 13 буюу 17.1 хувь байлаа. Гэхдээ энэхүү түүхэн дээд үзүүлэлт нь жендэрийн квотыг 20 хувиар тогтоож, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодлогын түвшинд нийгмийн бүхий л талууд тууштай, тасралтгүй дэмжиж ажилласны мөрөөр 2016, 2020 оны сонгуулиар бий болсон үр дүн юм. Цаашид буюу 2028 оноос 40 хувийн босгыг бүх шатанд оруулж ирэхээр бэлтгэж байгааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дуулгасан. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуулиар эмэгтэй хүйсийн эзлэх хувийг 40-д хүргэх ёстой. Үүний дагуу МАН ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Бага хурал болон Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ 40 хувийг эмэгтэй болгохоос гадна намын дотоод байгууллагуудын удирдлагын багт эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 40-д хүргэхээр зорьж байгааг тодотгож байв. Өнөөдрийн байдлаар МАН-ын Бага хурлын гишүүдийн 17.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд 40 хувьд хүргэж, 120 эмэгтэйгээр хүний нөөцийн бүрэлдэхүүнээ нэмж, шинэчилсэн байх үүрэг ногдож байгааг ч хэлж байлаа. “Ийм өөрчлөлтийг хийнэ гэж анх манай намаас л санаачилга гаргасан. Манай намаас сонгогдсон Ерөнхийлөгч ийм санаачилгыг гаргаж, хууль батлуулсан” хэмээн Я.Содбаатар дарга тодотгож байв. Энэ жилийн орон нутгийн сонгуулийн тухайд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй өндөр байгаа аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргээс нийслэл, дүүрэгт нэр дэвшигч 43 мандатын 18 нь эмэгтэй хүйсийнх бөгөөд энэ нь 42 хувийн буюу улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. Энэ бол заавал квот заалгүйгээр өөрсдийн манлайллаар эмэгтэйчүүдээ улс төрд дэмжих боломж байгааг харуулсан жишээ болсныг Ерөнхий нарийн бичгийн дарга сайшаан тодотгож байв. Тэрбээр “Эмэгтэйчүүдийн хувьд авах чанар ихтэй. Нягт, нямбай, гүйцэтгэл сайтай, үнэнч, асуудалд нухатай бөгөөд бодитоор ханддаг, авлига албан тушаалын гэмт хэрэгт татагдаж, холбогдоод байсан түүх байхгүй гээд төрийн төдийгүй улс төрийн ажилд давуу талтай” гэдгийг онцолж байв.
“Хотын хөгжилд эмэгтэйчүүд” уулзалтад Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар оролцож, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй эмэгтэйчүүддээ амжилт хүсэхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Тэрбээр нийслэл, дүүргийн сонгуульд нэр дэвшигчдэдээ амжилт хүсээд сонгууль гэдэг багийн ажиллагаа учраас харилцан ойлголцож, хамтдаа явах шаардлагатайг сануулсан. Өөрөөр хэлбэл, аливаа сонгуульд нэр дэвшигчид багийн бус хувийн тоглолт хийснээр сонгуулийн үр дүн эсрэг гарах тохиолдол байдаг учраас өмнөх сургамжаа туршлага болгож, багаараа ажиллахыг сануулсан юм. Түүнчлэн Нийслэлийн МАН-ын даргын хувьд энэ удаагийн орон нутгийн сонгуулийн зардлыг хэмнэх үүднээс хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг дуулгаад улс төрийн бусад намд хандан уриалга гаргаж буйгаа дуулгасан. МАН-ын хувьд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулах зурагт самбаруудыг шинээр байршуулахгүй бөгөөд УИХ-ын сонгуульд ашигласан самбарын зургийг сольж тавихаар зохион байгуулалт хийж байгаа ажээ. Энэ үеэр нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Энэ удаагийн орон нутгийн сонгууль Баянзүрх дүүргээс бусад нь 2020 оны УИХ-ын сонгуулийн тойргоор явах учраас багийн ажиллагаа чухал. Ерөөсөө багаар ажиллах зарчмыг баримтална. Бид орон нутгийн сонгуулийн өмнө хоёр ч төрлийн судалгааг сонгогчдын дунд явуулсан. Үүний үр дүнгээс үзэхэд ч УИХ, нийслэл, дүүрэгт нэгэн цул болж, багаар ажиллах нь олон талын өндөр ач холбогдолтой гэдгийг харуулж байгаа. Тиймээс аль ч шатанд багийн ажиллагаа чухал шүү” хэмээн тодотголоо.
Х.Цацрал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна