Ерөөл, буян бялхсан номтой өдрүүд


Нийгмийн сэтгэлзүй, залуусын хүмүүжил, гэр бүлийн хөгжилд эергээр нөлөөлдөг номын баяраас дугаарын сурвалжилгаа бэлтгэлээ. Нартай, хуртай 36 дахь номын баяр хөл, хөөртэй өндөрлөсөн юм. Зорин ирэх уншигчдын сэтгэл, хэвлэлийн газар, зохиолчдын зүтгэлээр номын өдөрлөгөөс үндэсний баяр болон өргөжжээ.  Хүндэтгэдэг зохиолчтойгоо гэрэл зургаа татуулж, халуун дотноор тэврэлдэн байгаа уншигч,  хорвоогийн сайхныг хүсэж, гарын үсгээ зурах зохиолчдын ерөөл, номын цагаан буян нийслэлийн Төв талбайд дүүрэн бялхаж байлаа. Тэд зүгээр л цуглуулагч, унших дуртай залуусын сонирхол төдий биш харин номын соёл түгээгчид аж. Сүхбаатарын талбайд нар зөв тойруулан зассан асруудаас хэвлэх үйлдвэрээс дөнгөж гарсан  шинэ номны үнэр ханхийж, хуучны шилмэл сайхан бүтээлүүд эрэлттэй байв. Хуучин номын асрууд үе үеийн номын баяраар бум бужигнасан, асууж, сурагласан уншигчдаар арвин байдаг. Сонирхууштай, авууштай, сайн ухвал хэрэгтэй номоо үнэ хаялцан авдаг учраас тэр биз. Мөн анхны хэвлэлт гэдэг номын зах зээлд үнэ цэнээ алддаггүйг харуулна. Тиймээс иргэд зарим номоо солилцож зогсоо нь харагдана. Номын худалдаачид “Бүх ном 1000 төгрөг” гэж бичээд нэг хайрцагт овоолдог. Гэтэл номоо сэдвээр нь төрөлжүүлж хаягласан залуу бусдад сайн жишээ болсныг олон нийт сайшааж байлаа.


Зохиолчид гарын үсэг зураад завгүй

Номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан. “Илүү их уншъя” уриатай номын баярт 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зохиолч  Ч.Галсан гуайн асар дотоод, гадаадын худалдан авагчдаар дүүрэн байв. Өвгөн зохиолчтой мэндлэхэд “Тасралтгүй хоёр цаг гарын үсэг зурлаа” хэмээн инээмсэглэн сууна. “Номын баяр”-ыг угтан “Хөх тэнгэр сонсож бай” роман,  “Эр хар сур” шүлгийн түүврийг нь “Ножо паблишинг”-аас дахин хэвлүүлжээ. “Хөх тэнгэр сонсож бай” роман нь зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлүүлсэн бүтээл юм. Дэлхийн утга зохиолын картад улс болгоныг нэг номоор төлөөлүүлжээ. Хятадыг Цао Сюэциний “Улаан асрын зүүд”, Киргизстаныг Чингиз Айтматовын “Зуунаас ч урт өдөр”, Оросыг Л.Н.Толстойн “Дайн ба Энх”, Японыг Харүки Мүракамийн “The Wind-Up Bird Chronicle” төлөөлсөн бол Монголыг Чинагийн Галсангийн “Хөх тэнгэр сонсож бай” роман төлөөлжээ.   Л.Толстой, Ф.Достоевский, В.Набоков нарын бүтээлүүд Монголд төдийгүй дэлхийд алдартай, ямар ч цаг үед уншсан уйдамгүй. Хойд хөршийн зохиолчдын бүтээлүүд номын баяраар худалдаанд гарсан даруйдаа ховордож, зарим нь хэдийнэ дуусжээ. Тухайлбал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Ж.Нэргүй гуайн хөрвүүлсэн “Найраглалууд”  хамгийн хүлээлттэй ном байв.Оросын  мөнгөн үеийн  яруу найрагч эмэгтэйчүүдийн сод манлай Анна Ахматова, Марина Цветаева хоёрын найраглалуудаас түүвэрлэн орчуулжээ.  “Монсудар” хэвлэлийн газраас В.Набоковын нэрийн хуудас гэгддэг “Харанхуйн дундах инээд”-ийг  хэвлүүлжээ. Догдлол, түгшүүрийн аль алиныг төрүүлж, эмгэнэлийг элэглэлтэй төгс хоршуулж чадсан нь энэхүү романыг мөнхийн шилдэг бүтээл болгосон юм.  “Өөртөө зав гарга” гэдэг үгийг өдөр бүр  хаа нэгтээгээс уншдаг атлаа “завгүй”-гээрээ шалтаглан өнгөрдөг хүн олон. Тэгвэл зав гарахыг биш гаргахыг “ятгадаг” хүчтэй ном гэж байдаг. Номын нээлтээ хийхээ зарлаж, дагагчдаа хүрэлцэн ирэхийг урьсан их эмч Б.Бүжинлхамын асрыг зорьж очлоо.  “Баба арьс минь bye bye” номыг  уншиж эхлэхэд дотнын найзтайгаа эсвээс арьс арчилгааны талаар өргөн мэдлэг хуримтлуулсан, туршлагатай нэгэнтэй ярилцаж буй мэт сэтгэгдэл төрнө. Энэ өдөр нээлтээ хийсэн бас нэгэн сонирхолтой ном бол  “Бостоны их сургуульд суралцсан түүх”. “Ариун оюун”академийн үүсгэн байгуулагч О.Ариунзаяа Бостонд суралцсан тэмдэглэлээ таван жилийн хугацаанд бичиж ийнхүү ном болгожээ. Тэрбээр “Энэ жил өөртөө тавьсан хамгийн том зорилгоо биелүүлж, номын нээлтээ хийж байна. Өөрийгөө олж, хайрлаж, бүтээсэн он жилүүдийг хуваалцсанаар мянга мянган залууст урам зориг өгөхийг хүссэн” гэв.  Эмэгтэйчүүдийн дуу хоолой болсон зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Шүүдэрцэцэг “Нар ээсэн налгар намраар эхэлсэнсэн. Хэдий тэнгэр эвгүй, сэрүүхэн ч өргөн дэлгэр баяр болж байна. Энэ цагийн бөх гүнж дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон минь “Маргааш гадаад явахаасаа өмнө амжаад ирлээ” хэмээн цэцэг тэвэрсээр ирсэн. Номын садан, олон сайхан уншигчдадаа баярлалаа” хэмээлээ.


Аргалын цаас, пянзны худалдаа, “Magic Box”

Шинэ номын нээлт, чиглэсэн судалгаанд оролцох, эрчүүдэд зориулсан орчноос номоо сонгох, чөлөөт орон зайд кофе цай ууж, номын тухай яриа дэлгэн суух тусгай орчныг уншигчдадаа зориулан засжээ. “Эрчүүдэд санаа өгөх 50 ном”-ыг нэрлэж, зорин очсон эрчүүдэд гэнэтийн бэлэг барьсан. “МУИС пресс”-ийн асар энэ жил тун инновацлаг байлаа. Монгол бичиг соёлын "Хос-Уянга" нэгдэл -ийн залуусаар нэр, байгууллагынхаа  уриа, ерөөлийн үгийг тусгай бэлдэц, номын хавчуурга дээр  уран бичлэгээр таталган бичүүлэх олны хөлд дарагджээ. Түм түжигнэсэн газарт заавал очиж хардаг сониуч монгол зангаараа учрыг тодруулбал, малын өтөг бууц, аргалыг дахин боловсруулж гарган  авсан цаасаар бэлдцээ үйлдвэрлэсэн гэнэ. МУИС-ийн оюутнууд судалгааны ажилдаа санхүүжилт олохоор ийнхүү нөөц, бололцоогоо ашиглажээ. Байгальд ээлтэй, инновац шингээсэн нэрийн хуудас, мандат, өргөмжлөл, цэс хийлгүүлж, оюутнуудын шинэ санааг дэмжихийг энэ ташрамд уриалж байна.  Асруудын дунд жанжны хөшөөтэй зэрэгцэн улаан чингэлэг түмний анхаарлыг татна. “Хоньчин Найдан”, “Манай гэр бүл” гэсэн бичиг, зургаас харвал хүүхдэд зориулсан нь тодорхой. Орж үзвэл номын хандив цуглуулж байлаа. Тодруулж асуувал, Дорнод аймгийн Баяндун сумын багачуудад хүргэх “Magic Box” гэнэ. Төслийг санаачлагчид “Хүүхдүүдийн мѳрѳѳдлѳѳс үүдсэн ид шидийг бүтээхийг хүссэн. Буйдхан сумын хүүхдүүдийн хувьд амьдрал буцалсан, мѳрѳѳдѳлдѳѳ умбан инээмсэглэсэн, ѳглѳѳ босоод эсвэл хичээлээ тараад нэг л гоё ид шидийн юм шиг санагдах тэр л орон зай руу тэмүүлсэн гэгээн ертѳнцийг бүтээхсэн гэж бид ч бас мѳрѳѳдѳж сууна” гэсэн юм. Биднийг ийн ярилцах зуур номын хандив өгөхөөр дугаарлан зогсох хүмүүсийг харвал хүүхдээ хөтөлсөн ээж, аавууд байлаа. Тэд “Манай хүүхэд авсан номоосоо заавал өгнө гээд явдаггүй” хэмээх нь хүүхдийн сэтгэлийг нартай адилтгадгийг бататгах шиг. “Номын баяр” зөвхөн цаасан хэвлэлийн өдөрлөг биш. Хөгжмийн ертөнцийн орон зайг “Пянзан толгойт” дэлгүүрийн асар тунхагласан юм. Шинэ хэвлэлтийн пянзаа 10 хувь хямдруулж,  тор бэлэглэв. Орос пянз 20 мянга, сонгодог хөгжмийн пянз 25 мянга, жазз пянзыг 35 мянгаар  худалдаалж байлаа. Үндэсний гээд монголчуудаар  цар хүрээг нь хязгаарламгүй. Манай улсад ажиллаж, амьдардаг гаднынхан хүүхдүүдээ дагуулаад иржээ. Тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн англи хэлний бүх түвшний ном, гадаад хэлнээ хэвлэгдсэн монгол зохиолчдын бүтээлүүд олон байлаа.


Нүдэнд харагдтал дүрсэлсэн хүүхдийн ном

Сурагчдыг дэлхийн сонгодог зохиолтой багаас нь нөхөрлүүлэх зорилготой цуврал бүтээлүүд урьд жилүүдээс олныг хэвлэжээ. Эдгээр номын онцлог нь  дотроо эвлүүлдэг паззлтай учир хүүхдийн сонирхлыг татна. Дэлхийн сонгодог сэтгэлгээний гайхамшиг, сор болсон зохиолуудыг хүүхэдтэйгээ хамт уншихыг редакторууд зөвлөж байлаа. “Нахиа” хүүхдийн номын редакцаас “Гэм зэм” зохиолыг долоогоос дээш насныханд зориулж зургаар баяжуулсан байна.

Гэмт хэргийн ял шийтгэлийн аль нь илүү хүнд вэ гэсэн санааг хүүхдэд тайлж ойлгуулахад номын агуулга чиглэжээ.  Өөр гараг дээрээс тэнгэрт байгаа диваажин шиг гарагт очихыг мөрөөдөж буй охины тухай“Диваажин гаргийн зүгт” хүүхдийн зурагт номыг “Nepko Kids”-ээс эрхлэн гаргажээ. Тэр гараг нь мэдээж манай дэлхий.  Хүүхдүүдийг эх дэлхийдээ хайртай, том мөрөөдөлтэй дэлхийн иргэн болоход, сансраас эх дэлхийгээ харахад бас хүн төрөлхтний очихыг зорьж буй Ангарагийн талаар мэдлэгтэй болоход тусална. Түүнчлэн  “Жангар” редакцын “Үлэг гүрвэл ба балар эртний амьдрал” ном худалдан авагч олонтой. Үлэг гүрвэлүүд хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан ч өдий хүртэл биднийг гайхшируулсаар ирсэн. Асар том хуягт ялтсууд, чулуужсан үлдэгдлийн нарийвчлалтай гэрэл зураг, сонирхолтой түүх болон балар эртний эдгээр сонирхолтой амьд биетийг уг бүтээл нүдэнд харагдтал дүрслэн үзүүлжээ. Бага ангийн сурагч бололтой охины сэтгэгдлийг хуваалцвал “Манай ангийн багш заавал очоорой гэсэн юм. Хичээлд хэрэгтэй “Монгол хэлний сурагчийн тайлбал толь” номыг хайгаад олсонгүй. “Хаулын нүүдэг цайз” ном, номын тэмдэглэл хөтөлдөг дэвтэр авсан” гэв. Багачуудын  ертөнцийг таньж мэдэхийг хүсдэг эцэг, эхчүүд зохиолч Луужир Жиймийгийн “Хүүхэд хүмүүжлийн академи” номыг сонгоцгооно.  Хүүхдийн оюун бодол, сэтгэлгээ, ялангуяа өөрийг нь өөрт нь таниулж өгөх, хүүхдийн дотоод сэтгэл зүйг нээх, урамшуулах, зэмлэх, өөрийн болон аливаа зүйлийн хэм хэмжээг таньж мэдэх, өнөөгийн хүүхдүүдийн дижитал сэтгэлгээ, ирээдүйн хөгжлийн онцлог, хүсэл тэмүүллийг нь нэмэх зорилгоор уг номоо бичсэн билээ. Өөрөөр хэлбэл, дээрх насны хүүхэдтэй ээж хүний хувьд эцэг, эхчүүдийн хүүхдэдээ хэлж ойлгуулмаар байгаа зүйлийг шинэлэг, содон, сонирхолтой, орчин үеийн үйл адал явдлаар өрнүүлж, бичсэн хүүхдийн уран зохиолын ном юм.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22