Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооны VIII чуулган Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Баянбуурал амралтад боллоо.
Чуулганы төлөөлөгчид МАН-ын даргын тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн 30 жилийн ололт, амжилт, алдаа гажуудалд үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилд хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэлийг хийж байгааг хөндөн ярилцав.
Дэлхий нийтэд тархсан цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, боомтын боомыг тайлж, экспортын гурван шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан системийн авлигыг таслан зогсоож, Дубайн гэрээг цуцалж 2, 3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлэн гүний уурхайг ашиглалтад оруулж, "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоож, нүүрсний хулгайг илчлэн экспортын түүхэн амжилт тогтоосон. Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлийг цэглэн хаадын нэрээр гаргасан бондын өрийг /1.3 их наяд/ төлж, улс орноо гадаад өрийн тулгамдсан барьцаанаас чөлөөлөн, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалыг хүчингүй болгон, E-Mongolia цахим засаглал нэвтрүүлж, тусгай сангуудын мэдээллийг ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангасан. Үүний үр дүнд гадаад валютын нөөц 5.875 тэрбум ам.долларт хүрч, иргэдийн 1072 хувьцааныхаа ногдол ашгийг тогтмол хүртдэг болсон зэрэг амжилт, ололтыг хэлэлцэн, бахархан тэмдэглэв.
МАН ард түмэн, гишүүд дэмжигчтэйгээ хамт байж 2016, 2020, 2024 оны УИХ, Орон нутгийн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар, улс төр, бизнесийн бүлэглэлтэй тэмцэл өрнүүлж, эдийн засгаа сэргээх шат дараалсан бодлогуудыг авч хэрэгжүүлсний үр дүнд 2023 оны эцэст эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрч, төсвийн орлого 30 жилийн түүхэнд анх удаа 1.9 их наядаар давлаа. Шинэ 30 жилийн эхлэл болох УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд МАН “Ард түмний ялалт” уриатайгаар оролцон, 53.9 хувиар ялалт байгууллаа. Энэ нь дэлхий даяар хүчний харьцаа, тэнцвэрт ихээхэн өөрчлөлт орж буй энэ эгзэгтэй үед манай улс ухаалаг гадаад бодлого явуулсан, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалсан сонголт хийсэн, системийн авлигыг нурааж, шударга ёсны тэмцлийн үргэлжлэл, байгалийн баялгийн ашгийг иргэн, өрх бүрд хүргэж “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогод бүсчилсэн хөгжлийн ач холбогдлыг ойлгож үнэлсэн ард түмний сонголт, манай намы гишүүд дэмжигчдийн хичээл зүтгэл итгэл үнэмшлийн ялалт байсныг чуулганы үеэр цохон тэмдэглэж байв.
Түүний дотор намынхаа үйл хэрэгт ямагт үнэнч байж, намаас дэвшүүлсэн бодлого шийдвэрийг сурталчлах, ажил хэрэг болгоход чин сэтгэлээсээ зүтгэдэг, манай намын гишүүдийн 32.7 хувийг эзэлдэг ахмад гишүүдийн идэвх оролцоо, гүйцэтгэсэн үүрэг жинтэй хувь нэмэр оруулсныг МАН-ын дэргэдэх СДАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн асан Н.Энхболд чуулганд тавьсан илтгэлдээ тэмдэглэж, чуулганд оролцогчдод баяр хүргэлээ.
СДАХ 2022 онд хуралдсан ээлжит VI, ээлжит бус VII чуулганаас аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэн 2024 оны УИХ, орон нутгийн сонгуульд намын бүх шатны байгууллагын ажилд намын ахмад гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлж, намаас нэр дэвшигчийг дэмжин амжилттай оролцох зорилт дэвшүүлснээ хэрэгжүүлэхээр нэлээд их ажил хийжээ. Тухайлбал, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарбаясгалан нартай тэргүүлэгчид уулзаж, МАН, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсон.
МАН-ын дэргэдэх СДАХ нь МАН-аас УИХ 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлыг сурталчлах, намаас нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөд намын ахмад гишүүд манлайлан оролцож өөрийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөдөө нөлөөллийн хүрээгээ өргөтгөн сонгуулийг ялалтад хүргэхэд намын ахмад гишүүдийн идвэх оролцоог өрнүүлэхийн тулд 2024 оны 4, 5 дугаар сард 4860 идэвхтэн сонгуультныг оролцуулсан бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулсан зэрэг хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ярилцлаа.
"Сар хүрэхгүй хугацааны дараа аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн хурлын сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд 2016 оноос хойших УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуульд МАН-ын байгуулсан олон удаагийн ялалтын буухиаг үргэлжлүүлэн МАН-ын бодлого шийдвэр, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх боломжийг олгох нь та бидний нэн тэргүүний зорилго байх болно” хэмээн СДАХ-ын тэргүүн Н.Энхболд илтгэлдээ онцлон тэмдэглэв.
Тэрбээр Холбооны тэргүүний хувьд УИХ-д лобби бүлэг байгуулан Ерөнхий сайд, ХНХ-ын сайд, бусад нөхдийн хамтаар ахмадын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан нь манай холбооны зүгээс хийсэн нэн ач холбогдолтой ажил болсныг хэллээ.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, холбооны тэргүүлэгч М.Даваасүрэн:
- Монгол Улс ирээдүйн инженер, эрдэмтэн, доктор, профессор зэрэг оюунлаг хүмүүсээ төрийн бодлогоор үнэлж, дэмжих хэрэгтэй байна. Гадаадаас сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи оруулж ирж, эрдэмтэн мэргэд, оюунлаг хүмүүсийнхээ хүчээр дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадад гаргахгүй бол манай бүтээгдэхүүнийг хэн ч авахгүй, гологдоход хүрээд байна.
Төрийн дунд шатныхны асуудлыг анхаарахгүй бол хүнд суртал, хээл хахууль авдаг гээд улсын хөгжилд садаа болох зүйл их байна. Иймд чадварлаг хүмүүсээр төрийн албыг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй боллоо.
Монгол Улсын Гавьяат эдийн засагч, холбооны тэргүүлэгч Н.Аюуш:
-Ядуурал төдийлөн буурахгүй байна. Статистикийн тоо баримтаас үзвэл хотод ядуурал 15.5 хувиар буурсан бол хөдөөд 4.5 хувиар нэмэгджээ. Ядуурал буурахгүй байгаа нь нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, ажлын байрны хүрэлцээгүй байдал, хөдөлмөрийн хүрээн дэх хүний эрхийн зөрчлүүд, төр, засгийн бодлогын алдаанаас ихээхэн хамааралтай байна.
Ядуурал буурахгүй байгаагийн өөр нэг шалтгаан нь нийгмийн хамгааллын бодлого, үйл ажиллагаа сул, хууль тогтоомж нь тогтворгүй, хэрэгжилт нь хангалтгүй, үндэслэл, тооцоо судалгаа муутай, алдаатай шийдвэрүүд олон гарч байгаатай холбоотой.
Ажлын туршлага, ур чадвар сайтай, цаашид үргэлжлэн ажиллах чадамжтай төрийн албан хаагчид, бусад ажилтнуудыг тэтгэвэр тогтоолгох нас хүрсэн гэх шалтгаанаар ажлаас хоморголон халах зэрэг таагүй тохиолдлууд түгээмэл гарч байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлд төрийн байгууллагын удирдах зарим албан тушаалны тоог хязгаарласан болон Засгийн газрын агентлаг, ИТХ, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий албан тушаалтан томилохыг хориглосон. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан холбогдох тоггоолд төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргах, сул орон тооны дутуу нөхөх зэрэг заалтууд тусгагдсан нь тэтгэвэр авагчдыг төрийн албанаас албадан чөлөөлөх хэрэгсэл болон хувирч байна.
Хөдөлмөрийн нөхцөл муу, цалин хөлс бага байна. Статистикийн 2023 оны мэдээгээр манай улсад албан бус хөдөлмөр эрхлэгчид нийт ажиллагчдын 38.9 хувийг эзэлж байна. Цалинтай ажиллагчдын цагийн дундаж цалин 7300 төгрөг, тэдний 34.1 хувь нь долоо хоногт 48-аас дээш цаг ажиллаж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа боловч ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн ам буюу “ажилтай ядуус’’-ын хувийн жин 2022 оны байдлаар 21.3-д хүрсэн байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад мөнгөн дэмжлэг, туслалцааг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхгүй орхигдуулж байгаагаас нийгмийн халамж айл өрхийн амьжиргаанд дорвитой тус нэмэр болж чадахгүй байна. Өөрийн хөдөлмөрөөр нийгмийн баялгаас хүртэж чадахгүй байгаа иргэдэд дахин хуваарилалтын аргаар хувь хүртээх нь төрийн үндсэн үүргүүдийн нэг болно.
Ахмад бидний амьжиргааны гол эх үүсвэр бол тэтгэвэр. Тэтгэвэртэй холбоотой УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдэд бид сэтгэл дундуур байна. Хоёр, гуравхан жилийн өмнө тэтгэврийн сангийн алдагдал их болсон учир реформ хийх зайлшгүй шаардлагатай гэж мэдээлж байсан. Энэ зорилгоор УИХ-аас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдөр шинэ томилогдсон сайд шинэ хуулиудаа хэрхэн хэрэгжүүлэх, үр дүн нь ямар байх талаар биш, дахин шинэчлэл хэрэгтэй тухай ярьж байх юм.
Аливаа бодлого шийдвэр алдаатай, үндэслэл тооцоо муутай гарах үндсэн шалтгаан нь төрийн албаны чадавхад байна. Төр чадамжгүй, ой санамжгүй, бодлогын залгамжгүй байна. Өнөөдөр аль ч яам, агентлагт ажлаа мэддэг хүн гарын таван хуруунд багтах болсныг нийтээрээ ярьж бичиж байна.Төрийн албан хаагчдын чадавх суларсан учир орон тоо нэмж, төр данхайж байна.
Чуулганд олон хүн үг хэлснийг заримаас тоймловол, өнөөгийн төрийн байгууллагуудын дотор ажлаа мэддэг хүн алга болсон, ахмад залуу үеийн уялдаа холбоо, залгамж чанар алдагдсан. Төрийн албаны хүмүүсийг 60 хүрэнгүүт ажлаас хөөж гаргах болсон. Иймд төрийн албанд ахмад хүмүүсээс зохих хувиар ажиллуулахад анхаармаар байна. Төр дэндүү данхайж, суманд хүртэл олон орон тооны хүн ажиллаж, төрийн мөнгийг үр ашиггүй зарж байгаа болон залуусаа цалин, бусад талаар дэмжихгүй бол гадагш нь алдаад байгаа зэрэг асуудлыг тал бүрээс нь шүүн хэлэлцлээ.
СДАХ-ын чуулганаас дараах зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд:
Цаашид МАН-ын дэргэдэх Ахмадын холбоог зарим гадаад орны ижил төстэй байгууллагуудтай холбож харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллах зэрэг зорилт дэвшүүлж, дэмжлээ.
Тус чуулганд СДАХ-ны тэргүүлэгчид болон аймаг хотын намын хорооны төлөөлөгч нийт 180 гаруй хүн хүрэлцэн ирж хуран чууллаа. Чулганд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцож МАН-ын түүхэн замнал, өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын бодлого зорилтын талаар дэлгэрэнгүй үг хэллээ. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, тус холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан Н.Энхболд өөр ажилд томилогдож буй тул чөлөөлж, холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Гомбын нэрийг дэвшүүлж, нийт гишүүдийн 100 хувийн саналаар батлав.
Чуулганаас нэрийг нь дэвшүүлж баталсан тэргүүлэгчдийн хурал болж, МАН-ын дэргэдэх СДАХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Т.Гантөмөр /Нийслэлийн ерөнхий менежер асан/, Хяналтын албаны даргаар Ш.Чунаг нарын нэрийг дэвшүүлж, санал нэгтэйгээр баталлаа.
Н.Бөхдамбий
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна