Кино сонирхогчдын дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа “Жокер 2” ирэх сард Венецэд нээлтээ хийнэ. Жүжигчин Хоакин Феникс, Леди Гага нарын хоршил энэ намрын хит болох нь гарцаагүй. Найруулагч Тодд Филлипс Холливудын шинэ сонгодог бүтээлүүдээс авсан санаагаа “Жокер: Хоёр хүний галзуурал” кинондоо тусгаж, сэтгэхүйн мюзикл хэлбэрээр бүтээжээ. Холливудын гол хүмүүсийн Хоакин Феникс гэж хэн бэ. Бага насаа шашны урсгалд өнгөрүүлж, ахыгаа алдан, донтолт, сэтгэлийн хямралаа ялан дийлж чаджээ. Тийм ч учраас түүнийг дотоод чөтгөрүүдтэйгөө тохиролцож, аз жаргалын төлөө үнс нурамнаас хэд дахин төрсөн гэж кино урлагийнхан хүндэтгэдэг аж.
Зугтаж, эргэж ирсэн кино урлаг
“Холливудын гоц ухаантан” хэмээн алдаршсан жүжигчний хувийн амьдрал хар бараан дурсамж ихтэй. Өдгөө 50 настай Хоакин дунджаас дээгүүр орлоготой америк гэр бүлд төрж, өсжээ. Фениксийнх таван хүүхдэдээ тун этгээд нэр өгчээ. Ууган хүү Ривер (Гол), охин Рэйн (Бороо), охин Либерти (Эрх чөлөө), охин Саммер (Зун) гэсэн нэртэй бол Хоакины нэр Библитэй холбоотой аж. Гэхдээ түүнийг гэрийнхэн нь Лиф (Навч) гэж дууддаг бөгөөд энэ нэрээрээ хоёр ч кинонд дүр бүтээжээ. Аав Жон Ли Боттом нь цэцэрлэгжүүлэлтийн компанийн захирал, ээж Арлен Феникс NBC телевизийн редактороор ажилладаг байв. Тэд 1960-аад оны сүүлчээр алдартай хиппи хөдөлгөөнд нэгдэж, “Бурхны хүүхдүүд” бүлгэмд элсжээ. Улмаар газар сайгүй бүлгэмийн гишүүдтэйгээ хэрэн хэсэж, хэт задгай амьдралд хүүхдүүдээ өсгөсөн байна. Эхэн үедээ бусдын адил хиппи үзэл Библитэй бүхэлдээ нийцдэг бөгөөд Есүс, түүний дагалдагчдын амьдралын хэв маягтай зарим талаараа төстэй гэж боддог байв. Гэвч хиппичүүдийн дунд хар тамхинд донтох, завхайрах явдал гаарч, хүүхдүүдийг нь оролдох болов. Итгэл үнэмшил, шинэ зан үйлийг санаачилсан шүтэн бишрэгчдийн гаж үйлдлүүдэд урам хугарсан Фениксийн гэр бүл 1978 онд Флоридад эргэн иржээ. Хоакины дурссанаар эцэг эх нь хүүхдүүдийнхээ бүтээлч сэтгэлгээг бүх талаар дэмждэг байв. Энгийн амьдралдаа эргэн ирсэн Арлен Феникс NBC теливизид кастинг продюсероор ажиллаж эхлэв. Хүү Риверээ сурталчилгаанд тоглуулах зэргээр шоу бизнесийн салбарт татан оруулсан юм. Ривер 12 настайдаа телевизийн олон ангит кинонд дүр бүтээж, найруулагчдын хараанд өртжээ. Ахаасаа урам зориг авсан Хоакин ч Зул сарын баярын сурталчилгаанд тоглож, олон ангит кинонуудад туслах дүр бүтээв. Ривер ч дүүгээ үргэлж дэмждэг, “Холливудын том од болно” гэж урамшуулдаг байжээ. 1993 онд ах Ривер Феникс нь Оскарт нэр дэвшиж, Венецийн кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж, тод гялалзаж байв. Харамсалтай нь, алдрын титэм зуурдын байсан юм. Ривер хар тамхины тунгаа хэтрүүлэн нас барав. Ахыгаа шүтэж, араас нь замнасан 19 настай Хоакин үхэлтэй эвлэрч чадаагүй гэдэг. Тэр шоу бизнесийн увайгүй, хар сүүдрээс зугтан Өмнөд Америкийн орнуудаар аялжээ. Холливудаас явсан түүнийг сэнхрүүлж, кино ертөнцөд эргүүлэн авчирсан хүн бол найруулагч Гас Ван Сент. Удаан ятгасны эцэст 1995 онд найруулсан “To Die for” кинондоо тоглуулжээ. Николь Кидмантай хоршин тоглосон Фениксийн дүр үзэгчид төдийгүй шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Дараагийн таван жилд Оливер Стоуны “Эргэлт”, Жозеф Рубиний “Форс-мажор”, Жоэль Шумахерын “Найман миллиметр” төслүүдэд оролцжээ.
“Гладиатор”-т зэвүүн, “Жокер”-т багаа тайлж, “Наполеон”-д тултал тоглов
Түүний амжилтын замнал 2000 онд дэлгэцнээ гарсан “Гладиатор” киногоор эхэлдэг. Ромын эзэн хаан Коммодусын өшөө хорсол, харгис хэрцгий занг гайхалтай харуулж “Оскар”-ын туслах дүрийн шагналыг хүртжээ. Эндээс түүний уран бүтээлийн алтан үе хөвөрнө. Кантри дуучин Жонни Кэшийн намтар “Walk the Line” кинонд гол дүр бүтээж, “Оскар”-ын шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшжээ. Түүний дэлгэцийн бүтээлүүд үзэгчдэд ижил төстэй сэтгэгдэл төрүүлэх нь бий. Ихэнхдээ даяанч, нийгмийн эсрэг элементүүд, психопатик байдлын ирмэгт буй цочролд орсон дүр байдаг. 2012 онд “Мастер” киноны ахмад дайчны дүрийн илэрхийлэл болсон инээмсэглэхийг төгс харуулахын тулд шүдээ авахуулж байсан гэдэг. Энэ дүрээрээ Венецийн кино наадмын шилдэг дүрийн шагнал хүртжээ. Тэр ч байтугай “49 дүгээр баг” кинонд гал сөнөөгчийн дүрд тоглохын тулд Балтиморын Онцгой байдлын академид тусгай курст суралцаж, төгсөгчдийн адил зөгий шивүүлсэн түүхтэй. Сүүлийн арван жилд супер баатрын киноны төрөл хөгжиж, Кристофер Ноланы “Харанхуйн хүлэг баатар” гурамсан зохиол үзэгчдийг байлдан дагуулсан. Бэтмэний дайсан Жокер жүжигчдийн мөрөөдлийн дүр болсон цагт Хоакин Феникс гарч ирсэн. “Жокер”-ын ертөнцөд уусахдаа кино урлагаас зодог тайлж буйгаа дэлхий даяар итгүүлж, сэтгэцийн өвчтэй мэт аягласан гэдэг. Тэр ч байтугай кино гарахын өмнөхөн Феникс галзуурсан гэсэн цуу яриа тархсан удаатай. Ийнхүү бүхнээ зориулсан бүтээсэн Жокерын дүрээрээ 2020 онд “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болжээ. Шүүмжлэгчид “Хоакин Феникс “Гладиатор”-т зэвүүн тоглосон гэж бодсон. Гэтэл “Жокер”-т багаа тайлж, жинхэнэ авьяасаа ч гайхууллаа” гэж шагшиж байлаа. Дэлхийн бокс оффист Готам хотын оршин суугч Артур Флекийн тухай түүх дээд амжилт тогтоож, 849 сая ам.долларын ашиг олсон. Магтаал ингээд дууссангүй. 2023 онд Ридли Скоттын “Наполеон” түүхэн кинонд Францын эзэн хааныг цоо шинээр нээж, төвөгтэй, маргаантай дүрд хувирахаас айдаггүй жүжигчин гэдгээ баталсан. Наполеоны олон ааш, хүсэл тэмүүлэл, алдаа дутагдал, бардам зан, сул талыг харуулахыг хичээсэн байна. Байлдан дагуулагчийн харизм, хайр дурлал, өрөвч сэтгэлийг ч мартаагүй. Хоакин Феникс дүрийнхээ мэдрэмжид бүрэн автаж, бие махбодиороо өөрчлөгддөг жүжигчин. Түүхэн дүрийнхээ намтрыг шаргуу судалж, тайзнаас гадуур баатрынхаа нэрээр дуудуулдаг өвөрмөц арга барилтай. Дүрүүдийнхээ гол цөмд хүрч, бодол санаа, мэдрэмжид өөрийгөө шингээж чаддаг авьяас нь сөрөг талтай. Зураг авалт дууссахад бодит амьдралдаа орох амаргүй. Жонни Кэшийн дүрийн нөлөөгөөр согтууруулах ундаа, зугаа цэнгэлд донтож эхэлжээ. Сайн дураараа сэргээн засах эмчилгээнд явсан Хоакин хар тамхинаас үүрд татгалзаж, архинаас гаргах сэтгэл зүйн клубийн гишүүнээр үлдсэнээ хамгийн зөв шийдвэр хэмээдэг.
Холливудын ертөнц давчуу
Зураг авалтын талбайгаас ангид хувийн амьдралынхаа талаар ярих дургүй. Эмэгтэйчүүдтэй төдийлөн нэр холбогддоггүй түүний хамгийн алдартай харилцаа нь жүжигчин Лив Тайлер байв. Тэд 1997 онд “Абботтын зохиомол амьдрал” киноны зураг авалтын үеэр танилцаж, болзжээ. Цагаан хоолтон, амьтны эрхийн төлөө тэмцэгч гээд нийтлэг зантай тэд хэсэгтээ л Холливудын сайхан хос байлаа. Гурван жил үерхсэний эцэст Лив рок хөгжимчинтэй хувийн харилцаа тогтоож, салах шийдвэр гаргажээ. Хаягдсан залуу загвар өмсөгч Топаз Пэйж-Грин, жүжигчин Анна Пакуин , DJ Элли Тайлс нартай богино хугацаанд харилцаа тогтоож явжээ. “Луун шивээстэй охин” киноны од Рүүни Маратай 2012 онд танилцсанаар гоонь эрийн амьдралдаа цэг тавьжээ. Хоакин чин сэтгэл, жинхэнэ гоо үзэсгэлэнг хүсэж байснаа нуудаггүй. Энэ тухайгаа Феникс “Тэр бол миний интернэтээр тагнасан цорын ганц эмэгтэй. Бид цахим шуудангаар харилцдаг энгийн танилууд байсан. Түүнээс өмнө би хэзээ ч интернэтээс эмэгтэй хүний тухай мэдээлэл хайж байгаагүй” гэжээ. Үнэндээ Холливудын ертөнц давчуу, жижиг аж. Азтай тохиолоор 2016 онд “Мэри Магдалена” кинонд хамт тоглов. Хэвлэлүүдэд хайр дурлалын тухай шар мэдээ гарсан ч жилийн дараа Каннын кино наадмын улаан хивсний ёслолд хөтлөлцөн ирж цуурхлыг батлав. Энэ үеэс хамт амьдарч 2019 онд сүй тавьснаа зарлалаа. Тэд 2020 онд хүүтэй болж, ахынхаа дурсгалыг хүндэтгэн Ривер хэмээн нэрлэжээ. Дуулиан шуугиантай оддын ертөнцөөс жирийн амьдралыг илүүд үздэг. Феникс сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож, хүмүүнлэгийн байгууллагуудыг дэмждэг. Өмнөд Африкийн сургуулиудад эрүүл өдрийн хоол нийлүүлдэг “The Lunchbox” ашгийн бус сантай. Амьтны эрхийг хамгаалах жагсаалд оролцдог аж.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна