Уран барилгыг бүжиглүүлэгч



XX зууны алдартай архитектор Фрэнк О.Гери “Би уран барилгыг хөдөлгөөнөөр илэрхийлэхийг л хүссэн” хэмээн тунхагласан. Энэ зорилгодоо ч хүрсэн. Прага хотын нэрийн хуудас болсон биесээ тэврэн бүжиглэж байгаа хос шиг барилгыг хараагүй хүн ховор. Ядаж л  цахим орчинд гэрэл зургаас харсан байх. Тэр бол деконструктивизм урсгалын үндсийг тавигч, Притцкерийн шагналт орчин үеийн архитектурын хамгийн нөлөө бүхий хүн юм. Билбао дахь Гуггенхайм музей, Парисын “Louis Vuitton” ордон, Нью-Йоркийн “Beekman” цамхаг, Берлин дэх “Дойче” банкны байр зэрэг архитектурын шилдэг бүтээл Фрэнк Геригээр овоглодог юм. Гери инновац, утга учрыг эрэлхийлэх байнгын эрэл хайгуулд хөтлөгдөн сүүлийн дөчин жилийн хугацаанд АНУ болон Европт томоохон төслүүдээ хэрэгжүүлсэн. Картон цааснаас эхэлсэн карьер нь тэнгэр баганадсан цамхаг хүртэл бүх төрлийн хэмжээтэй барилгуудыг хамардаг. Атираат картон болон шилэн хавтангаар хийсэн “Easy Edges” тавилгын цуглуулгаараа үндэсний анхаарлыг татсан юм. Түүнчлэн “Tiffany & Co”-д зориулсан үнэт эдлэл, “Hennessy” тусгай коньякны шил, “Louis Vuitton”-ны цуглуулгын цүнх багтдаг.


Нэрийн хуудас: Тэгш бус хэлбэр

Өдгөө 95 настай Гери Лос-Анжелес хотод цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хүсэж байна. Энгийн цэцэрлэгт хүрээлэн биш, инженерийн хийцтэй, урьд өмнө хэзээ ч байгаагүй, бүтцийн хувьд нарийн төвөгтэй төсөл гэнэ. Ямар ч саад бэрхшээлийг даван туулж, хотын өнгө төрхийг өөрчлөхөд амьдралаа зориулсан өвгөн архитекторт шинэ санаа нь амархан байж магадгүй. Гери 1989 онд архитектурын салбарт олгодог хамгийн нэр хүндтэй Притцкерийн шагналыг хүртсэн. Энэ үед тэрбээр Европ дахь анхны барилга болох Германы Витра дизайны музей, Лос-Анжелес дахь Филармонийн  зураг төслөө танилцуулаад удаагүй байлаа. Лос Анжелес дахь Филармонийн концертын танхимыг “Уолт Дисней”-н санхүүжилтээр барьсан. Параметрик хэлбэрийн анхны барилга юм. Фрэнк Гери базсан ноорог цааснаас концепц санаагаа олсон бөгөөд тэгш бус хэлбэрийн янз бүрийн хувилбаруудыг нэгтгэн төсөөлжээ. Ерөнхий санаагаа бодит болгохын тулд параметрийг ашигласан. Улмаар компьютерын загварчлалын ачаар бүтээцийн тогтвортой байдлыг үүсгэж чадсан.  Уг хэлбэр нь дотоод засал чимэглэлд онцгой ач холбогдолтой байв. Модернизмыг хүйтэн, пост-модернизмыг бууруулагч гэж үздэг тэрбээр загаснаас санаа авч, муруй дүрсийг зураг төслийнхөө түлхүүр болгосон. Этгээд байшин, байгууламжууд уран барилгын шигшмэл өвтэй эн зэрэгцэн тухайн хотоо чимж, нэрийн хуудас нь болдог. Дэлхийн архитектур, хот төлөвлөлт, дизайны хандлага хувьсан өөрчлөгдөж маш олон урсгал чиглэлийг бий болгосны зарим нь түүх болон үлдсэн бол зарим хэсэг нь өнөөдрийн контемпорари үетэй зэрэгцэн хөгжсөөр байна. Орчин үе гэдэг хүн төрөлхтний олон мянган жилийн түүхтэй харьцуулахад сүүлийн 200 шахам жилийн түүх байж өнөө цагийн технологийн үсрэнгүй ололтууд энэ хөгжлийг улам хурдасгаж байна. Фрэнк Гери бол өнөөдрийн хамгийн алдартай контемпорари архитектор юм. “Симпсоныхон” хүүхэлдэйн киноны фэнүүд энэ нэрийг  андахгүй. Тэрбээр “Starchitect”-д нөлөөгөө үзүүлсэн цөөн архитекторуудын нэг юм. Лос Анжелес хотод уран барилгын товчоогоо 1962 онд  нээжээ. Одоо түүний фирм дэлхийн бүх тивд үйл ажиллагаа явуулж байна. Тэрбээр 1954 онд Өмнөд Калифорнийн их сургуульд архитектурын ангийг дүүргэж, Харвардад хот төлөвлөлтийн чиглэлээр суралцахаар элсэн орсон ч удалгүй орхижээ. Калифорниа мужийн Санта Моника дахь байшингаа  1977 онд шинэчлэн засварласан нь тун содон болжээ. Энэ бол металл өнгөлгөөтэй орчин үеийн анхны барилга. Архитекторын динамик хэмжээгээр геометрийн хязгааргүй хүсэл тэмүүллээ илэрхийлжээ.

 

 “Бильбао эффект”

Уран барилгын түүхэнд түүнийг  "Бильбао эффект" гэж нэрлэдэг. 1990-ээд онд түүний өгүүлэмж нарийн төвөгтэй муруй хэлбэр рүү шилжсэн бөгөөд түүний хамгийн гайхалтай загвар нь Испанийн Билбао дахь Гуггенхайм музей. 1996 онд Испанийн жижиг хотыг дэлхийн анхаарлын төвд оруулж, оршин суугчдынх нь хувь заяаг ганцхан барилгаар бүрэн өөрчилж архитектурын хүчийг харуулсан юм. Орчин үеийн хамгийн гайхамшигтай бүтээлүүдийн нэгд зүй ёсоор багтсан уг төсөл Фрэнк Гери гэх алдрыг архитектурт дархалсан. Сонгон шалгаруулалт хариуцсан албан тушаалтнууд Геригийн танилцуулгыг “Тойрч суугаад залбирч байгаа гэлэнмаа нар шиг харагдах маш бүдүүлэг загвар” гэж эсэргүүцжээ. Музейн ерөнхий захирал Хуан Игнасио Видарте зөвшөөрөөгүй бол энэ барилга сүндэрлэхгүй байсан юм. Бильбао хотыг сэргээх төлөвлөгөөгөөр жилд 500 мянган жуулчин авах.  Тэгвэл өнөөдөр зөвхөн музейн барилгыг харах гэж жилд нэг сая орчим жуулчин Бильбаог зорьдог. Бильбаогийн дараа түүний карьер хэрхэн өөрчлөгдсөн талаар 2011 онд өгсөн ярилцлагадаа “Надад итгэл үнэмшил бий болсон. Энэ нь нийгмийг баярлуулаад зогсохгүй хотод их хэмжээний орлого авчирсан. Оршин суугчид баярлаж байна" гэжээ.  Жуулчдын харааг булааж хотынхоо бэлгэ тэмдэг болсон бас нэгэн барилгыг Прага  хотод барьжээ.  Энэ оффисыг хүмүүс бүжиглэж буй Жинжер, Фред гэж хочилдог. Динамик дүрс нь бүжиглэх мэт тэврэлт,  эргэлдэх хормой, хосын төрхийг санагдуулдаг.

 

Фрэнк Геригийн гарын авлага

 

Дэлхийн хамгийн баян хүн, тансаг зэрэглэлийн загварын магнат Бернард Арногийн захиалгаар Парис дахь “Louis Vuitton” сангийн барилгын зураг төслийг гаргажээ. Боис де Булон дахь ногоон талбайд байрладаг уг ордон модон дам нуруугаар бэхлэгдсэн 12 далбаа бүхий цагаан блокоос бүтдэг. Гадаад хэлбэрээс нь хамааран хүмүүс ордонг "Мөсөн уул" гэж нэрлэдэг. Гери XIX зууны архитектурын шийдлээс санаа авчээ.  “Louis Vuitton” сангийн байранд тус загварын ордны хамгийн шилдэг цуглуулгаас бүрдсэн 11 үзэсгэлэнгийн танхим, тусгай үзэсгэлэнгийн галерей байрладаг. Мөн  хурлын өрөө, кафе, номын дэлгүүр, боловсролын төвтэй дэлхийн загварын цогц болсон ордон юм. Энэхүү сангийн барилгаас гадна Геригийн геометрийн дүрслэл бүхий нэгэн шийдэл  Францад сүндэрлэсэн нь “Лума” цамхаг.  Арлес хотын архитектурын төв юм. 27 акр талбай бүхий “Parc des Ateliers” хотхоны чимэг уг төслийг  11 мянган зэвэрдэггүй ган хавтангаар барьсан бөгөөд Хойд Америкийн архитекторын таталцлын хүчийг “үл тоомсорлодог” барилгын жишгээр барьжээ. “Лума” цамхагт галерей, төслийн талбай, сангийн судалгаа, архив, семинарын өрөөтэй. “MPK 21” гэх өвөрмөц нэртэй төсөл 2018 онд цахим ертөнцийг шуугиулсан. 18 сарын дотор барьж дуусгасан уг барилга нь “Мета” компанийн төв оффис. Гери “Бид “Фэйсбүүк”-ийн соёлыг судалж, ажилтнуудад нь зориулсан цоо шинэ төрлийн архитектурыг бүтээсэн” хэмээн сайрхаж байлаа. Барилгын онцлогоос дурдвал байгалийн гэрэл нэвтрүүлэх шилэн хана, дээвэр дээрээ нарны эрчим хүчээр ажилладаг цэнэг хураагуур, ус цэвэрлэх систем суулгасан байна. Хамгийн гол нь дотроо цэцэрлэгт хүрээлэн, ресторан ба амрах хэсгүүдтэй ажилтнуудын тав тухыг хангасан олон шийдлүүд багтжээ. Өдгөө тэрбээр төрөлх хот Торонтогийн  хамгийн өндөр барилгын ажлыг удирдаж байгаа. Хэрхэн үнэ цэнтэй барилга барих тухай түүний онол тун энгийн. “Нийгэмд ашигтай, сонирхолтой, олонд хүртээмжтэй барилга барихыг чухалчилдаг. Их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй” гэжээ. Генригийн  төслүүд төсвөө цаг тухайд нь гаргаж, эдийн засгийн үр өгөөжөө өгдгөөрөө онцлог. Өөрөөр хэлбэл, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тээврийг илүү үр ашигтай болгох, хөрөнгө оруулагчид эсвэл бүтээн байгуулагчдын дунд хотын нэр хүндийг өсгөдөг. Ийм төсөвт хэмнэлттэй барилга болсон Манхэттэн дэх Америкийн IAC холдингийн төв байрны дизайныг мэргэжлийн хүрээнийхэн өндрөөр үнэлдэг.  Мушгирсан цамхгаа 2007 онд барьсан бөгөөд голын эргийн онцлогт тохируулж  долгион, эфирийн хэлбэр, тусгалыг харуулжээ. Ингэхдээ титан хавтангийн оронд тунгалаг шил ашигласан.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/ 


0
angry
3
care
0
haha
2
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 21 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 21 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 21 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07