“Солонгос давлагаа” буюу Халлю гэх БНСУ-ын соёл урлагийн нөлөөлөл Ази тивээс хальж дэлхийг хамарсан. Энэ давлагааны хүчтэй түрлэгийн нэг бол Рэйн. Рэйн гэх тайзны нэрээрээ алдаршсан Өмнөд Солонгосын супер од Жун Жин Хуныг “Дэлхийн хүн”-ээр онцолж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” төслийн хүрээнд Өмнөд Солонгосын К-поп оддын тоглолт болно. Улаанбаатар хотод ирэх сарын 15-нд болох тоглолтын бүрэлдэхүүнд Рэйн багтжээ. 20 гаруй жил үргэлжилсэн карьерынхаа хугацаанд долоон цомог, 20 гаруй сингл гаргаж, дэлхийг тойрон аялан тоглолт хийжээ. Өдгөө 42 настай Рэйнийг Өмнөд Солонгосын энтертайнментын хөгжилд хувь нэмэр оруулсан уран бүтээлч гэж зүй ёсоор нэрлэдэг. Царай муутай гэж гоочлуулж, энтертайнментуудын шалгалтад унаж байсан тэрбээр од болсон хойноо “People” сэтгүүлээс зарласан "Хамгийн үзэсгэлэнтэй хүмүүс" жагсаалтад багтаж, “Тайм” сэтгүүлийн нөлөө бүхий 100 хүний нэгээр олон удаа шалгарчээ.
“Рэйн үзэгдэл”
Жун Жи Хун Сөүлийн баруун дүүрэгт ядуухан амьдралтай гэр бүлд өссөн. Цахим хуудастаа “Хоолгүй хонож байсан ч аз жаргалтай байсан” гэх тайлбартай хааяа оруулдаг гэр бүлийн зургууд нь хэсэгтээ л Солонгосын интернэтийг шуугиулдаг. БНСУ-ын эдийн засаг уналтад орсон хүнд үед аав нь хилийн чинадад ажиллахаар явжээ. Өвлийн хүйтэнд түрээсийн байрнаасаа хөөгдөх зовлон, аав нь хэзээ нэгэн цагт Бразилаас их мөнгөтэй ирнэ гэсэн мөрөөдөл дунд бага насаа үдсэн байна. Дуучин болох мөрөөдөлтэй хүү зургадугаар ангиасаа бүжиглэж, сурагчдын дунд чамгүй алдартай болжээ. Сөүлийн боломжийн амьдралтай айлын хүүхдүүдэд од болох хэцүү биш ч ядуу хүүд хүршгүй холын зүйл байв. Насаар ах хүүхдүүдтэй хамт сонирхогчдын бүжгийн тэмцээнд оролцож, сургуулиа хэсэг хугацаанд орхижээ. Хожим “Миний бага нас 1990-ээд оны солонгос савангийн дууриас ялгарах зүйлгүй өнгөрсөн. Ээж минь хүндээр өвдөхөд бид хоолны мөнгөгүй болсон. Хөөгдөхгүйн тулд байрны эзнээс өвдөг сөгдөн гуйдаг. Хүмүүс намайг дорд үзэж байна гэж гудамжны залуустай нийлж сургуулиа орхисон. Намайг танхайчуудаас салгасан хүн бол миний нагац эгч. Ээжийг нас барсны дараа бидний асран хамгаалагч болсон. Халамжтай, бүжиглэхийг минь дэмждэг байлаа. Би бүжиглэж байхдаа ганцаардлыг мэдэрдэггүй. Энэ бүхэн намайг зоригтой болгосон” гэж ярьжээ. Зовлон бэрхшээлд бууж өгөлгүй дуулах мөрөөдлөө 2002 онд биелүүлэв. "Bad Guy" анхны цомгоо гаргаж, 138 мянган хувь борлуулж тухайн үед эрчээ аваад байсан К-поп урлагт хүч түрэн орж ирэв. “KBS 2004” шагнал гардуулах ёслолын тайзнаа ээждээ зориулан дуулж, үзэгчдийг мэлмэртэл уйлуулав. 2004 онд "The Rainy Day Tour" аялан тоглолтоо “Мэдисон Сквер” цэцэрлэгт хүрээлэнд хийсэн Солонгосын анхны уран бүтээлч болсон юм. 2007 он бол хөгжмийн ертөнцөд жинхэнэ “би”-гээ олсон жил байлаа. Долоон жилийн турш JYP энтертайнментад бэлтгэл хийж, дөрвөн цомог гаргасан Рэйний нэр хүнд хилийн чинадад цуурайтжээ. Үнэндээ JYP нэгэнт супер од болсон дуучныхаа хэмжээнд ажиллаж дийлэхгүй байв. Рэйн ч карьертаа анхаарч 2008 онд “J.Tune Entertainment”-ээ байгуулав. Шилдэг баг бүрдүүлсэн тэрбээр тухайн жилдээ тав дахь “Rainism” цомгоо гаргасан. Цомгийн эхний сингл "Love Story" тэр даруйдаа хит болсон ч БНСУ-ын Залуучуудын хорооноос шүүмжлэл дагуулжээ. “Залууст тохиромжгүй, хэт тачаангуй төрх бүрдүүлсэн” гэж зарласнаар “Rainism” асуудал үүсгэсэн. Аз болоход шүтэн бишрэгчид өөрчлөлтийг нь урам зоригтойгоор хүлээн авснаар хөгжмийн карьерынх нь оргил үе эхлэв. Цомгийн борлуулалт огцом өсөв. Дуу нь хит болохын хэрээр өмсгөл зүүсгэл хүртэл моод болно. “Six To Five” брэндээ гаргасан нь бүтээлч зангийн бас нэг илэрхийлэл болсон. Сүүлийн жилүүдэд Рэйн зөвлөгч, продюсерын үүрэгтэйгээр К-поп оддын дараагийн шинэ үеийг төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна.
Солонгосын амьд домог
“Full House” бол бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй Өмнөд Солонгосын олон ангит кино. Түүнийг хамтран тоглосон жүжигчин Сонг Хю Кётой хайр сэтгэлийн холбоотой болсон тухай цуурхал киног улам алдаршуулсан юм. Энэ дүрээрээ Рэйн KBS телевизийн шилдэг гол дүрийн шагнал хүртжээ. Продюссерууд алдартай болохыг хүсвэл давхраа оёулахыг зөвлөж байлаа. Гэхдээ тэр төрөлх царайгаараа Азийн эрэгтэй жүжигчдийн нийтлэг төрхийг өөрчилсөн. Товчхондоо солонгос эрэгтэй жүжигчдийг Рэйнээс өмнөх ба дараах гэж ангилахад буруудахгүй. 1990, 2000 оны эхэн үеийн алдартай жүжигчид давхраатай нүд, өндөр хамраараа кино урлагт гоо сайхны хэмжүүр тогтоож байв. Тэгвэл Рэйнээс хойш урлагийн сургуулийн залуус зовхины мэс засал хийлгэх нь эрс буурчээ. Түүний ази төрхийг Холливудын найруулагч нар анзаарав. Алдарт “Матрикс” гурамсан цувралын найруулагч эгч дүү Вачовскийн кинонд дүр бүтээж Холливудын дэвжээнд гарсан юм. Энэ тухайгаа “Yonhap News” сонинд ярилцлагадаа “Хэдийгээр туслах дүр бүтээсэн. Ингэхдээ жижиг дүр биш жижиг жүжигчин байдгийг ойлгосон” гэжээ. Вачовскийн итгэлийг алдалгүй найруулагч Жеймс Мактигийн “Ninja Assassin” киноны гол дүрийг чадварлаг бүтээсэн. Хэлний бэрхшээлийг эс тооцвол Сьюзан Серендон, Жон Гудмен, Кристина Риччи , Мэтью Фокс нартай эн зэрэгцэн тоглож чаджээ. “Disney+”-ийн шинэ цуврал “Улаан хун”-гаар кино урлагт зодог тайлах болоогүйгээ батлан фэнүүдээ баярлууллаа. К-драм сонирхогчид түүний бүтээсэн дүрд өндөр үнэлгээ өгсөн. Рэйн 2017 онд жүжигчин Ким Тэ Хитэй гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэй. Гэр бүл зохиосноос хойш хөрөнгө оруулалт, үл хөдлөхийн салбарт бизнес эрхлэх болжээ. Цэргийн алба хааж, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулахын тулд завсарлага авсан хэдий ч нэр алдар одоо ч энтертайнментын салбарт хэвээрээ байна. Өнөөдрийг хүртэл уйгагүй хөдөлмөрч байдал, ажлын хариуцлага болон ёс зүйтэй хандлагаар залуу шинэ уран бүтээлчдэдээ үлгэр жишээ болж, түүгээр зогсохгүй К-попыг дэлхий даяар түгээхэд оруулсан хувь нэмрээрээ БНСУ-ын алдартнуудын эгнээнд зүй ёсоор бичигдэх амьд домог билээ.
Рэйний тухай баримтууд:
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна