Монгол гоо сайхны илэрхийлэл


Азийн эдийн засаг хүчирхэгжихийн хэрээр дорнын соёл, урлаг эрчээ авлаа. Ази жүжигчдийг туслах дүрдээ ч ховорхон хуваарилдаг байсан барууны найруулагчдын хандлага ч өөрчлөгджээ. Кино наадмууд, “Оскар”-ын тайзнаас ази жүжигчид үг хэлж, шилдэг дүрийн шагналуудыг түүх болсон. Улаан хивсний ёслолын хамгийн хүндтэй хэсэгт зогсож, тансаг зэрэглэлийн брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байна. Дорнын гоо сайхны илэрхийлэл болон гялалзаж буй жүжигчин Б.Ганчимэгийг “Монгол бахархал”-даа онцоллоо. Тэрбээр жүжигчний карьераа эхлүүлэхээсээ өмнө загвар өмсөгч байсан юм. Түүний уран бүтээлийн оргил нь 2019 онд Венецийн кино наадмаар нээсэн “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүр. Үүнээс өмнө “Wonder Woman”, “Mad Lord” зэрэг Холливудын кинонд дүр бүтээн найруулагчдын хараанд өртжээ. Мэргэжлийн загвар өмсөгч учраас камерын өмнө ажиллахдаа гаргууд, өнцгийн мастер байв. Нөгөөтэйгүүр бүтээж буй дүрийнхээ амьдралын агшин бүрийг харуулахыг зорьдгоороо бусдаас ялгардаг.

 

“Хэдий хэцүү байна төдий сайн”

 

Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2016 онд Лондоны “The City Lit” сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж дүүргэв. Жүжигчний замналаа амжилттай эхлүүлсэн ч шантрах үе бишгүй тохиолдоно. Тэр бүрд “Унавал босоод хормойгоо гүв” гэдэг ардынхаа үгийг санан зорилгынхоо төлөө  хүчээ дайчилдаг. Энэ үг амьдралын чиглүүлэгч хүчээс гадна эмээг нь санагдуулдаг дотно шидтэй аж.  “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино бүх талаараа сорилт байв. Дүрийнхээ судалгаа болоод онцлогийн талаар “Би сорилттой дүрүүдэд байгалиасаа татагддаг. Энэ дүр  жүжигчний хувьд намайг өсгөсөн. Бас чадваруудыг харуулах сайхан завшаан байлаа. Миний бүтээсэн охин төрөлх нутагтаа эзэнт гүрний албатуудад харгис хэрцгийгээр эрүү шүүлтэд орсон нутгийн иргэний дүр. Хэдий хүнд хэцүүг туулсан ч түүний хатан зориг мохоогүй, охины сэтгэлийн мухарт эх нутаг, элгэн саднаа гэх чин хүсэл нь түүний амьд явах шалтгаан болж байсан. Африкийн Марокко улсад зураг авалтыг нь хийсэн уг бүтээлийн үйл явдал нэгэн эзэнт гүрний хил орчимд орших хотод болж буй үйл явдлаар эхэлдэг. Элдэв гэмт хэрэг гардаггүй, амар тайван энэ хотод хурандаа Жолл болон түүний цэрэг шалгалт хийхээр ирнэ. Хил орчимд амьдардаг нутгийн уугуул нүүдэлчдийг “Зэрлэгүүд” хэмээн нэрлэх ба тэднийг тун удахгүй хот руу довтлох гэж байгаа тухай яриа дэгдсэнээр хурандаа иржээ. Хотын захирагч хурандаад ямар нэг бослого болохгүй гэдгийг хэлдэг ч Жолл урьдчилсан арга хэмжээ авах нэрийдлээр нүүдэлчдийг хотод авчирч тамлан зовооно. Амгалан  амьдралыг үймүүлсэн хурандаа болон түүний цэрэг зэрлэг үү, эсвэл “зэрлэгүүд” нэр авсан уугуул нүүдэлчид зэрлэг үү гэсэн асуултыг зохиогч үзэгчдэд үлдээсэн. Дүрээ олон талаас нь судлахдаа романы үйл явдал, дүрийнхээ  сэтгэл хөдлөл дээр үнэхээр ажилласан. Төрөлхийн нүүдэлчин соёлтой болоод ч тэр үү дүртэйгээ цаанаасаа холбоотой санагдаж байв.  Эмээтэйгээ өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамж сэргээд дүрээ хөгжүүлэхэд түлхэц өгсөн” гэжээ. Каннын наадмын хошой шагналт найруулагч Чиро Гуэррагийн энэхүү бүтээлд Жонни Депп,  Роберт Паттинсон  нартай хамтран тоглосон билээ. Алдартнуудаар хүрээлүүлсэн нүсэр багт ажиллана гэдэг залуу уран бүтээлчид ховор тохиох боломж. Хэдий зураг авалтын талбайд од эсэх нь хамаагүй ногдсон дүрдээ анхаардаг ч Жонни Деппийн тоглолтоос Ганчимэг их зүйл сурчээ. Ялангуяа жүжигчин Марк Райлансын дэмжлэгээс урам зориг авчээ. Энэ тухайгаа “Би Холливудын жүжигчинд монгол хэл заана гэж хэзээ ч бодож байгаагүй.  Оскарын шагналт жүжигчин Марк Райланс монгол үгийг хурдан сурсан. Гайхалтай зураглаач Крис Менгес  надад цаг бүр, бүх талаараа урам зориг өгсөн. Кино урлагт хүсэл тэмүүллээ хуваалцдаг хүмүүст талархаж явдаг” гэжээ.  Киноны нээлт Венецид болов. Венецийн кино наадмын дэлгэцээр өөрийгөө хараад Монголд төрснөөрөө л бахархан суусан гэдэг. Зуны амралтаараа хөдөө эмээгийндээ очин мал маллаж өссөнөөрөө монгол ахуйг  зүрх сэтгэлдээ үүрд уусгажээ. Венецийн наадамд оролцохдоо “Миний бага нас эгэл жирийн хүүхдүүдийн адил өнгөрсөн. Амралтаараа хөдөө байдаг эмээгийндээ очдог байлаа. Эмээ минь нүүдэлчин хүн. Бид амралтаараа эмээдээ тусалж, мал сүргийг нь хариулдаг байсан. Монголчууд бага балчир наснаасаа эхлэн байгаль дэлхийтэйгээ ойрхон өсөж, эх дэлхийгээ хайрлан энэрч сурдаг. Энэ зан чанар нь надтай үргэлж холбоотой байсаар ирсэн. Эмээ надад “Бүдэрч унасан ч тоосоо гүвээд урагш алхах хэрэгтэй шүү” хэмээн үргэлж хэлдэг байсан. Энэ үг намайг өнөөдрийн амжилтад хөтөлсөн гэж  боддог. Миний алдаж оносон бүхэн намайг урагш алхаж тэмүүлэх замд хөтөлдөг. Би зүрх сэтгэлдээ үргэлж орчин үеийн нүүдэлчин Монголын хэв шинжийг агуулж байдаг” хэмээжээ. Өмнөд Африкийн зохиолч Жон Максвелл Кутзийн Нобелийн шагналт “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэсэн энэхүү кинонд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нар туслах дүр бүтээсэн. Жүжигчний ажил амар биш. Ялангуяа тэр том зах зээлд маш их өрсөлдөөнтэй учир өдөр бүр шигшээ багийн тамирчин шиг бэлтгэл сургуулилалт хийж, өөрийгөө дайчилдаг байна. Тэрбээр шинэ кинонд тоглохдоо дүрийнхээ онцлог хэв маягт татагддаг.  Б.Ганчимэг кинонд дүр бүтээгээд зогсохгүй “A Boy On A Beach”, “Vinegar Tom”, “Love and Information”, “Much Ado About Nothing”, “The White Devil ”, “Sweeney Todd”, “The Snow Queen” зэрэг тайзны бүтээлүүдэд тогложээ. Дээрх төсөлд  ажиллаж байхдаа Киану Ривз, Жони Депп, Роберт Паттинсон нартай хамтран ажилласан юм. Хэдий хэцүү байна төдий сайн гэдэг зарчимтай дайчин бүсгүйн мөрөөдлийн дүр бол  шинжлэх ухааны уран зөгнөлт эсвэл тулаант кино гэнэ.  Мөн эх орондоо түүхэн кинонд тоглох хүсэлтэй аж.

 

Өөрийгөө бүтээсэн ертөнц

 

Зургаан наснаасаа хүүхэлдэйдээ зориулж хувцас урласаар өсвөрийн загвар зохион бүтээгчдийн “Үнсгэлжин” наадмаас шагнал хүртсэн удаатай. Тэр үеэс загвар түүний илэрхийлэл болж, өөрийн гэсэн өвөрмөц стилиэ бүрдүүлжээ. Англи улсад 10 гаруй жил моделиор ажиллахдаа GQ, “Ashish”, “Gucci” зэрэг алдартай брэндийн загварын шоунд амжилттай оролцож, сэтгүүлийн нүүрийг чимэж байв. Багаасаа үлгэрт дуртай, үзсэн киноныхоо үйл явдлуудыг дотроо бодож явсаар кино урлагт шимтэгч нэгэн болсноо нуусангүй. Загварын тайзаа кино урлагаар эргэлзээгүй сольсон тухайгаа “Аав маань надад үлгэр  уншиж байлаа. Үлгэрийн баатруудыг, номын зургийг дагаж зурдаг. Монгол ардын үлгэр сонсож өссөн болоод тэр үү  үзсэн киногоо өөрийнхөөрөө найруулж дотроо ургуулан боддог. Үзсэн кинон дотроо бараг долоо хоног амьдардаг хүүхэд байсан. Одоо бодоход дотоод уран дүрслэл, бяцхан ертөнцдөө амьдардаг хүүхэд байжээ” гэж дурслаа. Түүний сонгосон, туулж буй зам болсон хоёр салбарт нийтлэг зүйл олон. Нэг ёсондоо жүжиглэх, загвар өмсөх гэдэг нь хэн нэгний бүтээсэн загвар, түүхийг олон нийтэд толилуулдгаараа адилхан. Тиймээс та дизайнер, найруулагч, зохиолчийн санасан бүхнийг үзэгчдэд хүргэхийн тулд тэдэнтэй маш сайн хамтран ажиллах хэрэгтэй. Миний туршлагаас үзэхэд загвар өмсөгчид ямар ч камертай маш сайн харилцаж сурах ёстой. Чи хэн нэгнээс ичиж, санаа зоволгүйгээр камертай харьцаж сурснаар кино дэлгэцийн талбарт ч гарч ирэх боломж нээгдэнэ. Бас нэг нийтлэг тал бол олон цагийн зураг авалтыг тэсвэрлэхэд шаардагдах уян хатан байдал, зураг авалт бүрд найруулагчийн илэрхийлэхийг хүссэн зүйлийг хүргэх тууштай байдал шаардлагатай. 


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 17 минутын өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 24 минутын өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 32 минутын өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 36 минутын өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 1 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 1 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 1 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 3 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр