Загварын ертөнцийн нүүдэл


Японы загварын масс зах зээлийг дэлхийд алдартай групп болгон өргөжүүлсэн Тадаши Янайг бизнесийн сурах бичгүүдийн нэг хэмээдэг. Тэр бол Японы тэргүүн, 73 тэрбум ам.долларын үнэлгээтэй хувцасны эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч . Түүний мэдэлд 2000 гаруй жижиглэн худалдааны дэлгүүр, “Uniqlo”, “Helmut Lang”, “Theory”, “Comptoir des Cotonniers” брэнд харьяалагддаг. Түүнийг хэвлэлүүд “Азийг хувцасладаг хүн” гэж нэрлэдэг.   “Форбс”-ын тооцоолсноор  хувийн хөрөнгө нь 36 тэрбум ам.долларт хүрчээ.   Сүмида голын үзэсгэлэнг тольдсон оффисдоо ихэнх цагаа өнгөрүүлдэг Янай захирлын мөрөөдөл Япон чанарыг дахин тунхаглах юм.

 

“Нэг ялалт, есөн ялагдал”

Ямагучи мужийн Убэ хотоос гаралтай Янай гэр бүлийн дэлгүүрийнхээ дээврийн давчуу өрөөнд өссөн тухайгаа 2003 онд хэвлүүлсэн “Нэг ялалт, есөн ялагдал” намтар номдоо дурсжээ. Гадуур хувцасны наймаачны хүү Токиогийн нэр хүндтэй “Васэда” их сургуульд эдийн засгийн чиглэлээр элссэн ч 18 сар үргэлжилсэн зүүний үзэлтэй оюутнуудын жагсаалаас болж олигтой хичээл үзэж чадалгүй төгссөн гэдэг. Гэр бүлийн сүлжээ дэлгүүрээ 1972 онд өвлөж, бизнесийн салбарт толгой мэдэн хүч үзжээ. АНУ, Их Британи руу аялахдаа дунд давхаргынханд зориулсан хувцасны зах зээл хөгжиж байгааг анзаарч эх орондоо нахиалах үрийг тарив. Хирошимагийн хувцасны зах зээлд тэргүүлэхийн төлөө өрсөлдөж, шинэ салбар нээхдээ брэндийн нэрээ “Uniqlo” болгон өөрчилжээ. Наран улсын бизнесийн соёл немаваши буюу “зөвшилцөх” үзэлд тулгуурладаг. Харин  Янайгийн удирдлагын арга барил ондоо. Үүнээс болж хоёрхон жилийн дотор бүх ажилчид нь ажлаасаа гарчээ. Тэр бол CEO буюу захирлын алба эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой гэж хэлсэн анхны бизнесмэн. Эзэнт гүрнээ залгамжлагчийг бүсгүй хүн байгаасай гэж ил тод зарласан.  “Uniqlo”-ийн амжилт чанартай материалыг хямд үнэтэй хослуулсанд оршино. Зун бүгчим цагаар амьсгалж, өвлийн улиралд дулаанаа хадгалдаг алдартай “Heat-Tech” төрлийн даавууг туршиж бэлэн хувцасны үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм. Ингээд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот Токиогийн төвд  1998 онд нээсэн  анхны салбараа  ноосон цамцыг 1900 иенээр худалдаалж шуугиан тарьсан.  Удалгүй  Япон даяар 300 гаруй дэлгүүртэй болов.Тэр үед Uniqlo хямд загварыг төлөөлдөг байсан.  Компанийн орлого 1998-2001 онд тав дахин өсөхөд брэнд дүр төрхөө бүрэн өөрчлөв. Дотоодын дөрвөн хэрэглэгч тутмын нэг нь “Uniqlo”-г сонгож байлаа. Тэрбээр “Манайх загварын биш, технологийн компани” гэж хэлэх дуртай. Түүнийхээр бол брэндийн хувцас үйлдвэрлэл загварын ертөнцийн мөчлөг, чиг хандлагад тулгуурласан хэмнэл гэхээсээ илүү технологийн салбарын бүтээгдэхүүн хөгжүүлэх давталттай хандлага юм. Үнэндээ “Uniqlo” улирлаар өөрчлөгддөг загварын хэмнэлээс тэс өөр үзэл баримтлалтай. Өөрөөр хэлбэл, хэзээ ч хуучрахгүй хэрэгцээт хувцасны шүүгээг бүтээхэд анхаардаг. Компанийнхаа удирдлагыг 2002 онд Геничи Тамацукад шилжүүлсэн боловч гурван жилийн дараа эргэн иржээ. Тэрбээр өдгөө “Fast Retailing” компанийн хувьцааны  44 хувийг эзэмшдэг. Борлуулалтаас гадна өөрийнхөө  үнэт зүйлдээ үнэнч байж, ажилчдаа чадавхжуулахад анхаардаг. Ашиг, зорилгын хүчирхэг хослолынхоо ачаар “Тайм” сэтгүүлийн нөлөө бүхий 100 хүн, “Форбс”-ын 100 шилдэг энтрепренер жагсаалтад багтжээ.

Япон мөрөөдөл

Дээд зэрэглэлийн брэндийн дэлгүүрүүдтэй зэрэгцэн олон улсад салбараа нээснээр “Uniqlo”-гийн халуурлын давлагаа эхэлдэг.  Эл үзэгдэл Лондоны “Ковент-Гарден”,  Миланы “Пиазза Кордусио”, Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөний дэлгүүрүүдийн концепцыг өөрчилж байлаа.  Хүртээмжийн тухайд АНУ-ын “Gap”-ийг гүйцэж, Шведийн H&M болон Испанийн “Zara”-тай өрсөлдөж байна. “Uniqlo”-гийн өсөлт олон улсад Японы зарим фирмийн нэр хүнд унаж байгаа цаг үетэй давхацсан. Дэлхий даяар 2000-аад он хүртэл япончууд анхдагчид байв. “Касио” тооны машин, “Seiko”-гийн бугуйн цаг, “Fujifilm”-ийн дижитал камер зэргээр япон чанарт хошуурсан. Гэтэл консерватив удирдлага, ширүүн өрсөлдөөний улмаас тэд дэлхийн зах зээлд зай тавьжээ.

Тэрбээр “Бизнес төлөвлөгөө бүхэн хугацаатай байдаг. Дасан зохицож чадаагүй нь мөхдөг. Японы хамгийн том дутагдал бол хувь хүн гэж байдаггүйд оршино. Манай ард түмэн Азийн бусад орноос хоцорч байгаа бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй” гэжээ. Ингээд Кишида 2027 он гэхэд дотоодын гарааны бизнес эрхлэгчдийн тоог арав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж, старт-апуудад  төрийн болон хувийн санхүүжилт олгохыг уриалжээ. Японы ДНБ-ий ердөө 0.08 хувь нь гарааны бизнест хөрөнгө оруулалт хийдэг бол АНУ-д 0.64 хувьтай байдаг. Тадаши Янайн  хэтийн зорилго БНХАУ, АНУ-ыг байлдан дагуулах.  Ялангуяа Хятадын загварын зах зээлийг эзлэх тулаан ид өрнөж байна. Нэг хүүхэд бодлогоо цуцалсан, мөдхөн тэрбум 500 сая хүнтэй болох Хятад улс бүх насны хүмүүст зориулсан хувцас үйлдвэрлэгчдийн мөрөөдөл.  Тус улс дахь анхны дэлгүүрээ 2002 онд Шанхайд нээжээ.  Уг салбар нь дэлхийн хэмжээнд “Uniqlo”-гийн хамгийн том дэлгүүр юм. Тогтвортой өргөжин тэлсээр өнөөдөр Хятад даяар 832 дэлгүүртэй. Ойрын хугацаанд 91 шинэ салбараа нээхээр төлөвлөж байна. Бизнесийн үндсэн философи нь бүдгэрэхээсээ өмнө бүтэлгүйт.  Эрчим хүчний шилжилтийн улмаас нүүрсний уурхайнуудаа хааж, нийтээрээ ажилгүй болсон Убэ хотын “сорви” түүнд үлджээ. АНУ-д анхны  дэлгүүрээ 2005 онд нээсэн ч ганцхан  жилийн дараа хаалгаа барьсан. Энэ бол Тадаши Янайн хамгийн том бүтэлгүйтэл байлаа. Үнэндээ тууштай дэлгүүр хэсдэг үйлчлүүлэгчид нь “Uniqlo”-г аварсан юм. "Monocle" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би амжилттай харагдаж магадгүй.  Гэхдээ олон удаа алдсан. Хүмүүс бүтэлгүйтлээ хэтэрхий нухацтай хүлээж авдаг бол би эерэг байж, дараагийн удаа амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг” гэжээ.  Тэгвэл өнөөдөр АНУ-ын зах зээлд хэрэглэгчтэй болж 2027 он гэхэд 200 салбар нээх зоримог төлөвлөгөөтэй байна.

 

“Нийгэмдээ буцааж өг”

“Fast Retailing” компани 2006 онд  бүтээгдэхүүнээ дахин боловсруулах санаачилгаа эхлүүлж, байгаль орчны бодлого боловсруулжээ. Дэлхийн хүмүүсийн жилд худалдан авдаг хувцасны тоо нийтдээ 80 тэрбум ширхэгт эргэлдэж байгаа гэх сүүлийн үеийн тоо баримт байна. Манай гарагийн долоон тэрбум хүн бүр сард нэг шинэ хувцас худалдан авдаг гэсэн үг. Энэ бол арван жилийн өмнөхтэй харьцуулахад 400 хувь өссөн үзүүлэлт. “Эргэж харах дургүй” залуусын харагдсан бүхнээ худалдан авдаг буруу хандлагыг Тадаши шүүмжилдэг. Ямар хувцас өмсөж, юугаар гангарах нь хувь хүний мэдлийн хэрэг ч хөлсөө дуслуулан байж олсон хэдээ юунд үрэх гэж буйгаа дахиад нэг бодоход илүүдэхгүй. “Нийгэмдээ буцааж өг” гэж хэлэх дуртай Тадаши бизнесээс олсон ашгийнхаа тодорхой хэсгийг хүнд нөхцөлд амьдарч буй хүмүүсийг дэмжихэд зориулдаг. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн төвтэй хамтран ажиллаж, дэлхийн хэмжээнд дүрвэгсдэд  хувцас хандивладаг. Мөн  2011 оны газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд нэг тэрбум япон иен хандивлажээ. “LifeWear” буюу "Uniqlo"-гийн бүтээгдэхүүндээ зориулан гаргасан уриа  “Өдөр тутмын хамгийн чухал хувцас” гэх Янайн бодлогоос улбаатай.  Түүнийг ухрах юм бол “Uniqlo”-гийн ирээдүй хэрхэхийг загварын агентууд таамаглах дуртай. Дэлхийн хэмжээний багийг бүрдүүлж, эрх тэгш байдлыг хангахыг эрмэлзэж буй Тадаши цар тахлын үед ажилтнуудынхаа цалинг 40 хувиар нэмэгдүүлсэн.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24612/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 19 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 19 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 19 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07