Усны хаан


 БНХАУ-ын тэрбумтнуудыг технологийн компанийн эзэд тэргүүлдэг гэсэн нийтлэг ойлголт бий.  Тэгвэл өсөн нэмэгдэж буй технологийн магнатуудын урд “Усны хаан” гэгддэг  Жун Шаншань бичигддэг. Заримдаа Энэтхэгийн бизнесийн магнат Мукеш Амбанийг хөрөнгийн хэмжээгээрээ гүйцэж, Азийн хамгийн баян эрхмээр нэрлэгддэг удаатай. Тэрбээр  энэ жил дэлхийн супер баячуудын жагсаалтын 11-д эрэмбэлэгджээ. “Блүүмберг”-ийн индексээр түүний хөрөнгө 93.8 тэрбум ам.доллар юм. Дотооддоо алдартай “Бээжин Вантай” эмийн үйлдвэр, “Нонгфу спринг” цэвэр  усны компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга юм. Өнөөдөр  “Нонгфу спринг” компани уснаас гадна цай, жүүс зэрэг савласан ундаа үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг. Мөн дотоодын зах зээлдээ хамгийн том, үр ашигтай түгээлтийн сүлжээнүүдийн нэг болон тэлжээ.

Сэтгүүлчээс хувийн бизнес рүү

 Хятадын соёл, түүх  Хөх мөрөн, Шар мөрнийг даган цэцэглэн хөгжиж ирсэн бол энэ цагийн хятадууд “Нонгфу” усаар ундаалдаг гэдэг. Тэгвэл ард түмний ундаа болсон улаан таглаатай, савласан усны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. ХХI зууны иргэд VR, метаверс зэрэг дэвшилтэт технологи, Ангараг гараг руу аялах хэтийн төлөвт анхаарал хандуулдаг мэт санагдаж болох юм.  Гэтэл манай гарагийн хүмүүсийн олонх нь цэвэр ус уухын тулд өдөр бүр санаагаа чилээж байна. “Mintel” компанийн судалгаагаар дотоодын усны зах зээлийн дөрөвний нэгийг “Нонгфу” бүрдүүлдэг. 

 Ханжоу хотын уугуул тэрбээр Соёлын хувьсгалын эмх замбараагүй үед  дунд сургуулиа орхисон. Эцэг, эхийг нь хэлмэгдүүлэн баривчлахад Шаншань 12 настай байв. Өсвөр насандаа амьдралын хүчрийг туулж, хар бор ажил голохгүй хийжээ.  Тэрбээр 1977 онд Жэжян радио телевизийн дээд сургуульд элсэн суралцав. Их сургуулиа төгсөөд Жэжян мужийн өдрийн сонины сурвалжлагчаар ажиллаж, хувиараа бизнес эрхлэгч 500 гаруй хүнтэй ярилцлага хийжээ. Эндээс л хувийн бизнесээ эхлүүлэх санаа төрсөн байна. Ингээд мөөг, сам хорхойн бизнес эрхлэхээр 1988 онд өмнөд эргийн Хайнань арал руу нүүжээ. “Wahaha” ундааны компанид борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа усны үйлдвэр байгуулах санаагаа олжээ. Төрөлх Ханжоу хотын Сиху дүүрэгтээ байр худалдаж авав. 

“Нонгфу” компанийн төв байр өдгөө ч үзэсгэлэнт нуураар алдартай Сиху дүүрэгт байрладаг. Шаншань 1996 онд цэвэр усны компаниа  байгуулав. 1999 оноос эрдэст ус худалдаанд гарган маркетингийн ухаалаг алхам хийсэн нь борлуулалтыг огцом нэмэгдүүлсэн. Түүний оргилд хүрсэн замнал нь тийм ч дардан биш. Бизнес нь хэд хэдэн удаа  уналтад орж байсан  ч савласан усны зах зээлд эзлэх хувь тогтвортой өсөж, 2018 онд 28.3 хувьд хүрч, хамгийн алдартай брэнд болжээ. Тус компани 2019 онд 3.5 тэрбум ам.долларын орлого олсон бол 2020 оны сүүлчээр Хонконгийн хөрөнгийн бирж дээр анхныхаа дебютээ хийж, IPO-ийн анхны үнээсээ 85 хувиар өсөж 39.80 хонконг доллар болжээ. Жун Шаншаний эзэнт гүрэн борлуулалтаараа “Coca-Cola”, “Watsons”, “Pepsi”зэрэг салбарын аварга компаниудыг ардаа орхижээ. Зах зээлээ өргөжүүлэхийн тулд үүлэн тооцоолол, том өгөгдөл зэрэг шинэ технологийг ашигласан. Азийн зарим оронд “Нонгфу” усны бизнесийн загварыг дуурайх гэж оролдсон ч бүтэлгүйтжээ. Тэд  маркетинг, брэндингээрээ дамжуулан эрүүл мэндийн мэдлэгийг түгээж,  усны ухамсартай хэрэглээг сурталчилдаг.

 

Хятадын тэргүүн баян

 

Жун Шаншань өнөөдөр 100 гаруй компанид хувь эзэмшдэг. Ингэхдээ үндэсний аж үйлдвэрлэгчдийн нэгэн адил арилжааны амжилт, албан ёсны хяналт шалгалтын хоорондох шугамыг даван туулж ирсэн. Канберра дахь Хятадын бодлогын төвийн захирал Юн Жиан “Коммунист нам дотоодын бизнесийг томорч, олон улсын хэмжээнд гаргахыг хүсдэг ч хяналтаа тодорхой хэмжээгээр хадгалж байна. 

Тэргүүлэх зэрэглэлийн бизнес эрхлэгчид улс төрийн хяналтаас зугтаж чадахгүй, ялангуяа  тэрбумтнуудын жагсаалтад орсон бол найдаад ч хэрэггүй” гэжээ. Хятадын Энтрепренёруудын клубээс “2018 оны шилдэг бизнес эрхлэгч”-ээр шалгарч, 2019 онд “Фортун” сэтгүүлээс гаргасан “Хятадын хамгийн нөлөө бүхий 50 хүн”-ий нэгээр шалгарсан байна. “Нонгфу” Хонконгийн биржид 2020 онд IPO гаргасны дараа Жун Шаншань богино хугацаанд Азийн хамгийн баян хүнээр тодорч, Мукеш Амбанийг ардаа орхисон. Жун Шаншань гурван хүүхэдтэй. Баян хүнийг балаг тойрдоггүйн жишгээр Жун Шаншань үндсэрхэг үзэлтнүүдийн бойкотод энэ жил анх удаа өртжээ. Олон нийт брэндийн савлагааны материал, загвар,  компанийн залгамжлагчийн иргэншлийг зад шүүмжилжээ. 

Эцгийнхээ асар их хөрөнгийг өвлөж авах нь тодорхой  болсон Жун Шузи америк иргэншилтэй. Үүнд эгдүүцсэн ард түмэн “Хятадын хамгийн баян хүн америк хүн байж болохгүй”,  “Хүн хэдий баян ч сэтгэлгүй бол хэн ч биш”, “Хятад хүн эх орноо гэх зүрх сэтгэлтэй байх ёстой” гэж үзэл бодлоо илэрхийлсэн.  Савлагааны тухайд, худалдаанд шинээр гаргасан будааны цайны саванд мөрөг загасны хэлбэртэй дүрс оруулжээ. Японы уламжлалт мөрөг загастай холбон бойкотлов. Цахим сүлжээнд эх оронч бус гэж зэмлүүлж, гол  өрсөлдөгч бол “Wahaha” группийн борлуулалт өссөн. "Wahaha"-ийн үүсгэн байгуулагч Зон Чинхоу  иргэдийн дунд нэр хүндтэй үндсэрхэг үзэлтэн байжээ. 

Баян чинээлэг эрхмүүдтэй харьцуулахад олон нийтийн өмнө бага гардаг, чимээ шуугианаас холуур зан нь “ганцаардмал чоно” гэх хочтой болгожээ. Хятадын хэвлэлд ховорхон ярилцлага өгдөг бөгөөд нэгэнтээ  “Би зусардах занг тэвчдэггүй. Оргилд хүрэхийн тулд тууштай бай” гэсэн байдаг.

 

Эмийн үйлдвэрт хүч үзсэн нь

 

Цар тахлын жилүүдэд “Бээжин Вантай”-н хувьцаа 2000 гаруй хувиар өсөж санхүүгийн зах зээлийг донсолгосон.  “Бээжин Вантай”  халдварт өвчний эсрэг эм, эрүүл мэндийн бэлдмэлийн хөгжүүлэлтэд түлхүү анхаардаг. Хүний дархлал хомсдолын вирусийн халдварыг оношлох урвалж үйлдвэрлэдэг Азийн хамгийн том үйлдвэр юм. Жун Шаншань эмийн үйлдвэрийнхээ хувьцааны 75 хувийг эзэмшдэг. 

Энэхүү компани нь Хятад, Хонгконгийн хөрөнгийн зах зээлд олон нийтэд нээлттэй.  Санхүүгийн шинжээчдийн таамаглаж байгаагаар дэлхийн зах зээлд, нэн ялангуяа Хятадын хөрөнгийн бирж дээр IPO хувьцаа ихээр гарснаар ирэх саруудад гэнэт баяжигчдын тоо нэмэгдсээр байх ажээ. Хонконгийн хөрөнгийн бирж дэлхийд хоёрт орж байна. Өнгөрсөн онд Жун Шаншаний хөрөнгө 70.9 тэрбум ам.доллароор өссөн. Хөрөнгөө богино хугацаанд өсгөсөн үзүүлэлтээр мөн дээд амжилт тогтоолоо гэж Блүүмберг онцолж буй юм.

 Тэрбээр “Блүүмберг”-ийн тэрбумтнуудын индексэд Азид нэгдүгээрт, дэлхийд 11 дүгээрт бичигдэж байна.Түүний талаар Хятадын зах зээлийг судлаач, “Hurun Report” баялгийн судалгааны компанийн ерөнхийлөгч Руперт Хогверф “Шаншань зөвхөн өөрийнхөө бизнестэй холбоотой хүмүүстэй л харилцдаг. Бизнесийн хүрээнд найз нөхөд, танил цөөтэй, даруухан нэгэн” хэмээн ярьжээ. Энэ жил Хятадад 100 орчим тэрбумтан шинээр төрөх тооцоотой байна. Хятад улсад өнгөрсөн 10 жилийн дотор нийт 325 тэрбумтантай  болсон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн талаар “Форбс” сэтгүүл мэдээлжээ. 

 Түүнчлэн Хятадын Хонконг тэрбумтнуудын өсөлтөөр жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. Тус бүс нутагт өнгөрсөн арван жил тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй хүмүүсийн тоо 25-66 болж нэмэгдсэн аж. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан ч тэрбумтнуудын нийлбэр хөрөнгө өнгөрсөн оноос есөн хувиар өссөн бөгөөд энэ оны нэгдүгээр сарын байдлаар тэдний нийлбэр хөрөнгө 7.3 их наяд ам.доллартой тэнцжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 7 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 7 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 8 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө