“Тэд бидний тухай”


“Тэд бидний тухай” буландаа Монгол Улсын тухай гадаадын сонин, сэтгүүл, мэдээллийн агентлагуудад гарсан нийтлэлээс онцлон хөрвүүлдэг. Энэ дугаартаа CNN агентлагийн сэтгүүлч Бреанна Вилсоны “Грекийн арал шиг Хэцүү хад” аян замын тэмдэглэл, Хонконгийн их сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор Линда Тжиа, Япон улсын Бодлого судлалын үндэсний хүрээлэнгийн дэд профессор Гуани Лим нарын “East asia forum” улирал тутмын сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлээс хөрвүүллээ. “East asia forum” нь Ази, Номхон далайн бүс нутгийн  судлаачдын хүртээмжтэй дүн шинжилгээг нийтлэх зорилготой платформ юм. Нийтлэлүүд нь улс төр, эдийн засаг, бизнес, хууль эрх зүй, аюулгүй байдал, олон улсын харилцаа, нийгмийн талаарх бодлогын дүн шинжилгээ, тайлбарыг агуулдаг. Линда Тжиа, Гуани Лим нар Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх, эдийн засгаа тогтворжуулахад тэмээний ноос чухлыг онцолжээ. Тэгвэл аялагч, сэтгүүлч Бреанна Вилсон Хяргас нуураар аялсан тэмдэглэлдээ Хэцүү хадын байгалийн тогтцыг Газар дундын тэнгисийн арлуудтай зүйрлэсэн байна. 

Грекийн арал шиг Хэцүү хад

Монгол Улсын нийслэл Улаанбаатараас 1800 км зайтай Хяргас нуураар аяллаа. Монгол орноор тухтай аялахыг  хүссэн учир замдаа гурав хонож очсон юм. Нуурыг алдартай болгосон Хэцүү хаданд хүрэхийн тулд бартаатай, элстэй замаар 43 км газрыг туулахад гурван цаг зарцууллаа. Цагаан хадан цохио, элс,  номин ногоон устай энэ нуур Азийн алслагдсан байгаль гэхээсээ илүү Газар дундын тэнгист байгаа мэт сэтгэгдэл төрүүлэв. “Хяргас нуур бол Монголын хамгийн нууцлагдмал газар” гэж аяллын блогоос уншсан тэмдэглэл намайг энэ хүртэл ирэхийг ятгасан. Монгол орны байгалийн гайхамшгууд гадаадын аялагчдыг татдаг олон шалтгааны нэг бол байгалийн тогтоц. Дэлхийн алдартай газруудыг ганцхан улсаар аялаад мэдрэх нь ховор боломж шүү. Яг л ийм жишээгээр Хэцүү хадны байгалийн тогтоц Грект очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Усанд сэлж буй нутгийн иргэдтэй уулзахад  “Нуурын гүнд аварга хөх бух амьдардаг” хэмээн хуучилж “Намар болохоор бух нуурын ёроолоос гарч,  малчин айлд очдог. Тэр айлын мал сүрэг өсөж, баян болдог” гэх  домгийг сонсоод мөнгөний бух гарч ирэхийг хүлээмээр санагдсан юм. Хяргас бол Увс аймгийн баруун хойд хэсэгт оршдог, давстай нуур. 74 километр урт, 31 километр өргөн, 80 метрийн гүн, Монголын гурав дахь том нуур юм.  Зүүн эргийг дагасан  байгалийн хадан тогтцоороо алдартай. Бид нуурын эрэгт хонохоор майхан, асраа барьж, оройн хоолоо бэлдэж, төвхнөөд удаагүй байтал нар жаргав. Шөнө болоход эрчлэх давлагаа нь эргээ балбаж, хөөсрөх нь  сүртэй гэж жигтэйхэн. Далай шиг. Хаа нэг газраа хадны орой уснаас цухуйх нь арал мэт  үзэгдэнэ. Шувуу сонирхогчдын хувьд Хяргас нуурын эрэг, тэр дундаа Хэцүү хад бол жинхэнэ диваажин. Дэлхийн хэмжээнд ховордсон хэд хэдэн зүйлийн шувууг нэг дор харах боломжтой.  Нуурын дундах шовх хаднууд дунд үүрээ зассан хар галуу, цахлай, хотон  шувууны ганганаагаар өглөөг угтдаг аж. Учир нь эдгээр шувууны үндсэн идэш болсон олон төрлийн загас Хяргас нуурт элбэг. Эргийн сувдан хаднууд, цахлайн сүрэг “Монгол Улс далайд гарцгүй орон биш бил үү” гэж бодоход хүргэсэн юм.  Нуурын хойд талд байгалийн рашаан ундардаг. Эрүүл мэндэд ач тустай эдгээр рашааныг сувиллын зориулалтаар ашигладаг аж. Хувь хүнийхээ талаас би байгаа бүхэн минь л надад хангалттай юм байна гэдгийг нүүдэлчдээс ойлгож авсан. Мөн аз жаргал хэзээ ч том байшин, мөнгөнд бус өөрт байгаа зүйлээ хэрхэн үнэлж, үнэ цэнтэй байлгах вэ гэдэг дээр ихээхэн тогтдог юм байна. Хүн хүсээд л байвал хэзээ ч дуусахгүй. Үргэлж шинэ, одоо байгаагаасаа илүүг хүснэ. Харин нүүдэлчин аж амьдрал гэдэг хамгийн амар амгалан, аз жаргалтай амьдралын хэв маяг. Төсөөлөөд үз дээ XXI зууны нийгэмд ийм зүйлийг харна гэдэг үнэхээр сонирхолтой. Нүүдэлчдийн амьдрал бүгдийнх нь хувьд ижил тэгш. Мэдээж жуулчдад бэрхшээлтэй зүйл гэвэл зам харгуй, тэмдэглэгээ хөдөөд байхгүй.  


Тэмээний ноос  өгөөжтэй

Монгол Улс зах зээлд шилжээд 30 гаруй жил өнгөрсөн ч,  байгалийн баялгийн экспортод түшиглэсэн тогтворгүй эдийн засагтай. Зах зээлийн интеграцын сорилт, логистикийн асуудал, жигд бус хөгжил зэрэг саад бэрхшээлүүд эдийн засгийн дэвшилд саад болж байна. Үүнийг даван туулахын тулд дэд бүтцээ сайжруулах, малчид, үйлдвэрлэгчдийн хоорондын харилцаа холбоог уялдуулах шаардлагатай. Зөвлөлт маягийн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжжээ. Энэхүү өөрчлөлт нь асар хурдацтай өсөлтийг бий болгож, Монгол Улсыг “Чоно эдийн засаг” хэмээн өргөмжилсөн.  Асар их байгалийн нөөц баялаг нь экспортын орлого, үйлдвэржилтийг бий болгож ирсэн. Тогтворгүй байдлаас гарахын тулд  байгалийн баялгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэхийг шинжээчид зөвлөдөг. Тухайлбал, тэмээний ноос зэрэг бүс нутгийн онцлог шинж чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх явдал юм. Монголын Засгийн газар болон олон улсын хандивлагчид хөдөөг хөгжүүлэхийн тулд эдгээр салбарыг дэмжих хүчин чармайлт гаргасан. Нийт экспортын харьцангуй бага хувийг тэмээний ноос эзэлдэг ч эдийн засгийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдүүлнэ. Байгальд ээлтэй, ёс зүйтэй үйлдвэрлэлийн стандартыг эрхэмлэдэг загварын брэндүүд нэмэгдэж байгаа энэ цагт тэмээний ноос Хятадын хувцас үйлдвэрлэгчдийн түгээмэл түүхий эд болжээ. Тэмээний ноос ноолуураас илүү тогтвортой түүхий эд. Ямаа нэг талаараа өгөөжтэй ч хөрсний доройтол, цөлжилтөд  нөлөөлдөг амьтан. Монгол орны ихэнх нутаг цөлжиж байгаа. Харин тэмээ бут сөөг, хатуу ургамлаар хооллодог экосистемийг хадгалахад тустай мал. Судалгаагаар тэмээний ноосыг дэлхийн зах зээлд үр дүнтэй нийлүүлэх, нэмэлт үнэ цэнийг бий болгоход шаардагдах эдийн засгийн дэвшилд саад болж буй хэд хэдэн шалтгааныг тодорхойлсон. Нэг гол асуудал бол тэмээчид  түүхий эдээ худалдан борлуулахдаа тохиролцдог. Худалдаачид, зуучлагчдын олонх нь малчидтай олон жилийн харилцаатай, ихэнх нь гэр бүлийн холбоотой байдаг. Ингэж давуу эрх эдэлж, гадаад холбоогүй малчдад санхүүгийн уян хатан зохицуулалт санал болгосон мэт боловч нөөцийн солилцоонд саад болдог. Нөгөөтэйгүүр тэмээний ноосны үйлдвэрийн засаглалын бүтэц  үгүйлэгдэж байна. Тухайлбал, бизнес эрхэлдэг зарим малчин зах зээлд гарах боломжоо судалжээ. Тэд илүү нарийн ширхэгтэй, ноолуур шиг утас гарган авахын тулд тэмээний ноосыг хяргах биш самнах аргыг туршсан байна. Орчин үеийн стандартын дагуу ноос боловсруулах үйлдвэргүй учраас малчдын боловсруулсан ноосны чанар олон улсад шаардлага хангадаггүй. Эрсдэлээс хамгаалахын тулд бизнес эрхлэгчид угаасан, самнасан ноосыг хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон шууд экспортлохыг илүүд үздэг. Угаасан ноосыг бараг бүхэлд нь Хятад руу гаргадаг бол самнасан ноосыг цааш боловсруулж бусад зах зээлд гаргадаг. Юуны өмнө хүн ам зүйн хүчин зүйл  асуудлыг улам хүндрүүлдэг. Монгол Улсын хүн амын 31.3 хувь нь хөдөө орон нутагт оршин суудаг гэсэн судалгааг 2020 онд гаргажээ. Залуу үеийнхэн ажлын байр, амьдрах нөхцөлөө даган ерөнхийдөө суурин амьдралын хэв маягийг илүүд үздэг. Өртгийн сүлжээний интеграцчиллаар хөгжих нь нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай, газар нутгийн онцлогтой үйл явц юм. Хэдий бизнесийн байгууллагууд гол үүрэг гүйцэтгэдэг боловч институцийн таатай орчингүйгээр эдийн засгийг утга учиртай, өргөн хүрээтэй сайжруулах боломжгүй. “Газар зүй бол хувь тавилан биш” гэх зарчмыг үл харгалзан хөгжлийн хөтөлбөр боловсруулахдаа байршлын хүчин зүйлийг үл тоомсорлох нь гэнэн хэрэг. Наад зах нь санхүүгийн болон техникийн нөөцийг буруу хуваарилахаас сэргийлж чадна.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24614/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 5 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 7 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 7 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 7 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 7 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 7 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 8 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 8 цагийн өмнө