Соёлыг бүтээсэн ЗУРААЧ


Бидний үеийн хүүхэд багачууд ардын хувьсгалын партизанууд, тэдний байгуулсан гавьяа, Халхын голын ялгуулсан ялалт, Эх орны чөлөөлөх дайны баатарлаг түүхээр хүмүүжсэн юм. Гудамжинд мөнөөхөн партизанууд хийгээд Халхын голын баатруудтайгаа таарч бахархан харж өслөө шүү дээ. Нийгмийн оюун санааг социализмын ирээдүйд итгэж, хүрэх ирээдүйн төсөөлөлтэй болгохын тулд хүүхдийг багаас нь бэлдэж, хүмүүжүүлдэг байж дээ гэж одоо бодон суудаг. 

Социалист иргэнийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд сургууль, боловсролын салбараас гадна урлаг, уран сайхан чухал нөлөөтэй байв. Дуу хөгжим, кино, утга уран зохиол гээд бүхий л урсгалаар хүрэх ирээдүйг сурталчилж, өнгөрсөн баатарлаг түүхүүдийг тархи оюунд минь суулгаж байлаа. Миний балчир насны ухаан санаанд хадгалагдан үлдсэн уран зургийн олон бүтээл байдгийн дотор “Бумцэндийн отряд” гэж гайхалтай уран бүтээл бий. Эрэлхэг партизануудын юунаас ч үл эмээх эрэлхэг дүр төрх. 

Тулаанд шархадсан нэгнээ халамжлах эр, эгэл ард, хүүхдээ тэвэрсэн бүсгүй гээд л гэрэл сүүдрээр эсрэг, эерэг дүрийг тодруулан гаргасан нь гүн сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй. Зургийг харж зогсохдоо 40 жилийн дараа хэн гэдэг зураач зурсныг нь мэднэ гэж таамаглаа ч үгүй биз. 


“МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач С.Рэнцэн гэж өндөр туранхайвтар бор хүн байлаа. Биднээс нэлээд ах хэрнээ бүрэг даруухан хүн байж билээ. "Монголын үнэн" сонины редакцад 1970-аад оны үед хэсэгхэн хугацаанд хамт ажиллаж байсан”хэмээн манай сонины ахмад сэтгүүлч Н.Бөхдамбий дурсаж байна. 

Миний 40 жилийн өмнө харж, балчирхан оюун ухаандаа хадгалан үлдсэн мөнөөх эрэлхэг партизануудыг зурсан хүн нь С.Рэнцэн болж таарах нь тэр. Хачин юм шүү. Зураач С.Рэнцэн гуайн талаар материал цуглуулж суухдаа энэ хүний олон зураг миний сэтгэлд зурагдан үлдсэнийг олж мэдэх нь тэр. “Цэцэг” хэмээх зургийг 1972 онд зурсан нь бас л миний дурсамжид цоморлигоо дэлгэх өдрөө хүлээн байж гэвэл мөн соньхон биз. Түүнийг аж байдлын реализмын сонгодог төлөөлөл болсон зураач хэмээн тодорхойлжээ. Одоогоор бол соцреалист л юм даа. Тосон будгаар гэрэл сүүдрийн уран тоглолт, онцгой өвөрмөц арга барилаар зурсан түүний уран бүтээлүүдийг уран зургийн талаар тааруухан мэдлэг, мэдрэмжтэй би лав хаанаас ч хараад л таних юм байна. 

“Монголын үнэн" сонинд түүн шиг уран зургийн арга барилтай усан, тосон будгаар уран бүтээл туурвидаг хүн онцгой ач холбогдолгүй мэт байлаа. Гэхдээ мань хүн зураасан зургийн аргаар ч мөн олон уран бүтээл гаргаж, сонины нийтлэлийн бодлоготой холбоотой зургууд ч олныг зурсан. Тухайн үед сонины арга ажиллагаа олон шат дамжлагтай байлаа. С.Рэнцэн зураачийн хувиар фото зургийн өө сэвийг дарах ажлыг ч амжуулж явсан байх шүү” хэмээн Н.Бөхдамбий гуай дурсамжаа үргэлжлүүлж байна. 


Арын сайхан хангай нутагт ардын хувьсгалыг эсэргүүцэгчид үгсэн хуйвалдаж, үймээн самуун дэгдээхээс ганцхан жилийн өмнө Булган сумын “Бор толгой” гэх газар нутаглаж байсан Сүрэнгийн гэрт нэгэн хүү мэндэлсэн нь хожмын аж байдлын, реализмын сонгодог төлөөлөл болох зураач байлаа. 

Түүний зураач болсон түүх их сонирхолтой. Монголд хэчнээн хүн сайдын урилгаар сургуульд элсэн орсон байдаг бол гэдэг статистик гаргавал нэлээд сонирхолтой тоо гарах байх шүү. Дэлхийн хоёрдугаар дайн дуусдаг жил буюу 1945 онд Гэгээрлийн яамны сайд Б.Ширэндэв тэргүүтэй албаны улс арын сайхан хангай нутагт ажил хэргээр морилон очжээ. Гэгээрлийн сайд нь ирснийх сургууль, боловсролын байгууллага хөл дээрээ босож пионер сурагчдад юу сургаж, юу мэдүүлснээ тайлагнах том боломж гэж харна биз дээ. 

Пионерийн бүлгэм урлагийн арга хэмжээ найруулан тавьж сонирхуулахад сурагч С.Рэнцэн “Хургатай хонь”  зургаараа оролцов. Маргааш нь Гэгээрлийн сайд Г.Рэнцэнг дуудахад гайхасхийн очвол түүнийг баяр хүргэн үнсээд “Чамайг зургийн сургуульд оруулна” гэж хэлжээ. Түүнийг 14-хөн настай байхад Дүрслэх урлагийн сургуульд дуудан 17 настайд Архангай аймгийн Дүрслэх урлагийн салбарт зураач, эрхлэгчээр томилон ажиллуулжээ. Цэл залуу 17-хон настай салбарын эрхлэгч гэхэд орчин цагт бол гайхмаар. 


Будгийн үнэр ханхалсан зураачийн даруухан урлан. Орчныг харах гэж биш, зөвхөн гэрэл оруулах зорилгоор л гаргасан жижигхэн цонх тэнд байх агаад наагуур нь татсан пансан хөшиг үл мэдэгхэн үлээх салхины аясаар намуухан хөдлөх нь ямар нэгэн тансаг хөг эгшгэнд бүүвэйлэгдэн бүжих бүсгүй хүн мэт. 

Урланд дугуй хар малгай талбисан туранхайвтар бор хүн бодолд дарагдан суужээ. Бийр барьсан гар нь зургийн зотон тушаа царцсан мэт огт хөдөлгөөнгүй. Хэрвээ салхины аясаар найган бүжих пансан хөшиг байгаагүй бол хэн нэг уран бүтээлчийн хөрөг ч юм уу гэж эндүүрмээр. 


 Уран бүтээлч, тэр дундаа зураачийн амьдрал гэдэг онгод тэнгэртэй ихээхэн холбоотой гэж би боддог юм. Онгодгүй бол оргүй хоосноос орчлон хорвоог хэрхэн бүтээх билээ. Ерөөсөө онгод тэнгэртээ захирагдан амьдардаг юм уу гэж бодогдох нь ч бий. 

Ямар сайндаа л  “Бидний багад манайх кино үйлдвэр, хуучнаар Маахуур толгойд байлаа. Нэг хашаанд дөрвөн уран бүтээлч хамтдаа хөрш амьдарна. Аав маань жинхэнэ уран бүтээлчийн амьдралаар амьдарч байсан хүн. Би нэг удаагийн явдлыг ер мартдаггүй юм. Нэгэн удаа  гэр барих ид ажилтай үед аав гэнэт алга болчихов. Ээж гайхан ойр хавьдаа хайж үзээд хөршийн эгчээс асуутал Рэнцэн гуай худгийн тэнд зургаа зурж байна гэж хэлж билээ. Аав маань хаана ч, хэзээ ч уран зурагтаа үнэнч, зүрх сэтгэлээ зориулдаг хүн байсан юм. Намайг дагуулж  этюд судалбар зурагт авч явдаг байлаа. Ялангуяа аав байгалийн этюд зургаар гайхамшигтай нэгэн байсан. Үүнийг ч олон сайн зураач багш нар  дурсан өгүүлдэг. 

Би одоо хэр нь ааваас илүү байгалийн этюд зурах зураач олж хараагүй л байна. Нэг өдөр аав гэртээ ирэхгүй оройтож бид ч санаа зовж байлаа. Гэтэл хоёр хоногийн дараа ирэв. Учир нь аав найзтайгаа хөдөө этюдэд явсан байсан. "Хүн явъя гэхээр нь яваад ирлээ гэж хэлж билээ” хэмээн түүний хүү Р.Хуягбаатар дурсамжаа хөвөрдөж сууна.  


Надад С.Рэнцэн зураачийн өөрийн гараар бичсэн дурсамж байна. Уг дурсамжид “Архангайд салбарын эрхлэгчээр ажиллаад гуравхан жил болж байтал Соёлын яам, Дүрслэх урлагийн газрын шийдвэр гарч намайг хотод дууджээ. Ингээд Улаанбаатар хотод шилжин ирж Дүрслэх урлагийн газрын зураач болов. Ардын хувьсгалын 35 жилийн ойн өмнөх жил намайг Улсын циркийн зураачаар томилов. ЗХУ руу явах циркчдийн тоглолтын хувцас хэрэглэл, чимэглэлийн эх загваруудыг хийлээ. 

Ингээд миний томилгоо дууссангүй. Урчуудын эвлэлийн хороонд 1956 онд ирж ажиллаж байгаад 1963 онд УБДС-ийн Уран зургийн ангид орж суралцан 1967 онд төгслөө. Дипломын ажлаа “Анхны отряд” зургаар хамгаалав. Монголын урчуудын эвлэлийн салбар Улаанбаатар хотноо 1969 онд байгуулагдахад тус салбарт тасгийн дарга, нарийн бичгийн даргын албыг долоон жил хашиж 1976 онд л чөлөөт уран бүтээлч болж МУЭ-ийн хороонд бие даан ажиллаж эхэлсэн дээ” хэмээн өгүүлэх аж. 


Түүний намтрыг уншаад нэгэн эрхмийн “Социалист нийгмийн үед хэлтсийн дарга түүнээс дээш тушаалын дарга нар л шагнуулдаг байлаа. Доод албан тушаалтнууд чимээгүй л ажлаа хийдэг. Дарга байгаад шударга маягийн хүн бол мөн адил шагнал, урамшууллаас нэр нь гээгдээд л шударга даруу явдаг” гэсэн яриаг санан “Мань эр нэлээд шударга маягийн дарга байж л дээ” хэмээн бодов. Уг нь нэлээд олон жил дарга хийсэн л хүн аж. Гэтэл түүний намтарт ойн медалиуд, алтан гадас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгууд л бичээстэй байх аж. Яасан бэ нөгөө Соёлын гавьяат зүтгэлтэн. Түүний үеийн бүх л зураач “Соёлын” гавьяатай, гавьяагүй нь хамаагүй гавьяат зүтгэлтэн болсон байх. 


С.Рэнцэн зураачийн арга барил хэмээн хаанаас ч танигдах зургууд түүний “Мастер бичилт”-тэй холбоотой гэнэ. Зарим зураач шиг овоолоод байдаггүй тосон будгийг нялаад, нялаад явчихдаг зураач байсан гэхээр дотроо, сэтгэл оюундаа бүтээчихээд зотон дээр гаргаж тавьдаг байсан юм байна гэж таалаа. Одоо түүн шиг ийм мастер бичилттэй зураач хэд байдаг юм бол. Тэрбээр Улаанбаатар хотноо нийт дөрвөн удаа бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, Болгарт бие даасан, дэлхийн таван тивийн гуравт нь буюу Япон, Хятад,Англи, Франц, Америк, Чех, Польш, Румын зэрэг улсад үзэсгэлэнд оролцож байжээ. Түүний хүү “Аавын маань уран бүтээлүүд Монголын бүх уран зургийн галерейд мөн шинээр байгуулагдаж байгаа уран зургийн галерейд байдаг” гэсэн нь  түүнийг хэр чансаатай уран бүтээлч байсныг нь харуулна. 


Түүний урлагийн байгууллагад 60 гаруй жил ажиллах хугацаандаа туурвисан 5000-аад уран бүтээлээс Дүрслэх урлагийн музейд 40 гаруй, МУЭ-ийн уран сайхны фондод 30 гаруй бүтээл нь хадгалагдаж байна. МУЭ-ийн хорооноос дөрвөнтөө тодорхойлсон Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг түүнд яагаад өгдөггүйг үүнийг бичигч би вээр гайхан сууна. Хэдийгээр уран зураг маш олон урсгал чиглэлээр хөгжин урагшилж байгаа ч түүн шиг будаг бийрийг бүжиглүүлэн наадагч хэд бол. “Хүн болгон зураач болдоггүй, зураас болгон өнгөтэй байдаггүй” гэдэг үг бий. Түмэн олон уран бүтээлчээ мартаагүйн адил төр засаг ч түүнийг мөн мартаагүй биз ээ. Түүнийг уран бүтээлээрээ соёлыг бүтээсний гэрч миний үеийнхэн үхээгүй байна шүү, Соёлын сайд аа. 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/ 


Соёлыг бүтээсэн ЗУРААЧ
Соёлыг бүтээсэн ЗУРААЧ
Соёлыг бүтээсэн ЗУРААЧ
Соёлыг бүтээсэн ЗУРААЧ
Соёлыг бүтээсэн ЗУРААЧ
Соёлыг бүтээсэн ЗУРААЧ
Соёлыг бүтээсэн ЗУРААЧ
Соёлыг бүтээсэн ЗУРААЧ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22