Б.Даваасүрэн: Мэргэжилдээ үнэнч байх нь намайг айдсаас холдуулдаг


Мэргэжил, зорилго нэгтэй залуучууд хамтран театр байгуулсан нь амжилтад хүрч, өдгөө бүх насныханд зориулан тайзны бүтээл хийж байна. “Про” хэмээх нэрийн дор энэ цагийн өнгө аясыг тусгасан жүжгээр амьсгалуулж буй уран бүтээлчид арваннэгдүгээр сарыг “Про театрын сар” хэмээн зарлалаа. Тэднээс Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийн ерөнхий найруулагчаар ажилласан Б.Даваасүрэнтэй ярилцсан юм. ОХУ-ын Санкт-Петербургийн Театр урлагийн академид хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр суралцсан тэрбээр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын найруулагч, жүжигчний албыг давхар хашдаг. Сарын өмнөхөн шинэхэн уран бүтээлээ хүүхэд багачууд төдийгүй бүх насныханд зориулан гаргаад байгаа юм.     

-Өссөн орчин, хүрээлэл, эцэг эхээс шалтгаалан мэргэжлээ сонгосон хүн цөөнгүй байдаг. Ингэж хэлбэл та гарцаагүй урлагийн хүн. Харин ухамсрын түвшинд жүжигчин болох сонголтоо зөв хийсэн гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Би бага насаа театр, уран бүтээлчдийн дунд өнгөрүүлж, арван жилийн сурагч байхаасаа урлагийн хүн болно гэж боддог байсан. Яг л театрын хүн шиг амьдарч, олон дугуйлан секцэд хамрагддаг байв. Хүүхэд насандаа сонгосон мэргэжил маань оновчтой байсныг оюутан болсныхоо дараа мэдсэн юм болов уу. Хоёрдугаар курсээсээ тайзан дээр гарч өөрийнхөө хаана байх ёстойг ойлгосон. Би ОХУ-ын Санкт-Петербургийн Театр урлагийн академид хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр суралцсан. Манай сургуулийн оюутнууд хоёрдугаар курсээсээ тайзан дээр гарч уран бүтээлд тоглон үзэгчдийн уур амьсгалыг мэдэрдэг. Тэр мэдрэмжийг авснаар би зөв газраа байгаагаа ойлгосон юм.   
      
Хүүхэлдэйн театр хүүхдийн театр биш

-Урлагийн бүтээлээр хоолоо хийж, түүндээ сэтгэл цаддаг мэргэжлийг сонгож цаг хугацаагаа зарцуулна гэдэг хэн бүхний зориглодог ажил биш. Харин та хүүхэлдэйн жүжигчин болоод зогсохгүй найруулагч мэргэжлээр үргэлжлүүлэн суралцсан нэгэн. Юу нь таныг ингэж гүн гүнзгий дурлуулахад хүргэсэн юм бэ?
-Үнэнийг хэлэхэд Театр урлагийн академид шалгалт өгч байхдаа хүүхэлдэйн жүжигчин болно гэдгээ мэдээгүй. Тайзан дээр гарна, хүүхдийн дүрд тоглоно, хүүхэлдэйн театрын шийрэмний араар орж зогсоод хүүхэлдэй тоглуулдаг хүн болохоо гадарлаж байв. Номын дуу сонсож, орчинд нь орсныхоо дараа хүүхэлдэйн театр гэж шийрэмний ард зогсоод өөрийгөө нууж хүүхэлдэй тоглуулахыг хэлдэггүй. Зөвхөн хүүхдүүдэд зориулан тоглодоггүй юм байна. Хүүхэлдэйн театр хүүхдийн театр биш. хүүхэлдэйн театр томчуудад ч гэсэн зориулагдсан театр гэдгийг ойлгосон. Ийм ойлголттой болоход багшийн нөлөө их байлаа. Манай багш хүүхдийн гэдэг чиглэлээс илүүтэйгээр хүүхэлдэйн театр насанд хүрэгчдэд ч зориулан бүтээл хийдгийг ойлгуулсан. Хүүхэлдэйн театрын орчин цагийн шилжилтийг Оросод нэвтрүүлсэн хүн багш маань байсан нь бидний хувьд том олз байв. Тиймээс энэ байдал миний сонирхлыг татаж, мэргэжилдээ илүү дурлах болсон юм.  
Харин найруулагч болох сонголтыг хожим нь хийсэн. 2014 онд сургуулиа төгсөж Монголын Хүүхэлдэйн театрт ажиллахаар ирсэн ч орон тоо байгаагүй. Яг тэр үед Улан-Үдийн Хүүхэлдэйн театрын захирал бидний хэдэн найзуудад ажлын санал тавьсан нь үргэлжлүүлэн сурах замын эхлэлийг тавьсан. Хүн хэрэгтэй газраа байх сайхан. Оросод сургууль төгссөн найзуудтайгаа тэр өдрөө Улан-Үдийг зорьж, Хүүхэлдэйн театрын үйл ажиллагаатай нь танилцаад ажиллахаар болж байв. Миний хувьд ВСГИК (Восточно-Сибирский государственный институт культуры) Улан-Үдэд байдгийг мэддэг байсан. Ээжийгээ тэр сургуульд магистр хамгаалахад нь би Улан-Үд рүү хамт явж хэсэг хугацаанд амьдарч байсан юм. Танил мэдрэмж, хүсэл зорилгодоо хөтлөгдөн тэр сургуульд очиход ээжид хичээл зааж байсан багш нь байж таарсан. Ямар гоё байсан гэж санана. Эдгээр үйл явдал, давхцал дунд би сурах шийдвэрээ гаргасан. Тэгээд ч найруулагчийн мэргэжил надад хол санагдаагүй. Учир нь, Театр урлагийн академид жүжигчнээс гадна найруулан туурвих чиглэлд давхар сургадаг. Оюутнуудад этюд өгч тэднээс автор төрүүлэх арга барилаар бидэнтэй ажилладаг байсан юм. Ингэж ангийнхаа гурван хүүхэдтэй хамт найруулагч болохоор сурсан. Улмаар дипломын жүжиг хийгээд энэ талдаа сонирхолтой байсан учраас Москвад магистраа хамгаалсан юм. 
-Оюутны тайзаа орхиж, ажлын талбарт гараад хамгийн түрүүнд юуг мэдэрсэн бэ?
-Манай сургууль оюутны театртай. Бүх оюутан тэр театрт гуравдугаар курсээсээ жүжгээ тавиад эхэлдэг. Үзэгчид “Про” театрын жүжгийг үзье гэж зорьж ирж байгаатай адилхан “Оюутнуудын жүжгийг үзье” гэж очдог хүмүүс тэнд олон байдаг. Багш нар маань томоохон театрын найруулагчид байдаг учраас оюутнуудтайгаа мэргэжлийн түвшинд ажилладаг. Анхнаасаа үзэгчидтэй ойр, цаг үеийнхээ онцлогийг мэдэрч сурдаг болохоор сургуулиа төгсөөд ажилд ороход онцын ялгаа байдаггүй. Мэргэжлийн театрт мэргэжлийн жүжигчний түвшинд ажиллаж сурсан байдаг гэсэн үг юм. 
-Улан-Үдэд ажиллах хоорондоо үргэлжлүүлэн сурч бас Монголд “Про” театраа үүсгэн байгуулсан гэж ойлголоо, зөв үү?
-ОХУ-ын Театр урлагийн академийг төгссөн найзуудтайгаа хамтран хоёр жилийн өмнө “Про” театрыг үүсгэн байгуулж байв. Түүнээс өмнө долоон жил Улан-Үдийн театрт мэргэжлээрээ ажилласан. Таны хэлсэнчлэн энэ хооронд найруулагчаар сурч, магистраа хамгаалсан. 
 
Ирээдүйд илүү олуулаа театрыг зорин ирж үздэг байгаасай

-Отгон театрыг байгуулахдаа үзэгчдийн хүлээлтэд нийцсэн жүжиг хийж чадах болов уу, тэд та бүхний бүтээлийг хүлээн авах болов уу гэж эмээсэн байх?
-Бага зэрэг эмээж байсан. Гэхдээ бид ирээдүйн үзэгчдийг бэлдэх ёстой. Ирээдүйд илүү олуулаа театрыг зорин ирж үздэг байгаасай, театрын боловсролтой байгаасай гэсэндээ бид уран бүтээл хийж байгаа шүү дээ. Театрын боловсрол оросуудын яс, маханд нь шингэсэн байдаг. Монголын үзэгчид одоо л үүнд суралцаад явж байна. 
-Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжиг таны найруулагчаар ажилласан анхны бүтээл. Илэрхийлэхийг хүссэн зүйлээ бүрэн дүүрэн гаргаж чадсан уу?
-Насанд хүрэгчдэд зориулсан жүжгийн хувьд миний найруулагчаар ажилласан анхны бүтээл. Тухайн үед “Про” театрын уран бүтээлчдийн хэлэхийг хүссэн зүйлийг Монголын үзэгчид шууд хүлээж авах уу, ойлгох болов уу гэсэн айдастай байсан. Гэхдээ бид ямар нэгэн зүйлийг дуурайж давтах, өөрсдийн биш хиймэл зүйлийг хийхээс илүүтэйгээр хүссэн хэллэгээрээ уран бүтээлээ илэрхийлэх ёстой. Бидний жүжгийг хүн ирж үзэхгүй байна уу, эсвэл ойлгохгүй байна уу гэдэг дараагийн асуудал. Тиймээс зоригтойгоор хүссэн зүйлээ театрынхаа “хэл”-ээр ярихыг хүссэн. Хариуд нь манай үзэгчид биднийг маш гоёор хүлээж авсан. Үзэгчид хуучин зүйлтэйгээ зууралдалгүй шинийг хүлээж авахад бэлэн байгаа юм байна гэдгийг ойлгоод маш их баярласан. Түүнээс хойш бид өөрсдийн хийхийг хүсэж байгаа жанраараа уран бүтээлээ хийж байна. 
-Одоо та Хүүхэлдэйн театрт найруулагч, жүжигчнээр ажиллаж байна. Хүүхэлдэйн жүжигчний мэдрэмжээр гаргасан анхны бүтээлийнхээ ард гарсныг сая харлаа?
-“Хөхөө Намжил” монгол ардын үлгэрээс сэдэвлэн бүтээсэн “Морин хуур” хүүхэлдэйн драмын найруулагчаар ажиллалаа. Үзэгчид бидний уран бүтээлийг маш сайхан хүлээн авч байна. Их урам авч байна аа.

Театр хүний сэтгэл зүрхийг тэжээдэг

-Хүүхэлдэйн театр томчуудад ч гэсэн зориулагдсан газар гэдгийг ойлгуулахын тулд та ямар төлөвлөгөөтэй ажиллахаар зорьж байна вэ?
-Ажиллаж байгаа уран бүтээл болгондоо энэ агуулгыг барьж байна. Шинэ зүйл хийлээ гээд шууд хүлээж авахгүй. Цаг хугацаа шаардлагатай. Дээр нь театр үзэгчийн хувьд бэлэн будаа иддэг газар биш.  Бид будаагаа агшаачихаад ирж идээч ээ гэвэл энэ нь хэнд ч сонирхолгүй. Түүний оронд тэдгээр хүмүүс бидэнтэй хамтдаа бодож, сэтгэж явах ёстой. Тэгээд дараа нь, жүжгийн төгсгөлд хамтдаа агшаасан будаагаа идвэл амттай болно. Сүүлийн үеийн үзэгчид сэтгэгдлээ маш чөлөөтэйгөөр илэрхийлдэг болсон. Үүнийг өөр хэн нэгэн уншаад жүжиг үзэх сэдлийг нь төрүүлнэ. Долоо хоногийн бямба, ням гараг бүр Хүүхэлдэйн театр үзэгчдээ олон сайхан бүтээлтэйгээр угтаж байна. Одоо эцэг эхчүүд идэвхтэй байж хүүхдүүдээ дагуулан ирвэл сонирхолтой жүжгүүдийг үзэх боломжтой. Театрыг зорин ирэх уламжлалыг эцэг эхчүүд эхлүүлэхгүй бол хүүхэд сайн дураараа жүжиг ирж үзэхгүй. Тиймээс хүүхдийг багаас нь театрт дагуулан ирж сургавал насанд хүрээд, хүүхэдтэй болоод  тэднийгээ театр үзүүлдэг соёлтой болох юм. Театр хүний сэтгэл зүрхийг тэжээдэг. 
-Зохиолын сонголт өргөн байх тусам театрыг зорин ирэх үзэгчдийн тоо нэмэгдэнэ. Үүнд та анхаарч байгаа юу?
-Би найруулагчийн хувьд залуу. Монгол зохиолчдын бүтээл, түүхэн сэдэвтэй жүжиг хийгээч гэсэн санал сэтгэгдлийг олон удаа сонссон. Гэтэл энэ нь тусдаа маш том философи.  Миний хувьд арван жилийн сургуулиа төгсөөд Оросод сурахаар явсан учраас уншиж судалсан, үзэж харсан бүхэн барууны талдаа. Монгол уран бүтээл хийхэд надад хугацаа шаардлагатай. Би дахин судалж, нийгэм, хүрээлэн буй орчноо мэдрэх ёстой. Тиймээс би Монголын сэдэвтэй бүтээл барьж авахад хараахан бэлэн биш байна. Хоёрдугаарт, би энэ “агаар”-аар бүрэн дүүрэн амьсгалж эхлээгүй. Магадгүй арван жилийн сургуулиа төгсөөд Монголдоо сурсан бол ямар нэгэн бүтээлийг шууд барьж авах боломжтой байсан байх. Миний мэдэх театрын “агаар” Оросод эхэлсэн болохоор би үүнээсээ гарч чадахгүй чанагдаад байна. Хиймээр, дотор буцлуулж байгаа зүйл олон бий. Цаг нь ирэхээр бүтэх зүйл аяндаа болох байх аа. 
“Инээмтгий хүн” жүжгийн уншлагыг хийж байхад манай залуучууд төв талбай дээр жагсаал хийж байсан. Тэд бидний бүтээлээрээ илэрхийлэх гэсэн санаатай адил зүйлийг хүсэж, шаардаж байсан юм. Үүгээрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, бүх зүйл цаг хугацаатай. Цагаа олж хийсэн уран бүтээл үнэ цэнтэй байдаг. Цаг үеийн шаардлагаар гарч ирсэн уран бүтээл хэзээд зөв зүйлд хөтөлдөг.  
-Таныг “Инээмтгий хүн” жүжигт тоглож байгааг харсан. Энэ удаа дахин тайзан дээр гарах уу?
-“Инээмтгий хүн” жүжгийн Жозианнагийн дүрд жүжигчин Э.Буд-Эрдэнэ тоглодог. Гэтэл манай жүжигчин “Шадар гурван цэрэг” жүжгийн бэлтгэлийн үеэр ахиллынхаа шөрмөсийг тасалснаар бидэнд Жозианнагийн дүрд тоглох хүн хэрэгтэй болсон. Жүжиг эхлэхэд Э.Буд-Эрдэнийн бэртэл хараахан илааршаагүй байсан болохоор түүний оронд би бэлтгэл хийж тоглосон юм. Одоо жүжигчний бие эдгэсэн учраас би Жозианнагийн дүрээр тайзан дээр гарахгүй.  
-Та хос хүлэгтэй багагүй хугацаанд явлаа. Цаашид үүгээрээ үргэлжлүүлэх үү эсвэл аль нэгээр нь карьер хөөх бодолтой явна уу?
-Жүжигчний карьер богино настай. Ийм дүрд тоглоод үзчих юмсан гэсэн бодол байсан. Театрын найруулагчдад жүжигчин Даваасүрэн хэрэгтэй бол би ажиллахад бэлэн. Харин найруулагчийн хувьд би өөрийнхөө найруулсан бүтээлд гарахыг сайшаадаггүй. Дүрийг хөндлөнгөөс харж хэрхэн тоглож байгааг найруулагч хараад санал бодлоо хэлнэ. Тэгэхгүй өөрийн бодсоноо дураараа хийвэл утгагүй зүйл болно.  
-Таны ажиллаж буй тал­бар найруулагчийн хувьд сонирхолтой байж чадаж байна уу?
-Хааяа жаахан эмээдэг. Миний ажиллаж байгаа бүтээлд миний л өвдөлт, бодол бүхлээрээ тусна. Хүүхдийн уран бүтээл хийж байгаа үед тэр бүхэн дурсамж болон үлдэнэ. Тэгэхээр миний сэдэв, миний илэрхийлэл зөв болов уу гэсэн бодол заримдаа төрдөг. Гэхдээ мэргэжилдээ үнэнч байх нь намайг айдсаас холдуулдаг юм. Жишээ нь, “Морин хуур” жүжгийг хүүхдүүд өөр өөрийнхөөрөө хүлээж авна. Эсрэг талын дүр ч гэсэн өөрийн онцлогтой. Муу үйл хийж байгаа бол тэр ямар нэгэн зүйлийн золиос болсон байдаг. “Морин хуур” жүжигт би эсрэг дүрээ ингэж гаргаж ирсэн. Эсрэг дүрийг тайлахдаа “Хүүхэд байхдаа бэртчихсэн юм. Хэн нэгэн гэмтээснээс болоод шархалчихсан” учраас үүний урхгаар өнөөдөр энэ хүн муу үйл хийж яваад байгаа юм гэдгийг ойлгуулахыг хүссэн. Энэ жүжгийг хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч ирж үзэж болно. Өмнө дурдсанчлан Хүүхэлдэйн театр хүүхдийн театр биш. Бүх насныхан зорин ирэх боломжтой урлагийн байгууллага юм. 
-Ярилцсанд баярлалаа. 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ээвэр газар 18 цагийн өмнө
Б.Загдсамбар: СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай… 18 цагийн өмнө
Олныхны их дууч 18 цагийн өмнө
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд “Пес… 18 цагийн өмнө
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний мэдүүлгийг хянан … 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллаг… 21 цагийн өмнө
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ 21 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖ… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө
МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээл… Өчигдөр
Г.Дамдинням: МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизн… Өчигдөр
Тосон зургийн мастер С.Рэнцэн агсны бүтээлүүдийг толилуулна Өчигдөр
У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тоо… Өчигдөр
​ Монгол Улс ШХАБ-д байр сууриа бататгаж, Монгол, Туркменистаны хооро… Өчигдөр
Дэлгэцийн шинэ бүтээлүүд “Улаанбаатар” кино наадамд цойллоо Өчигдөр
Раскольниковыг тархинд минь амьдруулсан Ц.Гомбосүрэн Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүд гал алдахгүй, өвлийг өнтэй давна Өчигдөр
"Нямбуугийн Нямдорж-90" эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
Х.Тамираа: Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлж байн… Өчигдөр
Монгол бүжгийн хэмнэл зохиогч Өчигдөр