“Монголын үнэн” сонины сэтгүүлчид БНХАУ-ын Өрөмч хотноо болсон Олон улсын хэвлэл мэдээллийн VI чуулга уулзалтад оролцлоо. Чуулганыг “Синьхуа” агентлаг, Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Ардын Засгийн газар хамтран энэ сарын 14-нд зохион байгуулсан. Өрөмч хотын Худалдаа, аж үйлдвэрийн паркт болсон VI дээд хэмжээний уулзалт энэ жил “Хиймэл оюун ухаан ба хэвлэл мэдээллийн өөрчлөлт” сэдвийн хүрээнд болж 500 гаруй сэтгүүлч чууллаа. Танилцуулгад бичсэнээр Ази, Европ, Өмнөд Америк, Африк, Австралийн 106 улсын хэвлэл мэдээллийн байгууллага, Засгийн газрын албаны төлөөлөгч оролцсон. Дээд хэмжээний уулзалт олон улсын мэдээллийн холбоог бэхжүүлэх, соёлын солилцоог дэмжих чухал платформ юм. Мөн хүн төрөлхтний хамтын ирээдүйг бүтээхэд чухал алхам болохыг зохион байгуулагчид онцолж байлаа. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт технологийн хөгжил яаж нөлөөлж байгаа, хиймэл оюун ухаан мэдээллийг түгээх зэргээр хэвлэл мэдээллийн салбарт өөрчлөлтийн салхи сэвэлзүүлснийг илтгэгчид өөрсдийн өнцгөөр дүгнэсэн. Энэхүү форумын дараа сэтгүүлчид Шинжааны хотуудаар аялсан юм. Дэлхийн хоёр дахь том цөл Такламакан, нуур, мөсөн гол, цаст уул болон хөвөө хязгааргүй хөдөө тал, эртний Кашгар гээд Шинжаанд үзэх газар арвин. ОХУ, Монгол, Энэтхэг зэрэг найман оронтой хиллэж, олон төрлийн байгалийн үзэмж болон үндэстний өв соёлоороо дэлхийд алдартай.
Дэлхийн худалдааны шинэ цонх
БНХАУ-ын хамгийн хаалттай хязгаар байсан Шинжаан Уйгарын Өөртөө засах орон өнөөдөр дэлхийн худалдааны шинэ цонх болжээ. Засаг захиргааны төв Өрөмч бол далайгаас алслагдсан хамгийн том мегаполис. Тархан суурьшсан монголчуудынхаа өчигдөр хийгээд өнөөдрийн тухай санаашран явдгийн хувьд Шинжаанд очих нь миний мөрөөдөл байсан. Бээжингийн “Капитал” нисэх буудлаас Өрөмч рүү дөрвөн цаг гаруй нисдэг юм байна. Шөнийн нислэгээр очсон болоод ч тэр үү Өрөмчийн сайхныг харж чадсангүй. Олон улсын уулзалтад оролцохоор цугласан орон орны сэтгүүлчид “Хилтон”-д буудаллажээ. Өглөө эртлэн сэрээд цонхоор харвал олны амнаас сонссон, уншсанаас тэс өөр орчин, хот угтсан юм. Орчин үеийн тэнгэр баганадсан барилгууд, Дундад Азийн хэв загварын базаар зах, исламын мечеть, бурхан багшийн хөшөөтэй буддын сүм хоршсон хот юм. Ирлэсэн мэт шовх оройт сүрлэг уулсын дунд орших энэ хотоор орчин цагийн Торгоны зам дайран өнгөрнө. Хойд талаар нь Тэнгэр уул сүндэрлэж, урд талд Богд уул дүнхийнэ. Утаагүй хотод амьдрахыг мөрөөддөг Улаанбаатарын хүний хувиар очсон газрынхаа агаарыг хамгийн түрүүнд шинждэг зуршилтай болжээ. Өрөмчийн агаар цэнгэг юм. Өнгөрсөн урт хугацаанд агаарын бохирдол эрх баригчдын шүдний өвчин байжээ. Хотын агаарын чанарыг сайжруулахаар 2010 оноос 126 төсөл хэрэгжүүлсэн байна. Ингээд таван жилийн хугацаанд 45.4 тэрбум юанийн хөрөнгө оруулж, нүүрсний хэрэглээг бүрэн халж, байгалийн хий ашиглаж эхэлжээ. Өнгө алагласан цэцэгсээр гудамж, талбайгаа чимэглэж, төрөл бүрийн мод, гоёлын бут тарьжээ. Тэнгэр уулын хормойноос Өрөмч хотыг хүртэл зүлэгжүүлэх төсөл хэрэгжүүлж агаарын чийгшлийг нэмэгдүүлсэн байна.
Илийн хязгаарын олон өнгө
Шинжаанд БНХАУ-ын 56 үндэстнээс 34 нь хаяа хатган амьдардаг. Олон соёл, шашин сүлэлдсэн хязгаар. Тэр хэрээр хот, муж бүр дахин давтагдашгүй. Бид Өрөмчөөс баруун хойд зүгт, Илийг зорихоор зочид буудлаас эртлэн хөдөллөө. Орчин үеийн Хятадын хотуудын адил авто замын хөдөлгөөний ачааллыг зохицуулсан учир түгжирч цаг алдалгүй нисэх буудалд хүрэв. Гурван терминалтай, Сөүл, Ташкент, Душанбе, Бангкок, Кабул, Астана гээд олон улсын нислэгтэй том нисэх буудал юм. Бидний суусан онгоц Тэнгэр уулыг эмжээрлэн нэг цаг 30 минут нисээд Или мужийн төв Инин хотод газардлаа. Или голын хөндий лаванда цэцгийн орон гэдэг нь нисэх буудлын дэлгүүр, зурагт самбараас харагдана. Лаванда тариалалтаараа Францын Прованс, Японы Хоккайдотой эн зэрэгцдэг, Хятадын зах зээлийн 90 хувийг хангадаг аж. Жил бүрийн наймдугаар сард Илийн хөндий тэр чигтээ нил ягаан өнгөөр бүрхэгдэж, анхилам үнэрт бялхдаг гэнэ. Нүд баясгаж, сэтгэл хөдөлгөм, идтэй шидтэй, нил ягаан хөндийг үзэхээр дотоод, гадаадын жуулчид Илийг зорьцгоодог. Тиймээс нил ягаан цэцгийн тариалангаараа олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөтэй байна. “Лавандагийн тариаланг харахыг хүсвэл Илид ирэхэд болно” гэж манай багийн хөтөч, “Синьхуа” агентлагийн англи хэлний редакцын сэтгүүлч Анжела ярилаа. Энэхүү цэцгээр дэр, саван, амин тос, үнэртүүлэгч хийснээс гадна ном, уран зураг, шаазан урлал, хатгамал зэрэгт ашиглан нутгийн онцлох брэндээ болгожээ. Өөрөөр хэлбэл, лавандагийн соёлыг Хятадаас дэлхий дахинд түгээж байна. Мөн орчин үеийн Торгоны замын бүс гэдгээ илэрхийлэх мэт тэмээг бэлгэ, дурсгалын бүтээгдэхүүн болгожээ. Цомхон атлаа дотоодын хэд хэдэн хот руу нислэгтэй Инин хотын нисэх буудлаас хөдөлсөн сэтгүүлчид жуулчдын төв “Казачи” хуучин гудамжид очлоо. Дундад Азийн эртний хотуудыг санагдуулам соёл, худалдааны төв аж. Буддын сүм, исламын мечеттэй зэрэгцэн орших юм. Гар урчуудын урласан хивс, гутал, цүнх, алчуур, ээмэг зүүлтийг эгнүүлсэн гудамжны төгсгөлд морин тэрэгнүүд зорчигчдоо хүлээн зогсоно. Бид морин тэргээр нутгийн уугуул иргэдийн хорооллоор тойрч уйгар байшинд зочиллоо. Хашаагаар ороход Шинжааны жимсний хаан гэгддэг амтат гуа, тарвас, усан үзэм, амттан өрсөн ширээ засжээ. Монголчууд холын гийчдийг мөнгөн аягатай сүү барин угтдаг бол уйгарчууд үндэсний дуу хөгжмөө дуулж хуурдсаар угтана. Бид ч бүр сурч дадсан мэт нутгийн иргэдтэй хамтдаа дуулж, бүжиглэцгээв. Уйгар тогооч шорлог, пловоо хийнэ. Шорлог уйгаруудын уламжлалт хоол бөгөөд зочин гийчин дайлахад зайлшгүй байх ёстой идээ гэнэ. Нутгийн шорлог өнгө ялгаран шарлаад , идэхэд амттай. Сонирхуулахад, тогооч эр “Монгол Улсаас ирсэн үү” гэж их л танимхайран асуугаад 1991 онд Улаанбаатарт амьдарч, Москва руу тарваганы арьс зарж явснаа хуучиллаа. Илийн уйгарууд орос хэлээр ойр зуур ярьдаг нь Казахстантай хиллэн, худалдаа наймаа эрхэлдэгтэй холбоотой болов уу. Европ руу нийлүүлдэг Хятадын чингэлгийн тээврийн зангилаа Хоргос боомтыг “Казахстаны Эрээн” гэж нэрлэнэ. ОХУ, Казахстаны хүнсний нэрийн бүтээгдэхүүн чихэр, зөгийн бал, цай, архи дэлгүүрүүдэд өрөөстэй байх юм. Илийн хязгаарт монгол, хятад, уйгар, казах үндэстний дунд оросууд амьдардаг аж. Манайхаар бол местний оросууд юм даа. Славян маягийн суурингаар зочилбол “Смуглянка молдаванка” дуу цангинана. Оростой холбоотой соёлын дурсгал үүгээр дууссангүй. Люшин гудамжнаа байх Аккордеон буюу баян хуур хөгжмийн музейг үзэж сонирхлоо. 800 гаруй баян хуур хөгжмийн зэмсгийг дэлгэсэн энэхүү музейг местний оршин суугч Александр Зазулин санаачлан байгуулжээ. Дэлхийд байж болох бүх баян хуур хөгжмийг энд цуглуулжээ. Хамгийн эртнийх нь 180 жилийн настай, Германд үйлдвэрлэсэн аккордеон байв. Нэгэн төрлийн хөгжмийн зэмсгийн түүх, хөгжлийг харуулсан үзүүлэнгээс гадна аккордеоны цөөхүүл хөгжимчидтэй цогц музей аж. Музейн дэргэдэх хамтлагийнхан “Манжуурын толгод” вальсыг эгшиглүүлэх нь тэр. Катар, Тайланд, Сингапурын сэтгүүлчдэд тун сонирхолтой байгаа бололтой, тайлбарлагч бүсгүйгээс ямар ая хөгжимдөж буйг лавлана. Харин монголчуудад хэзээний танил вальс. “Манжуурын толгод” вальс, аккордеон хөгжим хоёр Хятад, Орос улсын найрамдлын бэлгэ тэмдэг бололтой. Ийнхүү бидний Илид очсон анхны өдрийн аялал өндөрлөсөн юм.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна