Цахиурын хөндийд цахиур хагалж буй бүсгүй


Харилцаа холбоо, мэдээллийн технологи гэрлийн хурдаар шинэчлэгдэж байна. Энэ салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо манлайллын түвшинд хүрчээ. Мелинда Гэйтс, Шерил Сандберг нарын салбарынхаа нүүр царай болсон алдартай эмэгтэйчүүдийн оролцоо түүхийг өөрчилсөн. Дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлдог Цахиурын хөндий монгол инженерүүдийн хүршгүй холын мөрөөдөл байсан. Гэхдээ цаг цагаараа байдаггүй ажээ. Инженерийн боловсрол эзэмшсэн Монголын мэргэжилтнүүд  АНУ-ын тэргүүлэх компаниудад ажилладаг. Мэдээллийн технологийн зах зээлийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг Цахиурын хөндийд 350 орчим монгол залуус ажиллахын зэрэгцээ гарааны бизнес үүсгэж багаараа өрсөлдөж байна. Тэр дундаа монгол эмэгтэй Цахиурын хөндийн компанид удирдах албан тушаал хашиж байна. “Salesforce” компанийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал М.Сувдмааг “Монгол бахархал”-даа онцоллоо. 

“Yahoo”-гаас эхлэлтэй амжилт

Сан-Франциско хотын хамгийн том ажил олгогч, мэдээллийн технологийн “Salesforce” компани бол Цахиурын хөндийн анхдагчдын нэг. М.Сувдмаа Иллинойсийн их сургуульд компьютерын ухааны докторын зэргээ амжилттай хамгаалаад технологийн акулууд болох “Yahoo”, “Microsoft”, “Adobe Systems” компаниудад ажиллажээ. Мэдээллийн технологийн дэлхийн томоохон компаниудын нэг болох “Salesforce” компанид 2020 онд ажилд оржээ. Хариуцсан технологийнхоо шийдэл, программ хангамжийн аппликейшн зэрэг бүтээгдэхүүнээ амжилтад хүргэх нь түүний ажлын зорилго. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, хэрэглэхэд амархан болгохын тулд бүх үйл явц, шийдвэрт оролцдог. Тиймээс ажлын нэг өдөр ар араасаа цуварсан хурал, уулзалтууд дунд өнгөрдөг аж. Захирал болтлоо шат ахисан түүний карьерыг бусдад урам зориг өгөхөөр хязгаарлаж болохгүй. Зарим хүн атаархмаар CV-ний тухай ч биш юм. Энэ бол хүсэл тэмүүлэлтэй монгол оюутны “Америк мөрөөдлөө” гүйцэлдүүлсэн уйгагүй зүтгэл, зоримог алсын хараа. Цахиурын хөндий бол чадвартай, санаачлагч инженерүүдийн тулааны талбар. Дэлхийн томоохон "Start-Up" болон технологийн төвөөр тодорсон энэ бүс нутагт жилдээ 600 тэрбум ам.доллар эргэлдүүлж, 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг. Хамгийн нөлөө бүхий компаниудын төв оффис  байрлаж технологийн хувьсал, дэвшлийн луужин болсоор удсан нь энэ хөндийн онцлог бас давуу тал. "Үаhоо"-гаас 2008 онд ажлын гараагаа эхэлж хоёр жил ажилласны дараа “Microsoft” компанид ажиллахаар шалгарчээ. Бүх үеийн шилдгүүд ажилладаг “Microsoft”-ийн шалгуурт тэнцэнэ гэдэг түүний мэдлэг, чадварыг илтгэнэ. Нас хүйс, үндэс угсаа, арьс өнгө, бие хаа, царай зүсээр ялгадаггүй гаднын том компанид ажиллах эрхийг олохын тулд өөртөө л найдахаас аргагүй.  Америкийн компаниуд  ажилтнууддаа  хувьцаа­наасаа тодорхой хэмжээгээр өгдөг. Ингэснээр тухайн ажилтан компанийнхаа төлөө илүү сэтгэл гаргаж ажилладаг аж. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанд суурилсан гарааны бизнесүүд олширч байна. Мөн хүнд үйлдвэр, барилга, ачаа тээвэрлэлт зэрэг технологийн шийдэл дорвитой нэвтрээгүй уламжлалт салбарууд руу шинэ технологи нэвтрүүлэх хүсэлтэй стартапуудын үйл ажиллагаа тэлэх болжээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт олон гайхалтай шинэ технологи нэвтрүүлж буй компаниуд гарч ирж байгааг онцлох нь зүйтэй. Гарааны бизнес эхлүүлж буй залууст захихад шинэ санаанаас илүүгээр олон нийтэд хамаатай чухал асуудлыг шийдэж байна уу гэдэгт анхаарвал зохино. Санаа бол зөвхөн нэг шийдэл, нэг асуудалд олон төрлийн шийдэл байж болно.

Шинэ санааг хөгжүүлэгч

Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Марк Цукерберг, Билл Гейтсийг ойроос харж, нэг агаараар амьсгалахад хамгийн түрүүнд “Яагаад би чадахгүй гэж. Тэдэн шиг анхдагч болох нөөц боломж надад байна” гэсэн бодол хүн бүрд төрнө. Иймд Цахиурын хөндийн инженерүүд давхар гарааны бизнес үүсгэж өрсөлддөг. М.Сувдмаа ирээдүйд өсөн дэвжих боломжтой гарааны бизнесүүдийг дэмжих зорилгоор анхны хөрөнгө оруулагч болохоос гадна бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлийг сонгожээ. Санаа анхдагч бас чухал гэдэг зарчим Цахиурын хөндийд эсрэгээрээ байх тохиолдол бишгүй. Шинэ санаа буцалж байдаг энэ газар санаагаа гүйцэтгэл болгох нь чухал. Энэ тухай М.Сувдмаа “Ямар нэг санаа төрсөн бол нууж хадгалалгүйгээр бусадтай хуваалцаж, солилцох тусам сайжруулах боломжууд гарч ирдэг. Орчин үед зөвхөн мэдээллийн технологи гэлтгүй ихэнх салбарт soft skills буюу бусадтай харилцах, багаар ажиллах чадвар чухалд тооцогдох болсон. Нэг ижил санааг хоёр хүн өөр өөрөөр гүйцэтгэх нь тодорхой. Шинэ санаанаас илүүтэй чанартай гүйцэтгэлийг манай салбарт чухалчилдаг. Тухайлбал, “MySpace” олон нийтийн сүлжээ “Фэйсбүүк”-ээс өмнө гарсан, ижилхэн шийдэлтэй ч гүйцэтгэл нь огт өөр байсан шүү дээ. Үргэлж шинэ технологи, инновац дээр ажиллаж, шинэ санаа, шийдлийг уралдуулан тасралтгүй суралцах боломж дунд байдаг. Энэ бол манай салбарын гайхамшиг юм” хэмээсэн. Тэрбээр амжилттай эхлүүлсэн стартапаа хөгжүүлэхийн хэрээр анхны санаа нь өөрчлөгдсөөр л байлаа. Залуучуудыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд туслах зорилгоор ойр орчинд болж буй эвентийг ухаалаг утаснаасаа харах санаагаа хөгжүүлэхээр стартапаа эхлүүлжээ. Сайн шийдэлд хүргэхээр мэрийх тусам энэ нь төвөгтэй болохыг ойлгож, шинэ санааны эрэлд гарчээ. Шинэ санааг шүүрч аваад ажил хэрэг болгох хурдтай өрсөлдөөнд тэд хэдийнэ дассан. Ингээд бүтээгдэхүүн солилцдог платформыг судалжээ. Энэ төрлийн судалгааг брэндүүд, үйлдвэрлэгч компаниудын маркетингийн багууд тогтмол хийдэг. Тиймээс брэндүүдийг үндсэн хэрэглэгчээрээ сонгож, аль бараа бүтээгдэхүүн интернэтэд олны сонирхол татаж байгааг судлан анализ хийхээр шийджээ. Төслөө хоёр сарын дотор гүйцэлдүүлэв. Туршилтын журмаар анхны хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ эхний саруудад төлбөргүй санал болгон, сайжруулахад анхаарчээ. Улмаар 10 сарын бүтээгдэхүүнээ жилийн хураамжтай болгосон байна. Энэхүү үйлчилгээ нь хямдхан программ биш учраас зах зээлд хөлөө олсон брэндүүд түлхүү ашигладаг. Цахиурын хөндийд амьдардаг, тодорхой хэмжээнд байр сууриа бэхжүүлсэн түүнд хөрөнгө оруулагчид олох, холбоо тогтоох хэцүү биш. Анхны оролдлогоороо 1.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт  босгож, оффис түрээслэн ажилтнуудынхаа тоог ч нэмжээ. Хөрөнгө оруулагчид нэгнийгээ дагадаг гэм биш занг тэрбээр чадварлаг ашигласан байна. Хамтран зүтгэгчидтэйгээ нийлэн гал тогооныхоо ширээн дээрээс бүхнийг эхлүүлж, хөрөнгө оруулалт босгож, үйл ажиллагаагаа жигдрүүлсний эцэст бизнесээ зарсан түүхтэй. Гарааны бизнес бол бүх зүйл нь шинэ, сонирхолтой байсан учраас их зүйл сурч, туршлага хуримтлуулжээ.

Монголчуудын ментор

Монгол хүүхдүүд өнөөдөр АНУ-ын шилдэг сургуулиудад суралцаж байна. “Сурч чадвал Монголын их сургуулийн боловсрол гологдохгүй. Би КТМС төгссөн. АНУ-д үргэлжлүүлэн суралцахад мэргэжлийн хичээлүүд гологдоогүй шүү” гэж ярих М.Сувдмаа 1997 оны намар АНУ-д анх хөл тавьжээ.  Түүнийг инженерийн боловсрол эзэмших, АНУ-д суралцахыг аав нь зөвлөсөн. Аав Мягмар нь сэтгүүлч мэргэжилтэй, 1990-ээд онд АНУ-ын тухай цуврал нэвтрүүлэг бэлтгэжээ. КТМС-ийн оюутан байхад нь Монголд интернэт төдийлөн дэлгэрээгүй, гадаад улсын тухай мэдээлэл авах боломжит орчин нь АНУ-ын Элчин сайдын яамны номын сан байв. Эндээс л Америкийн их сургуулиудын танилцуулга, каталогийг үзэж, зорилгоо тодорхойлжээ. Хичээлээ тараад орой бүр Элчин сайдын яамны номын санд сууж, хэлний шалгалтдаа бэлтгэж, элсэлтийн материал цуглуулах, аль сургуульд хүсэлт илгээх боломжтойг судлав. Сургууль сонгохдоо монгол оюутанд тэтгэлэг олгодог эсэх, компьютерын чиглэлээр сургадаг уу, байршил зэргийг харьцуулжээ. Сонгосон арван сургуульдаа сурах хүсэлт захидлаа бичээд шуудангаар илгээсэн байна. Түүнд тэтгэлэгтэй суралцах урилга хоёр сургуулиас ирүүлжээ. Ингээд сургалтын зардлын ихэнх хувийг хөнгөлөх боломжтой хариу өгсөн Конкорд коллежийг сонгосноор АНУ-ыг зорив. Хотоос нэлээн зайдуу, уулсын дунд байрладаг 3000 оюутантай жижигхэн сургууль түүнийг угтжээ. Номоор англи хэл сурсан, “чихний бөглөө” гараагүй учир хүмүүсийн яриаг ойлгохгүй, эргүүлээд ярьж чадахгүй ч онолын хичээлээ гаргаахгүй мэдэж байлаа. Эхний саруудад ирц бүртгүүлэх л гэж хичээлдээ очино. Гэртээ ирээд сурах бичгээ уншаад  “Аан энийг ярьсан байх нь” гэж ойлгосон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцсан. Хаа холын Монгол Улсаас яаж энэ сургуулийг олж ирсэн тухай хүн бүр л түүнээс сониучирхан асууна. Тэр бүрд “Надад тэтгэлэг өгөх хариу илгээсэн учир сонгосон” гэх тайлбараа хэлнэ. Ингээд оюутан болоод удалгүй 100 хувийн тэтгэлэгт хамрагджээ. Коллежоо 4.0 гэсэн голч дүнтэй буюу хамгийн өндөр үнэлгээтэй төгсөв. Үргэлжлүүлээд мастерт сурахын тулд элсэлтийн шалгалтдаа бэлтгэжээ. Англи хэлтэй, АНУ-ын тухай мэдлэгтэй хүний хувиар топ зэрэглэлийн их сургуулиуд руу хүсэлт илгээсээр  Иллинойсийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр  “Охид инженер, математик, мэдээллийн технологийн салбарт амжилт гаргаж чаддаггүй” гэсэн хэвшмэл ойлголтыг халж, эмэгтэйчүүдийн ур чадвар, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, энэ салбарын нарийн мэргэжлээр сурах сонголтод нөлөөлж буй бүсгүйчүүдийн төлөөлөл юм. Хэдий олон жил өнгөрсөн ч АНУ-д сурсан эрдэм, эзэмшсэн чадвараараа эх орноо хөгжүүлэх мөрөөдлөө М.Сувдмаа орхисонгүй.  Ажлынхаа хажуугаар Бэй Аэриагийн монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, нутаг нэгтнүүдийнхээ үйл ажиллагаанд  идэвхтэй оролцдог. Зарим үйл ажиллагаануудыг ивээн тэтгэдэг байна. Амжилтад хүрсэн туршлагаа залуустай хуваалцахдаа илэн далангүй нээлттэй байж чаддагаараа олны талархлыг хүлээсэн энтрепренер болжээ. Ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа болон ажиллаж байгаа монгол залуучуудад зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Ингэхдээ боломж олдохыг хүлээлгүй, боломжийг бүтээ гэж зөвлөнө. 

  Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 17 минутын өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 минутын өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 31 минутын өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 35 минутын өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 1 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 1 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 1 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 3 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр