Торгоны замын мөр арилаагүй Шинжаан


Түрүүч нь № 040 (24620) дугаарт

 Үзэсгэлэнт Сайрам нуур, Борталын нутаг

 Илийн үржил шимт хөндий, нугад уйгар, узбек хүмүүс газар тариалан эрхлэн амьдардаг. Харин Тэнгэр ууландаа монгол, казахууд эзэн сууна. Уйгарууд өөр хоорондоо ярилцахыг минь сонсоод монгол хүн үү гэж их дотночилно. Монголчуудтай язгуур угсаа нэгтэй гэцгээнэ. Түүх сөхвөл Илийн нутаг Цагаадайн эзэмшилд, хожим Зүүнгарын хаант улсын мэдэлд байв. Өдгөө ч монголчууд ахуй, соёлоо өвлөн амьдарч байна. Монгол үндэстний Өөртөө засах Бортал тойргийн байгалийн үзэсгэлэнт газар Сайрам нуурыг маргааш зорино гэсэн хөтчийн үг цаанаа чимэгтэй сонсогдов. Бортал бол Үнэн сүжигт хуучин торгуудын нутаг.  Үндэс язгуур нэг ахан дүүстэйгээ уулзана гэдэг бидэнд сонин бас бахархалтай байлаа. Инин хотоос гарч хятадуудын нэрлэж заншсан “Ногоон зам” буюу хурдны замаар довтолговол хайлаас ургасан эгц хадан хясаатай уулсын дээгүүр будан хөшиглөжээ.

 Давхар давхар ууланд

Дангийн будан татна

Далай их торгууд нутаг

Дандаа мандах санагдана гэсэн дууны үг зүгээр ч нэг төрөөгүй бололтой. Илийн намрын үзэмж үлгэр шиг. Нар дээр хөөрч будан аажмаар татрахад өнөөх хадат уулсын цаанаас онгоцны цонхоор харагдаж байсан шовх оройт цаст хайрхны бараа сүндэрлэнэ. Өндөр уулын ширүүн урсгалтай гол эрэг, чулуугаа цохин цайвалзан урсах нь сүртэй.  Алтайн уулс, Ховдын цэнхэр хязгаарт төрж өссөн надад энэ бүхэн цаанаа л танил зураглал байв. Уулын салаа, ам бүрээс жижиг горхи урсана. Үе үе үер буудаг бололтой бул чулуунууд уулын бэлд  туугджээ. Угаас өндөр уулын горхийг жижиг гэж басаж болдоггүй, үхэр чулууг ч урсгах хүчтэй хойно. Аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжилд Хятадын Засгийн газар туйлаас анхаарч буйн илрэл бол гүүрэн зам. Гол дагуулан тавьсан хуучин засмал зам, уулын аманд ганц нэг гэр цайвалзан харагдана. Магадгүй уулын үерээс сэрэмжилж, өндөрлөг гүүрэн зам тавьсан болов уу. Гэхдээ хавцлыг эмжээрлэсэн энэхүү 200 км урт  бүтээн байгуулалт өнөөгийн Хятад улсын хөгжлийг харуулна.  Хоёр цаг гаруй явсаар хавцлаас гарахад Сайрам нуур цэлэлзэн тосно. Аравдугар сарын Өрөмч алтан намраараа байсан бол энд цасны түрүүч унажээ. Зуны улиралд Бортал, Сайрам нуур гайхалтай үзэсгэлэнтэйг хөтөч тайлбарлана. Шинжаанд уул усны нэршлүүд монголоор байх нь элбэг юм. Бор хороо, Баянбулаг, Баянгол, Эрчис мөрөн, Эв нуур, Тарвагатайн нуруу, Хүйтэн уул, Тэнгэр уул зэргээр нэрлэвэл олон. Улсын хөрөнгөөр хамгаалдаг Хятадын 15 гол мөрөн, нуурын нэг нь Сайрам. Хун өвөлждөг энэ нуур жилийн дөрвөн улиралд үзэсгэлэнтэй гэнэ.  Нуурын ойр орчим жуулчны бааз, кемп гэхээр зүйл үгүй. Байгалийг ингэж л унаган төрхөөр нь хамгаалдаг аж. Харин манайд эсрэгээрээ. Хөвсгөл, Тэрхийн цагаан нуурын хөвөөг хашаалан татсан олон кемп байгалийн үзэмжийг дардаг. Тэр ч байтугай Сайрам нуурын эрэгт майхан, асар татаж дураараа отоглодоггүй, цаанаа дэгтэй. Зөвхөн нуурын үзэмжийг тольдож болох зөвшөөрөгдсөн цэгт авто зогсоол, ариун цэврийн газар, жижиг мухлагтай аж. Тийм нэгэн цэгт торгууд түмэн товшуур хөгжмийнхөө аянд савардан бийгээ биелсээр угтлаа. Хадаг дэлгэн угтах монгол заншлаа тэд орхиогүй.  Монгол Улсаас ирсэн биднийг ихэд хүндэтгэж, гэрэл зургаа татуулж, ойр зуур нутгийн сонин хуваалцлаа. Бортал хотын театрын бүжигчид. Урнаа, Ариунаа гээд монгол нэртэй, эх хэл, соёлоо орхилгүй авч явааг нь сонсоод эрхгүй бахархана. Нуурын хөвөөнөөс холгүйхэн бидний “Галдан хааны өргөө” гэж нэрийдсэн гэр ресторанд үдийн зоог зэхжээ. Үйлчилгээний ажилтнууд нь мөн л торгууд залуус. Тэд өөрсдийгөө “хуучин торгууд” хэмээн тодотгох агаад  монгол хэлээрээ маш цэвэр ярина. Монгол бичгээ хэрэглэнэ. Жуулчдад зориулсан цэгт эхлээд монгол бичгээрээ дараа нь ханзаар тэгээд англиар бичсэн танилцуулга байх.  Хэдий цөөхүүлээ ч олон угсаатны соёлд уусалгүй, шашин шүтлэг, бий биелгээ монгол гэсэн бүх онцлогоо хадгалдаг аргагүй л цөстэй, дайчин торгуудын хойчис юм даа. Цагийн давчуу, замын эрхээр бид дахин уулзах ерөөл тавиад салсан юм. Сайрам нуурын хөвөө дүүрэн цагаан манантай, Борталын торгуудууд дүүрэн цагаан гунигтай үлдлээ. Тэнгэр газрыг холбосон өтгөн манан, өндөр уулын салхи дулаан уур амьсгалтай орноос ирсэн сэтгүүлчдэд жиндүү санагдсан нь төрх байдлаас нь илэрхий. Харин бид Монголынхоо үзэсгэлэнт газруудад аялал жуулчлалыг ингэж хөгжүүлэхсэн гэсэн гэмгүй атаархал бас уулзаж учирсан торгууд түмнийхээ тухай  эргэцүүлэн ярьснаар Инин хот руу буцсан юм. Маргааш бидний нутаг буцах өдөр. Илигээс Өрөмч, Өрөмчөөс Бээжин, Бээжингээс Улаанбаатар гэсэн гурав дамжих урт нислэг хүлээж байлаа. “Или” зочид буудалдаа ирвэл аравдугаар сарын бороо шивэрнэ. Агаар ч гэж ванлий. Ийм нэг сайхан газар хоёр хоноод буцахад сэтгэл хоргодох ч эх нутгаа хөгжүүлэх түмэн санаагаа монголчууддаа түгээхсэн гэхээс яарна. Өглөө 07:00 цагт буудлын хүлээлгийн танхимд биднийг урьж, Хятадын баруун хязгаараар аялуулсан “Синьхуа” агентлагийн сэтгүүлчид угтан дахин зочлохыг ерөөн үдсэн юм.

 

Монголчууддаа түгээх санаа

 Лаванда цэцэг нил ягаан, хөвөн, сүүн бүтээгдэхүүн цагаан, тэмээний ноос шаргал, цөлийн ойжуулалт ногоон, Тэнгэр уул, Сайрам нуур цэнхэр өнгийг бүрдүүлнэ. Монголын хөдөөг хөгжүүлж, нутагтаа сайхан аж төрөх түмэн санааг Шинжаанд утгаар нь хэрэгжүүлж байна. Явсан газрынхаа сонин сайхантай зэрэгцүүлээд тусгаж болох зарим санаанаас дурдъя. Шинжаан цагаан идээгээрээ улсдаа алдартай, тараг, сүү нь хамгийн амттай гэсэн тодотголтой. Үнээний, ямааны, ингэний сүүг соруултай, задлаад хэрэглэх цаасан, шилэн, хуванцар савлагаатай гээд төрөл бүрээр үйлдвэрлэдэг юм байна. Зэрэгцээд тараг, сүүн ундаа ч олон. Баруун аймгийнхны үндсэн цагаан идээ болох үнээний сүүнээс гаргадаг айргаар хийсэн ундаа Илид тун алдартай. Амсаад үзвэл багын дурсамж санагдуулах айргийн исгэлэн амт, үнэр хэвээрээ ч бага зэрэг чихэр нэмж инновац шингээн эцсийн бүтээгдэхүүн болгожээ. Нэг ширээнд суусан хятад сэтгүүлч “Эрүүл мэндэд тустай гэж бичжээ” хэмээн бидэнд дэлгэрүүлэхэд бусдаас дутахгүй гэсэн монгол зангаараа “Манай улсын малчид үнээний сүүгээ үүнтэй адил боловсруулж ааруул хийдэг” хэмээлээ. Шинжааны нэрийн хуудас болсон бас нэг амттан бол ингэний сүү. Хуурай сүү шиг хатаасан, шууд ууж хэрэглэхээр, бас хоормог болгон савлаад худалдаална. Бидний мэдэх чихрээс гадна уламжлалт еэвэнгээ хүртэл ингэний сүүгээр амталж хийжээ. Тэр бүхний савлагаа, баглаа боодол нь чамин гэж жигтэйхэн. Жижиг зүйлд ч инновац оруулж, үйлдвэрлэж чаддагаараа Хятадын зах зээл ялгардаг.

Экспорт, импортын гол төв, Европыг зорих Хятадын төмөр зам дайран өнгөрдөг хөгжлийн түүчээгээ аялал жуулчлалаар өнгө нэмж, угтаа эдийн засгаа “солонгоруулах” бодлого баримталж байна. Шинжааныг аялал жуулчлалын 5А зэрэглэлийн бүс болгохын тулд зам, тээвэр логисткоо шийдвэрлэсэн байна. Дэд бүтцийн нөхцөл тааруу байсан нь гадаад, дотоодын жуулчдыг хязгаарлах шалтгаан байв. Зам харилцааны дэд бүтэц бол аялал жуулчлалын салбарын хөгжлийн үндсэн баталгаа. Иймд хот ба аялал жуулчлалын бүс хоорондын зам харилцааны төлөвлөлтийг сайжруулж, хурдны зам дагуу аялал жуулчлалын үйлчилгээний бүс байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Мөн иргэний агаарын тээврийн чиглэлийг нэмсэн нь  жуулчид Шинжааныг сонгох нөхцөл бүрдүүлсэн. Шинжааны томоохон хотуудын нисэх онгоцны буудлууд энэ жил давхардсан тоогоор 30 сая зорчигчид үйлчилжээ. Өрөмч олон улсын нислэгээ сайжруулж, ялангуяа Төв Ази, Европын чиглэлээ нэмэгдүүлснээр 2025 онд 45 сая зорчигчид үйлчлэхээр зорьж байна. Монгол Улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлж,  уул уурхайн баялгаас хараат эдийн засгаа “солонгоруулах” бодлого баримталж эхэлсэн. Бид газар нутаг, ахуй соёл төстэй Шинжааны хэрэгжүүлсэн энэ мэт туршлагаас санаа авахад гэмгүй мэт. Саалиа бэлдэхээр саваа бэлдэж, хот хоорондын нислэг, авто замаа сайжруулж боловсронгуй болговол зуны цагт нэг сая жуулчин төвөггүй авах боломж байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 31 минутын өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 38 минутын өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 46 минутын өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 50 минутын өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 1 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 3 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр