Бүгд Прадад хайртай


Итали улсын нэр Треви усан оргилуур, Неаполитан пицца, Ромын адал явдал, Миланы загварын долоо хоногтой хамт XXI зуунтай золгосон.  Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд, урлагийн бүтээлүүд, тансаг зэрэглэлийн загварын орднууд энд зэрэгцэн оршдог. Бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон итали брэндийн тэргүүн эгнээнд “Прада” жагсдаг. Гэр бүлээрээ удам залган удирдаж ирсэн энэхүү конгломератын хатан хаан нь Миучча Прада. Хүүхэд ахуйгаасаа загварын тайз эзэгнэхийг мөрөөдсөн түүний үзэл бодол, үнэ цэнийг тусгасан хувцас эмэгтэйчүүдийн дуу хоолой болж чадсан юм. Санхүү, улс төрийн мэдээллээр дагнасан хэвлэлүүд загварын ертөнцийг өнгөцхөн, энэ чиглэлийн сэтгүүлийг “гялгар” гэж дүгнэдэг байсан XX зуун түүхийн хуудаснаа үлджээ. Хатагтай Миуччагийн нөлөөгөөр брэндийн тухай нийтлэл алдартай сэтгүүлийн тогтмол булан болсон.

 

Хувиршгүй хувьсгалч

 

“Прада” загварын ордны үүсгэн байгуулагч Мариогийн гэр бүл Миланы элитүүдэд зүй ёсоор багтана. Марио Прада“Загалмайлсан эцэг” киноны Дон Корлеонег санагдуулам эцгийн эрхийг дэмжигч, эмэгтэйчүүд ажил хийх шаардлагагүй гэж үздэг зарчимч нэгэн байв. Гэр бүлийнхээ эмэгтэйчүүдийг ажил хэрэгтээ оролцуулдаггүй, бизнесээсээ тусгаарлана. Ийм нэгэн хатуу чанга итали гэр бүлд 1949 онд тэрслүү охин мэндэлсэн нь Миучча. Багаасаа улаан гутал, ягаан даашинз мөрөөддөг, “Saint Laurent”, “Pierre Cardin зэрэг тэр үедээ өнгөлөг хувцсаараа алдартай Английн брэндээр гоёж гэр бүлээ алмайруулдаг байлаа. Эсэргүүцэл ингээд зогссонгүй, 15 настайдаа хувьсгал хийхээ зарлав. Ээж Луиза нь хүүхдүүдээ өөрийнхөө овгоор овоглосон “Прада”-гийн хувьцаатай холбоотой.  Хориглох тусам тэмүүлдгийн жишгээр Луиза загварын ертөнцөд татагдан бизнесийн алсын хараагаар ах нараасаа хол илүү гэдгээ батлав. Марио Прада 1958 онд нас эцэслэхдээ охин Луизадаа компаниа өвлүүлжээ. Энэ бол тухайн брэндийн төдийгүй Италийн загварын ертөнцөд эргэлт болсон юм. Өдгөө “Прада” загварын ордноос санаачилсан кампанит ажил, богино хэмжээний киноны төслийг үргэлж эмэгтэйчүүд хариуцдаг. 1960-аад оны залуус бүх нийтийн жагсаал, улс төртэй нягт холбоотой байсан жишгээр Миучча ахлах сургуулиа төгсөөд Италийн Коммунист намд элсжээ. Залуу бүсгүйчүүд жийнсэн өмд, пүүз өмсөх эрхээ зарлаж байхад Миучча оюутны жагсаалд өндөр өсгийттэй ирнэ. Хувцаслалтаараа тэрслүү зан чанараа харуулсан ч католик шашинтай, чинээлэг гэр бүлийн дуулгавартай охин хэвээр байлаа. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог дээшлүүлэх, хүйсийн тэгш бус байдлыг арилгах амбицаар Миланы их сургуульд элсэн докторын зэрэг хамгаалжээ. Боловсролтой, улс төрийн карьер мөрөөдөж байсан тэмцэгч бүсгүй  хожим “Прада”-гийн чиг хандлагыг өөрчилсөн билээ. 

 

Өв залгамжлагч

 

Миучча ирээдүйн нөхөр Патрицио Бертеллитэй 1978 онд танилцжээ. Цүнхний дизайнер залуу цуглуулгаа өргөжүүлэх санхүүжилт олохын тулд найз бүсгүйгээ гэр бүлийн бизнесээ өвлөхийг ятгаж эхлэв. Миучча хүссэндээ биш, мөнгөний төлөө “Прада”-д ажиллах болжээ. Патрициогийн зөвлөснөөр эрэгтэй цуглуулга, спорт хувцас гаргав. Улмаар тэдний бизнес өдрөөс өдөрт өргөжсөөр Лондон, Мадрид, Токио, Парист дэлгүүрээ нээжээ.  Эдгээр дэлгүүр нь уламжлалт хэв маягийг орчин үеийн, шинэлэг архитектуртай хослуулсан нь тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувьд шинэ стандарт тогтоов. Мөн цэмцгэр орчин, үзэмжтэй интерьер, өвөрмөц ногоон өнгийн ханаараа бусдаас ялгарч байлаа. Яваандаа уг өнгийг “Прада ногоон” хэмээн нэрлэх болжээ. Миучча Патрицио нар  1987 онд даруухан хуримлаж, гэр бүлийн бизнесээ хамтран эзэмшив. Тэд хагас зуун жилийн турш  гар нийлэн эзэнт гүрнээ тэлжээ. Залуу уран бүтээлчдийг дэмжих “Фондазион Прада” сангаа  1993 онд байгуулжээ.  Төв оффис байрладаг цасан цагаан “Торре” барилгыг урлагийн орон зай гэж нэрлэдэг. Рем Коолхаасын өвөрмөц шийдлээр сүндэрлэсэн уг ордонд “Прада”-гийн өвөл, намрын цуглуулгыг танилцуулдаг уламжлалтай.  Хар толин шал, панорам цонхнууд Миланы уйтгартай дүр төрхийг санагдуулна. Гэхдээ шоу эхлэхэд “Прада”-гийн неон ногоон лого гэрэлтэн үлгэр амилдаг. Эмэгтэйчүүдэд зориулсан анхны бүрэн хэмжээний цуглуулгаа 1988 онд Миланы загварын долоо хоногоор  танилцуулж, хээнцэр бүсгүйчүүдийг хошууруулсан. Содон загвар, нарийн хийц, тансаг материал, өнгөний сонголтууд нь загварын ертөнцийг  дурлуулж, хамгийн хүсэмжит, нөлөө бүхий загварын брэнд гэх алдрыг хүртсэн юм. Бусад загвар зохион бүтээгч, брэндүүд арилжааны амжилт хөөж, баталгаатай цуглуулгууд гаргаж байхад  зориг, сониуч зан нь “Прада”-г оргилд хүргэсэн. Миучча 1980-аад  онд тансаг зэрэглэлийн загварт ашигладаг кутюр материалаас татгалзаж нийлэг даавуун цүнхний цуглуулга гаргав. Энэхүү шинэлэг шийдлийг яах аргагүй бүх цаг үеийн шилдэг цуглуулгаар нэрлэдэг. Нийлэг даавуу ч брэндийн нэрийн хуудас болсон. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй орчин үед “Re-Nylon” төслөө хэрэгжүүлж, дахин боловсруулсан материалаар байгальд ээлтэй хувцас үйлдвэрлэж байна. Ар араасаа шуугиулсан амжилтаар 1990 онтой золгоход Патрицио Бертелли “Прада”-гийн бүтээлч загвар зохион бүтээгчдэд зааварлаж, Миуччатай зөрчилдөж эхлэв. Зарим санаагаа хэрэгжүүлж чадаагүйдээ бухимдсан Миучча өвөөгийнхөө эзэнт гүрнийг нөхөртөө үлдээгээд шинэ брэнд байгуулах ажилд ханцуй шамлан оров.  Өнгөн дээрээ загварын ордноо орхисон ч тэрбээр “Прада”-гийн хатан хаан хэвээр бөгөөд Патрицио гүйцэтгэх захирлын эрх мэдэлтэй үлджээ.

 

“Давс элсэн чихэр шиг харагддаг”

 

Хатагтай Миуччагийн “Miu Miu” загварын ордны нээлт 1993 онд Италид болов. Хүмүүс танилцуулга цуглуулгыг хараад “Сонгодог гэхэд хэтэрхий замбараагүй” хэмээн тодорхойлжээ. Тухайн үед загварын ертөнцөд гламур хэв маяг ноёрхож байсан тул шулуун силуэттэй,  этгээд хувцсыг үзэмжгүйд тооцож байв. Харин Миучча төрөл бүрийн өнгө, эсгүүр, хээнүүдийг хооронд нь хольж олны дунд тогтчихсон гоо үзэсгэлэнгийн ойлголтын эсрэг зогсжээ. 1960-аад оныг илэрхийлэх дугуй захтай пальто, богино хүрэм, А силуэттэй богино даашинз, өнгөлөг трико зэрэг хачирхалтай загварчилгаа, тод өнгө, албаны аяс хосолсон максималист хэв маягаа “Miu Miu”-гаар үргэлжлүүлэв. Тэрбээр “Би илүү ухаалаг, илүү бэрх, илүү ээдрээтэй байхыг хүссэн” хэмээн ярьжээ. Миучча 40 гаруй жилийн турш шинэ ба хуучин, чинээлэг ба ядуу, үзэсгэлэн төгөлдөр ба үзэшгүй муухай хоёрын хооронд хэлбэлзсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, “Прада” бүтээлч байдлын сорилт хувьсгал хийх багын мөрөөдөл, улс төрийн итгэл үнэмшилтэй зөрчилдөж байжээ. Энэ бүх эргэлзээг үл харгалзан Миучча чиг хандлагыг бий болгож чадсан. Ашгаа нэмэгдүүлэх гэсэн тансаг зэрэглэлийн брэндүүд Азийн зах зээл рүү шил даран тэмүүлж байна.  Чинээлэг азиудыг татахын тулд Миучча загварын шоугаа 2011 онд Бээжинд хийжээ. Өсөн нэмэгдэж буй зах зээлд нэвтэрснээр жилийн орлогоо гурван тэрбум еврогоор өсгөв. Цуглуулгаа танилцуулсныхаа дараа  тайзны дундуур явдаггүй тухайгаа “Үзэсгэлэнтэй загвар өмсөгчидтэй өрсөлдөхийг хүсдэггүй”гэж хошноор тайлбарласан байдаг.  Улирал тутмын хамгийн алдартай брэндүүдийн жагсаалтад “Miu Miu” “Прада”-тай зуузай холбон уралдаж байна. Манай үеийн загварын агуу сэтгэгчдийн нэг Миучча Прада үнэний тухай ойлголтыг шинээр тунхагласан.  Хэт их мэдээллийн эринд бодит бас хуурмаг гэж юу вэ. “Miu Miu” брэнд “Давс элсэн чихэр шиг харагддаг” гэх өнгөрсөн зуны цуглуулгаа Польшийн зураач Гошка Макугатай хамтран гаргасан. Цагаан даавуугаар урласан богино даашинзны энгийн хэв маягаар ташаа мэдээллийн эмх замбараагүй байдалд тодорхой, нарийвчлалыг харуулжээ.  Энэ зүйрлэл нь бид харж буй зүйлийнхээ амтыг мэдрэх хүртэл үнэний ээдрээтэй, хууран мэхлэгч мөн чанарын тухай эргэцүүлэн боддог гэсэн санааг илэрхийлнэ.  “Чи өмссөн хувцастайгаа үдэшлэгт явах, хүүхдээ сургуульд нь  хүргэж чадахаар байх хэрэгтэй. Гадна төрхөөсөө хэзээ ч бүү ич” гэсэн Миучча Прадагийн номлол загварын ертөнцийг хэвшмэл ойлголтоос ангид байлгадаг дархлаа болон тогтжээ.   


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/      


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 45 минутын өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 51 минутын өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 59 минутын өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 1 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 3 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 3 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 3 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр