Б.Батдаваа: Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхахдаа бэлэн


Монгол Улсад орчин цагийн статистикийн алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваатай ярилцлаа.  

-Монгол Улсын статистикийн салбар анх 1924 онд үүсэн бий болсноос хойш 100 дахь жилийнхээ ойтой золгож байна. Хуучин зуунд үүссэн энэ байгууллагын шинэ зууны даргын хувьд ямар бодлого, зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?
-2024 он бидний хувьд түүхэн 100 жилээ угтсан сорилт, боломж, бодлогын шинэчлэлээр дүүрэн, олон ажил, төсөл төлөвлөн хэрэгжүүлсэн жил байлаа. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улсын статистикийн салбарт маш их ахиц дэвшил гарсан. Бид тоо бүртгэл, статистикийн хувьд 100 жилийн түүхтэй улс биш. Хэдэн зуу, мянган жилийн түүхтэй. Эртний түүхэн сурвалжуудад хүн ам, цэргийн тоо, малын тоогоо бүртгэж, тоон мэдээлэлдээ болон шийдвэр гаргахдаа ашиглаж байсан баримтууд байдаг. 

Монгол Улсад 1924 онд орчин цагийн статистикийн алба байгуулагдсанаар эхлэл нь тавигдаж, 1960-аад оноос шинжлэх ухааны үндэслэл, системтэйгээр нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдээ гаргаж эхэлсэн байдаг. 1990-ээд он буюу зах зээлийн системд шилжсэнээр статистикийн байгууллага хөгжлийн дараагийн шатанд шилжсэн гэж ойлгож болно. Ингэснээр сүүлийн 30 орчим жилд Монгол Улсын статистикийн албаны тогтолцоо олон улсын жишигт хүрч хөгжих үе шат тавигдаж, энэ хэрээр өнөөдөр бид олон улсдаа хүлээн зөвшөөрөгдөж чадлаа. Дэлхийн банкнаас гаргадаг дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг хэмждэг үзүүлэлтээр манай улс харьцангуй дээгүүр байрт орж байна. Мөн ODIN /Нээлттэй мэдээллийн цаг олон улсын байгууллага/ буюу статистикийн нээлттэй, хүртээмжтэй байдлыг үнэлдэг байгууллагын үнэлгээгээр Зүүн Азидаа II, дэлхийд VIII байрт эрэмбэлэгдэж байна. Үүний зэрэгцээ  бид бүсийн болон дэлхийн хэмжээний ажлын хэсгүүдэд гишүүнээр идэвхтэй ажиллаж, дэлхий дахинд мөрдөх статистикийн арга, аргачлал боловсруулахад хамтран ажиллаж байна. Статистикийн арга, аргачлалын хүрээнд чадавхаараа дэлхийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Бидний хувьд сүүлийн жилүүдэд гаргаж буй статистик мэдээллээ илүү боловсронгуй болгох болон чанарыг сайжруулахад нэлээд анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд бидний гаргаж буй статистик тухайн юмс үзэгдлийг бүрэн илэрхийлж, төлөөлж чадаж байгаа эсэхэд чиглэсэн шинжилгээ, сайжруулалтыг хийж байна. Монгол Улсад цахим шилжилт, өгөгдөлд суурилсан шилжилт хийх алхмууд сайн хэрэгжиж байна. Тухайлбал, И-Монголиа системийг нэвтрүүлээд дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Энэ системээр иргэд төрийн 100 гаруй үйлчилгээг газар зүйн байршлаас үл хамааран авах боломжтой болсон. Одоогоор төрийн үйлчилгээ талдаа байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран төрд байгаа мэдээллүүдийг нэгтгэж ашиглах, төрийн болон бизнесийн байгууллага, иргэдийн шийдвэр гаргалт, судалгаа шинжилгээнд ашиглахад зориулсан нэгдсэн мэдээллийн систем, тогтолцоо бий болгохоор ажиллаж байна. Үүнийг зөвхөн бид санаачлан хэрэгжүүлээгүй. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд дата, өгөгдлийн стратегийн баримт бичгүүд боловсруулж, яг энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Жишээ нь Австрали, АНУ, Канад, Литва, Эстони зэрэг улс бодлогын баримт бичгүүдээ боловсруулаад, энэ чиглэлд онцгой анхаарч байгаа. Бид ч гэсэн дэлхийн хөгжлөөс хоцрохгүй, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн өгөгдлийн эко систем хөгжүүлэх төслийг төрийн холбогдох яамдтай хамтан хэрэгжүүлж байна. Үр дүн нь эхнээсээ хэрэглэгчдэд хүрч байна. Энэ оны тавдугаар сард бид “Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан”, “Төрийн нэгдсэн өгөгдлийн сан” эдгээр системийг ашиглалтад орууллаа.  Үндэсний статистикийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өдөр буюу энэ сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байгааг энэ ташрамд дуулгахдаа таатай байна. Ирэх оноос эдгээр системд нэгтгэсэн маш олон тооны мэдээллийг хэрэглэгчдэд ашиглах боломжтой хэлбэрээр буюу цахим талбаруудаараа дамжуулан хүргэнэ.
-Техник технологийн салбарын хурдацтай хөгжил мэдээлэл боловсруулалт, статистикт шинэ сорилт болж байгаа нь гарцаагүй. Энэ хүрээнд салбарт ямар шилжилт, шинэчлэл өрнөж байна вэ? 
-Одоо бидэнд тулгамдаж буй сорилт бол шинэ технологи, мэдээллийн шинэ эх үүсвэр, их өгөгдөл ашиглах ур чадварыг нэвтрүүлэх, цаашдаа статистикийн салбарыг тогтвортой хөгжүүлэх асуудал юм. Энэ хүрээнд 2021 оноос эхлэн “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлж байна. Төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх, мэдээллийн шинэ эх үүсвэр болох сканнер дата, цахим хуудаснаас дата уншуулах, их өгөгдөл ашиглах, гар утасны өгөгдөл, сансрын зураг ашиглах зэрэг төслийн судалгааны ажлуудыг эхэлсэн, зарим үр дүн нь эхнээсээ гарч байна. Бидний хувьд ойрын ирээдүйд хамгийн тулгамдсан зүйл бол статистикийн тогтолцоо, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдын чадавхыг хэрхэн, яаж орчин үеийн чиг баримжаатай хөгжүүлэх вэ гэдэг асуудал. Зарчим бол ерөөсөө л бидний гаргаж буй статистик мэдээлэл үнэн зөв, бодитой байх ёстой. 
Сүүлийн жилүүдэд бидний хийж чадсан хамгийн том ажил бол  мэдээллээ илүү бодитой болгох зорилгоор цахим технологийн шилжилтийг чамлахааргүй хэмжээнд хийж чадлаа.  ҮСХ-оос тооцон гаргаж байгаа мэдээлэл бол албан ёсны статистикууд байдаг. Албан ёсны статистик нь НҮБ-аас гаргасан 10 зарчимд үндэслэдэг. ҮСХ-оос тооцон тархааж байгаа үзүүлэлтүүд арга, аргачлалын хувьд олон улсын түвшинд харьцуулагдахуйц буюу олон улсад нийтлэг хэрэглэж байгаа арга, аргачлалыг ашигладаг.  НҮБ ч үүнийг шаарддаг. Товчхондоо, мэдээлэл цуглуулалтаас олон нийтэд мэдээлэл хүргэх хүртэлх үе шат бүгд цахимжсан. Улмаар үе шат бүрд чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж байна. Мөн шинэ технологи ашиглах талд бид туршилтын хэд хэдэн судалгааг хийгээд эхнээсээ үр дүн гарсан буюу статистик боловсруулахдаа ашиглаад эхэлсэн. Тухайлбал,  Big data буюу төрд байгаа их өгөгдлийн санг ашиглаад худалдаа, зочид буудал, зоогийн газар зэрэг цөөнгүй салбарын статистикийг эндээс ашиглаж байна. Түүнчлэн сансрын зураг ашиглаж статистик тооцох туршилтын судалгааг  газар  тариалангийн статистик дээр туршлаа. Энэ намар  OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дэргэдэх байгууллагатай хамтран сансрын зураг ашиглан мал тоолох боломжийн талаарх туршилтын судалгааг хийлээ. Ингэснээр бод малыг 80 хувийн оновчлолтойгоор тоолж болох юм байна гэдэг дүгнэлт гарсан. Цаашлаад хэрвээ хиймэл дагуулын зургийн нарийвчлал сайн болсон тохиолдолд ашиглах боломжтой юм байна гэдэг үр дүн гараад байна. Өөрөөр хэлбэл, статистикийг бид цаашдаа их хэмжээний мэдээлэл ашиглаж боловсруулах, тэр дундаа өгөгдлийн шинжлэх ухаан талаас нь хөгжүүлэхэд нэлээд анхаарч  ажиллаж байна. Нөгөөтэйгүүр дэлхий нийтэд хиймэл оюун ухаан, машин сургалт, дата ур чадвартай мэргэжилтний эрэлт, хэрэгцээ их болоод байна. Тиймээс  цаашид энэ чиглэлд анхаарч, мэргэжилтнээ бэлтгэх шаардлагатай. Статистик бол зөвхөн байгууллагын асуудал биш, энэ бол тогтолцооны асуудал. Жишээ нь хүн амын статистик үзүүлэлт гаргах ажлыг зөвхөн статистикийн байгууллага хийдэггүй. Орон нутгийн засаг захиргаа, УБЕГ, ГИХГ, ХХЕГ, Эрүүл мэндийн байгууллага гээд олон байгууллагын тоон мэдээлэл хамрагддаг учраас энэ бүх байгууллагатай сайн хамтарч ажиллах нь хамгийн чухал юм.  
-Статистик бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ, бид хэрхэн ойлгож хүлээж авах ёстой вэ. Шинжлэх ухаанд суурилсан энэ статистикийн  мэдээллийг зөвхөн төр гэлтгүй бусад салбарт хэр өргөн хэрэглэж ашигладаг юм бэ?
 -Статистикаар нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг тоон мэдээлэл болон тодорхой үзүүлэлтээр нэгтгэж харуулдаг. Ямар асуудал болж байна, ямарт нь анхаарах ёстой вэ гэдэг бүх чиглэлийн тоон мэдээллийг гаргаж байна гэсэн үг. Жишээлбэл, эрүүл мэндийн статистик. Ямар төрлийн өвчлөл хэзээ нэмэгдэж байна, ямар төрлийн өвчний шалтгаант нас баралт өндөр байна гэдэг динамик тоонууд гарч ирдэг. Энэ нь нэгдүгээрт, яг одоо байгаа нөхцөл байдлыг харуулж байна. Түүхэн тоонуудын хувьд үүнд юу нөлөөлсөн байна вэ гэх судалгаа хийх боломж гаргаж байна. Тэгэхээр салбар бүрд ашиглагдана. Зөвхөн төр ашигладаг биш бизнесийнхэн, иргэд ч өдөр тутмын амьдралдаа бараа бүтээгдэхүүний үнээс эхлээд олон төрлийн мэдээллийг авч ашиглаж болдог. Төрийн  бодлогын гол инститицууд статистикийн мэдээллийг маш сайн ашигладаг. Төрийн албан мэдээллүүд албан ёсны статистик мэдээлэлд суурилсан байдаг гэсэн үг. Энэ утгаараа мэргэжлийн түвшиндээ өргөн хүрээнд ашигладаг гэж ойлгож болно. Бид цаашдаа орчин үеийн хэрэгцээ шаардлага, нийгэм эдийн засгийн нөхцөл  байдалд нийцүүлэх үүднээс  мэдээллийг илүү задаргаатай, олон хэмжээстэйгээр шийдвэр гаргалт болон хэрэглэгчдэд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Манайхаас гаргаж буй тоон мэдээлэл өөрөө хэрэглэгчдэд ойлгомжтой байх ёстой гэдэгт илүү анхаарч ажиллах шаардлагатай нь ажиглагддаг. Тиймээс НҮБ-аас бүх улсын статистикийн байгууллагад олон нийтийн стастистикийн боловсролыг сайжруулах, энэ төрлийн мэдээллийг ойлгомжтой болгохыг уриалж байгаа юм. Энэ хүрээнд бид хэд хэдэн ажлыг хийж байна.
-ҮСХ-оос хийдэг томоохон ажлын нэг нь мал тооллого. Таны хэлсэнчлэн энэ ажлыг цаашид илүү боловсронгуй байдлаар технологийн дэвшил ашиглан хийдэг болохоор зэхэж байгаа юм байна. Үүнээс өөрөөр буюу шинэ тутам загварчилж буй санаачилга юу байна вэ. Сонирхуулах үүднээс хүргэх ямар мэдээлэл байна вэ?
-Хүн ам, орон сууцны тооллого хуулийн хүрээнд 10 жил тутамд зохион байгуулах ёстой.  Бид жил тутамд хүн амын мэдээллийг гаргадаг. Энэ нь төрөлт, нас баралтын мэдээллийг УБЕГ-аар дамжуулан мэдээллээ шинэчлээд явдаг. Ер нь хүн амын тооллого бол зөвхөн  хүн амаа тоолох бус нийгэм, эдийн засгийн судалгааг хүн амынхаа тоотой зэрэгцүүлэн  дэлгэрэнгүй байдлын судалгааг хийдэг. Жишээлбэл, хүн амын орон сууц, амьжиргааны нөхцөл байдал, боловсрол, соёлын үзүүлэлтийг ч давхар гаргадгаараа онцлогтой. Тийм учраас зөвхөн тоо гэхээсээ илүү олон талт, өргөн хүрээний судалгааны ажил болдог.  Үүний  зэрэгцээ  шинэ технологи ашиглан гаргаж буй статистик  цөөнгүй бий. Тухайлбал, өмнө нь бид орон сууцны үнийг тухайн засаг захиргааны нэгжээр дамжуулан 100-аад аж ахуйн нэгжээс мэдээлэл дамжуулж аваад гаргадаг байсан бол одоо веб скрабинг буюу цахим хуудсуудаар түгээсэн заруудад үндэслээд тухайн зарыг загвар ашиглан боловсруулж, код бичсэнээр 100 аж ахуйн нэгжээс авдаг байсан мэдээлэл маань 8000 гаруй зарын мэдээллийг шүүж, тэндээс орон сууцны үнийг тооцох технологи нэвтрүүлээд байна. НӨАТҮС буюу нэмэгдсэн өртгийн албан татварын системээс бид өмнө нь аж ахуйн нэгжүүдээс сар бүр мэдээллээ авдаг байсан бол одоо  нэлээд хэдэн салбарын мэдээллийг НӨАТҮС-ээс татаж гаргадаг болсон. Ингэснээр статистик мэдээлэл боловсруулах  үйл явц илүү хурдан, зардал багатайгаас гадна харилцагч аж ахуйн нэгжүүдийн ажлыг ачааллыг ч бууруулах давуу талтай ажил болж чадсан. 
-Үндэсний Статистикийн Хороог удирдан ажиллаж яваа хүний хувьд та энэ байгууллагын цаашдын ирээдүйг хэрхэн харж байна вэ, та бүхний алсын хараа?
-Бидний гол зорилго бол төр, иргэн, хувийн хэвшлийг мэдээллээр тэгш хангах явдал. Өгөгдлийн шинжлэх ухааны чиг баримжаатай статистикийн байгууллага болж хөгжих зорилгоор олон улсын хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашдаа бид их хэмжээний өгөгдөл дээр ажиллаж чаддаг боловсон хүчин бэлтгэх, улсын хэмжээнд ийм тогтолцоог бүрдүүлэхэд ҮСХ Засгийн газарт болон бусад төрийн байгууллагад дэмжлэг үзүүлж чадах чадвартай болох зорилгоор хүний нөөцөө бэлтгээд ажиллаж байна. Бид статистик мэдээллийн чанарыг сайжруулахын зэрэгцээ шинэ технологи, эх үүсвэр ашиглан салбарын хөгжлийг бэхжүүлж, үйл ажиллагааг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч, дараагийн шинэ зуун, хөгжлийн эрин үетэй хөл нийлүүлэн алхахдаа итгэл дүүрэн байна.  Ярилцлагын төгсгөлд Монгол Улсын статистикийн салбарын 100 жилийн түүхийг бүтээхэд идэр залуу нас, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, ур чадвараа зориулан ажилласан үе, үеийн ахмад ажилтан болон өнөөдөр ажиллаж байгаа нийт хамт олондоо, эрдэмтэн судлаач нар, хамтран ажилладаг төрийн болон олон улсын байгууллагууд, мэдээллийн найдвартай эх үүсвэр болдог иргэн, аж ахуйн нэгжүүд, нийт хэрэглэгчдэдээ чин сэтгэлийн талархал дэвшүүлж, 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. 


М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
1
care
0
haha
6
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 7 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр