Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхахдаа бэлэн


А.Ариунзаяа: Статистикийн мэдээллийг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэхэд түлхүү анхаарч ажилласан

-Миний хувьд 2016-2020 оны хооронд дөрвөн жил ҮСХ-ны даргаар ажиллах завшаан  тохиосон. Статистик  бол тоогоор илэрхийлсэн амьдрал. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй. Хүний амьдралын бүхий л циклтэй холбоотой нийгэм, эдийн засаг, түүхийн бүх тоог олон улсад нэг л тоон хэлээр  ярилцдаг. ҮСХ-ны даргаар очиж байхад  мэргэжлийн, маш сайхан хамт олон угтан авч байлаа. Миний хувьд хамгийн их анхаарч ажилласан зүйл нь залуу хүний хувьд энэ олон хүний хөдөлмөрөөр бэлтгэн гаргаж буй мэдээ мэдээллийг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэхэд гол анхаарлаа хандуулж ажилласан. Статистикийн мэдээллийг энгийнээр, сонирхолтой, ойлгомжтой байдлаар нийтэд хүргэхэд анхаарч ажилласнаар стастистикийн талаарх хүмүүсийн ойлголт, эерэг сэтгэгдэл нэмэгдсэн гэж дүгнэж болно. Бидний хувьд  ҮСХ-ны цахим хуудас болох www.1212.mn цахим хуудсаа шинэчилж, сонирхолтой статистикуудыг нэмсэн. Ингэснээр хамгийн олон давтамжтай хэрэглэгдсэн нь нэрийн статистик байдаг. Одоо ч тухайн жилдээ төрсөн хүүхдүүдэд өгсөн нэр, хамгийн урт болон сонирхолтой нэр нь юу байна вэ гэдгийг олон нийт маш их сонирхож үздэг болсон. Мөн дээрээс нь “Та Монгол Улсын хэд дэх иргэн бэ” гэх мэтчилэн тухайн хүнд өөрт хамаарал бүхий, таалагдсан сонирхолтой жижиг статистикуудыг гаргаж байлаа. Ингэснээр статистик гэдэг өөрөө хуурай шинжлэх ухаан биш шүү гэдгийг сонирхолтой байдлаар хүмүүст ойлгуулж чадсан л даа. Цаашлаад нийгэмд тулгамдсан асуудлуудын үр дагаврын талаарх статистикийг хүмүүс маш их сонирхдог. Тухайлбал, утаа угаар эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ зэрэг нийгэмд сэдэв болж, тулгамдаж буй асуудлуудыг тооны хэлээр илэрхийлж олон улс болон Монгол Улсын цаг хугацааны интервалаар нь гаргаж танилцуулах нь эргээд тухайн сэдвийг ойлгох, тулгамдаж буй асуудал нь юу юм бэ гэдгийг шинжлэх ухаанчаар гарган ирж цаашдын бодлого шийдвэр гаргаж буй байгууллагуудад бодлогын зөвлөмж болж очдогоороо статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдлыг нэмсэн гэж үздэг. Энэ хэрээр статистикийн мэдээллийн цахим хуудас  олон улсад  өндөөр үнэлэгдсэн.  Одоо ч манай улсын статистикийн байгууллага олон улсад өндрөөр үнэлэгдэж явдагт бахархалтай байдаг.  Албан ёсны статистикийн үзүүлэлтүүд нь  өнгөрсөн хугацаагаар гардаг учраас юу болж өнгөрсөн бэ гэдгийг гаргаж байдаг тоон хэл. Үүн дээр суурилаад зөв арга хэрэгслээр динамик загвар гаргаад ирээдүйг ч таамаглах боломжийг бүрдүүлж байдаг тооны хэл. Тиймээс статистик тоо худал хэлдэггүй. Онолын маш том  шинжлэх ухаан учраас үүнийг маш сайн ойлгож, зөв бодлого шийдвэр гаргаж чадвал тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Статистикийн байгууллага 1924 онд Тоо бүртгэх хэлтэс нэртэй, зургаан хүний бүрэлдэхүүнтэй байсан бол өнөөдөр Үндэсний Статистикийн Хороо болж, 320 орчим ажилтантай том айл өрх болжээ. Үүнээс улбаалаад хүн бүрийн амьдралд шууд хамааралтай буюу иргэн бүр статистикийн мэдээллийн нэг бүрэлдэхүүн болж байдаг учраас бид бүгдийн ойн өдөр гэж би хувьдаа үздэг. Статистикийн байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч төдийгүй хэрэглэгчид, нэг эд эс нь болж буй хүн бүрд  100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.     


П.Бямбацэрэн: ҮСХ-ны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх зорилго тавин ажилласан

-Миний хувьд статис­тикийн байгууллагатай олон жилийн өмнөөс холбоотой хүн. 1977 онд ОХУ-д дээд сургууль төгсөж ирээд Сангийн яаманд ажилласан юм. Тэнд мэргэжилтэн, хэлтсийн дарга байхаасаа Статистикийн төв газартай /тухайн үеийн/ ажил төрлийн холбоотой,  ойрхон ажиллаж ирсэн л дээ. Ингээд 1985 онд МАХН-ын Төв хороонд дэвшиж ажилласан. Тэнд ажиллаж байхдаа Статистикийн төв газрын хуучин тогтолцооны үеийн бодлого шийдвэр, түүний хэрэгжилтийг хангахад, энэ салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд, томилгоо, боловсон хүчнийг бэлтгэхэд намын бодлогоороо дамжуулан энэ ажлыг хариуцан ажиллаж байв. Хожим  Үндэсний Статистикийн Газар гэж нэрлэж байх үед 2002 онд даргаар нь томилогдон ажилласан. Энд ирэхэд миний хувьд шинэ  газар байгаагүй. Ерөнхийдөө бодлого шийдвэрийг нь мэддэг, хэрэгжилтийнх нь байдлыг ажиглаж байдаг, өөрөө статистикийн мэдээллийн сайн хэрэглэгч нь байлаа.  Намайг ирэхэд шилжилтийн дараах үе байсан учраас эмх цэгцэндээ хараахан орж чадаагүй буюу хуучин тогтолцооноос шинэ тогтолцоо руу шилжих завсрын үе байсан. Ажиллах хугацаандаа нэлээд олон шинэчлэл хийх зорилгоор хэд хэдэн асуудалд анхаарлаа төвлөрүүлэн ажилласан. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой, институцийнх нь хувьд Үндэсний Статистикийн байгууллагыг олон улсын жишигт нийцүүлж, шинэ шатанд гаргах зорилго тавьсан. Үүний дагуу 2004, 2008 онд Статистикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр хууль эрх зүйн харилцаанд ороогүй байсан тооллого, судалгааны асуудлыг хуульчлах зорилгоор Тооллогын тухай анхдагч хуулийг батлуулан гаргуулж байлаа. Мөн олон улсын стандартыг нэвтрүүлэх тал дээр ч нэлээд анхаарсан. Өөрөөр хэлбэл, бид социалист тогтолцоогоор голдуу явж байсан учраас зах зээлийн харилцааны үеийн олон улсын жишигт нийцсэн статистикийн байгууллага ямар байх ёстой тухайд НҮБ-аас батлан гаргасан 10 зарчмыг хуульдаа тусгаж, түүгээрээ дамжуулан институцийн хувьд Статистикийн байгууллага хэрхэн хөгжих ёстой юм бэ гэдэг стратеги төлөвлөгөөг анх удаа УИХ-аар батлуулан гаргуулж байлаа. Хоёрдугаарт, статистикийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох байсан. Ингэснээр албан ёсны болон захиргааны статистикийн уялдаа холбоо, харилцан нөхөх байдал, мэдээллийн эх сурвалжуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр багц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн. Үүний дагуу яам, тамгын газрууд статистикийн хэлтэс болсон. Тэндээс гаргадаг мэдээллийг хянаж, боловсронгуй болгосон, мэдээллийн тогтолцоогоо боловсронгуй болгох багц асуудлыг боловсрулж, мөрдүүлж эхэлсэн юм. Улмаар олон улсын жишгээрээ мэдээллийн боловсруулалтыг сайжруулах программ хангамжийг шинээр нэвтрүүлэх ажлыг хийж явлаа. Гуравдугаарт,  технологийн орчноо шинэчлэх буюу технологийн шинэчлэлийн бодлогыг боловсруулсан.  Дөрөвдүгээрт, бие даасан, хараат бус шинжлэх ухааны үндэслэлтэй статистикийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуульдаа 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Биднийг ажиллаж байх үед бас нэг анхаарсан зүйл нь олон улсын түвшинд хэрэгжиж буй мэдээллийн боловсруулалт, нууцлал, ил тод байдлыг хангах чиглэлийн механизмуудыг хуулиараа баталгаажуулж, туршлагаа бусадтай хуваалцахаас гадна хүний нөөцийнхөө чадавхыг сайжруулах нь дөрөв дэх том зорилт байсан. Тийм учраас бид зөвхөн тоон мэдээлэл нэгтгэж, статистикийн шуурхай мэдээ, жилийн тайлан гаргах төдий биш бусад сэдвээр  өргөн хүрээний судалгаа хийдэг болох, аливаа асуудалд мэдээлэл боловсруулах, түгээх, тархаах, хэрэглээнд оруулах бүх шатандаа шинжлэх ухааны үндлэслэлтэй арга зүйг сурах ёстой гэдэг зарчмыг баримталсан. Түүхт ойг тохиолдуулан статистикийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, өнөө хойч үеийн залуучууд, мэдээллийн эх сурвалжаар  хангаж байдаг аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, бүх талын оролцогчдод түүхт ойн халуун мэндийг хүргэж, сайн сайхныг хүсье. 


С.Мэндсайхан: Аппликэйшнээр мэдээлэл авах боломж бүрдүүлж, www.1212.mn сайтын эхлэл суурийг  тавьж байлаа

-Миний хувьд 2009-2016 онд ҮСХ-ны даргаар ажилласан. УИХ-аас томилогдоод ажлаа хүлээж авахад л Хүн ам, орон сууцны тооллогын  бэлтгэл ажил эхэлчихсэн байсан л даа. Туршилтын тооллогыг эхлүүлсэн байсан юм. Түүнээс гадна статистикийн олон жилийн мэдээллүүд цаасан хэлбэрээр байсан учраас цахимжуулах үе дөнгөж эхэлсэн байсан үе. Нөгөө талаас манай статистикийн салбарын үйл ажиллагаанд зөвхөн үндсэн ажилтнуудаас гадна төр засгийн холбогдох түвшний Засаг дарга нар, хорооны бүртгэгч зэрэг олон хүн оролцдог л доо. Биднийг ажил авч байх үед Багийн Засаг дарга нь Хүн ам, өрхийн бүртгэлээ хөтөлдөг байлаа. Тусдаа дэвтэртэй, зарим Засаг дарга дутуу хөтөлнө. Багийн Засаг дарга сонгуулиар томилогддог албан тушаал учраас бүрэн эрхийн хугацаагаа бүрэн дуусгадаг нь ч байна, дуусгалгүй дундаасаа солигдох тохиолдол ч байна. Энэ тохиолдолд өрхийн мэдээлэл алга болох, ашиглах боломжгүй болох зэрэг эрсдэлтэй нөхцөлд байсан учраас Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажлыг мөн эхэлсэн байсан. Намайг  ажил авч байхад ийм хоёр том ажил эхэлчихсэн байв. Ингэснээр Багийн Засаг дарга нарын мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлж, онлайн болгосноор бүсчилсэн хэлбэрээр бүгдэд нь хүрч, мэдээлэл хүргэж, бүртгэлийн системийг хэрхэн ажиллуулах талаар сургалт орж байлаа. Багийн Засаг дарга нар нэгдсэн сан руу нэвтрэх эрхтэйгээс гадна  солигдлоо гэхэд мэдээлэл алдагдахгүйгээр дараагийн хүнд шилжүүлж байсан юм. Мэдээллийн санг цахимжуулах хүрээнд энэ  нь маш том ажил болсон. Ер нь бид статистик мэдээллийг боловсруулахаас гадна хэрэглэгчид хэрэглэхэд хялбар дөхөм, бүрэн гүйцэд байх, тоон мэдээллийг зөвхөн бичиг цаасаар биш график хүснэгтээр буюу тухайн субьектэд шаардлагатай хэлбэрээр авах бололцоо боломжийг бүрдүүлэх тал дээр нэлээд сайн анхаарч ажилласан. БНСУ-ын Статистикийн байгууллагатай хамтарч статистикийн мэдээллийн цахим санг байгуулах ажлыг хийсэн нь том ахиц дэвшил  болсон. Бид хамтран төсөл хэрэгжүүлээд “Монсис” буюу Монголын статистикийн мэдээллийг тухайн улсын загвараар хэрэгжүүлсэн юм. Ингэснээр манай улс мэдээллээ цахимжуулж,  цахимжсан мэдээллийн сан бий болсон учраас гар утасны аппликэйшнээр хүртэл мэдээлэл авах бололцоо бүрдсэн. www.1212.mn сайтын эхлэл суурийг ингэж тавьж байлаа. Статистикийн байгууллага улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг тоон үзүүлэлтүүдээр гаргах үндсэн үүрэгтэй. Гэхдээ зөвхөн улс орныхоо нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлохоос гадна бусад улс оронтой харьцуулахад манай улс ямар түвшинд байна вэ гэдгийг илэрхийлэхүйц байх ёстой. Тэгэхээр статистикийн байгууллагын нэг онцлог нь үзүүлэлтүүдийн аргачлал, арга зүйн онцлогийг тусгасан байхаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдмэл ангилал, аргачлалыг хангасан байх ёстой. Тэр үүднээс бид аргачлал, арга зүйгээ боловсруулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал боловсруулаад түүнийхээ онцлогийг  тусгасан байдлаар аргачлал, арга зүйгээ боловсруулж явсан. Мөн бид НҮБ-ын сатистикийн  комиссын хорооны сонгуульд нэрээ дэвшүүлэн дэлхийн НҮБ-ын комиссын статистикийн гишүүн 140 гаруй улсаас 24 орны нэг болон сонгогдож байлаа. Түүнчлэн биднийг ажиллаж байх үед Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулж байлаа. Зөвхөн статистикийн байгууллага биш төрийн маш олон байгууллага хамтран гурван сая дахь иргэнээ тодруулж  байлаа. Ингээд статистикийн байгууллагын үе үеийн удирдлага, ажилтнууд болон хамтран ажиллагч, оролцогч  болдог бүх хүмүүст түүхт ойн мэндийг хүргэе. 


Ч.Даваасүрэн: Статистикийн тухай анхдагч хуулийг баталж, Засгийн газраас 
УИХ-ын харьяанд шилжүүлж байлаа

-Миний хувьд 1996-2002 оны хооронд ҮСХ-ны даргаар ажиллаж байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед статистикийн байгууллагын үйл ажиллагааны зарчим, статистик мэдээллийн тогтолцоог шинээр бүрдүүлэн хөгжүүлэх шаардлагатай болсон юм.  Энэ үед статистикийн алба нам, төрийн хяналтад байж мэдээлэгчдээс шаардлагатай мэдээлийг гаргуулан авах талаар онцгой эрх эдэлж үлэмж хэмжээний мэдээллийг бүрдүүлсэн асар их хүн хүч, хөрөнгө удирдлагын нүсэр аппарат шаардсан тогтолцоо байсан юм. Мөн зах зээлийн үед нэн шаардлагатай олон салбарын статистик илэрхий хоцрогдсон байв. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед албан ёсны статистикийн үүрэг,  ач холбогдол өөрчлөгдөж нийт хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр цаг тухайд нь хангах өргөн хүрээтэй үйл ажиллагаа эрхлэх болсон юм.  Төр, засгийн байгууллага, аж ахуйн нэгж болон өргөн олон нийтийн амьдрал, үйл ажиллагаанд төрөл бүрийн мэдээлэл, тэр дундаа статистик мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэх болсон. Төр, засгаас явуулж байгаа эдийн засаг, нийгмийн бодлогыг боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд нэг гол хэрэгсэл нь үнэн бодит статистик мэдээлэл болдог л доо. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад  үйл ажиллгаагаа явуулах, цаашдын төлөвөө тодорхойлоход үнэн бодит мэдээлэл шийдвэрлэх нөлөөтэй байдаг.  Үүнийг хэрэгжүүлэхийн тулд статистикийн байгууллага нь мэргэжлийн хувьд бие даасан, арга зүй нь шинжлэх ухааны үндэслэлтэй, үйл ажиллагаа нь тогтвортой явагдах нөхцөлийг хангах шаардлагатай байсан юм.  Тиймээс хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, эдийн засаг, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх  шаардлага үүссэн юм. Үүний дагуу 1994 онд  УИХ-аас  Статистикийн тухай  анхдагч хуулийг батлан гаргаж байлаа. Энэхүү хуулиар  Монгол Улсын албан ёсны статистикийн тогтолцоо, зорилго, гүйцэтгэх үүргийг тодорхойлж, статистикийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой иргэд байгууллагын хооронд үүсэх харилцаа, ялангуяа хувь хүн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээллийн үйл ажиллагааг зохицуулах боломжийг бүрдүүлсэн юм.  1994 онд НҮБ албан ёсны статистикийн үйл ажиллагааны зарчмуудын хүрээнд 10 зөвлөмж батлан гаргасан юм.  Гэтэл Статистикийн төв байгуллага Засгийн газрын бүтцэд байсан нь статистикийн үйл ажиллагааг улс төрөөс хараат бус, мэргэжлийн хувьд бие даасан зарчмын дагуу явуулах, гаргасан мэдээллийнхээ үнэн зөв, бодит байдлыг хариуцах тухай НҮБ-ын дээрх зарчмуудыг хэрэгжүүлэх боломж анхны энэ хуулиар хараахан бүрдээгүй байсан юм. Тиймээс  1997 онд Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Ингэснээр  Статистикийн төв байгууллагыг Засгийн газрын бүтцээс гаргаж, УИХ-ын харьяалах байгууллага болгож, эрх үүрэг нь өргөжин, яамд, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх статистикийн ажлын цар хүрээг нарийвчлан тогтоож, хувь хүн, аж ахуйн нэгж болон аливаа анхан шатны мэдээллийн нууцлалыг хамгаалж, хадгалах, шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, нийгэмд хүртээмжтэй мэдээллийн үйл ажиллагааг зохицуулах боломжийг бүрдүүлсэн юм. ҮСГ үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, албан хаагчид, бүрэлдэхүүнийг бужигнуулахгүй, ажилдаа итгэл төгс ажиллуулахад чухал заалт болсон гэж би хувьдаа үздэг. ҮСХ-ны мэдээлэл боловсруулах техник техиологи тэр үеийн дэлхийн жишиг рүү ойртож, компьютер, программ хангамжаар аль ч улсын доор орохгүй байсан. Статистикийн байгууллагын нэгж бүр олон улсын түвшинд танигдсан өөрийн эрхэлж буй салбартаа нэр хүндтэй, баялаг туршлагатай гаднын мэргэжилтнүүдээс ажлын арга барил, мэдлэг чадварыг эзэмшихээр хамтран ажилладаг байлаа.
Статистикийн албаны амжилт  дотоод, гадаадын байгууллага, хүмүүсийн олон талын оролцоо, дэмжлэг тусламжаар бүтсэн. Салбарын 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
1
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр