М.Даваасүрэн: Монгол хүний оюуны өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулъя



Монгол Улсын Зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Ган хийц” компанийн Ерөнхий захирал М.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Монгол орныг монголчууд бид өөрсдөө л хөгжүүлнэ. Өнөөдөр бид монгол эрдэмтэд, оюунлаг хүмүүсийнхээ хүч, авьяас чадварыг үнэлж, ашиглаж чадаж байна уу гэдгээс эхлээд ярилцъя?
-Тэгье. Ерөөсөө Монголын ард түмэн, өвөг дээдсээ бодоод үзье. Монголчууд тулгар төрөө байгуулаад явахдаа эдийн засгийн ямар ч хараат бус, өөрөө өөрийнхөө оюунлаг хүмүүсийг түшиглэн, улс орноо хөгжүүлж ирсэн түүхтэй. 1921 оны Ардын хувьсгалаас хойшхи 70 жилийн хугацаанд монголчууд дандаа хүний юм гуйж, хүний юмаар амьдраад байсан юм шиг хүмүүс ойлгодог. Гэхдээ төр нь бодлогыг нь хараад, монгол хүний оюун ухаан, оюунлаг хүмүүсээ дэмжиж байсан учраас улс орны хөгжлийг түргэтгэх боломжийг бүрдүүлж эхэлж байсан. Гадаадаас мэргэжилтэн ирж, үйлдвэрт ажиллаад, монгол хүнд зааж сургаад, монголчууд түүнийг нь сурч мэдэж авч чаддаг байсан. Гэтэл өнөөдөр гадаадаас мэргэжилтэн ирлээ гэхэд цаасан дээр бичсэнээ уншиж өгөөд, Монголд тэдэн сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлье гэхэд түүнийг хэрэгжүүлэх хүмүүс Монголд байхгүй байна. Ийм учраас Монгол Улсаа монголчууд бид монгол ухаанаар л хөгжүүлье. Хүнээс юу ч битгий хар, хүнээс битгий гуйж амьдар. Эх орноо хөгжүүлэхэд гагцхүү монгол хүний ухаан л хэрэгтэй.  
-Монголдоо монгол хүн үнэ цэнгүй, эсрэгээрээ гаднын улсуудад манлайлдаг нь харамсалтай.  Иймд төр бодлогын түвшинд түлхүү анхаарч, монгол хүнийхээ хүч, ухааныг Монголынхоо хөгжлийн төлөө ашиглах ёстой болов уу?
-Социализмын үед материал техникийн бааз байгуулахын тулд Монголын төр боловсон хүчнийхээ сургалтыг 100 хувь даадаг байсан. Арван жилийн өмнө үйлдвэр барихын тулд ийм тооны боловсон хүчин хэрэгтэй гэдгээ бодлогоор боловсруулж, тэр үйлдвэрт ажиллах хүмүүсээ бэлдэж байсан. Уралын Политехникийн дээд сургууль, уул уурхайн анги, металлургийн компаниар. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг байгуулахад Уралын металлург, уул уурхайн институтэд ажилчдаа сургаж төгсгөж байсан. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулахын тулд Уралын Политехникийн дээд сургуульд дулааны инженерүүдийг бэлтгэж, сургадаг байсан. Монгол Улсын хөгжлийн асуудал, төрийн бодлого гэж энийг л хэлээд байгаа юм, би. Тэгж байж Монгол Улсаа хөгжүүлэх ёстой. Түүнээс биш бид өнөөдөр дандаа хүнээс гуйж, гадаадаас хог новш, есөн шидийн юм зөөж авчраад, Монголд зарснаар Монгол Улс хөгжихгүй. Монгол хүмүүсийг залхуу болгоно, Монгол Улс ирээдүйн хийх бүтээлийн төлөө явж чадахгүй гэсэн үг. Тийм учраас монголчууд хөдөлмөр хийгээд, чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ноу-хау технологийн асуудалд түлхүү анхаарах хэрэгтэй. Юмжаагийн Цэдэнбал Япон Улсаар “Говь” комбинатыг бариулсан. Өнөөдөр ямар сайхан, дэлхийд танигдсан бүтээгдэхүүн гаргаж чадаж байна вэ. Ийм ноу-хау технологийг Монгол нутагшуулах асуудлыг өнөөдөр төрийн бодлогоор хийх ёстой. Үндэсний үйлдвэрлэлүүдээ бий болгох асуудлаар зоригтой шийдвэр гаргаж ажиллах ёстой. Төсөл, хөтөлбөр боловсруулаад, гадаадаас бараа материал авах гэж байгаа бол инженерийн толгойгоор, энэ мөн үү биш үү, ямар шаардлага хангасан бэ гэдэг талаар хэн ч анхаарахгүй, төрийн дунд шатныхан очиж худалдаж авч ирээд, хэрэгтэн болоод үлдэж байна. Ингэж болохгүй. Монгол Улсыг хөгжүүлнэ гэдэг чинь эдийн засгийнхаа бүх асуудлыг цогцоор нь шийдэж, бодлогыг монгол ухаанаар бодох ёстой. Энийг л Монголын төр авч явах ёстой.
-Өнөөдөр Ерөнхий сайд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж ярьж байна. 2000-аад оны эхээр Н.Энхбаяр Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тогтоолыг батлуулж байсан. Түүнээс хойш төр барьсан хүмүүс, эрх баригч намууд, төрийн өндөрлөгүүд алсыг харсан төлөвлөгөө хийж ажиллаагүй гэж Та шүүмжилдэг...
-Өнгөрсөн 30 жилийг эргээд хар даа. Энэ олон нам төр барилцаад, 1.5 жилийн настай  Засгийн газар бүтээн байгуулалт чиглэлээр юу хийсэн юм бэ. Ганцхан жишээ хэлье. Намбарын Энхбаярын Засгийн газар “Мянганы зам” гэдэг авто замыг эхлүүлсэн. Одоо Өгийнуур хүртэл яваад хаячихсан. Дараа дараачийн Засгийн газар богино хугацаанд хөрөнгийг нь тавиад явчихсан бол Монгол Улс тавхан жилийн дотор 5000 км зам тавьчих боломж байсан. Гэтэл 24 жилийн дараа МАН, Оюун-Эрдэнийн Засгийн газар өнөөдөр “Мянганы зам”-аа ашиглалтад орууллаа гэж ярьж байна. Энэ бол аймаар том алдаа. Улс төр эдийн засагт хэтэрхий хутгалдаж. Улс орны хөгжлийг түргэтгэх боловсролын хэмжээ нь хүрэхгүй байна. Хөгжлийн асуудлыг инженерүүд, эрдэмтэд л шийднэ. Түүнээс биш улс төрчид шийдэхгүй. Тиймээс Монгол Улсын хөгжлийг оюунлаг, инженерүүддээ түшиглэж хийнэ гэж яриад байгаа нь энэ. Улс төрчид хэрэггүй, ангид байлга л даа. Улс орноо хөгжүүлье гэж байгаа чадварлаг инженер, эрдэмтэн профессоруудаа түшиглээч ээ, төр минь. Тэртээд Ариг бөх Францаас сайн эрдэмтэн Монголд урьж авчраад, Хархорумд маш олон гарын ур дүйтэй хүмүүсийг оролцуулан “Мөнгөн мод”-ыг урлуулсан байгаа юм. Гэтэл дайнд эзэлсэн хүн ардаас оюунлаг хүмүүсийг төр нь хамгаалалтдаа аваад, юм бүтээлгэж авсан байна шүү дээ. Өнөөдрийн Монголын төр оюунлаг хүмүүсээ хаячихсан. Монгол Улс гадаадаас янз бүрийн бараа худалдаж авдаг болсон. Өөр юу ч хөгжөөгүй. 
-Дээхнэ үед шинэ санаа, оновчтой бүтээл (ШБОС) шалгаруулж, эрдэмтэд, инженерүүдийнхээ чадварыг үнэлж, сайн урамшуулж, дэмждэг байсан юм билээ. Одоо тийм бодлого дутагдаж байгаа нь илэрхий байна? 
-ШБОС, тэргүүн туршлага, оновчтой санал гэдэг чинь үйлдвэр жигд ажиллаад явж байх үед инженерүүд оновчтой санал, тэргүүн туршлага гаргаж, гадаадаас авдаг тоног төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлээд, урамшуулал авдаг байлаа л даа. Гэтэл өнөөдөр тийм зүйл байхгүй. Өнөөдөр гадаадаас машин авчраад, түүнийг сайжруулах тухай ярьж байна. Монголд чиргүүлийн үйлдвэр байсан юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, монголчууд машины чиргүүл хийдэг байлаа. Машин механизмын завод гэдэг нэртэй том үйлдвэртээ бүх төрлийн машины эд ангийг хийдэг байсан. Яагаад энийг устгачихав аа. Яагаад үүнийг одоо хөгжүүлэхгүй байна вэ. Төр шинжлэх ухаанч үүднээс асуудалд хандаж, гадаадын ноу-хау технологийг авчирч, нутагшуулсны дараа монголчлоод, бүр боловсронгуй болгох боломж нь монгол инженерүүд, монгол эрдэмтдийн толгойд байгаа, энийг нь төр дэмжээд өгөөч ээ л гэж байгаа юм. 
-“Оюуны хүч, монголч ухаан, инноваци” их чуулган энэ сарын 27-нд болох юм байна. Энэ арга хэмжээ оюунлаг, чадварлаг инженер, эрдэмтдээ дэмжих нэг арга хэмжээ мөн үү? 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд ивээл дор “Оюуны хүч, монголч ухаан, инноваци” их чуулган болно. Бүх инноваторуудаа цуглуулсан хамгийн анхны их чуулганыг хуралдуулах юм. Энэ чуулган дээр Монголын 21 аймгийн 330 сумаас төлөөлөл оролцоно. Энд Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө сэтгэлээрээ зүтгэж ажилладаг, ингэж хийж бүтээх юмсан гэж хүсэж мөрөөдөж явдаг хүмүүсийн цугларалт болно. Энэ бол Монголд оюунлаг хүмүүс байгаа юм байна, бидний өвөг дээдэс юу хийж чаддаг байсан юм бэ, ХХ зуунд өвөг дээдэс минь, аав ээж минь юу хийсэн юм бэ, XXI зуунд, 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл 24 жилийн дотор улс орны хөгжлийн төлөө юу хийв ээ гэдэг асуудлыг гаргаж тавих гэж байгаа юм. 2050 он гэхэд буюу 25 жилийн дараа Монгол Улсыг хөгжүүлэхэд, Монгол Улс “Азийн бар” болоход оюунлаг ухаантай монголчуудаа түшиглэсэн бодлого явуулж чадвал бид улс орноо хөгжүүлж чадна. 25 жилийн дараа Монгол Улсын бүх бүтээгдэхүүнийг дэлхийн бүх улс орон худалдаж авдаг болгоё. Гэхдээ юу хэрэгтэй вэ? Даяаршлын өнөө цагт гадаад орнуудын хамгийн сүүлийн ноу-хау технологиуд бүгд байна. Үүнийг хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид бид бүгдээрээ худалдаж авч чадахгүй, үнэтэй. Гадаадын ноу-хау технологийг Монгол худалдан авах асуудлыг төрийн бодлогоор дэмжээд, зургаан бүсдээ давхардуулахгүйгээр нэг нэг үйлдвэр барьчих. Монгол Улс гуравхан сая хүнтэй. Экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүддээ хамгийн сүүлийн, өнөөдрийн дэлхийд танигдсан ноу-хау технологи нэвтрүүлэхтэй зэрэг манай бүтээгдэхүүн аяндаа дэлхийд гарна. Өнөөдөр манай “Говь”-ийн бүтээгдэхүүнээс өөр ямар бүтээгдэхүүн гадагшаа гарч байна вэ, байхгүй. Түүхий нүүрсийг нь зөөж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс молибденийг эцсийн бтээгдэхүүнээр биш, түүхий эдээр нь гаргаж байна. Энэ явдлыг зогсоож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг ноу-хау нэвтрүүлж бий болгох асуудлыг төрийн бодлогоор хийж эхлүүлэх ёстой. Ингэсэн цагт “Монголын түүхий эдийг авахгүй бол болохгүй, тэр чинь номер нэг байна шүү дээ” гэж гүйдэг болно. Бид түүнийг бий болгохын төлөө ажиллах ёстой. Би наад асуудлын чинь төлөө маш хатуу байр суурьтай байдаг. Монгол Улс ХХ зуунд, социализмын үед юм хийдэг байсан, инженерээр төгсөж ирж байсан бүх хүн компанийн захирал болсон. Тэдний толгой ажилладаг. Зах зээлийн эдийн засагт шилжиж, оюунлаг хүмүүс учраас богино хугацаанд ажиллаад, бүтээн байгуулалт хийгээд явж байна. Манай “Ган хийц” компанийн түүхийг өгүүлсэн ярилцлагууд олон бий. Тэндээс уншиж болно.
-Гадаад улсын ноу-хау технологийг дээд зэргээр эзэмшсэн монгол оюунлаг хүмүүсээ Монгол нутагтаа тогтоож үлдээх асуудал хамгийн чухал. Үүнд Засгийн газар маш их анхаарах ёстой, тэгж байж Оюун-Эрдэнэ сайдын 14 мега төсөл бодитоор хэрэгжинэ гэж та хэлж байна? 
-Монгол Улс оюунлаг хүмүүсээ тогтоож чадахгүй байна. Яагаад гэвэл төрийн бодлогоор оюунлаг хүмүүсийнхээ хийсэн болгоныг ядахдаа худалдан авч, оюуны бүтээлийг нь эдийн засгийн эргэлтэд оруулсан цагт улс орон хөгжлийнхөө гарцыг өөрсдөө аяндаа олох байхгүй юу. Ямар үйлдвэрийн, хэний бүтээл вэ гээд. 
-Өнөөдөр Монголын төрд юм бүтээе гэсэн инженер сэтгэлгээтэй, оюунлаг хүмүүс дутагдаж байна. Мөн орчин үеийн технологийн дэвшлийг боддог байсан бол Монголд дэлхийн орнууд шиг хөгжих бүрэн бололцоо байсан, тийм үү. Сингапур яаж хөгжсөн туршлагыг та 1990-ээд оны дунд үед тэнд байхдаа харсан гэдэг?
-Тийм ээ. Тэгэхээр хамгийн сүүлийн ноу-хау технологиор бий болгосон үйлдвэрүүдийг л бид байгуулахын төлөө одоо 25 жил тэмцэх ёстой. 2050 он гэхэд Монгол Улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд номер нэг “Азийн бар” болсон байна. Сингапур, Солонгос шиг “Азийн бар” болохын төлөө бид ажиллах ёстой. Тийм учраас төр эдийн засгаа өөд татахын тулд монгол оюуны хүчийг ашиглаж, газар доорхи, дээрх бүх баялагтаа түшиглэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг хамгийн сүүлийн үеийн ноу-хау технологитойгоор Монголд байгуулах хэрэгтэй. Улс орны хөгжилд хувь нэмэр оруулах үйлдвэрүүдийн ноу-хау технологийн хөрөнгийг гаргаж, үйлдвэрүүдийг нь бариулах асуудлыг Хөгжлийн банк нь хийх ёстой. Өөр юманд зарцуулж болохгүй. Монгол Улсын 1.5 жилийн настай Засгийн газар болгон Сингапурт очиж танилцсан. Солонгост очсон, Японд очсон. Нэг нь ч энийг хэрэгжүүлэх тухай бодож байгаагүй. Зөвхөн өнөөдрийг зоосны нүхээр харсаар байна. 
-Та “Ган хийц” хүнд үйлдвэрийн энэ том компанийг удирдаж байна. Энэ олон жил хүнд үйлдвэрлэл удирдах, барилга байгууламж барих, бүтээн байгуулалт босгоход хүндрэл их байсан нь мэдээж. Та гадаадаас юм авахгүй, Монголдоо дэвшилтэт үйлдвэрүүд байгуулаад, бүтээгдэхүүнээ экспортолъё гэж өнөөг хүртэл зүтгэж байгаа талаараа ярихгүй юу?
-“Ган хийц” компани социалист системийн орнуудын техник, эдийн засгийн тусламжаар байгуулагдсан үйлдвэр. Жилдээ 6000 тонн төмөр хийц үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдөр энэ компани 11 үйлдвэр, 9 компани болж өргөжсөн. Аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний Монголд хэрэгтэй гадаадаас худалдан авч байгаа бүхнийг бид эх орондоо үйлдвэрлэж байна. Эрчим хүчний тулгуур, төмөр замын дэрийг бид эх орондоо үйлдвэрлэж байна. Барилгын бүх төрлийн сендвич хавтан, хадаасаа бид үйлдвэрлэж байна. Хүнсний мөөгөө бид үйлдвэрлэж байна. Аялал жуулчлалын “Морьтон ..” цогцолбор гээд бүтээн байгуулалтын том цогцолбор байгуулж, ард олондоо морин дээрх гайхамшгийг үзүүлээд сууж байна. Бид Монгол Улсын хөгжлийг, аливаа нэгэн бодлогыг хийхдээ тээр жил 2010 онд Намбарын Энхбаярын байгуулсан Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу “Ган хийц” компанийн инженерүүдийн бодлогоор хийж байна. Зүүн бүсийн хөгжлийн төв Чойбалсан хотод аж үйлдвэрийн парк байгуулахад барилгын материал, төмөр замын дэр, эрчим хүчний тулгуур хэрэгтэй байхгүй юу. 
-“Ган хийц” ХК-ийн бүтээг­дэхүүнийг, ер нь Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гаднынхан яагаад авахгүй байна гэхээр техник технологи нь үнэндээ хуучирчээ. Тэгэхээр орчин үеийн хамгийн сүүлийн ноу-хау технологийн үйлдвэрийг оруулж ирье, Монголдоо байгуулъя гэж үзэх нь хамгийн зөв шийдэл үү. Хамгийн сүүлийн үеийн ноу-хау технологиудыг түшиглэсэн үйлдвэрийг Монголдоо байгуулснаар Монгол Улс хөгжинө гэж та хэлдэг. Үүнд Хөгжлийн банк гол зээлдэгч хүч нь байх ёстой юу?
-Бид алсыг харж бодлогоо боловсруулахгүй бол амьдрахгүй. Өнөөдөр идэж уугаад, маргааш доошоо гарах юм хийх хэрэггүй. Монголд үлдэх л юм хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн төлөө л бид ажиллаж байгаа юм. УИХ-ын 126 гишүүний 80 хувь нь инженер, оюунлаг залуус байгаа гэсэн. Тэгэхээр эх орны газар доор, дээр байгаа бүх баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгохын төлөө төрийн бодлогодоо бүх юмаа суулгаад өг өө гэж хэлмээр байна. Хөгжлийн банкаа түшиглэсэн эдийн засгийн ноу-хау технологи бүхий үйлдвэрээ Монголд байгуулъя. Хууль эрх зүйн талаасаа үйлдвэр байгуулсан байвал хувьд нь очих байдлаар менежментийн хувьчлалаар өгчих. Тэр хүн 15 жил тэр үйлдвэрийг өөд нь татаад, экспортод гардаг бүтээгдэхүүн хийж байгаа юм чинь гадагш гаргаад, мөнгөө авчраад, Хөгжлийн банкандаа буцаагаад тушаачих. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкаар мөнгө луйвардсан хэрэг шиг байж болохгүй. Төрийн хяналтыг хүчтэй болго. Техник, технологио мөрдөж ажиллах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр төвлөрч ажиллахгүй бол улс орон хөгжихгүй. 
-Та Монголын төрийн дунд шатны хүмүүсийг асар их шүүмжилдэг. Монгол Улс хөгжихгүй байгаагийн гол тушаа нь дунд шатны төрийн албан хаагчид гэдэгтэй та санал нийлэх үү?   
-Засгийн газар Монгол Улсын хөгжлийн асуудлаар маш зөв зөв шийдвэрүүд гаргадаг. Хэн ажлыг нь хийдэг вэ гэвэл төрийн яамдын дунд шатныхан, дандаа Англи, Францад хэлний мэргэжил төгсөж ирсэн хэдэн хүмүүс. Чадварлаг инжненерүүд нь үлдээд, гадаад орнуудад ажиллаад, Монголд ирэхгүй байна. Яагаад ирэхгүй байна вэ гэвэл, төр оюунлаг хүмүүсээ дэмжихгүй байгаа учраас. Япон улс яагаад эх орны дайны дараа улс орноо дэлхийд хөгжилтэй орон болгож чадсан бэ гэвэл оюунлаг хүмүүсийнхээ оюуны бүх бүтээлийг төрийн хөрөнгөөр аваад, эцсийн бүтээгдэхүүн хийгээд, дэлхийд гаргасан учраас л хөгжиж байгаа юм. Оюунлаг хүмүүсийнхээ бүтээсэн болгоныг устгаад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Гадаад руу хэчнээн мянган гагнуурчин, эрдэмтэн явсан байна гээ. Тоо физикийн маш том эрдэмтэн Жаргал гэж ах АНУ-ын том институтэд ажиллаад, “Амьдрал сайхан байна” гээд ярьж байна. Шинжлэх ухааны академийн физик математикийн хүрээлэнд байсан юм. “Ах буцаад хүрээд ир ээ” гэсэн “Оюунлаг хүмүүсээ дэмждэггүй, очоод яах юм бэ” гэж байна. Тэднийг буцаан татахын тулд өнөөдөр Монголын төр толгойгоо ажиллуулах хэрэгтэй. 
-Монгол хүний оюуны хөдөлмөрөөр, монгол хүний ухаанаар Монголыг хөгжүүлье. Гэхдээ даяаршсан дэлхийн ноу-хау технологийг нутагшуулах асуудалд төр дэмжлэг үзүүлж, Хөгжлийн банкаар бага хүүтэй, урт хугацаатай зээл тусламж хангалттай өгөөч. Тэгж байж үйлдвэрүүдээ байгуулж чадна. Экспортод бүтээгдэхүүнээ гаргана гэж хэлж байна. Энэ их чухал? 
-Дунд шатныхан, боловсролынхон, бүх шатны яам хаана ямар эрдэмтэн профессор байна, ямар хүн шинэ бүтээл, оновчтой санал гаргасан бэ гэдгийг өнөөдөр яамдын түшмэлүүдийн хэн нь ч мэдэхгүй. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Өдрийн сонин”-оор дамжуулан хэлье. Оюун-Эрдэнэ сайд аа, газар доорхи баялгаа түшиглэн, улс орныхоо хөгжлийн төлөө ямар шинэ үйлдвэр байгуулж, шинэ санаа гаргав гэдгээр нь бүх аймаг, дүүргийг дүгнэдэг болгочих. Хоёрдугаарт, бүх яам, хэлтэс, инновацийн төвийг ямар үйлдвэрлэлийг энэ салбар дээр хөгжүүлэх бодлого барив, Хөгжлийн банкан дээр ямар үйлдвэрүүд байгуулахын төлөө юу хэрэгтэй байна вэ гэдгийг Хөгжлийн банкны төлөвлөгөөнд оруулаад, гадаадаас авсан зээл, буцалтгүй тусламжийг төвлөрүүлээд, ноу-хау технологи, оюуны өмч, патентыг нь худалдаж аваад, Монголд нутагшуулаад, эцсийн бүтээгдэхүүн хийсэн сум, аймаг дүүрэг, бүх хүнийг урамшуулах ажлыг хийчих. Тэр цагт, 25 жилийн дараа Монгол Улс “Азийн бар” болно. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  

Д.Эрдэнэтуяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр