Оросын оюун санааны дууч


“Ижил мөрний барлагууд” 1873 он


А.Пушкин Оросын амьдралын нэвтэрхий толийг уран зохиолд бүтээсэн бол Илья Репин  дүрслэх урлагт  мөнхөлж чадсан юм. “Ижил мөрөн”, “Хөлөг онгоцууд”, “Хувьсгалчид”. Хааны гэр бүлийн гишүүдийн хөргийг мэдэхгүй орос хүн үгүй. Оросын уран зургийг Европт нээсэн Репиний бүтээлүүдийг XIX зууны оршихуй гэж тодорхойлдог.

Санкт-Петербургийн “шуурга”

Нева мөрний эрэг, зуны нарлаг өдөр. Эзэн хааны урлагийн академид элссэн  Илья Репин хөлөг онгоцны тавцан дээр зогсон хөл хөдөлгөөнтэй Санкт-Петербургийг ширтэнэ. Цөөрмийн ногоон байгууламжаар онгодоо хөглөж, урам зориг авдаг залууд нийслэл хот хэтэрхий гунигтай санагдсан гэдэг. Репиний анхны сэтгэгдэл үнэнээс хол зөрөөгүй. Ноёдын тансаг харш, ядуусын амьдралтай тэрсэлсэн XIX зуун. Яг эндээс л дэлхийд алдаршсан “Ижил мөрний барлагууд” бүтээлийн санаагаа олжээ. Зургийн санаа ЗХУ-д ангит нийгмийн бэлгэдэл болж, Репин дарангуйлагчдын эсрэг тэмцэгчээр  тодорсон. Улс төрийн янз бүрийн хөдөлгөөнүүд нийгмийн бүх цаг үед Репиний бүтээлийг ашиглахыг оролдсон байдаг. Хэн нэгэн түүнийг либерал гэж зарлаж байхад зарим нь хувьсгалч гэж бичиж, тэр байтугай консерватив гэж шүүмжлүүлсэн удаатай. Реалист, тэнүүлч, анти империалист, монархист зэргээр цоллуулсан Илья Репин гэж хэн байв. Энэ асуултад хариулахын тулд судлаачид амьдралынх нь эхэн үед анхаарал хандуулдаг.  Репиний гэр бүл нэгэн цагт чинээлэг газрын эзэд байсан ч зураачийг хүүхэд байхад үгүйрч хоосорчээ. Илья 1844 онд Харьков мужид цэргийн сууринд мэндлэн, армийн дүрэм журам дунд өсжээ. Мужийн оршин суугчид цэргүүдэд түлээ, сүрлээс гадна өндөр татвар төлдөг байв. “Төрийн боолчлол”-д дургүйцсэн ард түмэн үе үе бослого гаргана. Ильягийн аав ээж бусдын адил төрөлх нутгаасаа дайжихыг хүсдэг ч цэргийн дарангуйллаас зугтааж чадаагүй юм. Хүү ээждээ маш их хайртай байв. Хатагтай Репин тосгондоо сургууль нээж байсан,  сүсэг бишрэлтэй эмэгтэй байсан бөгөөд хүүдээ гэгээнтнүүдийн түүхийг орой бүр уншиж өгнө.  Нэг өдөр үеэл ах Трофим нь усан будаг авснаа дүү нартаа гайхуулав. Зурж үзэхийг хүссэн Ильягийн анхны зураг тарвас  байлаа. Яг л бодит мэт харагдах тарвасыг хараад Трофим дүүдээ усан будгаа өгчээ. Уран сайхны ид шидэнд татагдсан Илья тэр цагаас хойш өнгөнд автаж, өдрийг зураг зурж өнгөрүүлдэг болов.  Хүүгийн хамраас гэнэт цус гарахад шашинд гүн итгэдэг ээж нь усан будаг, цаасыг нь нууж, хүчээр холдуулахыг хүссэн ч хоббийг нь хориглож чадсангүй.  Илья 11 настайдаа цэргийн корпусын зургийн ажилд томилогдов. Жилийн дараа зураач Иван Бунаковд шавь оржээ. Ингээд 15 наснаасаа Эзэн хааны урлагийн академид суралцахыг мөрөөдөж, Санкт-Петербург руу явах хүсэлд автав. Зорилгодоо хүрэхийн тулд артельд ажиллаж, замын зардлаа олжээ. Ядуу ажилчид, тариачдын дунд өссөн ч Репиний гэр бүл сэхээтэн зан байдал, мэдлэг чадвараараа ялгардаг байсныг тэр үеийн намтар судлаачид тэмдэглэн бичжээ. Гэхдээ Илья юун түрүүнд зурах авьяасаараа бусдаас ялгарсан. Харьков даяар 20 нас хүрээгүй зураачийн тухай шуугьж, захиалга тасрахгүй байв. Энэ бүс нутагт бурхан зураг эрэлттэй  ч шалихгүй ханшаар зурна. Хэдэн жилийн хэрмэл амьдралын төгсгөлд Илья Санкт-Петербургт  хүрэх мөнгө хураажээ. Том хотын бараа хараагүй залуу Репин хөлөг онгоцны зогсоол дээр  зогтусан айдаст автсанаа хожим “Их хотын гадаад төрх хүйтэн далайд,  шуурганд автсан мэт сэтгэгдэл төрүүлсэн. Би амьдралдаа хэзээ ч байгаагүйгээр айж,  огт танихгүй газарт ганцаардалд автаж билээ. Хүсэж зорьж ирсэн газраасаа би өөрийгөө дахин олсон” хэмээжээ. Эзэн хааны урлагийн академийн элсэлт, санамсаргүй танилууд,  өрөө түрээслэн суусан  дурсамжууд нь сэтгэл зүй, өнгө өнгөөр дүүрэн байв.  Мөрөөдлийнхөө босгоноос буцахыг хүссэн Ильяг хажуу өрөөгөө сарын таван рублиэр түрээслүүлсэн өвгөн архитектор  тайвшруулж, Урлагийн академид элсэхийг ятгав. Шинэхэн оюутны  эхний семестр дуусаж, анхны шалгалтаа өглөө. Шалгалтын дүн бичсэн самбарт түүний нэр байсангүй. Нүдэнд нь нулимс цийлэгнэж, гэртээ гутамшигтай харих нь гэж бодон зогссон Ильяг найзууд нь тэвэрч, гар барих нь тэр. Гайхан асуувал нэгд жагссанд баяр хүргэж байгаа гэв. Тэр өдрөөс Илья Репин Эзэн хааны академийн од оюутан болжээ. Удалгүй сургалтын төлбөрийг нь төлөх  ивээн тэтгэгч генерал Федор Прянишниковтой танилцав. Тэрбээр 1864 оныг “Аз жаргалын жил” гэж нэрлэдэг. Хэдий сургалтын төлбөртөө санаа зоволтгүй болсон ч Репин маш хэмнэлттэй амьдарч байв. Академид  шаардлагатай системчилсэн боловсрол эзэмшсэн ч тэрбээр дотнын найз төдийгүй хамгийн чухал зөвлөгч, зураач Иван Крамскойн үзэл бодлоос суралцсан гэдэг. Крамской үргэлж сонирхолтой яриа өрнүүлдэг, зурсан зургийг нь олон талаас нь асууж, Ильяаг “зовоодог” байв. Иван Крамской бол XIX зууны урлагийн ертөнцөд дуулиан тарьсан уран бүтээлч. "Арван дөрөвний бослого" -ын удирдагч байсан бөгөөд нийгмээ шүүмжлэгч сэхээтнүүдийн нэг. Тэрбээр Орос дахь анхны чөлөөт уран бүтээлчдийн холбоог байгуулжээ. Репин энэ холбооны гишүүн байлаа.

Бусдыг биширч, авьяасаа чамласан суутан

Репин 1871 онд “Иайрусын охин дахин амилсан нь” зургаараа найман жил суралцсан академиа алтан медальтай төгсөв. Тэрбээр академи төгсөхдөө эхлүүлсэн “Ижил мөрний барлагууд” зургаа 1873 оны гуравдугаар сард дуусгажээ. Усан будгийн анхны загвартаа  барлагуудаас гадна амрагчдыг багтаасныг нь Фёдор Васильев “зохиомол” хэмээн шүүмжилжээ. Ингээд санаагаа бүрэн гаргахын тулд  Саратов хот руу усан онгоцоор аялсан гэдэг.  Энэхүү зотон зураг нь Санкт-Петербургт болсон үзэсгэлэнд тавигдсан бөгөөд уран бүтээлчдийн дунд “гал тавьсан” юм. Зургийн илэрхийллийг биширсэн уран сайхны зөвлөл тэр жилдээ “Ижил мөрний барлагууд”-ыг Венад гарах дэлхийн үзэсгэлэн рүү илгээв. Урлагийн шүүмжлэгч Владимир Стасовын магтаалын дараа Илья Репиний нэр хааны ордонд яригдаж эхлэв. Бүх цаг үед нийгмийн либерал хэсэг уг бүтээлийг магтан дуулж,  консервативууд хүчтэй шүүмжилдэг болсон. Зурагт 11 хүн тус бүрийн өвөрмөц байдлыг харуулснаараа шинэлэг гэж хүлээн зөвшөөрдөг. Репин “Ижил мөрний барлагууд” бүтээлээ зурж байхдаа гэрлэсэн.  Сүйт бүсгүй нь 16 настай (тэр үеийн хууль тогтоомжийн дагуу насанд хүрсэн) Вера Шевцова байв. Ирээдүйн эхнэрийнхээ ахтай найз байсан Репин түүнд анхны харцаар дурлажээ. Эзэн хааны академийн санхүүжилтээр Илья эхнэртэйгээ Парисыг зорив. Европын салонд зураачидтай танилцаж, өөр өөр хэв маягийг туршиж үзжээ. Итали, Испаниар аялахын сацуу Клод Монег шүтэн биширчээ. Угаас  тэрбээр бусдын авьяасыг биширч, өөртөө эргэлздэг, чадвараа чамладаг нэгэн байсан гэдэг. Реализмыг номлож байсан ч импрессионистуудыг чин сэтгэлээсээ биширч, дуурайхыг хичээсэн. Улмаар  “Гуйлгачин эмэгтэй”, “Украин бүсгүй”, “Парисын сонин худалдагч”, “Залбирч буй еврей” зэрэг бүтээлээ туурвив. Энэ үеийн хамгийн алдартай бүтээл нь хожим түүнд академич цолыг авчирсан “Садко” юм. Далайн вант улсаас эхнэр сонгож буй Новгородын худалдаачныг зурагт дүрсэлсэн байна. Тэрбээр уг бүтээлээрээ Оросын бүх урлагийн бодит байдлыг харуулахыг хүсжээ. Парист зургаан жил дадлагажаад эх орондоо буцаж, Москвад  суурьшив. Москвагийн үеийн бүтээлүүддээ түүхэн сэдэв, тариачны амьдрал, цөллөгт явсан хүмүүсийн хувь тавиланг эргэцүүлжээ. Түүний хөрөг зургуудыг судлаачид дүрийн сэтгэлзүйг чадварлаг харуулсан гэж үнэлдэг. Дүрээ хөдөлгөөнтэй, сүнслэг дүрслэх нь мэдрэмжтэй зураачдын нийтлэг тал гэж дүгнэх нь бий. Репин зураач 1883-1900 онд Санкт-Петербургт амьдрахдаа хамгийн гайхалтай бүтээлүүд “Догшин Иван хүүгээ хөнөөсөн нь”, “Казакууд”,  III Александр хааны захиалгаар “Төрийн зөвлөлийн ойн уулзалт”-аа туурвив.  Мөн II Николай хааны  албан ёсны анхны хөргийг ордны захиалгаар гүйцэтгэжээ. Урлагийн академийн зургийн тэнхимийн эрхлэгчээр арав гаруй жил ажиллажээ. Хожим нь  энэхүү академийг  Репиний нэрэмжит болгосон юм.

Финландад үдсэн сүүлчийн жилүүд

Алдар нэр нь Орос даяар цуурайтахын хэрээр гэр бүлийн амьдрал нь аз жаргалгүй болов. Эхнэрээсээ 1887 онд салсан ч гэрлэлтээ албан ёсоор цуцлаагүй аж. Зураач эр Наталья Нордман гэх бүсгүйтэй 15 жил хамт амьдарсан. Тэдний хачирхалтай амьдрал урлагийнхан, дээдсийн хүрээнийхний ярианы сэдэв байв. Чинээлэг язгууртан гэр бүлээс гаралтай, 21 настайдаа Америк руу зугтаж байсан, цагаан хоолтон, зарц нарын мөлжлөгийг эсэргүүцдэг, үйлчлэгч нартайгаа нэг ширээнд хооллодог Наталья Нордман яах аргагүй тэр үеийнхээ этгээд хүн. Тэд орчин үеийн чөлөөт хэв маягаар амьдарч, долоо хоногт нэг өдрийг зочид хүлээн авахад зориулж байв. Олон нийт тэр өдрийг  “Репиний лхагва гараг”  гэж нэрлэж хэвшсэн. Зохиолч Иван Бунин, Максим Горький, яруу найрагч Сергей Есенин, Владимир Маяковский, дуучин Федор Чаляпин, хөгжмийн зохиолч Александр Глазунов нар байнгын зочин байлаа. Зураачийг найзуудтайгаа 1914 онд Швейцарьт аялахаар явахад хүнд өвчтэй байсан Наталья нас баржээ. Түүнээс хойш Илья хүмүүсийг чин сэтгэлээсээ биширдэг зан, бүх зүйлийн талаарх үзэл бодлоо эрс өөрчилсөн. Дотнын найз, шүтэн бишрэгч, зохиолч Корней Чуковский “Репиний юмс, хүмүүст хандах хандлага нэрс өөрчлөгдсөн. Тэр нэг сэдвээр,  богино хугацаанд эсрэг тэсрэг үзэл бодлыг илэрхийлж чаддаг байсан” гэжээ. Тэрбээр 1923 онд Прагад, 80 насныхаа босгон дээр 1924 онд Москвад, 1925 онд Ленинградад үзэсгэлэнгээ гаргав. Үүний зэрэгцээ хувьсгалд хандах хандлага нь эхэндээ тууштай, ерөнхийд нь хүлээн зөвшөөрсөн аястай байлаа. Удалгүй Европт дүрвэж ирсэн уран бүтээлчдийн яриаг сонсоод Орос оронд өрнөсөн хувьсгалд итгэл алдарчээ. Ингээд Финландад өөрийгөө сайн дураараа цөлсөн гэдэг. Зөвлөлтийн эрх баригчид түүнийг эх орондоо буцаж ирэхийг ятгасаар байлаа. Улс төрийн төлөөлөгчид 1920-оод оны дундуур Репинтэй уулзан хураалгасан  эд хөрөнгийг нь буцааж, ардын зураач цол амлажээ. Зураач эр ЗХУ-д очихоос татгалзсан шалтгаанаа "хөл өвчтэй" гэж тайлбарлав.  Репиний эрүүл мэнд  доройтсон нь үнэн ч хөл биш, баруун гар нь мэдээгүй болж байв. Хэдий зүүн гараараа зурж сурсан ч бийрээ барьж чадахаа больжээ. Репин 1930 оны есдүгээр сарын 29-нд 86 насандаа таалал төгсөв. Түүнийг сүүлчийн жилүүдээ үдсэн Финландын Пенатовын цэцэрлэгт хүрээлэнд оршуулжээ. Хожим нь Зөвлөлтийн суртал ухуулга Репинийг “Ард түмний уур хилэнгийн дууч” социалист реализмын эцэг хэмээн номлов. Үнэн гэвэл Репин энэ амьдралынхаа төсөөллийг уран зургаар дүрсэлсэн. Жинхэнэ урлагийн бүтээлийн нэгэн адил хэчнээн бодитой байсан ч зургийн гол дүр нь Илья Репин өөрөө байдаг.

“III Александр хаан Петровскийн ордонд” 1886 он

“Догшин Иван хүүгээ хөнөөсөн нь” 1885 он

“Садко” 1876 он

“Запорожийн казакуудын хариу захидал” 1891 он

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 9 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 9 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 9 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 9 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 9 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр