Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй томоохон гурван хөтөлбөрийн хүрээнд УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийнхэн тав дахь удаагаа хуралдлаа. Тодруулбал, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” зэрэг үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцож, зөвлөлдөв.
Тус ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн М.Мандхай “Гурван хөдөлгөөн яагаад хоорондоо уялдаатай вэ, эдгээрт давхардал хийдэл байна уу, төсөвт суулгахад хэдэн төгрөгийн давхардал хийдэл яригдах вэ, яам, агентлагийн түвшинд болон холбогдох бусад байгууллага тухайлсан зөрүүтэй асуудлыг хэрхэн яаж нөхөж ажиллах вэ, санхүүжилтийг нь зөв зүйлд зарцуулах замаар эдгээр хөтөлбөрийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ гэх мэт асуудлыг хурлаар хэлэлцэж буйгаараа онцлогтой гэдгийг тодотгоод “Хүнсний хувьсгал” “Цагаан алт” “Шинэ хоршоо” зэрэг үндэсний хөдөлгөөний давхардлыг арилгах, уялдаа холбоог тогтоох, хэрэгжүүлэх арга замын зураглалыг танилцуулж, ажлын хэсгийн гишүүдээс санал сонслоо.
Ажлын хэсгийнхэн санал зөвлөмжийн хүрээнд тухайлбал, иж бүрэн бодлогын шинжилгээ, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, уялдааг сайжруулах, бүсийн онцлогт нийцсэн хэрэгжүүлэх төлөвлөгөө, нэгдсэн удирдлага, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, бизнесийн тогтвортой байдлыг хангасан тогтолцоо, хөрөнгө оруулалтын болон төсвийн үр ашигтай зарцуулалт, хяналт үнэлгээний тогтолцоо шаардлагатайг онцолж байлаа. Харин ХХААХҮЯ-наас УИХ-ын 36 болон 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүн, хүнсний баталгаат байдал, нийгэм, эдийн засаг, орон нутгийн хөгжилд ямар үр нөлөө үзүүлж байгааг бодитой үнэлэх хяналт шинжилгээг нарийвчлан тодорхойлох шаардлагатайг тодотгож байв. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36 дугаар тогтоолоор нийт 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428 нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх жагсаалтыг баталсан байдаг.
УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн хуралдаанаар дээрх хөдөлгөөнүүдийг хооронд нь уялдуулах, хүрэх үр дүнгээ тодорхой тооцоолж мэдээлэл өгөхийг ХХААХҮЯ-нд даалгав. Мөн “Хүнсний хувьсгал” “Цагаан алт” “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөр хоорондын уялдааг хангах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд илүү анхаарч, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.
М.Мандхай: Сүлжээний бүтцийг нь загварчлаад өгвөл энэ салбар хөгжилд ойрхон
УИХ-ын даргын захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд холбогдох ажлын хэсгийг энэ оны наймдугаар сарын 19-нд байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан “Шинэ хоршоо”, УИХ-ын тогтоолоор хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг чиглэлтэй.
Тус ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн М.Мандхай “Ажлын хэсгийн түвшинд хэд хэдэн удаа хуралдаж, тухайн гурван хөдөлгөөн салшгүй холбоотой, интеграцтай ажиллах ёстой юм байна гэж үзсэн. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд замын зураглал гаргаж ажиллахаар болсон юм. Өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбараа дэмжлэггүйгээр орхиж, эцэст нь малын тоо хэт ихсэж, малаа маллаж дийлэхгүй, малынхаа түүхий эд, бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж чаддаггүй салбартай болж үлдсэн. Энэ байдлыг өөрчлөхийн тулд малчдын санал санаачлагыг өрнүүлэх, тэдний хүчийг нэгтгэх, өөрсдийнх нь боломжид тулгуурласан санхүүжилт олгож, хамтын хөдөлмөрийг дэмжих зорилготой хөдөлгөөн өрнүүлж буй. Үүний үр дүнд анхан болон дунд шатны үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгож, ашиг орлого олдог малчидтай, чанартай, баталгаатай шинэ бүтээгдэхүүн хэрэглэдэг хэрэглэгчидтэй болох боломжтой. Хоршоо байгуулан ажиллаж буй малчид илүү хариуцлагатай, аж ахуйч бас тооцоотой болсон нь анзаарагдсан. Нийлээд хадлан тэжээлээ авч, хашаа саравчаа бариад өвлийн бэлтгэлээ сайн базааж байна. Харин цаашид мэргэжлийн арга зүйн сургалт шаардлагатай байгаа нь анзаарагдсан. Тиймээс салбарын багш, экспертүүдтэй хамтарч жишиг хоршооны загвар, мөн сургалтын хөтөлбөр гаргахаар төлөвлөж байгаа. Ганцхан “Шинэ хоршоо” ч биш, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөнд хамрагдаж буй малчид, тариаланчид, ногоочдыг чадавхжуулах, мэдээллээр хангах, эргэх холбоотой ажиллах талд дутагдалтай зүйлүүд бий. “Шинэ хоршоо” хөдөлгөөний гол зорилго хөдөө, аж ахуйн салбарын түүхий эдийн нөөцийг малчид өөрсдөө бэлтгэхэд чиглэсэн. Анхан шатны хоршоо түүхий эдээ цуглуулж, төвлөрүүлнэ. Дундын хоршоо тэдгээрийг авч, хагас боловсруулалтын түвшинд ангилан ялгана. Тэндээс эцсийн байдлаар аж үйлдвэрийн паркуудад хүргэнэ. Ханган нийлүүлэлтийн сүлжээний бүтцийг сайн загварчлаад өгвөл энэ салбар хөгжилд ойрхон” хэмээв.
Нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь тодорхойлох боломж
Тухайн ажлын хэсгийнхэн хоршооны гишүүдэд хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, нөөц санг бүрдүүлж, хоршооны гишүүн малчдад олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм. Мөн ажлын хэсгийнхний зорилго мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, дотоод, гадаадын зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” хөдөлгөөнийг эрчимжүүлэхэд чиглэж байгаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд үндэсний хэмжээний тухайн гурван хөдөлгөөний хэрэгжилт, үр нөлөө, уялдаа холбоог эрчимжүүлснээр цаашид нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь тодорхойлохоос гадна эдийн засгийг төрөлжүүлэх оновчтой шийдэл болно гэж тооцоолж байгаа юм.
Зургаан сарын хугацаанд 6500 гаруй хоршоо шинээр байгуулагджээ
“Шинэ хоршоо” хөдөлгөөний тайлан, хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөний төсөл, Хоршооны гишүүн малчдын зээлийн явц, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн баталлаа.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тарилан, мал аж ахуйн салбаруудад нийт 308.5 тэрбум төгрөгийн зээл олгосон бол “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд шинээр 6599 хоршоо байгуулагдаж, 68500 малчин гишүүнээр элсэж, нийт 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 16399 малчинд олгожээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний дараагийн үе шат нь хоршоологч, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, улмаар дэлхийн зах зээл рүү гарах экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, аливаа эрсдэлийг хамтын хүчээр буюу хөдөлмөр, хөрөнгөөр хорших замаар даван туулж, урьдчилан сэргийлж, үндэстнээрээ сөрөн тэсвэрлэх чадвартай байх, уламжлалт мал аж ахуй, соёлын давтагдашгүй үнэт байдал, онцлогоо хадгалж үлдэх гэсэн томоохон агуулга, чухал зорилгыг багтааж буй.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна