Парисын “Цасан хатан”


Франц улсад ажиллаж, амьдардаг уран нугараач Б.Пүрэвдуламыг “Монгол бахархал” буландаа онцолж байна. Хээжин Даймонд хэмээх тайзны нэрээрээ алдаршсан түүний амжилт 2007 онд Тайланд болон Мексик улсад аялан тоглосноор эхэлжээ. “Blue Sky girls” хамтлагийнхантайгаа  Монте Карлод болдог олон улсын циркчдийн наадмаас хүрэл алиалагч шагнал хүртэж, Монгол Улс, монгол уран нугаралтыг өвийг алдаршуулсан.  Мөн 2016 онд Будапештийн олон улсын циркийн наадмаас тусгай шагнал, “Ruffec Dream Festival”-ийн үзэгчдийн шагнал  хүртжээ. Уран нугаралтын гайхамшгийг дэлхийд сурталчилж буй тэрбээр олон хотын тайзнаа сэтгэл догдлуулам үзүүлбэрээ толилуулсан. Испанийн “Got Talent” шоу нэвтрүүлэгт 2021 онд “Улаан сахиусан тэнгэр” үзүүлбэрээрээ оролцжээ. Лааны тосоор хийсэн түүний баримлыг Канадын “Musée du Grévin” музейд 2013 онд тавьсан байдаг. Нарны циркийн жүжигчдээс моделио хайж байсан музейн шалгуур, сэдэвт монгол уран нугараач бүх шинжээрээ тохирчээ. Тухайн жилдээ Италид үүдээ нээгээд удаагүй байсан “Avanspettacolo cabaret”- д гоцлол жүжигчнээр ажиллах гэрээ байгуулжээ. Франц улсад хувийн студиэ байгуулахын зэрэгцээ Европ даяар аялан тоглолт, Венецид зохион байгуулдаг багт наадам, Парисын загварын шоу, олон улсын тэмцээн, сэтгүүлийн зураг авалт, кино, зар сурталчилгаанд тогтмол оролцдог.  Дэлгэцийн урлагт хүчээ сорьж хэд хэдэн дүр бүтээснээс “Chocolat” кино үзэгчдийн дунд алдаршуулжээ.

 

Монте Карлогоос Парист

 

Б.Пүрэвдуламын амьдрал, уран бүтээлд Монте Карло хот эргэлтийн цэг тавьсан. “Blue Sky Girls” хамтлагтайгаа 2010 онд олон улсын циркчдийн наадамд амжилттай оролцон, хүрэл алиалагч цом хүртжээ. Уг наадмаас шагнал хүртэх нь байтугай оролцох эрх авна гэдэг циркчдийн төсөөлшгүй том зорилго, хамгийн том ололт, амжилтуудын нэг байдаг. Тиймээс Монте Карлог олимптой зүйрлүүлдэг. Монакогийн гүнжээс цомоо гардан авсан тэр мөчөө тэр мартдаггүй. Өнөөдөр ч эргэн дурсахад гайхалтай санагдах аж.  Энэ тухайгаа “Бид бүгд л өвдөж, бэртэж байж,  амжилтад хүрсэн. Тэр бүхнийг давж олдсон цом учраас амттай, мартагдашгүй байдаг. Урлагт нулимсгүй  ололт, амжилт гэж үгүй. Тухайн үед ээж минь Францад амьдардаг, намайг тайзан дээр тоглохыг огт хараагүй байсан юм. Монте Карлод яаж тийм өндөр амжилт гаргав аа гэж гайхсан. Охиноо мэргэжлийн сайн жүжигчин болсныг хараад багад нь уран нугаралтын дугуйланд явуулсандаа хязгааргүй баярласан” хэмээн дурсана. Ээжийгээ даган Франц улсад суурьшин хэл, соёлд суралцахаар шийджээ. Францын шоу ертөнцөд таних хүн байхгүй, хөдөө амьдардаг учир уран бүтээлдээ анхаарах боломжгүй байв. Бүхнийг шинээр эхлүүлэхийг хүссэн ч дуртай зүйлээ, циркийн урлагаа орхино гэхээр сэтгэл хүрсэнгүй. Уран нугаралтын бэлтгэлээ хувиараа хийж, формоо барьж байлаа. Ээж нь найзаараа дамжуулж циркийн клуб олж өгснөөр хуучин шигээ бэлтгэл хийж эхлэв. Тэгж 17 настай охин эрх чөлөөг дахин мэдэрчээ. Клуб учраас түүнээс өөр мэргэжлийн хүн байсангүй. Нэг өдөр клубийн эзэн циркчдийн уралдааны урилга ирснийг дуулгаад, оролцохыг санал болгожээ. Боломж бүхнээ дайчлан уг тэмцээнд оролцон алтан медаль хүртэв. Тэрхүү уралдаанд оролцохдоо мэргэжлийн олон уран бүтээлчтэй танилцжээ. Заримтай нь өнөөдөр ч хамтран ажиллаж байна. Түүний мөрөөдөл Парисын тайз байсан. Парист “Le Moulin Rouge”, “Le Lido”, “le Paradis Latin” гэсэн гурван  том кабаре байдаг бөгөөд аль алинд нь ажиллах хүсэлтээ илгээсэн ч хариу ирээгүй л байв.  Удаан хүлээсэн өдөр ирлээ.  “Нэг жүжигчин бэртчихлээ. “Paradis Latin” кабаред гурван сар орлон ажиллах жүжигчин хайж байна” гэсэн дуудлага авчээ. “Төлөвлөсөн тоглолтын хуваарь дэвтэр дүүрэн бичээстэй байсан ч мөрөөдлөө дагаж “Paradis Latin”-д ажиллаж эхэлсэн. Бэртсэн уран бүтээлч эдгээд эргэж ирсэн ч, дарга намайг багтаа үлдээсэн” хэмээн кабаред ажилласан тухайгаа ярив.  “Paradis Latin” бол гайхалтай орчинтой, түүхэн кабаре. Наполеон Бонапартын зарлигаар 1802 онд  бариулжээ. Энэ тайзнаас үзэгчидтэйгээ мэндчилсэн жилүүдийг бэлэглэсэн  урлагийн  бурхандаа тэр үргэлж талархдаг.  Парис хот түүний урлагийн замналд олон шинэ номероос гадна шилдэг загварын орднуудтай хамтран ажиллах боломж олгосон. Тухайлбал, “Hermès”, “Prada”, “KENZO” брэндийн нүүр царайгаар ажиллажээ. Парист анхны уран нугаралтын “Даймонд” студио нээж, жүжиг, циркийн мэргэжлийн уран бүтээлчдийг  дасгалжуулж, уран нугаралтын хичээлээ зааж байна. Монгол хүүхдүүдэд зориулсан тусгай анги нээж, ирээдүйн уран нугараачдыг бэлтгэж буйдаа баяртай явдаг. Гэр бүл, хүсэл сонирхол, хайр сэтгэл бүгд Парист бий ч төрсөн нутгаа үгүйлдгээ нуусангүй.  Үндэсний урлаг, өв соёлоо таниулж буйгаа монгол хүн болсны үүрэг, бас бахархал гэж боддог аж. Парисын олимпын үеэр монгол соёл урлаг, ёс заншлаа танилцуулсан “Mongolia House” арга хэмжээнд “Тал нутаг” үзүүлбэрээрээ оролцжээ.

 

Давтагдашгүй үзүүлбэрийн эрэлд

 

Хээжин  бол уран бүтээлдээ ямагт шинийг эрэлхийлдэг уран бүтээлч. Монгол циркчид үндэсний хэв маягаа урлагт шингээж, өдийг хүртэл хадгалж яваа. Харин энд илүү орчин үеийн хэв маяг, хандлагад анхаарч, театрчилсан жүжиглэлт, бүжгийн хөдөлгөөнөөр баяжуулдаг. Франц циркчдийн давуу тал гэвэл урлаг, соёлын төрөл ихтэй. Магадгүй Европын улс орнуудын хооронд хил хязгаар гэж байдаггүйтэй холбоотой байх. Түүний нэрийн хуудас болсон үзүүлбэрүүдээс онцлоё. Дэлхийн хамгийн том кабаре шоунд 2015 онд “Цасан хатан” үзүүлбэрээрээ оролцжээ. Авьяас билиг, нарийн мэдрэмжийг хослуулж уран нугаралт болон тэнцвэрийн хосгүй нэгэн үзүүлбэрээ бэлтгэсэн нь “Цасан хатан” билээ. Үзүүлбэрийн тавилт, зохиолд жүжигчний дотоод ертөнц,  мөн чанарыг тусгаснаараа онцлог. Хөгжмийн зохиолч Паскал Ленгагне, загвар зохион бүтээгч Жефф Кастаинг  нартай хамтран ажилласан. Паскал Ленгагне үзүүлбэрт зориулж тусгайлан Монгол нутгийн уудам тал, онгон байгалийг санагдуулам хөгжим бичсэн бол Жефф Кастаинг цасан ширхэг бударсан хувцсыг урлажээ. “Цасан хатан” бол Монгол тал нутагт Хээжин хэмээх хатан мөсөн эрдэнийг хайж буй аялал юм. Хориотой юмс бүхэн рүү хошуурч байсан 1920-оод оны үеийн битүү утаа униар болсон мөрийтэй тоглоомын газраас санаа авч, жүжигчний ур чадвар, уян налархай хөдөлгөөнийг хослуулан “Black Jack” үзүүлбэрээ 2016 онд дэглэжээ. Үзэсгэлэнт төрх, тэнцвэрийн онцгой чадвараа хүн бүрийн сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Амьсгаа даран үзэх үзэгчдэд шинэлэг шийдэл, мөрийтэй тоглоомын газрын уур амьсгалыг тайзан дээр авчирснаараа онцлог.  Энэ бол “Paradis Latin” кабарен сор үзүүлбэр байсан юм. Шинэ эриний шинжлэх ухааны зөгнөлт ертөнцөөс санаа авсан “Алмаазан эгч дүүс“ хос номер, “Алмааз” ганцаарчилсан үзүүлбэрээ 2018 онд үзэгчдэд толилуулжээ. Түүнд тэнцвэрийн урлагийг эзэмшүүлсэн багш нь Монголын нэрт акробатчин Хуужигийн Цэцэгмаа. Анх 13 насандаа тайзнаа гарснаар уран бүтээлчийн амьдралд хөл тавьжээ. 2006 онд хос номероор нэг багшын шавь, хамтрагч Г.Нямгэрэлийн хамт БНСУ-ыг  зорьсон нь дэлхийн олон орны тайзнаа тоглох эхлэл байлаа. Мексикт “Cirque Atayde Hermanos” циркт  2008-2009 онд Б.Янжинбилэг багшийн удирдлагад ажиллажээ. Тайз түүнийг гэрэлтүүлж, үзэгчид урам өгдөг. Анхны бие даасан тоглолтоо  2013 онд Испани улсад хийжээ.  Зургаан наснаасаа циркийн урлагт суралцсан түүний уран бүтээлийн хайгуул үргэлжилсээр. Гурван метрээс дээш өндөртэй ширээн дээр үзүүлэх арав дахь номероо зэхэж байна. Энэхүү үзүүлбэрээ 2025 оны өвөл Германд толилуулахаар товложээ.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 47 минутын өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 54 минутын өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 1 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 1 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 3 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 3 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 3 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр