"Бадмаарсан зул" Хоролын Зандраабайдий


Өвлийн тэргүүн сар гарчихаад байхад л намраараа налайгаад байдаг. Яасан сайхан урт намар вэ. Хүүхэд насны минь дурсамжинд “Октябрийн баяр” хамрын үзүүр, чихний омог хөлдчих гээд нусаа хацартаа наачихсан гүйж явдаг байснаар төсөөлдөгдөнө. Гэтэл нөмөр газарт зогсоход л нар төөнөж хамрын хөлс бурзайлгаад болох биш. Цаг өөр болж гэхээс өөр яах вэ... 

Их говийн хээлэнд ингэн тэмээний гунганаа, толгодын дундуур урсах усан зэрэглээ нэвт сонсогдох ажаам. Газрын энгээр нэг цацсан сувд мэт хонин сүрэг налайх ба “Ёстой хонины найр гээч болж байх шив. Хүүхдүүд учрыг нь олог ээ хө. Хоёулаа манайх руу явъя” гэх аргадангуй, эерүү хоолой дуулдаж морин төвөргөөн сонсогдож одох. Морьдын хөлөөр таанын цэцэгний үнэр ханхийх шиг. Говь гэдэг харах нүд, харалган сэтгэлийн буртаг арилам алс уудам нутаг. Ийм л нутагт эрдэмт хувилгаад болсон бичгийн мэргэд чуулан төрдөг биз. 
Эдгээр бичгийн мэргэдийн нэг нь Хоролын Зандраабайдий бөлгөө. Түүнийг албан бичигт "Дундговь аймгийн Цагаан-Овоо сумын нутагт 1934 оны долдугаар сарын 15-нд мэндэлжээ" хэмээн тэмдэглэн үлдээжээ. Дундговь аймаг түүнийг төрсөнөөс хойш байгуулагдсан учраас албан бичигт тэмдэглэн үлдээжээ гэсэн буюу. Тэрбээр бичиж, туурвих ажилд өөрийгөө уруу татсан нэгэн. Монгол Улсын иргэний үнэмлэх өвөртлөх наснаасаа найруулал, өгүүллэг бичиж эхэлсэн байна. Би Х.Зандраабайдий гэдэг зохиолчтой хэзээ танилцсанаа санахаар хүүхэд нас руугаа бодлын зөргөөр очлоо. Гэзэг үс тавьсан залуу ээжийнхээ дэргэд очин малчин болж байгаа тухай өгүүлэх “Гул Аранжин”кино хамгийн түрүүнд сэтгэлд буух. Ээж намайг гадуур яваад ирэхээр “Гул Аранжин царайлаад хаагуур тэнээд явдаг юм чи” хэмээн загнах. Би тэр үед гадуур тэнэх дуртай хүнийг л гул аранжин гэдэг юм байна гэж бяцхан ухаандаа суулгаж билээ. Ид номонд хорхойсох тэр л хүүхэд насандаа Х.Зандраабайдий гуайн бичсэн “Түлэнхий шарга”, “Хэнгэрэг хээр” өгүүллэгийн номуудыг амтархан уншсанаа хожим л мэдэж билээ. 
Дэлгээтэй үүдээр нь дэлхий харагддаг дэлгэрхэн говь нутаг. Эрээлжлэн мяралзах зэрэглээнээс нь эрдэм номын мөрүүд уншигдаад байдаг юм биш байгаа гэж ч бодох шиг. Тийм ч байж болох шүү дээ. Түүнийг харах нүдийг л билгийн мэлмий гэдэг биз. 
Их Б.Ринчений хөшөө алсыг талбиунаар ширтэн зогсох Төв номын сан. Эрдэм мэдлэгээс эд баялаг үнэтэй болсон цаг дор номын сангийн үүд эль хульхан агаад үүдээр нь ганц нэг хүн орж яваа нь таяг тулсан настан харагдах нь гунигтай ч юм шиг. Намайг багад ёстой түм түжигнэж бум бужигнадаг газар байв шүү дээ. Төв номын сангийн төв танхимд Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжиг киноны нэрт зохиолч Х.Зандраабайдий агсныг номын садангууд нь санан дурссан “Бадмаарсан зул Хоролын Зандраабайдий” номын баринтаг задлах ёслолын ажиллагаа болох зар түгсэн билээ. 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжиг, киноны зохиолч Хоролын Зандраабайдийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Бадмаарсан зул-Хоролын Зандраабайдий" хөрөг, дурсамжийн номын нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Төв байрны Уншлагын их танхимд сайхан болсон юм. "Бадмаарсан зул-Хоролын Зандраабайдий" номыг түүний гэргий, хүүхдийн зохиолч Шаравын Энхбаяр эрхлэн хэвлүүлж, “Монголын үнэн” сонины орлогч эрхлэгч асан зохиолч, яруу найрагч Г.Сонинбаяр ариутган шүүсэн гэнэм. Номын баринтаг задлах ёслолд урлаг, утга зохиолын, номын садан нөхөд, ахан дүүс, хамтран зүтгэгчид нь бүгд хүрэлцэн иржээ.  
Зохиолч Х.Зандраабайдий Д. Намдаг, Ч.Чимид багш нарынхаа тухай “Заяа дутсан бурхад” хөрөг дурсамжийн номыг 1993 онд хэвлүүлж баримтат уран сайхны төрөлд шинэлэг өнгө аяс, хөг оруулж ирсэн байдаг. Үүнээс хойш бурхны хутаг олсон зохиолч нөхдийнхөө тухай дурсамж хөргүүд бичсэнээ эмхэтгэн "Бадмаарсан зул" цувралыг 2006 оноос хойш 20-ид жил эрхлэн хэвлүүлсэн юм. Энэ удаагийн хөрөг дурсамжийн ном цувралынх нь нэрээр өөрийнх нь тухай өгүүлсэн ажээ. Түүний эрхлэн хэвлүүлсэн “Бадмаарсан зул” цуврал дөрвөн боть Монголын утга зохиолын нэгэн жарны түүхийг хүүрнэх бөгөөд асар их хөдөлмөр шингэсэн бүтээл юм. Номын баринтаг задлах ёслолын үеэр "Бадмаарсан зул-Хоролын Зандраабайдий" номын редактор Б.Сонинбаяр: 
“Энэ номыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хоролын Зандраабайдий гуайн дурсгалд зориулж, 90 насны нь ойг тохиолдуулан хэвлэн гаргасан. Редакторын хувьд номын бүтцийг Х.Зандраабайдий гуайн гэргий, хүүхдийн зохиолч Ш.Энхбаяр эгчтэй зөвлөж гаргалаа. Нэгдүгээр бүлэг Х.Зандраабайдий гуайн өөрийнх нь бичсэн хүмүүсийн тухай хөрөг нийтлэлүүд, хоёрдугаар бүлэг нь Х.Зандраабайдий гуайн тухай урлаг, соёлын салбарынхан, зохиолч нөхдийнх нь дурсамж, гуравдугаар бүлэгт сонин хэвлэлд өгсөн ярилцлагуудыг нь багтаасан. Х.Зандраабайдий гуай бол Монголын уран зохиолын нэвтэрхий толь болсон хүн байлаа. Тиймээс асар баялаг өв үлдээсэн. Өөрийн бүтээлийн 12 ботийг хэвлэн гаргасан. С.Буяннэмэх, Д.Намдаг, Д.Сэнгээ, Ч.Чимид, Ш.Гаадамба зэрэг олон зохиолчийн тухай хөрөг дурсамжийн ном бичиж, зохиолынх нь бүрэн түүхүүдийг эмхэтгэсэн. Одоо харин энэ буянтай буурлын өөрийнх нь үлдээсэн өвийг хамгаалах, гар бичмэл, ховор хуучин ном, сонин, сэтгүүл сэлтийг бүртгэлжүүлж, хэвлэгдээгүй бүтээлийг нь олны хүртээл болгох зэрэг ажлуудыг хийх шаардлагатай” хэмээн номын ач холбогдлыг тодотгон өгүүлж байлаа. 
Х.Зандраабайдий баримтат уран сайхны төрөлд шинэлэг өнгө аяс оруулахаас гадна монгол хэлний дархан, үгийн урлаач нэгэн байсныг түүний зохиол бүтээлүүд харуулж байдаг. Жишээлбэл түүний  бичсэн "Хонины найр", "Хөх ногооны униар", "Газрын жигүүр", "Гул Аранжин" кинонд гарах үг хэллэгүүд монголчуудын цээжинд хоногшин үлдсэн нь бий. Түүний бичсэн олон арван бүтээлийг харж суухдаа хэр хөдөлмөрч хүн байсан тухай нь биш хэчнээн их хүсэл мөрөөдлөө орхин одсон бол гэдэг бодол төрж байснаа нуух юун. Ингээд түүний хань, МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Ш.Энхбаярын хэлсэн үгээр сурвалжилга тэмдэглэлээ жаргаая. “Ханийнхаа мөнхийн дурсгалд зориулж үгийн зул бадраан, номын суварга босгох хүслийг минь биелүүлж, амьд халуун дурсамжаа хуваалцсан бүх хүнд баярлалаа. Номын жин хөтөлсөн эрдэмт хүмүүн Хоролын Зандраабайдий номын хуудаснаа мөнхөд амьдарсаар”. 


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… 19 цагийн өмнө
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын … 20 цагийн өмнө
Улаанбаатарт 4 хэм дулаан байна 21 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш … Өчигдөр
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол болж бай… Өчигдөр
Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА Өчигдөр
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал болло… Өчигдөр
Улаанбаатарт 2 хэм дулаан байна Өчигдөр
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга, дотуур байрны их засвар… 2024/11/19
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 2024/11/19
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг арванхоёрдуг… 2024/11/19
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчи… 2024/11/19
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа … 2024/11/19
Оюуны олимпоос ганзага дүүрэн ирлээ 2024/11/18
Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн салбарт зун цаг ирж байна 2024/11/18
Д.Дэмбэрэлдаш: Миний өвөө Ш.Найдансүрэн анхдугаар Үндсэн хуулийг болов… 2024/11/18
"Бадмаарсан зул" Хоролын Зандраабайдий 2024/11/18
Технологийн салбарын “Алтан луужин” 2024/11/18
Г.Номин: Нэгдүгээр ангийн сурагчдын шүдийг эмчилж, цоорохоос сэргийлэх… 2024/11/18