Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн салбарт зун цаг ирж байна




Цөмийн энергийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Манай улс Цөмийн энергийн тухай хуулиа өөрчилснөөр ураны төслийг хөдөлгөх алхмыг эхлүүлээд байна.  Цаг хугацааны тохироо, нөхцөл боломж бүрдсэн эсэх тухайд та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Цөмийн энерги буюу ураны үнийн өсөлтийн прогноз маш өндөр гарч байгаа буюу хамгийн тохиромжит цаг хугацаа нь одоо л тохиож байна. Тиймээс эхлээд хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар цаашид хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр хийгээд уурхайгаа ажиллуулаад эхэлбэл  манай улсад олон талын ач холбогдолтой. 2030 он гэхэд дэлхий нийтэд ойролцоогоор 120-130 мянган тонн уран буюу шар нунтгийн хэрэгцээ байна. Гэтэл яг үйлдвэрлэж чадах нь 80 орчим мянган тонн байгаа юм. Эндээс үнийн зөрүү их гарах гэж байна. Тийм ч учраас ураны кг тутмын үнэ цаашдаа өсөхөөр  харагдаж байгаа юм. Нөгөө талаас ирээдүйд энэ чиглэлийн хэрэгцээ их болох учраас уран экспортолдог улс орнуудын үнэ цэн нэмэгдэх стратегийн ач холбогдолтой. Дэлхий дээр ураныг гаргаж аваад бүрэн боловсруулаад магадгүй түлш болгодог НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон л байна. 

Эдгээр улстай өндөр түвшинд харилцаа тогтоож, НҮБ-д Монгол Улсын дуу хоолой нэмэгдэх давуу талтай. Тийм ч учраас Цөмийн энергийн тухай хуулиар дамжуулаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан гадаад бодлого, аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээний шугамаар хамгаална гэсэн үг. Дээрээс нь өнгөрсөн жилүүдэд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөд  “Газрын доорх баялгаас Монгол Улс дийлэнх хувийн өгөөжийг хүртэнэ” гэдэг философийг  тусгаж өглөө шүү дээ. Энэ  үзэл санааг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Гуравдугаарт, Оюутолгойгоос үүдэлтэй  магадгүй өнгөрсөн хугацаанд хийж байсан гэрээнүүдийн алдаанаас сургамж аваад хуулийнхаа өөрчлөлтийг нямбай хийх шаардлагатай.

-Хуулийн энэ удаагийн өөрчлөлтөд давуу эрхийн хувьцаа гэдэг зүйлийг оруулж ирсэн.  Энэ нь өнгөрсөн хугацаанд гарсан сэтгэл ханамжгүй түүхийг давтахгүй байх гарц гэж ойлгож болох уу?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хэд ч бай хувь эзэмших шаардлагатай болдог, гэтэл үүнийг нь дагаад менежментийн төлбөр зэргээр Монгол Улс хэзээ, хэчнээн хувийн өгөөж хүртэж, ашиг олох нь тодорхойгүй болсон жишээ байгаа учраас монголчууд стратегийн орд газраасаа хувь хүртэж чадах эсэх нь эргэлзээтэй болсон тал бий. Тийм л учраас одоо монголчуудын хүртэх өгөөжийг давуу эрхийн хувьцаа байя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид мөнгө гаргахгүй нь байна шүү дээ. Ингээд хөрөнгө оруулагч тал хөрөнгөө гаргаад бүтээгдэхүүн хуваах юмуу өсөн нэмэгдэх АМНАТ хэлбэрээр өгөөжөө хүртэе гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар хэлбэрээр явахыг Засгийн газраас боловсруулснаар УИХ-аар буюу олонхоор хэлэлцэж баталъя гэж байгаа юм. Энэ утгаараа Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үеийн зайлшгүй шаардлага үүссэн гэж ойлгож болно. Нөгөө талдаа энэ хууль хөрөнгө оруулагчдад илүү таатай буюу харилцан ашигтай байх ёстой гэдэг зарчимд тулгуурлах учиртай. Тиймээс энэ хуулийг өөрчлөх нь ирээдүйд ураны үнэ өсөх зайлшгүй цаг үетэй давхцаж буйгаараа онцлогтой юм. Ерөөсөө цөмийн энергийн салбарт зун цаг, дулаан улирал ирж  байх шиг байна.

-Цөмийн энергийн тухай хуулиа өөрчилснөөр Францын “Орано”-той хамтарсан төслийг эхлүүлнэ гэж ойлгоод байгаа. Ер нь хуулийн өөрчлөлтөөр энэ салбарт ямар боломжууд нээгдэх вэ?

-Манай улс Цөмийн энергийн тухай хуулиа өөрчлөөд ураны салбараа хөдөлгөөнд оруулбал зөвхөн “Орано”-той гэрээ хийх гээд байгаа юм биш. Энэ бол Монгол Францын хамтарсан ураны төсөл. Баруун тал нь монгол, зүүн тал нь франц   төсөл гэж ойлгох хэрэгтэй. Санхүү, стратегийн хувьд хоёр орны харилцан ашигтай төсөл. Энэ төслийг эхлүүлэхэд ээлтэй хуулийн өөрчлөлт болоосой гэж харж байгаа. Францтай хамтрахад олон давуу тал бий. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны нэг гэдгээс авахуулаад Европын улс төр, эдийн засаг, соёлын гол орон шүү дээ. Тиймээс энэ улсаар дамжуулаад Европын хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл сэргэх зэрэг олон эерэг талтай. Нийт 93.291 тонн ураны нөөцтэй “Зөөвч-Овоо” орд сүүлийн 10 жилд дэлхийд олдсон хамгийн том ордод тооцогдож байна. Тус ордын нөөцийг 2013 онд бүртгүүлснээс хойш 10 орчим жил бэлтгэл ажлыг хангасны үр дүнд 2021 оны долдугаар сард үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлсэн. Өнөөдөр үйлдвэрлэлийн туршилтын талбайд Франц, Казахстаны хоёр мэргэжилтэн, 50 гаруй монгол ажилтан ажиллаж байна. Гэрээний асуудал нэг мөр болсноор жинхэнэ үйлдвэрлэл эхэлнэ. Энэ үед 1000 орчим ажлын байр бий болж, тус бүр нь 18 торлолтой олон олборлолтын блокоос уран олборлоно. Казахстан дахь ураны үйлдвэрийн загвар бүхий үйлдвэр босож, дэлхийн зах зээлд борлуулах түүхий эд хүртэл нь боловсруулж, хамгийн өндөр ураны агууламжтай хар нунтгийг гаргах зорилготой юм.  Хуульдаа ямар өөрчлөлт оруулж, яаж хэрэгжүүлэхээс энэ төслийг манай улс хэрэгжүүлэх сонирхолтой  эсэх нь шууд харагдана. Монгол, Франц хоёр улсын өнгөрсөн онд хийсэн өндөр дээд түвшний айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч нар протоколд гарын үсэг зурсан. Тиймээс бидний зүгээс төслийг урагшлуулах шаардлагатай. Хуульдаа хөрөнгө оруулагчдад таатай байх, төслийг хөхиүлэн дэмжих заалт л оруулах учиртай юм. Тиймээс хөрөнгө оруулалтыг хяхан боогдуулсан заалт оруулахгүй байхыг парламентын гишүүдэд уриалмаар байна. Ерөнхий сайд эрдэмтдэдээ тулгуурлаж энэ улсыг улс шиг хөгжүүлнэ гэж Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулахдаа хэлсэн.Үүнтэй адил ураны төсөл дээр эрдэмтдийн саналыг авах шаардлага парламентад зайлшгүй бий. Дээрээс нь Монгол Улс өөрөө уран олборлогч, экспортлогч болсноор атомын цахилгаан станцтай болоход нэг шат ахина. Мөн Монгол Улс 2024-2028 онд зоригтой, хурдтай ажиллахыг хүсэж энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хоёр заалтыг тусгасан. Нэгдүгээрт, Францтай хамтарсан ураны хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэж, урагшуулах  заалт. Хоёрдугаарт, атомын цахилгаан станцын судалгааг эхлүүлнэ гэж тусгасан. Үүнээс ерөөсөө Монгол Улс атомын цахилгаан станцтай болох ажил шуударчихлаа л гэж ойлгох хэрэгтэй.

-Монгол Улс атомын цахилгаан станцтай болох, Засгийн газраас зарласан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын томоохон зорилтыг хэрэгжүүлэх тухайд ч цаг алдалгүйгээр ураны төслөө хөдөлгөх шаардлагатай  байх нь ээ?

-Ер нь ураны салбарыг нухацтай байдлаар авч үзэх ёстой юм шүү дээ. Олон талын эрх ашиг хөндөгддөг учраас удаанаар урагшилдаг салбар. Энэ салбарт манай улс 2012 онд хувьцаа эзэмшигчтэй гэрээ хийснээс хойш 12 жил буюу багагүй хугацаа өнгөрсөн байна.  Зах зээл нь нэлээд өсөлттэй болж ирж байгаа учраас ураны бүх төсөл дэлхийн хаа сайгүй хөдлөх шаардлагатай болж байна.  Мөн дэлхий дээр 460-470  орчим тооны атомын цахилгаан станц байна. Хаагдсан байсан станцуудыг ч эргэн сэргэхээр байна. Японоос авахуулаад хаасан станцдаа үнэлгээ хийгээд дахин ажиллуулаад эхэллээ. Бусад оронд ч ийм жишээ байна, манай урд хөрш гэхэд шинээр атомын цахилгаан станц барьж байна. Бусад нь ч төлөвлөж, эхлүүлж, үргэлжлүүлж байна. Энэ болгон ураны эрэлт ихэссэн учраас ураны үйлдвэрлэл рүү нийтээрээ анхаарал хандуулж эхэлж буйн жишээ. Зах зээлийн шаардлага бий болж эхэлсэн гэсэн үг. Манай улс бол уранаа хайгаад эрээд сурчихлаа, хүний нөөцөө ч бэлдчихлээ. Энэ цаг үед бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилсан УИХ бүрэлдэн бий болчихоод байна. Ингэхдээ энэ ураны төсөл бол  бүс нутгийн, тэр дундаа говийн бүсийн томоохон төсөл болно. Тухайн орон нутаг дахь ард иргэдэд хувь хишиг хүртээдэг болох талаар ч ярьж эхлээд байна.  Өсөн нэмэгдэх рояалти өмнө  нь таван хувь байсныг 19 хүртэлх хувь болгох талаар ч ярьж байна. Энэ бол маш чухал заалт байх болно. Маш олон  талын ач холбогдолтой хуулийн өөрчлөлт болно гэж харж байна. Ер нь Монгол Улсын хувьд үнэхээр түүхэн онцгой цаг үе цөмийн энергийн салбарт бий болж байна. Цөмийн энергийн салбар үүсэж бий болоод 60 гаруй жил болоход гайхамшигтай хувьсгалын тохироо бүрдсэн цаг үе тохиож байна гэж би хувьдаа харж байгаа. ЗГХЭГ-ын даргын зүгээс ч төрийн захиргааны төв  байгууллага болох Цөмийн энергийн газрыг дахин байгуулах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байна лээ. Энэ бол цөмийн энергийн салбарт энэ Засгийн газар маш их ач холбогдол өгч буйн илрэл гэж харж, ойлгож байгаа.  Манайхаас бусад оронд цөмийн энергийн салбар Ерөнхий сайдынхаа шууд  удирдлага дор байдаг. Манайх л хаа нэг  газрын хатавчинд аваачаад тавьчихдаг болохоос хамгийн чухал салбар байгаа юм. 

-Манай улс уранаа олборлох талаар олон жил ярилаа. Үнэхээр бодит эрсдэл байдаг юм уу эсвэл улс төрдөө дийлдчихээд байдаг  хэрэг үү. Химийн хор хөнөөл, олон толгойтой тугал гэж яриад, тэмцэгчид босоод ирдэг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд үнэхээр уранаас болж хордоод хүн, малд бодитоор нөлөөлсөн зүйл байдаг юм уу?

-Олон улсын атомын энергийн бие даасан  мэргэжилтнүүд, БНСУ, Японы төдийгүй Монгол Улсын Засгийн газраас 100 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн баг гарч ажилласан шүү дээ. Эдгээр  олон талын бүрэлдэхүүнтэй багаас  “Уранаас болж тугал хордоогүй” гэдэг албан ёсны дүгнэлтээ гаргачихсан шүү дээ. Мал эмнэлгийнхний зүгээс малын үржил  селекц буюу цус ойртолт, орчны доройтлоос үүдэлтэй гэдгийг тогтоосон. Тиймээс уранаас болж 2-3 толгойтой тугал гарсан гэдэг нь ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл  шүү гэдгийг хариуцлагатайгаар  албан ёсоор хэлье.  Химийн хор хөнөөлийн тухайд  газар дор уусган боловсруулах арга бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн арга. Нийт олборлож буй ураны 56-60 орчим хувийг энэ аргаар л олборлодог. Газар дор хүчил хийж бохир болголоо гээд байдаг. Гэтэл  хүчил хийсэн хийгээгүй уран чинь өөрөө цацрагтай, олборлох хэмжээний уран байгаа л бол цацрагтай, хоруу чанартай техникийн орчин гэсэн үг. Тиймээс  зарим улс хүний толгой эргүүлсэн балай юм ярьдгаа зогсоох хэрэгтэй. Манайх ардчилсан улс учраас хэн, юу ярих нь хүний эрхийн асуудал. Миний хувьд 20-30 жил цөмийн энергийн салбарт ажиллахдаа анх удаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр ирж суусан гишүүд 97-98 хувийн ирцтэйгээр Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжсэнд их баяртай байгаа.

Харьцангуй боловсролтой, харьцангуй залуу, технологи ойлгодог шижигнэсэн залуучууд парламентын олонхыг бүрдүүлж байгаа юм байна ойлгож, харж байгаа. Өмнө нь энэ хуулийн өөрчлөлт парламентаар орж ирэхээр олонх нь эсэргүүцээд, бараг л айдаг байлаа шүү дээ. Яахав үндэсний хэмжээний томоохон төслийг эсэргүүцэж, янз бүрийн санхүүжилтээр амь зогоодог хүмүүс байх шиг байна. Улаанбаатарын аймшигт утаанаас биднийг атомын цахилгаан  станц л аварна. Цөмийн энерги гэдэг бол шинжлэх ухаан технологийн охь, оргил нь юм шүү дээ. Энэ охийг бид эзэмших нь үндэсний эрх ашигт нийцнэ. Нийт хүмүүс эрүүл, аюулгүй амьдрах эрхээр хангагдах  Үндсэн хуулийн үзэл санаанд нийцнэ.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
1
care
0
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… 19 цагийн өмнө
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын … 20 цагийн өмнө
Улаанбаатарт 4 хэм дулаан байна 21 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш … Өчигдөр
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол болж бай… Өчигдөр
Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА Өчигдөр
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал болло… Өчигдөр
Улаанбаатарт 2 хэм дулаан байна Өчигдөр
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга, дотуур байрны их засвар… 2024/11/19
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 2024/11/19
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг арванхоёрдуг… 2024/11/19
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчи… 2024/11/19
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа … 2024/11/19
Оюуны олимпоос ганзага дүүрэн ирлээ 2024/11/18
Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн салбарт зун цаг ирж байна 2024/11/18
Д.Дэмбэрэлдаш: Миний өвөө Ш.Найдансүрэн анхдугаар Үндсэн хуулийг болов… 2024/11/18
"Бадмаарсан зул" Хоролын Зандраабайдий 2024/11/18
Технологийн салбарын “Алтан луужин” 2024/11/18
Г.Номин: Нэгдүгээр ангийн сурагчдын шүдийг эмчилж, цоорохоос сэргийлэх… 2024/11/18