Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс Дулааны V цахилгаан станц, метро, тусгай замын автобус, шинэ тойрог зам зэрэг томоохон 18 төсөл, арга хэмжээг ирэх жилүүдэд нийслэлд хийж, хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэ тухайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар бодлого, төлөвлөлтөө танилцуулсан юм. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр зорьж буй “20 минутын хот“ бодлого, концепцыг хэрхэн хэрэгжүүлэхээр бэлтгэж байна вэ. Эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлэх тухайд хот нэлээд санаачилгатай ажиллаж байгаа. Энэ тухайд та эхлээд мэдээлэл өгнө үү?
-1954 онд Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг баталж, 500 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн байдаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй хүн амын тоо 1.8 сая, үүн дээр гадаад болон хөдөө орон нутгаас түр оршин сууж байгаа хүмүүсийн тоог авч үзвэл хоёр саяд хүрсэн. Ингэснээр анхнаасаа 500 мянган хүнд төлөвлөсөн эрчим хүч, дэд бүтэц, авто зам, шугам сүлжээний ачаалал хоёр сая хүнтэй хотын хэрэгцээг хангаж чадахаа больсон. Мөн өнгөрсөн жилүүдэд суурь асуудлаа шийдээгүй байж зөвхөн сонгуульд зориулж тууз хайчилж явсаар олон зүйлийг орхигдуулсан байна. Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны сүлжээ ачааллаа дийлэхээ больсон. Хот сүүлийн 40 орчим жил эрчим хүч, дулааныхаа асуудлыг шийдэх дорвитой ажил хийгээгүй. 10 жилийн өмнө Амгалан ДЦС-ыг барьж, энэ жил өргөтгөсөн. Ирэх жилүүдэд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
Тодруулбал, 1984 оноос хойш Улаанбаатар хотод нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Сүүлд 2014 онд Амгалангийн дулааны станцыг барьсан.
Энэ жил өргөтгөсөн ч манай хот эрчим хүчний хувьд энэ өвлийг хэрхэн давах вэ гэсэн түгшүүртэй хэвээр байна. Иймд нэн тэргүүнд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд гаргаж Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улсын комисс хүлээн авсны дараа Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системд 150 мВт-ээр нэмэгдэнэ.
Дараа жил мөн 150 мВт нэмэгдэхээр гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн. Мөн ирэх сарын эхний долоо хоногт багтааж 50 мВт хүчин чадалтай хуримтлуур станц Багануур дүүрэгт ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Харамсалтай нь эдгээр станцыг ашиглалтад оруулсан ч Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдал арилахгүй. Тиймээс бидний хувьд хамгийн түрүүнд эрчим хүч болон дулаан хангамжийн эх үүсвэрээ нэмэх ажил байгаа юм. Түүнчлэн УБЕГ-аас V дулааны станц орон нутгийн өмчит компанийнхаа нэрийг авсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 300 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Байршлын хувьд II цахилгаан станцын ард байх бөгөөд энэ ажлыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч хариуцаж байна.
2024-2028 онд нийслэлд нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замыг барьж, томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн гэр хорооллыг олон улсын жишигт нийцсэн байдлаар төлөвлөх ажлууд хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Ингэхдээ Улаанбаатар хотын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дараах таван үндсэн бүлэгт хувааж буй. Үүнд Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэж хувааж байгаа юм.
Түүнчлэн өртөөний тоог 14 байхаар төлөвлөсөн бөгөөд өртөө бүрд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийг өртөөний талбай дээр хөрөнгө оруулалт оруулах эрхийг нь нээж өгөхөөр ажиллаж байна. Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн, бодлогоор дэмжиж Туулын хурдны замын зүүн хэсэгт “Да хүрээ авто худалдааны төв”, баруун хэсэгт “Нарантуул худалдааны төв”-ийг байрлуулахаар төлөвлөсөн, холбогдох судалгааны ажил ид өрнөж байна. Улаанбаатар метро ашиглалтад орсноор замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 25 хувиар өсөж, хөдөлгөөний эрчим 16 хувиар буурна.
Түүнчлэн олон улсын жишгийн дагуу метроны нүхэн байгууламж дахь худалдаа үйлчилгээний төвүүд үүсэж, шинэ бизнесийн орчин бий болно гэж ойлгож болно.
-Төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Ер нь цаашид хотын түгжрэлийг бууруулах чиглэлд том зургаараа ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд их багтаамжийн олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, хоёр түвшний замуудыг барихаар төлөвлөсөн гэдгийг дээр дурдсан. Тодруулбал, ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэнэ. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгдсэн. Энхтайваны гүүрний зорчих хэсэг нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхээ болино. Тиймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаан эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөж байна.
Мөн хөнгөн галт тэрэг, LRT, трамбай нь нэг нэр томьёо бөгөөд трамбайны урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ. Уг шугамын чиглэлийг “Зунжин” худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл явдаг байхаар төлөвлөсөн. Трамбайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага. Түүнчлэн төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байна.
-Туулын хурдны замын тендерийг хэзээ зарлахаар байна вэ. Хот доторх анхны хурдны замыг барьж байгуулснаар хотын замын ачааллыг хэр хэмжээнд бууруулах тооцоолол гарсан бэ?
-Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг зарлана. Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замыг барихаар төлөвлөж байгаа юм. Тодруулбал, хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ хурдны зам байна.
Бид өнгөрсөн 30 хоногийн хугацаанд инженерийн бэлтгэл ажлыг хийлээ. Тодруулбал, уг замыг барихад дотоодын компаниудын материалыг ашиглахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд барилга, авто зам, цемент болон арматурын төмөр үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Уг замыг 24-30 сарын хугацаанд барьж дуусгах шахуу хугацаа тавьсан. Хэрэв энэ хугацаанд хурдны замыг барьж дуусвал бусад холбоос замуудтайгаа нийлээд Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш чиглэлийн урсгалыг одоогийн байгаа машины тоон дээр хийсэн судалгаагаар замын хөдөлгөөний ачааллыг 38.6 хувьтай буулгах боломжтой болно.
Түүнчлэн Туулын хурдны замыг Нисэхийн тууш замтай холбох шинэ гүүрний ажлын тендерийг ирэх онд зарлаж, ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, Наадамчдын гудамж буюу Яармагийн зам дээгүүр явах зургаан эгнээ зам бүхий босоо тэнхлэгийн гүүрэн байгууламж нь нэгдүгээр хороолол руу холбогдож, урагшаа Нисэхийн хурдны замтай нийлэх юм.
Мөн Яармаг-Хархорин чиглэлийн агаарын дүүжин замын тээврийн газар чөлөөлөлтийн асуудлыг шийдсэн боловч гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс шалтгаалан ажлын явц удаашралтай байна. Гэсэн ч Яармагийн замаар оргил ачаалалдаа 90 мянган машин явдаг тул “Яармаг-Хархорин” чиглэлийн эхний ажлыг ирэх ондоо багтаан дуусгана. Үргэлжлэл хоёрдугаар трасс болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Шангрила төв” гэсэн чиглэлийг хотын иргэдийн санал асуулгаар шийднэ.
-Дэд төвүүдийн ажил нэлээд эрчимтэй өрнөж байгаа. Газар чөлөөлөлт ямар шатандаа явна вэ?
-Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжүүлж байна. Эдгээр байршилд нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд ойрын хугацаанд 300 айлтай зөвшилцөх хүлээлттэй байна.
Хамгийн томоохон хэлэлцээрт орох айлууд бол Долоон буудлын эцсийн нэг давхар худалдаа үйлчилгээ эрхэлдэг обьектууд. Үүнийг бид ерөнхий төлөвлөлттэйгөө уялдуулахаар төлөвлөсөн. Төслийн санхүүгийн асуудлыг бүрэн шийдсэн. Мөн бүтээн байгуулалтын барилгажилтад төрийн өмчийн компани бус хувийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөж байна. Тендерийг арванхоёрдугаар сард зарлана. Иймд үндэсний бүтээн байгуулагчид идэвхтэй оролцохыг уриалж байна.
Түүнчлэн Баянхошуу дэд төвд эхний ээлжийн 440 айлын орон сууцны барилгын ажил үргэлжилж байна. Барилгын ажил дууссаны дараа дараагийн ээлжийн газар чөлөөлөлтийн хэлэлцээрийг хавар эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотод хийгдэж буй бас нэг томоохон бүтээн байгуулалтын ажил болох Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана.
Инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд үе шаттай ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжийн ажил дууссан ч бохир дамжуулах шугам болон лаг хатаах үйлдвэр баригдаагүйн улмаас ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс лаг хатаах, шатаах үйлдвэрийг дахин шинээр байгуулахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм. Одоогоор манай улс лагийг талбай дээр гарган байгалиар нь хатааж, булж байгаа. Гэтэл бусад орон үүнийг лаг шатаах битүү зууханд шатааж, эрчим хүч, хий гаргаж аван, үлдсэнийг нь барилгын материал болгон ашигладаг. Тиймээс эхний ээлжид лаг хатаах, шатаах үйлдвэрийг барихаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тендер зарлана.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна