Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж байна

unen
6 цагийн өмнө

Төрийн банкны дэд  захирал Х.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Танд Төрийн банк үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа Төрийн банк өнгөрсөн 15 жилийн хугацаанд ямар ололт амжилттай ажилласан талаар эхлүүлье.
-Төрийн банк нь Засгийн газрын 2009 онд Монгол Улсын банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 100 хувь төрийн өмчит банк болон үүсгэн байгуулагдсан. 

Анх үүсгэн байгуулагдахдаа 270 гаруй ажилтан, 28 салбар, нэгжээр дамжуулан 110.000 гаруй харилцагчдад банкны санхүүгийн үйлчилгээг үзүүлэхээр 170 гаруй тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр бид 15 жилийн ойн босгон дээрээ Монгол Улсын өнцөг булан бүрд 500 гаруй салбар нэгжтэй, БНСУ-д Төлөөлөгчийн газартай, нийт 4000 гаруй ажилтнаараа дамжуулан 2.3 сая харилцагчдадаа 115 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэдэг, Монгол Улсын санхүүгийн системийн нөлөө бүхий таван банкны нэг болоод байна.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай банкны актив хөрөнгө 40 дахин өсч 5.6 их наяд төгрөгт хүрч, 2024 оны аравдугаар сарын байдлаар 85.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна.

-Өнгөрсөн есдүгээр сард Засгийн газраас Төрийн банкийг ногоон хөгжлийг дэмжигч  банкаар зарласан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Банкны системд Тогтвортой санхүүжилтийн холбоог арилжааны банкуудын санаачилгаар 2013 онд байгуулсан. Манай банк энэ холбоог үүсгэн байгуулагч гишүүнээр ажиллаж, байгаль орчин, нийгэм, засаглалын асуудалд анхаарч, банкны ногоон бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, өөрийн дотоод үйл ажиллагааг тогтвортой хөгжилд чиглүүлэхэд анхаарч ирсэн. Тухайлбал, Төрийн банк 2022 онд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, нийт 25.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн ба энэ мөнгийг тогтвортой хөгжилд чиглэсэн болон дундаж давхаргыг дэмжсэн зээлийн санхүүжилтэд зарцуулсан. Банкны санхүүжүүлсэн зээлийн хүлэмжийн хийн ялгарлыг тооцохоор Нидерландын нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл (PCAF)-д нэгдэн Олон улсын байгууллагуудын сайн туршлагаас  суралцаж байна.

Жил бүр банкны салбар нэгжийн 4000 гаруй ажилтны дунд орчноо ногооруулах, усны нөөцийг хэмнэх, хог хаягдлыг ангилах, цахилгаанаа хэмнэх, ногоон зээлийн олголтыг идэвхжүүлэх зорилгоор “Ногоон хөгжил” уралдаант аяныг зохион байгуулан ажилладаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн “Тэрбум мод” сангийн үйл ажиллагааг дэмжин гүйлгээний шимтгэлээс 2022-2024 онд 2.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн банкнаас жил бүр “Модыг мод(а) болгоё”, “Гялс цэвэрлэгээ аян”-уудыг уламжлал болгон зохион байгуулж байгаа нь олон нийтэд нөлөө бүхий, орон даяар өрнөдөг, өргөн цар хүрээг хамардаг үйл ажиллагаа болсон байна.

Энэ оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас “Төрийн банкийг Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн тусгайлсан чиг үүргээр шинэчлэн зохион байгуулах” болсонтой холбоотойгоор бид цаашдаа банкны бүх ажиллагаагаа ногоон хөгжлийг дэмжихэд чиглүүлж, дунд хугацааны стратеги болон бизнес төлөвлөгөөндөө тодорхой зорилтуудыг дэвшүүлж, улмаар богино хугацаанд эрчимтэй ажиллаж эхлээд байна. Ойрын үед хэрэгжүүлж буй гол ажлуудаас дурдъя. Дотоодын хөрөнгийн зах зээлд ногоон бонд гаргаж, эх үүсвэр босгохоор холбогдох ажлууд хийгдээд явж байна, энэ ондоо багтаж бондоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төрийн банкны гол харилцагч сигмент болох малчин иргэдэд зориулсан малчны ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргалаа. Тун удахгүй ахуйн хэрэглээний ногоон зээлийн цахим бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

Хүлэмжийн хийг бууруулах, агаар орчны бохирдлыг багасгах, төвлөрлийг сааруулах, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга орон сууцны санхүүжилтэд төр засгийн байгууллагуудтай бодлогын түвшинд хамтран ажиллаж, ялангуяа нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог бий болгох, банкны хувьд барилгын компаниуд болон эко орон сууц, амины сууц худалдан авах иргэдэд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй байлгах тал дээр түлхүү анхаарч байна.

Олон улсын санхүүгийн байгууллагуудтай Монгол Улсын тодорхой салбаруудад ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн ногоон санхүүжилтийн төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах талаар уулзалтуудыг хийж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд байгуулах талаар санал солилцож байна.

-Ногоон хөгжлийг зорилтоо болгосон нь ямар учиртай вэ. Танай банк энэ чиглэлд бусад банкнаас ялгарах онцлог нь юу байх вэ?

-Нэг талаас уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудлыг олон улсын түвшинд анхаарч улс орнууд нэгдэн санаачилга гаргаж, НҮБ-ын Ерөнхий Асамблейн 2015 оны 70 дугаар чуулганаар Нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-ыг баталсан. Мөн Парисын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 2015 оны бага хурлын үеэр 190 гаруй орон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад хоёр хэмээс хэтрүүлэхгүй байж, улмаар 1.5 хэмд хязгаарлах хэлэлцээрт нэгдсэн. Монгол Улс ч мөн эдгээр зорилтуудад нэгдэн орж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 22.7 хувиар бууруулах, банкны салбарын нийт зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хувийг 10 хувьд хүргэх зорилт тавьсан.

Тогтвортой ногоон хөгжлийн асуудалд санхүүжилт маш чухал үүрэгтэй, энэ ч утгаараа улс орнуудын банк санхүүгийн байгууллагууд энэ асуудалд түүчээлэн чухал байр суурьтай ажиллаж байна. Үүний нэгэн адил манай улсын банк санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийн асуудалд манлайлан ажиллаж байгаа. Монгол Улсын “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл”-өөс 2019 онд “Үндэсний ногоон таксономи”, 2022 онд “Тогтвортой санхүүгийн замын зураг”, 2023 онд “ТХЗ-ын санхүүжилтийн таксономи”-ийг тус тус баталсан.

Төрийн банкны хувьд бусад банкнаас ялгаатай зүйл нь төрийн өмчийн оролцоотой банк гэдэг утгаараа ногоон хөгжлийн чиглэлээр төр засгаас бодлогоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд дээр нягт хамтран ажиллах, төрийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлэх, мөн ногоон хөгжил болон ногоон санхүүжилтийн асуудал дээр нийт банкны системийн оролцогч, харилцагч иргэд байгууллага, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч талуудад ногоон санхүүгийн боловсрол олгох, бойжуулах, ногоон санхүүжилтийг хүртээмжтэй байлгах тал дээр бусад банкнаас онцлогтой ажиллана. Товчхон хэлбэл, банк өөрөө ногоорохын зэрэгцээ харилцагчдаа ногоороход туслах гэх юм уу даа. Ялангуяа, тэднийг ногоороход хууль эрхзүй, зохицуулалтын орчинд шаардлагатай байгаа өөрчлөлтүүдийн талаар төр засгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

-Төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт санхүүжилт гаргаснаар зээлийн  эргэн төлөлт хэр байна вэ?

-“Ковид-19”-өөс хойш хэрэгжсэн “Ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөр”-т банкууд өөрийн эх үүсвэрээр зээл олгосон. Хүүгийн татаастай энэ зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг. “Ажлын байрыг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөр”-т манай банк 440 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ нь гурван жилийн хугацаатай олгосон зээл. Зээлийн хугацаа нь энэ онд дуусгавар болж байгаа. Манай банк дээр энэ хөтөлбөрийн хүрээнд эрсдэж, чанаргүйдсэн зээл байхгүй. 

-Танай банк харилцагчдадаа санхүүгийн боловсролыг хэр олгож байна вэ?

-Засгийн газраас манай банкийг 2021 онд дундаж давхаргыг дэмжих банкаар тодорхойлсон. Бид дундаж давхаргын иргэдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн, мөн харилцагчдадаа санхүүгийн боловсрол олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлсэн.

Мөн  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үүднээс Бизнес инкубатор төвийг байгуулж, бизнеснээ хэрхэн удирдах, санхүүгээ хэрхэн төлөвлөх талаар цувралт сургалтуудыг явууллаа. Ингэхдээ Санхүү эдийн засгийн их сургууль болон  “Полиси” төв,  “Бэст” олон улсын хөтөлбөртэй хамтарч ажилласан ба жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тохирсон гарааны, өрхийн бизнесийн зээлийг зах зээлд нэвтрүүлсэн. Цаашид энэ туршлага, суурь бааз, нөөц дээрээ үндэслээд ногоон эдийн засаг, ногоон санхүүгийн талаар боловсрол олгохоор төлөвлөн ажиллаж байна.

-Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Мүүдиз” агентлаг Төрийн банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B2” болголоо. Үнэлгээ ахиснаар ямар давуу талуудтай вэ?

-Банкууд олон улсын зах зээлээс эх үүсвэр татах зорилгоор зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийлгэдэг. Улсын зээлжих зэрэглэл ямар байна вэ гэдэг тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын зээлжих зэрэглэлд шууд нөлөөтэй байдаг.

“Мүүдиз” агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3”-аас “B2” болгож сайжруулсан. Үүнтэй холбоотой манай банкны үнэлгээ ч Монгол Улсынхаа зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд болж ахисан. Энэ нь ногоон бондыг олон улсын зах зээлд гаргахад хүү, үнэлгээ, хувь хэмжээ, эргэн төлөгдөх чадвар дээр хөрөнгө оруулагч нарын итгэлийг хүлээхэд эерэг үр дүнтэй, сайн мэдээ юм. Зээлжих зэрэглэлээ бид жил бүр “Мүүдиз” агентлагаар хийлгэдэг.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Төрийн банкны 15 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Манай банкны үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Банкныхаа нийт хувьцаа эзэмшигч, харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд, ажилтнууддаа бүгдэд нь 15 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
2
care
0
haha
3
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 5 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 5 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 7 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 7 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 7 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 7 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 7 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 8 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 8 цагийн өмнө