Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой

unen
3 цагийн өмнө

Тун удахгүй болох “Гоёл наадамтай холбоотойгоор өсөж яваа шинэ, залуу дизайнер, уран бүтээлч Т.Гантигмаатай ярилцлаа. 

-Юуны өмнө өсөж яваа залуу дизайнертай танилцах боломж олдсонд баяртай байна. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 
-Намайг Түмэннастын Гантигмаа гэдэг. Баянхонгор аймгийн уугуул, Улаанбаатар хотын суугуул бүсгүй. Би “Шилмэл загвар”ХХК үйлдвэрийн менежер гэдэг албан тушаалтай, хажуугаар нь өөрийнхөө хосолсон мэргэжил болох дизайнераар ажиллаж байна. Урлах эрдмийн дээд сургуулийг 2022 онд хувцас дизайнерын мэргэжлээр дүүргээд мэргэжлийн байгуулагад орж ажиллаад даруй гурван жилийг үдсэн байна. 
-Удахгүй Монголын дизайнеруудын хүсэн хүлээдэг “Гоёл” наадам болох гэж байна. Таныг энэ наадамд оролцох гээд завгүй байгаа гэж байсан?
-Залуу дизайнерын хувьд Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг уламжлалтай 38 дахь удаагийн “Гоёл 2025” наадамд оролцоно. Би энэ наадамд гурав дахь жилдээ оролцохоор бэлтгэлээ базаагаад унтах нойр, идэх хоолоо умартаад гүйж явна даа. (Инээв) Цаашдаа ч “Гоёл” наадамдаа орж шинэ зүйл сурч, мэдэж дадлагжих хүсэлтэй байгаа. 
-Шинэ залуу боловсон хүчин ажлын байртай болох хэцүү гэдэг. Нэн ялангуяа загвар урлалын салбарт ажилд ороход мэдлэг, туршлага, мэдрэмж шаардагдана гэж надад бодогдоод байх юм. Жишээ нь та намтраа барьж очоод л ажилд орсон уу эсвэл авьяас чадварыг тань үнэлээд татаад авчихдаг юм уу?
-Загвар урлалын салбарын сургуулиуд, тэр дундаа миний төгссөн сургууль салбартаа тэргүүлэгч компани, үйлдвэр, агентлагуудтай харилцаатай байдаг. Байнгын харилцаандаа тулгуурлан энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудаа нэгдүгээр дамжаанаас эхлээд л салбар чиглэлийнхээ компани, үйлдвэр, агентлагуудтай танилцах, дадлагажих орчин, нөхцөлөөр хангаж өгдөг. Би одоо ажиллаж байгаа компанидаа нэгдүгээр курсээс эхлэн дадлагажигчаар ажиллаж эхэлсэн болохоор сургууль төгсөхөд ирж ажиллаач гэдэг урилга ирүүлсэн. Дөрвөн жилийн хугацаанд байгууллагадаа өөрийгөө би ийм чадвартай, авьяастай гэдгээ баталж өгнө гэсэн үг. Намайг харж үнэлэлт дүгнэлтээ өгсөн байх аа гэж би бодоод байгаа шүү дээ. 
-Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадам нэлээд нэр хүндтэй, үзүүштэй наадмуудын нэг. Дизайнеруудын хувьд энэ наадамд оролцохын тулд ямар шаардлага, шалгуур давах болдог юм бэ. Зүгээр л загвараа өгөөд орчихдог юм уу?
-“Гоёл” наадмын өмнө “Загварын долоо хоног” гэж болдог. Энэ долоо хоногийн үйл ажиллагаанд эхний удаад бүх дизайнерууд байгууллагын мэдээлэл, эсвэл өөрийнхөө намтрыг өгч оролцож болдог. Нээлттэй гэсэн үг л дээ. Энэ “Загварын долоо хоног”-оор дизайнеруудын гаргасан шинэлэг санаа, шийдэл, ур чадвар, өнгө загвар, тухайн загвар ямар шатандаа явж байна гэдгийг шүүгчид дүгнээд бүх өгөгдлөөр шүүгээд “Гала” тоглолт дээр дүнг нь танилцуулдаг журамтай. 
-Та “Гоёл” наадамд гурван жил оролцлоо гэж байсан. Гала тоглолтдоо хэдэн удаа оролцов?
-Эхний хоёр жил шинэ залуу, туршлага дутуу учраас хасагдаж байлаа. Одоо эргээд санахад оюутны ширээнээс шууд л дизайнер гэдэг нэрээр загварын салбарын тогоонд үсрээд орчихсон хүн оюутан сэтгэхүйгээр ажилдаа хандсан байх талтай юм билээ. Эндээс дизайнер гэдэг мэргэжил асар их туршлага хэрэгтэй мэргэжил юм байна гэдэг ухаарал авч байлаа. Харин өнгөрсөн жил “Гала” тоглолтод оролцох эрх авч чадсан шүү. “Гала” тоглолтод сонгогдсон байгууллага, брэндүүд оролцдог учраас сонгогдоно гэдэг том амжилт. Тэндээс ахин шүүлт яваад том тайзан дээр гарна. 
-“Гала” тоглолтод оролцоно гэдэг “Холливууд”-аар бол “Оскар”-ын тайзан дээр нэр дурдагдахтай алил юм уу даа?
-Шинээр энэ салбарт орж ирж байгаа агентлаг, компани, байгууллага, дизайнеруудын хувьд маш том аз, нээлт байхгүй юу. Миний нэрийн хуудас, танилцуулгыг “Гоёл” наадам хийж өгч байна гэсэн үг. Би “Гала” тоглолтод амжилттай оролцоод шагнал хүртэх юм бол энэ салбарынхан бүгд миний нэрийг мэддэг болно. Загвар өмсөгчид намайг мэдэж аваад би харилцагчидтай болно гэсэн үг. “Гоёл” наадамд оролцох мөн загварын салбарт орж ажиллах чадвар чамд байна уу үгүй юу гэдгийг харуулж өгдөг маш том шалгуур. 
-Тамирчдаар бол “Ранк” ахихтай адилхан юмаа даа?
-Улсын аваргад шалгараад дэлхийн аварга руу явна. Тэндээсээ эрхээ аваад “Олимп”-д орохтой л ижил. Дизайнеруудын хувьд бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлж байгаа учраас “Гоёл” наадам бол “Чи Монгол Улсын загварын салбарт ямар түвшинд явж байна вэ” гэдгийг харуулж өгдөг. Нэг сар бэлдээд л ордог наадам биш. Тэр утгаараа Монголын загвар урлалын салбарын нэр хүндтэй эрхмүүд энэ наадмыг шүүдэг юм шүү дээ. 
-Дизайнеруудын бүтэн жилийн хөдөлмөр гэсэн. “Гоёл”наадмын маргаашнаас хамгийн түрүүнд хийж эхэлдэг ажил нь юу байх вэ
 -“Гоёл” наадам дуусаад дизайнерууд санаа амарна гэж байхгүй. Маргаашнаас нь эхлээд л судалгаа хийгээд эхэлдэг. Ирэх жилийн наадамдаа бэлдэх эхний шат бол загварын чиг хандлага судлах. “Гоёл” наадам 2024 онд боллоо гэхэд 2025 онд дэлхийн загварын чиг хандлага хаашаа чиглэх вэ гэдгийг тодорхойлж өгдөг сайтууд руу орж судалгаагаа хийнэ. Ирэх жил ямар өнгө трэнд болох вэ зэргийг бодно, тунгаана, найруулна. Хувцасны загвар жил бүр шинэчлэл хийгдээд явдаг болохоор дизайнерууд түүнийг мэдэрч чадаж байна уу гэдгийг жил бүрийн арваннэгдүгээр сард шүүгчид бидэнд шүүж өгдөг. 
-Би буруу ойлгож байж болох юм шүү. Гоёл наадам энэ жилийн трэнд ийм загвар байна гэдгийг үзүүлж байгаа хэрэг. Харин дизайнерууд ирээдүйг тодорхойлоод байгаа хэрэг байх нь? 
-Хэрвээ та анзаарч харвал хувцас загварын коллекцууд ихэвчлэн тэдээс, тэдэн оны хоорондох хавар намрын, өвөл зуны гэх мэтээр танилцуулга явдаг. Хувцас загвар зохион бүтээгчид хэзээ ч өнөөдөр ийм байна гэдгийг тодорхойлж харуулдаггүй. Нэгээс, хоёр жилийн цаадахыг харж таны хэлдгээр ирээдүйг харж, тодорхойлж байна гэсэн үг. 
-Монголын хувцас загварын хөгжил дэлхийн түвшинтэй харь­цуулахад хаахна явж байдаг юм бэ. Харьцуулж болдог эд үү?
-Харьцуулан харж дүгнэж бололгүй яах вэ. Цахим ертөнц хөгжсөн ертөнцөд ажиллаж, амьдарч буй залуу хүний хувьд энэ талын мэдлэгээ нэмж, мөн мэдээлэл авах зорилгоор сайтууд руу орж хардаг. Монголын загвар урлалын хөгжил дэлхийн энэ чиглэлийн салбараас хоцорч, хойшилсон зүйл харагддаггүй. 
-Хувцас үйлдвэрлэлтэй холбоотой ажилладаг залуу хүний тань хувиар асуухад Монголд олон тоогоор үйлдвэрлэдэг хувцасны үйлдвэрүүд амжилт олох боломжтой юу. Та юу гэж бодож байна. 
-Өнөөдөр Монголд бүх төрлийн хувцасны брэндүүд байна. Өмд, цамц, малгай, гутлаас эхлээд хүний өмсдөг бүгд бүрэн. Гэхдээ бид чинь цөөхүүлээ шүү дээ. Массын буюу олноор нь үйлдвэрлэдэг дамжлагын үйлдвэр гэхээсээ соло уран бүтээлчид илүү амжилттай байх болов уу. Урд хөрш маань биднийг бүү хэл дэлхийг хувцаслаж байна шүү дээ. Тэгэхээр монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой. 
-Ярилцсанд баярлалаа.

  Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22