Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай

unen
1 цагийн өмнө

“Ертөнцийн мисс-2024” тэмцээний ялагчаар Данийн гоо бүсгүй Виктория Кяер шалгарч, 18 каратын алтадсан  титмийн эзэн боллоо. 73 жилийн түүхтэй олон улсын тэмцээнд Дани улсын төлөөлөл анх удаа түрүүлсэн нь энэ юм. Харвардын их сургуульд хуулийн чиглэлээр суралцахыг мөрөөддөг 2024 оны ертөнцийн миссийг “Дэлхийн хүн”-ээр онцолж байна.

 

“Сүр жавхлангийн гэрэл”  титмийн төлөө 120 гоо бүсгүй өрсөлджээ

 

Гоо сайхны тэмцээнүүдээс хамгийн удаан үргэлжилдэг уг тэмцээний өрсөлдөгчид Мексикт нэг сар гаруй амьдрахдаа буяны арга хэмжээ, бэлтгэл, эвентэд олонтаа оролцжээ. Филиппиний Палаван арлын эрэг орчмоор ургадаг ховор сувдаар чимэглэсэн “Сүр жавхлангийн гэрэл”  титмийн төлөө 120 гоо бүсгүй өрсөлджээ. Титмийг “Jewelmer” компанийн үнэт эрдэнийн дархан урласан.  Шүүгчид авьяас, харилцааны ур чадвараараа бусдыгаа манлайлсан 30  оролцогчийг шигшээд үлдээжээ.  Энэ жилийн ялагчаар Данийн гоо бүсгүй Виктория Кяер шалгарсан. Удаах байрт Нигерийн Чидимма Адетшина, Мексикийн Мария Фернанда Белтран, Тайландын Сучата Чуангсри, Венесуэлийн Илеана Маркес нар шалгарчээ. Шагналт байрт шалгарсан оролцогчдын дунд 12 настай охины ээж болон арьсны хавдрыг даван туулсан бүсгүйчүүд багтжээ. Виктория Кяер 21 настай, өсвөр наснаасаа загвар, гоо сайхны ертөнцөд хөл  тавьж, Данийн мисс, “Miss Grand International” тэмцээнд оролцсон туршлагатай. Оюутан цагаасаа үнэт эдлэлийн салбарт ажиллаж, сайн дурын аян, амьтны эрхийг хамгаалах төсөлд идэвхтэй оролцож, нийгэмд залуучуудын хоолой болж ирсэн. Загвар өмсөгчийн карьераас гадна бизнес, маркетингийн чиглэлээр мэргэшсэн тэрбээр улсынхаа аварга гэдгээрээ алдартай. Тэрбээр цахим хуудастаа сэтгэцийн эрүүл мэндийн салбарт боловсролын ач холбогдлын талаар тогтмол нийтлэл бичиж, амьтны эрхийн төлөөх тэмцэлд нэгдсэн нь шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ. Виктория Кяер померан үүлдрийн нохой тэжээдэг. “Vogue”-д бичсэнээр “Ертөнцийн мисс” тэмцээний ялагч жилийн 250 мянган ам.долларын цалинтай, дараагийн тэмцээнийг хүртэл Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдардаг. XXI зуун гарч, “Ертөнцийн мисс” тэмцээний зохион байгуулагчид хөтөлбөрөө өөрчилж эхэлсэн. Олны танил болсон загварын бизнесээс хүмүүнлэгийн салбарт анхаарч, хандив цуглуулах аянуудыг санаачилжээ. Эхний таван байрт шалгарсан гоо бүсгүйчүүд дэлхийг тойрч, ХДХВ, хөхний хорт хавдартай тэмцэх хүмүүнлэгийн үйлсэд байгууллагаа төлөөлөн оролцох юм. Мөн  2001 оноос байгаль орчныг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд оролцохоор заажээ.

 

Шүүмжлэл, өөрчлөлт тасардаггүй тэмцээн

 

“Ертөнцийн мисс” тэмцээнийг шүүмжлэл, дуулиан шуугиан ёс юм шиг дагалддаг. Техас мужийг аялал жуулчлалын төв болгон сурталчлах зорилгоор гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулжээ. АНУ-д 1951 онд болсон анхны тэмцээнд  29 орны гоо бүсгүй оролцжээ.  Тэмцээнийг сэтгэл догдлом, үнэ цэнтэй болгодог ёслол нь титэм гардуулах үе. Анхны титэм нь Оросын язгууртан эмэгтэйн үнэт эдлэл байв. 500 мянган ам.доллароор даатгуулсан энэхүү титмийг Финландын Арми Куусела анх удаа зүүжээ. Титмийг есөн удаа өөрчилсөн бөгөөд “Mikimoto”, “Fine Jewelry”, “Diamond Nexus Labs”, “Diamond International Corporation” зэрэг үнэт эдлэлийн ордонд тусгайлан урлуулжээ. Үзэл баримтлалаа өөрчилж, хүрээгээ тэлэн хилийн чинадад зохион байгуулах шийдвэр гарснаар 1973 онд Грек улсад болжээ. “Дэлхийн мисс”-ээс ялгаатай нь 28 хүртлэх насны бүсгүйчүүд өрсөлдөх боломжтой. Энэ жилийн хамгийн “ахмад” өрсөлдөгч нь Мальтаг төлөөлсөн  40 настай Беатрис Нжоя байсан бөгөөд  финалд шалгарчээ. Оролцогчдыг үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээнээр шалгаруулдаг. Гэхдээ  2004 оны Австралийн оролцогч Женнифер Хокинсийг загварын агентлаг сонгожээ. Эх орныхоо нэрээр оролцож буй бүсгүйчүүдэд хатуу шаардлага тавьдаг.  Гэмт хэрэгт холбогдоогүй, цагдаа, шүүхтэй  холбоотой гомдолгүй, нүцгэн зураг авалтад оролцоогүй байхаар шалгуурт заасан.  Зохион байгуулагчдаас мэдээллийг нуун дарагдуулсан, дүрэм зөрчсөн тохиолдолд тэмцээнээс хасдаг. 1974 оны ялагч  Испанийн мисс Ампара Муньоз  насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүлд зургаа авахуулсан нь илчлэгдэж титмээ хураалгажээ. Ташрамд дурдахад, тэмцээний түүхэнд Ампаро Муньозоос гадна хоёр гоо бүсгүй титмээ хураалгасан байдаг. 2002 оны ялагч Оросын мисс Оксана Федорова байгууллагын бус буяны ажилд оролцсон бол 2015 онд хөтлөгч ялагчийг зарлахдаа алдаа гаргаж Колумбын гоо бүсгүй Ариадна Гутиеррес хэдхэн хором “Ертөнцийн гоо бүсгүй” алдрыг эзэмшсэн.  Тэмцээнд жил дарааллан ялагчаар шалгарсан улс бол Венесуэл. Тус улсын үзэсгэлэнт бүсгүйчүүд 2008, 2009 онд түрүүлсэн.  Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүд бизнес, нэр хүнд, борлуулалтаа өсгөх тавцан, сурталчилгаа байсаар ирсэн. “Ертөнцийн мисс” тэмцээнийг ивээн тэтгэхээс гадна эзэмшихийн төлөө алдартай брэнд, томоохон компаниуд өрсөлддөг. Анх “Kayser-Roth” корпорацын нэг хэсэг байсан уг тэмцээний  эрхийг “Gulf and Western Industries” багагүй хөрөнгөөр зохион байгуулах эрхийг шилжүүлж авсан. Тус байгууллагыг Америкийн продюсер Паула Шугарт удирдаж байсан 1995 оны сүүлчээр ерөнхий ивээн тэтгэгчээ алдаж, дампуурлын ирмэгт ирэв. Улмаар тэрбумтан Дональд Трамп 1996 онд худалдан авснаар байгууллагын санхүүгийн байдал эрс дээшилжээ.  Тэр үед Трамп “Америкийн гоо бүсгүй” тэмцээний ерөнхий зохион байгуулагч байсан юм. Тэрбээр бүтцийн өөрчлөлт хийж  “Ертөнцийн мисс” байгууллага  гэсэн брэнд бүтээж, тэрбумаар хэмжигдэх ам.долларын бизнес болгон өргөжүүлсэн.Сонгон шалгаруулалтад 2011 онд цахим санал хураалтаар үзэгчид хагас шигшээд өрсөлдөх нэг оролцогчийг сонгох журам нэвтрүүлсэн. Ийнхүү хагас шигшээд шалгарсан шилдэг 16 оролцогчийг шалгаруулах болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараа  Дональд Трамп Латин Америк руу чиглэсэн цагаачлалын бодлогыг чангатгахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүний бодлогыг  зарим орнууд илэрхий шүүмжилж, “Ертөнцийн мисс” тэмцээнд оролцохоос татгалзсан. Мексик, Панам улс оролцоогүй. Латин Америкийн хамгийн том медиа холдинг “Grupo Televisa” болон АНУ-ын хамгийн том испани хэлний телевизийн сүлжээ “Univisión” суваг ч бойкот зарлав. “Ертөнцийн мисс” байгууллагын тал хувийг эзэмшдэг NBC телевиз дамжуулахаас татгалзсан байна. “Ертөнцийн мисс” байгууллагыг 2022 оны аравдугаар сард трансжендер эмэгтэй Энн Жаккафонг худалдаж авч шуугиан тарьсан. Тэрбээр  тэмцээнийг өмчлөх болсон тухайгаа зарлаж,  стандартын өөрчлөлт хийжээ. 

Дүрмийн дагуу оролцогч нь хууль ёсны дагуу эмэгтэйчүүд байх ёстой. "Хууль ёсоор эмэгтэй" гэж тооцогддог бүх хүн оролцох боломжтой уг нөхцөл нь трансжендер эмэгтэйчүүд оролцох боломжийг хаасан гэж үзжээ. Тэмцээний  түүхэнд анх удаа трансжендер бүсгүй 2018 онд оролцсон байдаг. Эцсийн шалгаруулалт нь асуулт, хариулт байдгаараа онцлогтой. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг өөрийгөө бүх талаар хөгжүүлэх индэр байх ёстой гэж үздэг. Түүнчлэн оролцогчдын уламжлалт усны хувцастай гарааг хасахыг шаарддаг. Хүний эрхийн идэвхтнүүдийн онцолсноор бүсгүйчүүдийг гадаад төрхөөр нь дүгнэн шүүх нь зохисгүй аж. Энэхүү тэмцээн нь хамгийн олон буюу 1.5 тэрбум үзэгчтэй, алдартай контент болдог. Зохион байгуулагчид “Энэ бол шоу биш, тэмцээн” хэмээн тодотгодог.  “Ертөнцийн мисс” тэмцээнд Монгол Улс 2018 оноос оролцож эхэлсэн.  Анхны оролцогч нь Д.Долгион байсан бол 2019 онд Б.Гүнзаяа, 2023 онд Б.Намуунзул нар эх орноо төлөөлөн оролцож байв. Энэ жил манай улсаас үндэсний ялагч З.Номинзул оролцжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 1 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22