Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа”

unen
2 цагийн өмнө

Уран зураг бүр өөрийн гэсэн өнгөтэй, түүхтэй, үнэ цэнтэй байдаг. Галерей, музейн үзэсгэлэнгийн танхимыг бид алт, мөнгөн гуутай уран зургуудаар төсөөлж, ийм л байх ёстой гэж боддог. Зураачийн оюун санаанаас ургасан  зургууд яах аргагүй урлагийн өв. Хүн хэдийгээр хамгийн түрүүнд зургийг хардаг ч тогтож ажиглаад ирэхээрээ гуу жаазыг эрхгүй анзаарч, эх бүтээлтэйгээ хэр зохицож байна вэ гэж дотроо шүүн тунгаадаг. Тэгвэл гуутай, юутайгаа шатсан бүтээлүүдийн цаана ямар дурсамж нуугдаж байгаа бол. Монголын Уран зургийн галерейн их танхимд “AR Gallery-Үнэт бүтээлүүд”  үзэсгэлэнд галд өртсөн 25 уран зураг, хосгүй үнэт таван бүтээлийг дэлгэжээ. 2009 оны тавдугаар сарын 19 бол Монголын дүрслэх урлагийн түүхэн дэх хар өдөр. Уран зургийн галерейн сан хөмрөгт байсан 1000 орчим бүтээл түймэрт өртсөн. Тодруулбал, 1921-1990 оны үед хамаарах 106 зураг бүрэн шатсан бөгөөд 78 зураг 50-80 хувьтай шатаж, 88 зураг танигдах боломжтой, 652 зураг их хэмжээний сэргээн засвар шаардагдахуйц байдлаар гэмтсэн. Үүнд улсын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн бүтээлүүд байсан билээ. Төрийн шагналт туульч Б.Авирмэд агсан Алтайн сүрлэг уулсынхаа өмнө хүүдээ тууль хайлахыг зааж өгч буй торгон агшныг Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Одон “Эх нутгийн дууль”-даа 1972 онд мөнхөлсөн. Харамсалтай нь, Уран зургийн галерейд гал гарахад уг бүтээлийн 90 хувь нь шатаж, модон хүрээ л үлджээ. Энэ мэт Г.Одонгийн “Морьтон баатрууд”, Н.Цүлтэмийн “Мартагдашгүй уулзалт”, Г.Дунбүрээгийн “Оторт”, 1974 онд туурвисан “Монгол транс”, О.Цэвэгжавын “Партизан цэргийн элсүүлэлт”, зураач Г.Төмөр-Очирын “Намрын уянга” бүтээл дахин амиллаа. Уран зургийн галерей орчин цагийн дүрслэх урлагийн түүчээ болсон эдгээр  үнэт бүтээлийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачилж хэрэгжүүлж байна. Хэдийгээр бүгдийг нь сэргээн засварлаж дуусаагүй ч, AR технологийн тусламжтайгаар  эх бүтээлээр нь сэргээн үзүүлснээрээ чухал ач холбогдолтой. AR технологи монголчуудад шинэ тутам байж болох юм. Бидний хувьд уран зураг, галерей, үзэсгэлэн гэдэг үргэлж бодит байсаар ирсэн. Тэгвэл “AR Mongolia” аппликейшныг татаж, хосгүй үнэт бүтээлүүдийн дэргэдэх виртуал тайлбарлагч руу камерыг чиглүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл авч, эх бүтээлээр нь сэргээн үзэж байна. Технологийн хөгжүүлэлт болон контент хөгжүүлэлтийг  “AR Mongolia” компани гүйцэтгэж, 2D болон 3D артистууд, зураачдын хичээл зүтгэлийн ачаар сэргээжээ. Мөн  үзэсгэлэнд дэлгэсэн зургийн дүрүүдтэй бодитоор танилцуулснаараа онцлог юм. Энэ мэт сонирхолтой дэглэлттэй, англи, монгол болон дохионы хэлний “виртуал” тайлбарлагчтай байлаа.

 

“Өвгөн хуурч” амилж, “Орхоны хавар” мяралзав

 

Уран зургийн галерейд Марзан Шаравын 1921 онд зурсан В.И.Лениний хөрөг, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн “Талын айл”, Г.Одонгийн “Ажлын дараа”, О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” гэсэн Монголын хосгүй үнэт таван бүтээл байдаг. Эдгээрээс дөрвийг нь AR үзэсгэлэнд зориулан тусгайлан дэглэжээ. Та бидний сайн мэдэх, Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” уран зураг “Мөнхийн зогсоол”-доо заларна. Ойртон очвол хуурч өвгөн “амилж”, морин хуурын ая эгшиглэх нь тэр.  Дэргэд нь Урчуудын эвлэлийн шагналт, зураач Ц.Жамсрангийн 1962 онд зурсан "Орхоны хавар" мяралзан урсаж үзэгчдийг огшоов. Хосгүй үнэт дөрвөн бүтээлийг тусгай орчинд бодитоор гараараа мэдэрч, аудио хэлбэрээр анх удаа сонссон үзэгчид “Ингэж бас болдог оо” хэмээн ярилцацгаана. Танхимын хананаас адуу янцгаах нь БНМАУ-ын анхны Ардын зураач, Төрийн хошой шагналт, XX зууны манлай зураач О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”. Монголын ард түмний оюуны хосгүй өв гэгддэг энэхүү зураг 1958 онд “мэндэлжээ”. Уужим хөндийн өвс халиурч, хоёр азарга хүч мэдэн ноцолдоход оройн шаргал нарны туяанд уулын толгой ухаа ягаан өнгөтэй харагдах нь хөдөө нутагтаа очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Уран зургийг кино шиг урнаар хөдөлгөж байгаа нь  AR технологийн ололт. Монгол Улсын Засгийн газраас үндэсний соёлын биет болон биет бус өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулахад онцгой анхаарч байгаа. Уран зургийн галерейд олон улсын стандартаар уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулсан. Улмаар манай улсын дүрслэх урлагийн салбарын сэргээн засварлалтын чиглэлд бодитой дэвшил авчирсныг дурдах нь зүйтэй. Уг лабораторид  галын гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлахаас гадна дүрслэх урлагийн бүх  чиглэлээр сэргээн засварлах эхлэлийг тавьж байна. Ингэхдээ сэргээн засварлагчдыг мэргэжил, арга зүйгээр хангах, зургийг сэргээн засварлах ажлыг цаашдаа тасралтгүй явуулах хүний нөөцийн чадавхтай болгох зэрэг томоохон оюуны болон соёлын хөрөнгө оруулалт болжээ. Үзэсгэлэнгийн үеэр “Мэдрэхүйн төсөөлөл” төслийг олон нийтэд танилцууллаа. Энэ бол тусгай хэрэгцээт үзэгчдэд урлагийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлж буй төсөл. Улмаар Ардын зураач, Төрийн шагналт зураач Г.Одонгийн “Ажлын дараа” зургийг бодитоор мэдрээрэй.  “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд гарч буй “AR Gallery-Үнэт бүтээлүүд”  үзэсгэлэн ирэх сарын 5 хүртэл үргэлжилнэ. 


“Даатгуулбал давуу талтай ч урлагийн бүтээлүүдийг урьдчилан сайн нөхцөлд хадгалан хамгаалах нь чухал”

 Монголын Уран зургийн галерейг үндэсний дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг ард түмний хүртээл болгох, хадгалан хамгаалах, шинэ үеийн хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгох зорилгоор  1991 онд байгуулснаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ их айлын алтан сан хөмрөгт нүүдэлчин Монголчуудын өнө эртний түүх соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал түүнчлэн уудам хээр тал, говь хангайн байгалийн сонин дүрслэлийг тусгасан уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн 4000 гаруй сор бүтээл бий.  Уран зургийн галерейн маркетингийн менежер Т.Содбаяраас “AR Gallery-Үнэт бүтээлүүд”  үзэсгэлэнгийн талаар тодрууллаа.

-Энэ удаагийн үзэсгэлэнгээр дүрслэх урлагийн өв болсон зургуудыг дахин харуулснаараа монголчуудын санах ойг сэргээлээ. Тусгайлан дэглэсэн 25 зургийг хэрхэн сонгосон бэ?

-Энэхүү үзэсгэлэн нь “AR Gallery - Үнэт бүтээлүүд” төслийн эхний танилцуулга юм. Үзэсгэлэнд дэглэсэн 25 бүтээл нь AR технологийн тусламжтайгаар хамгийн богино хугацаанд сэргээгдэх боломжтой уран зургууд байсан. Түүнчлэн 15 жилийн турш үзэгчдийн хүртээл болоогүй, Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн онцлог бүтээлүүд юм.

-Танай галерей цаашид технологийн дэвшлийг хэрэгжүүлэх үү. Өмнө нь AR технологийг Монголын соёл, урлагийн байгууллагууд ашиглаж байсан уу?

-Монголын Уран зургийн галерей болон “AРГҮН Холдинг” компани өнгөрсөн тавдугаар сард санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд хийсэн эхний ажил “AR Gallery - Үнэт бүтээлүүд” төсөл бөгөөд цаашид ч технологийн тусламжтай цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн үзэгчдэд хүртээмжтэй олон талт ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-“Мэдрэхүйн төсөөлөл” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Урлагийг тэгш, хүртээмжтэй түгээх зорилгоор уг төслийг санаачилсан. “Мэдрэхүйн төсөөлөл” бол тусгай хэрэгцээт үзэгчдэд хосгүй үнэт бүтээлийг гараараа мэдэрч үзэх, аудиогоор сонсоход зориулсан төсөл. Виртуал хөтчөөр англи, монгол, дохионы хэлээр тайлбар авах боломжтой.

-2009 онд галд хэчнээн бүтээл сүйдсэн бэ.Үзэгчдийн сэтгэгдэл, яриаг сонсож байхад дүрслэх урлагийн өвүүдээ даатгуулах тухай санал гаргаж байна. Хэрвээ даатгалтай байсан бол сэргээн засварлахад нэмэр болох байв уу?

-Манай галерейд 2009 онд цахилгааны улмаас гал гарсан. 1000 орчим бүтээл галын гэмтэл авсан байдаг. Үүнээс хойш Монголын Уран зургийн галерейгаас Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах төсөл, Сэргээн бүтээлгэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Даатгалын тухайд бүтээлүүдийг улс хооронд зөөж тээвэрлэхэд даатгуулдаг. Мэдээж даатгуулвал давуу талтай ч урлагийн бүтээлүүдийг урьдчилан сайн нөхцөлд хадгалан хамгаалах нь чухал байна.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22