Зорьсон хүн л тэмцэж очдог хөдөө нутгийн алс буйдхан өвөлжөө. Хөлөрч цантсан тоонотой бага таван ханатаас шажигнасан чимээтэй “Вега” транзистороор Адарсүрэнгийн аргил хоолой:
“Будрах тэнгэр үүлээр туйллаа
Буурал салхиар сэгсэрч исгэрлээ
Манрах үдшийн үүртэй золгуулаад
Малчин түмэн шуурга сөрлөө... хэмээн уянгалуулан дуулах сонсогдоно. Хөр цасанд туруугаа шалбалж бэлчээрийн ая даахаа больсон хэдэн төлөг, борлон хотны хаалт налан наранд ээн зүүрмэглэх мэт нүдээ анин зогсох нь эсэргэн хаврын яргуйг мөрөөдөн байх мэт. Гэрийн дотор пүнхийм дулаан бөгөөд тогоон дээр бодын бололтой хугалж жижиглэсэн хавирга сээр, чихэж амталсан гургалдай пор, пор чимээ гарган буцлах.
"Малчны нөмөр" гэх энэ дууг цасан шуургатай шөнө малчин айлд бичигдсэнийг би санадаг юм. Цэндийн Чимэддоржийн омголон дуу, шуургатай шөнийн гүн харанхуй тэнгэрт дүүлэх хувилгаан хүлгийн туурай тачигнах мэт хадаж байсан сан. Үнэхээр малчин айлд бичигдсэнийг нь би хэлж мэдэхгүй юм. Хүүхэд байсан учир радиогоор сонссон болгондоо л итгэдэг байлаа. Ямартаа ч шуурга сөрсөн, өлчир малчдыг сэтгэлээр дэмнэх хүсэл нь УГЗ З.Батсүхээр аялгуу зохиолгож, ар Монголын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгээр дуулуулж амилуулсан. Энэ дуу “Цасан шуурга хэрж уулстайгаа хамт даарсан, Цагийн шуурга сөрж улстайгаа хамт зүдэрсэн” хэдэн муусайн малчдад “Ховор бараа дагуулсан баярын бичиг”-нээс илүү нэмэр болсон нь лавтай.
Радиогоор "Болор цом" -ын эгшиглэнт үгс цуурайтна. Аавын нүүрэнд инээмсэглэл тодрох бөгөөд үе, үе гаансаа нэрж "Күээ мөн" хэмээн уулга алдах. Хөрзөн чихсэн пийшингийн улайдсан бөөрнөөс зугтаж, гэрийн хаяа бараадан, газраар хөлбөрөн хэвтэхдээ аавын ийн уулга алдахыг харах дуртай. Радиогоор “Малчин” нэвтрүүлгийн Ц.Чимиддорж шүлгээ уншиж байна. Түүнийг шүлгээ уншихад монгол амьсгал даран сонсдог.
...Ардынхаа суу билгийг морин дэл дээр тогтоосон
Алтан гуутай зурганд нь түмний эх янцгаасан
Сур хар элдэхдээ ч бодлоо цуг элддэгийг
Сургуульд үзсэнээ мартсан ч өвгөдийнхөө үгийг мартаагүй... малчин түмэн уулга алдан сонсдог. Их сүр дэлээ хийсгэн тайзан дээгүүр алхан ирээд “Марзай, гийнгоо” шүншигт хурдан хурц шүлгүүдээ манийн байтугай Монголын хийморь сэргэтэл уншдаг.
Энэ хүнийг яруу найрагч, сэтгүүлч Ц.Чимэддорж гэнэ. Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн гэзэг үс ихтэй найрагч болохоор нь тэр юм уу бичсэн шүлгийнх нь нэрээр ч юм уу үзэг нэгт нөхөд нь түүнийг “Дэрэнгийн хар азарга” гэж нэрлэх. Гэхдээ тэр морь Чимиддорж, малчин Чимиддорж гэх зэрэг олон хочтой. Бүх хоч нь л энэ “Дэрэнгийн хар азарга” улс бүсийн яруу найргийн дэвжээнд магнайдаа тоосгүй хурдлах нь элбэг байлаа. “Болор цом” наадмын дэвжээг яруу найраг, утга зохиолын ертөнцийн аваргууд эзэгнэж байх үед зургаа дахь цомыг “Малчин” шүлгээр авч Монголоор дүүрэн малчинтай яруу найрагч болж билээ. Арван жилийн зайтай хоёр түрүүлсэн бөх их аварга Хадбаатар байдаг бол арван жилийн зайтай “Болор цом”-ыг хоёронтаа атгасан найрагч Ц.Чимиддорж байдаг. Улсын наадамд хоёр түрүүлсэн морийг бол “Даян түмэн эх”, хоёр түрүүлсэн бөхийг “Аварга” хэмээн цоллоно. Харин “Болор цом”-ын наадамд хоёр түрүүлсэн найрагчийг арай “Дэрэнгийн хар” гэдэг юм биш байгаа. “Эцэгтээ чөдрийн морийг дөхүүлж тусад орсон, эхээс төрөхийн малчин амьдралын хар ухаан” болсон энэ эгэлгүй эрийн өгүүлэмж мал, малчин, монгол ахуйг нар зөв тойрон эргэх амуй. Түүний шүлгүүд “Монгол философи” мал аж ахуй эрхлэх технологи, түүнтэй холбоотой байгаль цаг уурыг шинжиж, урьдчилан таамаглах мэдлэгт тулгуурлан бичигдсэн байх бөгөөд “Болор цом”-ын түрүү “Малчин” шүлэг
“Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан...” хэмээн эхэлснээс нь харагдах аж. Ёдор ааштай хурц хэллэгтэй, “Монгол философи” үнэртсэн өвгөжөөр эр шиг шүлгүүд нь халамцуу агсамналаар их доод өнгөнөөс уншигдаж эхэлнэ. Түүний шүлгүүд өөрөөсөө аятай төрдөг. Найрагч “Болор цом” наадмын дэвжээн дээрээс монголчуудад, цаашлаад хүн төрөлхтөнд хандан “Сэлбэ”шүлгээрээ
...Ажнай гэмээнэ нутгаа л үнсэж гүйх унаган ус минь
Алганы хээ дагаж садарсан хөх цус минь
Дээгүүр чинь тэгнэх гүүрний хоёр ногоон арслан л
Дэргэдүүрээ өнгөрөх болгоноос усаа харамлаж архирах юм... хэмээн харуусан учирлаад...
...Чулуун арслангаас өөр өмөөрөх эзэнгүй юм бол
Чухамдаа тэгээд энэ чинь хэний гол юм бэ?! гэж асуусан байдаг. Энэ цөхрөл нь хүүхдээ өмөөрөхдөө зодож орхидог ээжийн сэтгэлээр байгаль, эх дэлхийг хүн төрөлхтнөөс харамлан, өмөлзөхдөө өөрийгөө зодох шалтгаан хайгаад байна уу гэж надад бодогддог юм. Хүн гэдэг хүй орчлонг эзэрхэх ёроолгүй тамлант хүсэлдээ “Хайр, ивээл”-ийг багтаасангүй. “Малчин” Ц.Чимиддоржийн “Монгол философи” нэвт шингээсэн “Малчин” шүлэг нүүдэлчин монголчуудын амьдралын толь гэж хэлэхэд буруудахгүй мэт.
Малчин
Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан
Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрэлгүй
Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан
Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй
Давхиад буухад цоожгүй айл малчин таных
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных
Ботгоо голсон ингээ хөөслөн хамт уйлна
Бороо орохгүй болохоор овоогоо тайж даллана
Өөнтөгч хорвоод гомдвол хуураа татаж тайтгарна
Өөрөө өөртэйгөө ярьж орчлонгийн ээдрээг тайлна
Хуруундаа бөгж чихэндээ ээмэг зүүг гэхээсээ
Хурц түргэн морьдоо цул мөнгөөр хазаарласан
Мэдэл сүр албан тушаал хөөцөлдөхийг
Мичин жилийн ааш зуднаас ч дорд бодсон
Ардынхаа суу билгийг морин дэл дээр тогтоосон
Алтан гуутай зурганд нь түмний эх янцгаасан
Сур хар элдэхдээ ч бодлоо цуг элддэгийг
Сургуульд үзсэнээ мартсан ч өвгөдийнхөө үгийг мартаагүй
Хонь мал дэлэндэж хорвоог барах нь гэж гутардаггүй
Ховор бараа дагуулсан баярын бичгэнд хөөрдөггүй
Огт болохгүй юмыг ч болж л байна гэж боддог
Оройн дээд төрийнхөө сүр сүлдэнд залбирдаг
Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа
Мал буянаа яаж адуулан маллахыг
Марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг
Эцэгтээ чөдрийн морийг дөхүүлж тусад орсон
Эхээс төрөхийн малчин амьдралын хар ухаан
Хишиг өдөр тааруулан хонины бэлчээрт уулзаж
Хэв хадаг шиг тэнгэр дор дөрөө гөлөм харшуулж
Ижий аавын минь нутаг гэж нэг баярлаж
Ивээл жилтэй юм бид хоёр гэж нэг уярч
Гарвал унаган мориныхоо жолоог сул орхиж
Ганзага ширэлдтэл тэврэлдэн эмээл дээр түшилцсэн хайр
Нутгийнхаа чулуугаар тоглож өссөн эгэл заяа нийтгэж
Нутгийнхаа л чулуугаар тулгалсан гал болж ассан
Дүүрэн хишиг нь дэлгэрсэн малаан нэг бөөцийлөх
Дөрвөн хананы дундах биднийгээ нэг бөөцийлөх
Ганган хээнцэр хот руу бүгдээрээ нүүчихвэл
Галаа хэн нь манах байна даа гэж санаа зовох
Дээдсийн алтан хэрэгсүүр хүн чулуу
Дэргэд минь малын бэлчээрт байхад
Эднийгээ орхиод би хаачих юм бэ
Элэнцгээ хийж төв бараадах юм бэ? гэж уурлах
Их дэлтэй морьд эмээлтэйгээ байхад
Эзэн Чингэсийн голомт дүрэлзэнхэн байхад
Уулс дэрлэж хонь мал ноолсон бор гэртээ
Утаа үнэрлэж яваад л үхье дээ гэж учирлах
Цасан шуурга хэрж уулстайгаа хамт даарсан
Цагийн шуурга сөрж улстайгаа
хамт зүдэрсэн
Эцэг минь малчин, ижий минь малчин
Ингэхэд би чинь хаана унасан хэний хэн билээ
Хан орчлонд зартай нууц товчооны морьдыг
Хар тугийн дор сүргээсээ барьж эмээллэсэн
Чулуу ирлэн хурдлах салхин зэв хүлгээ
Цуутай наадмын тэнгэр дор нар зөв гаргасан
Арвин буянтай малаа бурхнаасаа илүү тахисан
Аугаа ихээ мэддэггүй аугаа их улс
Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартавч
Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан
Цууриа хадны сүгнээс ч буурал намтар нь арилахгуй
Чулуун зэвсгийн үеэс хэдхэн дүү малчин.
Сэлбэ
“Хоёр хүү минь хөвөөнд нь төрсөн өлзийт ус оршивой”
Газрын хөх судас бүдэг бадагхан цохилно.
Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино.
Агсал буурал Туултайгаа хатирч л бэлчирдэг усан
Адуу бараадан дагах тушаатай морь шиг дэгэнэ.
Тэнгэр удгалахад үерлэх нь гэж хөөрнө.
Тэрэг чарга гатлахад долгисоо сандааж төөрнө.
Эвхсэн цаас хөвүүлж, дусалтай нь үсчих шалдан хүүхдүүдийн
Энэ голын жараахай нь хайчсан юм бол гэх гайхшрал
Үйлдвэр чихэлдсэн чимээнд дарагдсан дүлий урсгалд
Үймэх савангийн хөөстэй түлхэлцэн байж хагарна.
Чин ван Ханддоржийн илдээ ширээсэн хатан ус юмсан
Чилгэр хөх баатрууд минь эргэж ирээд амссан ус юмсан
Чингэлтэй уулын сэрүүн гүнж нүүрээ буруулах нь юу вэ?
Шилэн харшийн ёроолоор шоовдорхон гэлдрэх нь юу вэ?
Газар тэнгэртээ л нүгэлгүй явах юмсан.
Гал усандаа л халгүй явах юмсан.
Хөвөөнд нь нуугдаж өргөсөн халамцуу нанчид багадаагүй.
Хөх усанд нь нэмэр болдогсон бол болохоороо л нэг болсон.
Хүүхнүүд хөхрөлдөн өнхөрдөг байсан торгон ширэг нь
Хөлд тарчилж атирсан адсага болсон.
Дүүрэн Сэлбэ биднийг ширгэтлээ сэлбэлээ.
Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа.
Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы
Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна.
Улаан голоор чинь урсаж байгаа
Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа
Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа
Улс амьтны хөлд гутаж байгаа
Уулсынхаа элгэнд хярж байгаа
Ухаан гуйн залбирч байгаа
Шидмэс шиг гол нэг л үүрээр
Шивнээ нь тасарч, амьсгалаа өвөр дээр чинь хураах нээ!
Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг
Торгоож чадалгүй уурга шиг чиргүүлэн алдаж байж
Зэм халдаамгүй Алтайн цаадахь
Зэрэглээ залгисан халтар говийн
Бидэр ээ гээтэл цахилах эмнэг хуланг тогтоох юм гэнээ
Битгий
СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖ
СЭРЖ МАРТАЦГАА!
Ажнай гэмээнэ нутгаа л үнсэж гүйх унаган ус минь
Алганы минь хээ дагаж садарсан хөх цус минь
Дээгүүр чинь тэгнэх гүүрний хоёр ногоон арслан л
Дэргэдүүрээ өнгөрөх болгоноос усаа харамлаж архирах юм.
Чулуун арслангаас өөр өмөөрөх эзэнгүй юм бол
Чухамдаа тэгээд энэ чинь хэний гол юм бэ?!
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна