Л.Энх-Амгалан: Зээлийн дарамт учруулахгүй, орлогод нийцсэн орон сууцны бодлого хэрэгжүүлнэ


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай  ярилцлаа.

-Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд даргын хувиар тантай ярилцаж байна.  Үндэсний хорооны ажил хэрхэн өрнөж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?
-Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аас батлан гаргасан. Баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн төрөлжсөн гурван сантай байхаар хуульд тусгаж өгсөн. Хуримтлалын сан нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтын зориулалтаар дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг сайжруулах зориулалттай юм. Өнгөрсөн хугацаанд манай улс орон сууцжуулалтын асуудлаар нэгдсэн бодлогогүй, үндэсний хэмжээнд цогцоор авч үзээгүй, санхүүжилтийн асуудлыг нь ганцхан Монголбанканд даатгачихсан маягтай явж иржээ. Гэтэл орон сууцжуулалт гэдэг ганц яам, нэг банк шийдвэр гаргаж, зохицуулах биш, салбар дундын буюу үндэсний хэмжээний цогц асуудал. 2013 оноос хойш олгож эхэлсэн ипотекийн зээлд  өнөөдрийн байдлаар нийт 130 мянга гаруй өрх хамрагдаж, 8.8 их наяд төгрөгийн зээл олгожээ. 

Мэдээж энэ бол үр дүн. Гэхдээ зорилтот бүлэгтээ бүрэн хүрээгүй. Танил талаараа дамжуулж, 2-3 удаа ипотекийн зээл аваад, байруудаа түрээсэлчихдэг бизнесийн зарчим руу орчихсон нь нууц биш. Ер нь нийгмийн боломжтой хэсгээ илүү дэмжсэн юм байна гэж харагдаж байгаа. Нөгөө талдаа ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй, 2-3 жил банкны үүд сахидаг буруу тогтолцоотой болчихсон. Үүнийг л засаж, сайжруулж, орон сууцжуулалтын нэгдсэн бодлоготой байх, зорилтот бүлгээ түлхүү хамруулдаг, дэмждэг байхын тулд Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороог байгуулсан. Тус хороог Ерөнхий сайд ахалж, дэд даргаар миний бие ажиллаж байна. Эхний ээлжид “Хуримтлалын сан”-гийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөсний дагуу энэ онд нийт 400 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд нэмж гаргасан. Ингэснээр өмнө нь жилд дунджаар 6000 гаруй зээлдэгчид олгодог байсан бол энэ онд 10.000 гараад явж байна.  

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг “амилуулах” хүрээнд манай улсад нэн тулгамдсан орон сууцжуулалтын бодлого  тодорхой бөгөөд нэгдмэл болох нь гэж ойлголоо. Үндэсний хороо байгуулагдсанаас хойш  энэ чиглэлд ямар ахиц гарсан гэж та хэлэх вэ?

-Үндэсний хороо байгуулагдсанаас хойш Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын Ипотекийн Корпораци /МИК/, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Монголын ногоон санхүүгийн корпораци болон Элчин сайд нар гээд холбогдох талуудтай олон удаагийн уулзалт хийсэн. Миний хувьд цахим хаягаараа дамжуулан  долоо хоног бүр  тогтмол  мэдээлэл оруулаад явдаг. Орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг оновчтой болгох, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийн бодлогыг мөн олон улсын туршлагад үндэслэн шийдвэрлэх зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байна.  Зөвхөн уулзаад танилцаад, буу халаад өнгөрөх биш, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд орон сууцжуулалтын асуудлаар нэгдсэн нэг ойлголттой байж, зөв шийдэл гаргахыг зорьсон. Орон сууцжуулалт дан ганц нэг иргэний, өрхийн асуудал биш нийгмийн, улс орны хэмжээний асуудал гэдгийг өнөөдрийн агаар, хөрс, орчны бохирдлоос бид бүгд харж байна.  Бид анх удаа гэр бүл болж буй залуус, гэр хорооллоос орон сууц руу шилжиж буй иргэд, орон нутаг руу шилжин суурьшиж буй төрийн албан хаагчид, олон хүүхэдтэй, орлого багатай иргэдээ зорилтот бүлэг гэж тодорхойлж байна. Тэдгээр өрх, иргэний амьдралын чанарыг сайжруулснаар шууд болон дам байдлаар утаа, түгжрэл гээд олон асуудлаа шийдэх боломж юм. Өнгөрсөн хугацаанд олгосон нийт зээлийн дата-д шинжилгээ хийгээд үзэхэд 70 хувь нь орон сууцтай иргэн дараагийн орон сууцанд шилжихэд зориулагдчихсан юм байна гэдэг нь харагдсан. 

-Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль болон орон сууцжуулалтын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэж, УИХ-д өргөн барихыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ хуулийн гол агуулга юу байх вэ, ямар харилцааг хэрхэн зохицуулах вэ?

-Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас боловсруулж, ажлын хэсэг байгуулсан. Харин Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны хурлаас өгсөн чиглэлийн дагуу дараах агуулгатай эрх зүйн өөрчлөлт, зохицуулалт хийхээр ажиллаж байна. Тухайлбал, төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ипотекийн зээлийн санхүүжилт, зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж зорилтот бүлэгт чиглүүлэх, амины орон сууц болон ногоон орон сууцны стандарт шинэчлэх талаар өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Мөн орон сууцжуулалтад шаардлагатай дэд бүтэц, цахилгаан хангамжийг нэмэгдүүлж, аймаг, орон нутагт дэд бүтэц бүрдүүлэх зэрэг өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Ингэснээр  дээр хэлсэнчлэн анх удаа байр авч буй залуу гэр бүл, орлого багатай, гэр хорооллоос орон сууц руу шилжиж буй иргэд, нийслэлээс орон нутаг руу шилжин суурьшиж буй төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахад хүртээмжтэй байх бодлого хэрэгжүүлнэ.

-Орон сууцжуулалтын хамгийн гол эх  үүсвэр болсон ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар энэ хуулийн хүрээнд ямар ахиц дэвшил гарч байна вэ. Шинээр ямар зохицуулалт  тусгаж байгаа вэ?

-Энэ оны долдугаар сарын байдлаар зургаан хувийн ипотекийн зээл авах 17 мянган иргэний хоёр их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа 30 хувиа төлөх боломжтой хүмүүс.  Нөгөө талд орон сууцанд орох хүсэлтэй ч, урьдчилгаа 30 хувийн төлбөрөө бүрдүүлэх боломжгүй олон хүн бий. Дэлхийн банкны судлаачид одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлээр иргэдийн худалдан авах чадвар буюу орлогод нийцэхгүй, өндөр үнэтэй орон сууцыг түлхүү санал болгодог тухай судалгаандаа дурдсан. Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй буюу хөрсний болон агаарын бохирдол үүсгэхгүй, амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олговол худалдан авах чадварт нийцнэ гэсэн зөвлөмж өгсөн. Үүний дагуу цаашид эдгээр эрэлт хэрэгцээнд тохирсон, зээлийн дарамт учруулахгүй орлогод нийцсэн, орон сууцны бодлого хэрэгжүүлнэ.  Хуулиар урьдчилгаа төлбөрийн нөхцөлд уян хатан хандах, хуримтлалын сангаас санхүүжүүлэх, зээлийн батлан даалтын сангаас гаргах, эцэг эхийн байрыг барьцаалах зэрэг төлбөрийн олон нөхцөлтэй болгох саналуудыг боловсруулан ажиллаж байна.

-Амины орон сууцыг ипотекийн  зээлд хамруулах боломж нээгдэх үү.  Ногоон орон сууцны стандарт, жишиг загварыг ч мөн тогтооно гэж ойлгосон.  Энэ тухайд  ямар зохицуулалт хийж байгаа бол?

-Нээгдэнэ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас яг энэ чиглэлээр судалгаа хийлгэж, бодлогын зөвлөмж авсан. Зарим аймагт  хэрэгжсэн “Хашаандаа сайхан амьдаръя” төсөлтэй ижил гэсэн үг.  Төр ганцхан өндөр барилга байшинд ач холбогдол өгөхгүйгээр гэр хорооллын дэд бүтцээ сайжруулж, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн байшинд яагаад ипотекийн зээл олгож болохгүй гэж. Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах нэг том алхам бол энэ юм. Нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулаад дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл энэ бол том дэвшил.  Олон улсын байгууллагууд ч энэ шийдлийг санал болгодог. Миний хувьд  ажлаа авснаас хойш ширээний ард яриад суусангүй. Олон уулзалтууд хийлээ. Амины орон сууц барьдаг хэд хэдэн залуустай уулзан, газар дээр нь ч очиж танилцлаа. Дээр дурдсанчлан орон сууцны хөнгөлөлттэй зээлийн зориулалт оновчтой буюу зорилтот бүлэг хамрагддаг, эх үүсвэр нь хүрэлцээтэй байх нь гол асуудал. Гэвч нөгөө талаас орон сууцны нийлүүлэлт хүрэлцээтэй байх нь чухал байна. Шинээр баригдаж буй орон сууцны үнэ өндөр, метр квадратын хэмжээ нь ихэвчлэн том байгаагаас залуу гэр бүл, орлого багатай өрхүүдийн хувьд банкны зээлийн шаардлагыг хангахгүй, зээлээр авлаа ч эргэн төлөлт өндөр байгаа нь эргээд зээлийн дарамт үүсэж байна. Иймд нэгдсэн шийдэл гаргах чиглэлээр салбар дундын уялдааг хангахад анхаарч ажиллаж байна.  Иргэдийн байшинг үл хөдлөх хөрөнгөөр бүртгэдэг, өвлөгддөг, банкны барьцаанд авдаг, стандарттай болговол эрчим хүчний хэмнэлттэй байшиндаа хэдэн үеэрээ ч амьдрах боломжтой юм.

-Нийслэлд хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн бодлого Орон сууцжуулалтын Үндэсний хорооны бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ. Бодлогын  томоохон ажлуудын хоорондын уялдаа холбоо ямар байдаг юм бол. Нэг зүгт харж ажиллаж чадаж байна уу?

-Төрийн байгууллагын уялдаа холбоо нэн чухал. Яам болон банкнаас ногоон орон сууцыг дэмжинэ гээд байдаг. Нийслэл нь “Дахин төлөвлөлт хийнэ, энэ газарт байшин барихгүй” гээд байвал ямар ч утгагүй. Иргэд, бизнес эрхлэгчдэд ч цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хохиролтой. 

Тиймээс зөвхөн нийтийн орон сууц, хотхон хорооллын өндөр барилгад ач холбогдол өгөхгүй, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулснаар төвийн шугамд байшинг нь холбох, амины орон сууцны стандартыг бий болгоно. Инженерийн шугам сүлжээ орох боломжгүй бүсүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологийг ашиглан ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн, бие даасан эх үүсвэртэй амины орон сууц барих боломжийг бүрдүүлнэ.  Иргэн өөрийн эзэмшлийн газар, хашаа, байшиндаа орон сууцтай ижил стандартыг бүрдүүлэн амьдрах боломжийг бий болгох нь орон сууцжуулалтын нэгэн шийдэл юм.

Мөн амины орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууц, түрээсийн орон сууц зэргээр төрөлжүүлэх зорилт тавьж байна. Эдгээр санал, шийдлийг бүрэн ажил хэрэг болгохын тулд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагатайгаа хамтран нэгдсэн бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулж, өрх бүрийн өөр өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцтай болгоно гэж урт хугацаандаа зорьж байгаа юм.

   М.Өнөржаргал

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/ 


0
angry
1
care
0
haha
1
liked
6
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 3 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 7 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 7 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23