Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласан энэ өдөр өвлийн цас намуухан бударч, өргөн дэлхий намжаа тайвнаа гайхууланхан байсныг өгүүлэх юун. Том, том цас малгайлан буух нь хүртэл сонсогдмоор тийм нам гүм. Их найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Пүрэвдоржийн шүлэг найргаа уншиж, онгод тэнгэрээ хөглөж явсан их хотын гудамжууд цасан хэвнэгээ нөмөрчээ. Ийм аниргүйн дундаас сонсогдох яруухан үгс эх орны уул толгодын сэрвээ хэдэрч, ус мөрний долгио бэдэртүүлэн цуурайлах мэт. Энд монгол хүн, монгол хэлээр бичсэн шүлгээ уншиж байна. Эх хэлээрээ унших монгол шүлгийн хэмнэлд уусан алдрахуй тусгаар тогтнолын үнэ цэн ийм хэмээн өөрийн эрхгүй омогшин, бодол нэрэн аньсага норох ажгуу. Ийм үзэл санаан дор Монголын яруу найрагчид цуглан нэгэн үдшийг үгийн уран, сэтгэлгээний яруугаар сүлэн үддэг болоод 42 он улирчээ. Оршин ахуй цаг үеэ түүчээлэн, омогшил бадраан ухаарал хайрлан уянгалсаар эсвэл улиран одох он, оныг бичиглэн үлдээсээр хэмээвэл зохих ч юм сан уу. Өнгөрсний тухай бодол ирээдүйн талаар эргэцүүлэхэд хүргэнэ. Харин ирээдүйн талаарх эргэцүүлэл сэтгэл эмзэглүүлнэ.
Жил ирэх тусам “Болор цом” наадмын нэр хүндийг унагах, үгүйсгэн доромжлогсод олширч, харь хэл, соёлыг бишрэн шүтэгсэд нэмэгдсээр буйд сэтгэл эмзэглээд байгаа юм. Цааш хөврүүлэн бодвоос амьтны мөхөж буй төрөл шиг болсон яруу найрагчдын цуглах, уулзан хөөрөх шалтаг болдог яруу найргийн наадмыг доромжлон гутаах сэдэл ойлгомжтой ч юм шиг.
Ямар сайндаа л МЗЭ-ийн тэргүүн Б.Ичинхорлоо “Болор цом 42” наадмыг нээж хэлсэн үгэндээ “Даяарчлагдаж байгаа өнөөгийн ертөнцөд гаднын хэл соёлын түрэмгийлэлд өртөөд байгаа монгол хэлний ариун байдал, дархлааг манаж байдаг сэтгэлгээний ариун сүмийн хувраг болсон бичгийн их мэргэдийн үндсэн наадам нь Болор цом юм” хэмээн онцлон өгүүлсэн нь яруу найрагчдад нэгийг бодуулж, нөгөөг тунгаахыг хүссэн уриалга мэт сонсогдож байх вэ дээ.
“Болор цом” наадмын товыг зарлахаас эхлээд л нийгмийн сүлжээ, радио, телевизээр ийм наадам байх эсэх талаар хэлэлцүүлгүүд явдаг болоод нэлээд оныг үдлээ. Тийм ч учраас МЗЭ-ийн тэргүүн Б.Ичинхорлоо “Болор цом наадмыг таслан зогсоох оролдлого хийх увайгүй хүмүүс үеийн үед байсаар ирсэн” хэмээн харамсан өгүүлсэн биз. Нийгмийг үзэл бодлын өөр, өөр хандлагатай хүмүүс бүрдүүлдэг. Гэхдээ бүхнийг үгүйсгэх, үзэн ядах сэтгэлгээг өөр үзэл бодол гэж нэрлэх боломжгүй. Өнгөрснөөс үлдсэн бүхнээ үгүйсгэж, устгаж, шинэчлэх нэрээр үнэ цэнийг нь алдуулсаар байвал бид хэн болж хувирах вэ гэдгийг хүмүүс бодож үздэг болов уу. Аргаа барсан хүний бодол л юм даа. Бид үндэсний хувцсаа тээршаан үзүүлэнгийн хоргонд залаад удсан. Ахуй амьдралын хэлбэр өөрчлөгдөх тусам монгол гэх ондооших хэв маяг устсаар л байна. Гудамжаар дүүрэн гүйлдэх харь хэлээр ярих өсвөр настнууд ирээдүйн Монгол орны чинь эзэд. Эх хэлээ адлаад, эрэмдэг хэлээр яригсад олшроод байхад эх орончдын зүрх тайван цохилох эрхгүй биз ээ. Орчин цаг, хөгжил гэдэг гаднын хэл соёл биш, хэл, соёлгүй ард түмнийг тусгаар гэх боломжгүйг хэрхэн ойлгуулах билээ. Саяхан нэг хувийн телевизээр хуучны монгол кинонуудыг сонирхдог насных нь хүмүүст буюу ахмад настнуудад зориулаад шөнө дунд гаргадаг болгох тухай их л ухаантай царайлан хүүрнэж суусан. Цаг үедээ хийх ёстой зүйлээ хийж, уран бүтээл туурвисаар ирсэн ахмад үеэ адлах их мэдэгчдийн балгаар өнөөдөр Монголд уул уурхайгаас бусад бүх салбар уналтад орсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Хуучны монгол кинонууд пропоганда ч бай хамаагүй монгол хүний уран бүтээл, ур ухаан тул монголчуудын өмч, өв юм. Үүнийг ойлгохгүй бол их мэдэгчийн түвшинд ярих хэрэггүй л болов уу.
Өгүүлэгч би вээр “Болор цом” наадам яруу найрагчдын сэтгэлгээний цар хүрээ, онгодын шидээр амилсан үгсээр тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, эх хэл, өв соёлынхоо ондоошлыг өгүүлж, ард түмнээ хөгжилд дуудах “индэр нь” байх ёстой юм болов уу хэмээн мунхаглана. Тийм ч учраас тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан монгол шүлгийн наадмыг зохион байгуулсан болов уу. Энэ индрээс яруу найрагчид “Хүн төрөлхтөнд хандах үг”-ээ хэлж, эх хэл, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж байсан удаатай. Зарим уралдааны түрүү, үр дүн чухал байдаггүй. Гагцхүү ямар агуулга дор нэгдэн нийлж уралдаан, тэмцээн мэтээр зохиож байна вэ гэдэг л чухал. Дэлхий дээр үзэл санаан дор нэгдэн нийлж түүнийгээ зарлан тунхаглаж байдаг олон уралдаан тэмцээн бий. Олимпын наадам л гэхэд дэлхийн улс орнуудын эв найрамдалтайгаар зэрэгцэн оршихуйн уриалга байдгийг мэдэхгүй хүн ховор. Зуун, зуун дамжин зохиогдож буй энэ наадмыг хэн ч “Үеэ өнгөрөөсөн” хэмээн дооглон адалдаггүй биз дээ. “Болор цом” наадам яг л ийм агуулгаар Монголд үзэл санаа, оюун ухааныг тунхаглан оршсоор байх ёстой юм. Оскарын наадам, кино фестивалиуд шиг арга хэмжээ болтлоо төлөвшсөн байгааг үргэлжлүүлсээр л байх ёстой. Монголд ч олон жил зохиож бараг заншил болсон арга хэмжээнүүд бий. Жил бүр “Болор цом”наадамтай зэрэг шахуу болдог “Гоёл” наадмыг энд дурдаж болох юм. Өөр улс оронд ижил төрлийн арга хэмжээ болдог ч яг манайд болдог шиг арга хэлбэрээр зохиогддог нь байхгүй учраас бид бусдаас өөр гэдгээ харуулж буй хэрэг. Энэ мэт “Гоёл”, “Болор цом” наадам өөрийн хэмжээнд гоо зүй, оюун ухааны хэмжээс болон оршсоор буй нь “Монголын үнэн” сонин шиг монголчуудын оюун санаанаас буй болсон үүсмэл өв соёл гэдгийг нотолж байгаа юм. Тийм ч учраас би “Болор цом” наадмыг судлагдахууны түвшинд ирсэн гэж зоригтой хэлээд байгаа хэрэг. Одоо ч аль нэг их сургуульд судалдаг, сурвалжилдаг эрдэмтэд бий болсон байж ч мэднэ. Зохион байгуулж эхэлсэн цагаасаа хойш олон нийтэд хүрсэн уран бүтээлийн дундаршгүй сантай болсон. Хүн төрөлхтөн оюун санааны “Бумбын эрин”-д орж эд баялгаас эрдэм ухааныг дээдлэх хөгжил рүү явж байгаа гэдэг. Энэ оюун санааны ертөнцийн салшгүй нэг хэсэг нь зохиолч, яруу найрагчид байдгийг надаар хэлүүлэх юун. Уран зохиол, яруу найраг гэдэг сэтгэлгээний цар хүрээг тэлж, төсөөллийг хөгжүүлдэг урлаг. Сэтгэлгээний цар хүрээ тэлэгдэх нь асуудлыг олон өнцгөөс харах чадвартай болгодог. Яруу найраг хүмүүнд гоо зүйн төлөвшил, сонсох мэдрэмжийн төгсөшгүй таашаалыг мэдрүүлдэг.
“Цагаан морин жилээр коммунизмын дээлээ сольсон монголчуудад байж болох уриа мөн ч олон байсан бүгдийг нь ээлж дараалан үгүйсгэсээр ирлээ” хэмээн нэгэн нийтлэлч бичжээ. Бид хэзээ нэгэн зүгт хардаг болж нийтлэг уриатай болох вэ. Нэгэн үе “Болор цом” яруу найргийн наадмыг нийгмээрээ тэсэж ядан хүлээдэг байв даа. Энэ жил хэн түрүүлэх бол гэдэг таавар нь гүтгэлгээр баяжсан хор байсангүй. Яруу найрагчдын уран бүтээлийг шинэ хүүхэд төрөх мэт хүлээх догдлол л байлаа. Тэр нэгэн үед шүлэг гэдэг үзэл санааны тунхаг, уриалга мэт байгаа юу даа. Ёстой л миний дээр өгүүлсэнчлэн шүлгийг илтгэл тавих мэт хэрэглэдэг байлаа. Агуулга, өгүүлэмжийн хувьд яруу найрагч нийгмийн түүчээ байх ёстой гэдэг ухамсарт суурилсан ард түмэнд хандсан шүлэг, уран бүтээл туурвидаг байж. Зохиолч хүнд юу хамгийн чухаг вэ хэмээвэл уншигч гэх болов уу. Өнөөдөр “Болор цом” наадмыг үзэгчгүй болсон гэдэг шүүмжлэл байдаг. Яруу найрагчид ч өөрсдөө энэ талаар бичдэг, ярьдаг. Энэ наадмыг үзэгчгүй болгосон нь хэн юм бэ. Үзэгчгүй болгосон нь яруу найрагчид өөрсдөө шүү дээ. Үзэгчгүй болсон бурууг бусдад тохох ямар ч шаардлагагүй. Сэтгэлгээний шүлэг бичих “моод” дэлгэрч түүгээрээ монгол шүлгээ дэгээдээд унагаачихлаа. Урлагт олон урсгал чиглэл бий. Өөрсдийн урсгал, голдирлоороо урсан хөгжсөөр өнөөг хүрсэн. Яг л гол мөрөн шиг. Хэн нэгэн “Голын тохой”-д шүлгийг бичих ёстой шиг хэн нэгэн “Нисэх онгоцны буудал дээр царцаа ногооныг үүрэглүүлэх” ёстой юм. Ард түмэн чинь бүгд гүн сэтгэгчид биш тул хэн нэгний гүн сэтгэлгээний шүлэгт алга ташихгүй байгаа юм. Алга ташихгүй байна гээд аавдаа гомдсон хүүхэд шиг урвагнаад, уллаж цахдаад, өнгөрсөн үе рүүгээ нулимж тохуурхаад байх хэрэг юун. Хэрвээ тэгж байгаа бол хэн түүнийг сэтгэлгээний гүнтэй найрагч гэх юм бэ. Технологийн үсрэнгүй хөгжлөө дагаад хүмүүсийг унших дургуй болсон гэж зохиолчид гомдоллодог. Тэгвэл яруу найраг сонсох мэдрэмж. Өөрийнхөө сэтгэгдлийг өөртөө буулгаснаа тайзан дээрээс унших биш, ард нийтээр сонсон таашаах шүлэг уран бүтээл гарвал сая “Болор цом” үзэгчтэй болох болов уу. Саяхандаа Монголын хамгийн олон хүн таашаасан подкастаар гадаадын уран зохиолоос ярьж өгдгийг нь нэрлэж байлаа. Хүмүүс уран зохиол, яруу найрагт дургуй болоогүй гэдгийг үүгээр нотолно. Энэ нотолгоо нь тэдний сонирхлын хэм хэмжээ, мэдлэгийн түвшинд хүрэх уран бүтээл төрөхгүй байгаа юм биш үү гэдэг асуулт төрүүлэх нь зүй ёсны хэрэг.
“Үнэт зүйл, үзэл санаагүй, шүүмжлэгч нийгэм тогтвортой орших боломжгүй цагтай тэсрэх бодис мэт байдаг” гэж Япон гаралтай америк нийтлэлч бичсэн байдаг. Монголчууд бидний сүүлийн 30 жилд цогцлоосон нийгэм ямар үнэт зүйл, үзэл санаатай юм бол хэмээн өөрөөсөө гайхширан асуусаар удлаа. Тоймтой зүйл санаанд бууж, сэтгэл тэнийлгэхгүй юм. Тэгвэл нийгмийн оюун санааг хэрхэн бүтээдэг юм бэ. Нэг том зүйл байх юм уу, нэг агуулга дээр зангигдсан жижиг, жижиг үнэт зүйлсээс бүрдэх юм уу. Миний хувьд хоёр дахь нь гэж бодож байна. Үндэстний өв, хэл соёл, тусгаар оршихуйн үнэ цэн, түүхээ агуу байлгах, ирээдүй рүү нэг зүгт харсан хөгжил. Энэ бүгдийг зангидаад монгол хүн байх омогшил, бахархал болговол мөн ч сайхан аа.
“Болор цом”-ыг тал талаас нь харж болчимгүйхэн л эргэцүүллээ. Гадаа цас шамраглан орсоор ахуйд дотор хүмүүн дагжин чичирсээр амой.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна