“Сэтэрт тал”-ын А.Лхагва “Болор цом”-ын тэргүүн найрагч боллоо


 Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам болж өндөрлөлөө. “Монголын үнэн” сонин энэ удаагийн наадмын мэдээллийн ивээн тэтгэгчээр бүтэн сарын турш сонирхолтой мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэл бэлтгэн уншигчдадаа хүргэв.

Энэ жилийн “Болор цом” болзсон газраа, товлосон цагтаа эхэлсэн юм. Шүлэг, яруу найрагт дуртай үзэгчид гадаа цастай байхыг үл анзааран Улсын филармонийг зорин ирсээр л байв. Гудамжны гэрэлд цасан ширхэг ямар нэг ид шидийн мэт ертөнцийг бүтээн байх мэт гялбалзан цацрах оч мэт үзэгдэх нь гайхалтай. Өнөөдөр энд ид шид бүтэж ч магадгүй.


“Болор цом” наадмыг нээж МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн тэргүүн, “Болор цом”-ын хошой шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Ичинхорлоо үг хэллээ. Тэрбээр яруу найрагчдынхаа сэтгэлгээний цар хүрээ өргөн хийгээд, үг нь уран, үзэг нь хурц байхыг ерөөгөөд “Монгол хэл дэлхийд түгэх болтугай” хэмээсэн нь танхимыг огшоож орхив. “Болор цом” наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Гантигмаа, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга нар хөтлөн явууллаа. Монгол яруу найраг арга, билгээр аргаданхан, учирланхан ухаарал, гэгээрэл хайрлан өгүүлдэг шиг “Болор цом”-ын тэргүүн шүлгийн шадуудыг уншин эхлүүллээ. Уламжлал ёсоор урд жилийн буюу 41 дэх удаагийн “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт залуу найрагч С.Начин тэргүүн мялаалга шүлгээ уншив. Улсын филармонийн танхим нэг ч сул  суудал үлдэлгүй дүүрсэн байх агаад яруу найрагт дуртай үзэгчид суудлын хоёр талаар эгнэн зогсоогоороо үзэж байлаа. Наадмын тасалбар хэд хоногийн өмнө зарагдаж дууссан тул урилгаар орохыг хүсэгчид үүдэнд дараалал үүсгээд байсан юм. Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах "Болор цом-42" наадамд 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 28 найрагч шалгаран Улсын филармонийн алтан тайзан дээр яруу сайхан шүлгээ дуудан үзэгч олноо цэнгүүлсэн. Дээрх 28 найрагчаас гурав дахь шатанд 16 нь шалгарч үлдэн үзэгчдэд шүлэг, яруу найргаа уншиж толилуулав.

Яруу найргийн уншлагын завсарлагаар үзэгч, сонсогчдын сэтгэгдлийг сонирхвол тэдний санал хэд, хэдэн яруу найрагч дээр хуваагдсан байлаа.  Яруу найрагч Д.Нямдорж, На.Батболд, Л.Торой, Ч.Ууганбаяр, Т.Батхүрэл, А.Лхагва нарыг энэ жилийн наадамд одтой байна гэж таамаглах хүн олон таарав. Удалгүй хоёрдугаар шатны уншлага болж шүүгчдийн бүрэлдэхүүн саналаа нэгтгэхээр явлаа. Яруу найргийн наадамд олон зохиолч, яруу найрагч ирж мялаалга шүлэг дуудсаны дотор “Болор цом”-ын эзэн Ц.Бавуудорж,  С.Баяржаргал,  МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү, МЗЭ-ийн шагналт Н.Гантулга нар байв. Үзэгчдийн таашаалд яруу найрагч Т.Пүрэвжаргалын их зохиолч Д.Нацагдоржийн гэргийд зориулсан “Пагмадулам” шүлэг гойд таалагдсан бололтой удтал алга ташин баяр хүргэсэн. Үзэгчдийн нас харьцангуй залуу байсныг энэ ташрамд өгүүлэх ёстой. Тэдний онцолж байсан өөр нэг яруу найрагч бол Л.Торой.

Энэ жилийн “Болор цом-42” наадам эхлэхээсээ өмнө л  хэл ам дагуулсныг утга уран зохиол, яруу найрагт ойрхон байдаг хүн бүр мэднэ. “Болор цом”-ын эзэн мөнгөөр тодордог, хойшид ийм наадам зохиох хэрэггүй гэдэг яриа нийгмийн сүлжээнд шуугиан тарьж хэд хоног хэлэлцүүлгийн гол сэдэв байсан. “Болор цом” наадмыг явуулахаа болих эсэх талаар ямар бодолтой байгаа талаарх үзэгчдийн сэтгэгдлийг сонссон юм. Яруу найраг сонирхогч зураач Мөнх-Амар “Болор цом” яруу найргийн наадам жил бүр болдгоороо болох ёстой. Хувь хүний үзэл бодлоор аливаа асуудалд хөнгөн хандаж болохгүй. Зуун хүний арав нь энэ наадмыг хаах саналтай байлаа гэдэг нь нийгэм тэгэхийг шаардаж байна гэсэн үг биш. Хувь хүмүүсийн л хандлагын асуудал” гээд энэ жилийн наадмын өнгө ямар байгаа болон уншсан шүлгүүдийн агуулгыг сонирхвол “Сэтгэлгээний болон тунхгийн шинжтэй цагаан шүлгүүд 50:50 хувьтай байна гэж бодогдлоо. Яруу найргийг төрөл зүйлээр нь талцуулж, ялгаж салгахгүйгээр дэнсэлж үздэг үзэгчтэй, шүүгчтэй жинхэнэ яруу найраг сонирхогчид ирсэн байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Тун удалгүй шүүгчдийн бүрэлдэхүүн танхимд морилон ирж айргийн тавд багтсан яруу найрагчдыг зарлав. Айргийн тавд На.Батболд, Д.Нямдорж, Ч.Ууганбаяр, Л.Торой, А.Лхагва нар шалгарчээ. Сүүлийн даваанд шалгарсан яруу найрагчид шүлгээ дуудахад “Болор цом”-ын сүүлийн даваанд дөрөв дэхээ шалгарч үлдээд байгаа яруу найрагч Ч.Ууганбаяр “Дөрвөн улирал” шүлгээрээ үзэгчдийг шуугиулж чадсан юм. Үнэхээр уншлага сайтай, үзэгчдийг татах чадвартай яруу найрагч хэн бэ гэвэл түүнийг л нэрлэхээр байв.

...Чиний дөрвөн өнгийн

                    инээднээс чинь

Чиний дөрвөн амттай

                     уруулнаас чинь

Чиний дөрвөн нартай

                      зүүднээс чинь

Таван бадаг шүлгээ тариан түрүү мэт хураав... хэмээгээд гараа даллан бүсгүйчүүд рүү шүлгээ цацах мэт хөдөлгөөн үйлдэхүй үзэгчдийн суудалд олон бүсгүйн зүрх догдлон булгилсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр энэ шүлгээрээ Б.Явуухулангийн нэрэмжит шагнал хүртэж наадмын дөрөвдүгээр байрыг эзэлсэн. Эгшиглэнт эхийн хишигт найрагч Дундговь нутгаас төрсөн юм. “Болор цом”-ын эзэн түүнийг Сэтэрт талын их найрагч А.Лхагва гэх бөлгөө. “Морин хуурын хэл”-ээр Монголтойгоо “ярилцаж” “Болор цом”-оо өргөлөө. Дэд байрыг яруу найрагч Л.Торой “Эхийн нулимс хатдаггүй” шүлгээр, гуравдугаар байрт На.Батболд “Түүх сөхөхүй” шүлгээрээ, дөрөвдүгээр байрт Ч.Ууганбаяр “Дөрвөн улирал”, тавдугаар байрт Д.Нямдорж “Одоо” шүлгээрээ эзэлсэн юм. “Пагмадулам” шүлгийн зохиолч яруу найрагч үзэсгэлэнт бүсгүй Т.Пүрэвжаргал “Цог” сэтгүүлийн нэрэмжит ном хэвлүүлэх эрхээр шагнуулж үзэгчдийн магнайг тэнийлгэв. Гүтгэлэг, дайралт, гүжир үгийн өөдөөс үгийн уран, үзгийн хурцаар урлан сийлсэн яруухан шүлгийн мөрүүдтэйгээ яруу найрагчид зогсож үнэн худлыг ялгаад өглөө. Ийнхүү “Болор цом” наадмын дэвжээ сүр дуулиантай, үзэгчдийн суудал шуугиантай, сэтгэл хөдлөм сайхан болж өндөрлөв.

 

“Болор цом-42” яруу найргийн наадам үзэгч дүүрэн,

үзүүр түрүү ойрхон, бүтэн таван цаг үргэлжилж, улбар

шар дээлтэй залуу урдуураа салхи ч оруулалгүй түрүүлжээ.

Тэргүүн яруу найрагч А.Лхагва:

 

Морин хуурын хэл

Сэтгэлээс үүссэн салхинд

Хээрийн салхи хөлчүүрнэ

Тэнгэрээс үүдсэн аялгуунд

Уулсын сэтгэл халууцна

Морин хуурын эгшиглэн

Ийм эртний хэл

Монгол газар үүссэн

Эх сайхан хэл

Энэ хэлийг анирдсан хүн

Эрэмшин омогшино

Энэ хэлийг сонордсон хүн

Элэг нь дэвтэж уярна.

Тэнгэрийг

Тэр өндрийг

Туг гэрэгээрээ өргөж

Туйлсан их суу залиар

Сүлд хийморьтой болгосныг

Тэнгэрийн үгээр хүүрнэнэ

Талыг Талбиун уудмыг

Тэнгис далайг цалгиаж

Тивийг сэрээсэн нүүдлээр

Тэнүүн уудам болгосныг

Тальн хэлээр шуранхайлна

Морин хуурын хэл

Монгол тэнгэрийн хэл

Монгол газрын хэл ээ.

Унаж сөхөрсөн үед

Уруудаж бүдэрсэн цагт

Морин хуурын үүрсээн

Монгол хүнийг сэрээсэн

Морьтой гэдгийг ньсануулсан

Халирч зэлэрсэн үед

Хавтайж бөхийсөн цагт

Морин хуурын төвөргөөн

Монгол хүнийг сэхээсэн

Мордоод давхихыгхаруулсан

Сүлд хийморийг сэрээж

Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж

Элэр аялгуу нь наранд хүргэж

Эртний өвгөдтэй уулзуулж

Хөөрөг зөрүүлэн хуучлуулж

Хөх толбыг минь тодруулж өгдөг

Морин хуурын хэл

Монгол хүмүүний хэл ээ

Бадран омогшихын бал

Бахархан гэрэлтэхийн гал

Морьтон Монголын хөл

Монголыг асаасан хэл

Энэ хэлээр биднийг

Эх дэлхий танина

Энэ хэлээрээ бид

Элэн галавтай ч ярилцана

Морин хуурын хэлээрээ

Монгол язгуурын хэлээрээ

Дээд сансрыг ч уяраана

Дэлхийг дахин дагуулна аа

 

МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Т.Пүрэвжаргалын “Болор цом-42” наадмын эхний давааны хоёр дахь дүйцэд уншсан содон агаад ,зоригтой шүлэг нь удахгүй олны хүртээл болно гэдэгт бат итгэж байна.

 

Пагмадулам

Нийслэл хүрээнээ өвлийн цас бударна

Нэвсийсэн хар хэрээнүүд гандангийн гонхноо дуулалдана

Хурган дотортой дээл насны нь гоог далдлаагүй

Хувгүй төрсөн Пагмадулам хөггүй шанзаар  уйтгараа тайлна

 

Тайж Нацагдорж Шекспирийн эмгэнэлт жүжгүүдээс

Хайж олсон сонгодог нь Пагмадулам байсан

Зүйж эвлүүлсэн сэтгэл хундага архинд найрагдаж

Үйж хөвсөн гуниглал нь шалан дээгүүр тунарсан

 

Хөгшин Европын өнгөц соёлд бишүүрхээгүй

Хөвгүүн охин хоёр Лена мөрний гүүрэн дээр үнсэлцсэн

Панс торго хоёрыг Оросын салхинд хийсгэж

Пагмадулам, Нацагдоржтой эмгэнэлт драммыг эхлүүлсэн

 

Марс од руу түүнтэй гарагсын нисэлт бүтээж

Мандсан хувьсгалт шинэ нийгэм рүү сэхээрлийн зүсэлт хийж

Өрнө зүгийн банзлыг хүрээний салхинд  дэрвүүлж

Өмнөд орны арзыг Хятад шаазанд цэлэлзүүлсэн

 

Гүн галуутайн хүүгийн өрхний оосрыг татаагүй

Цэн тогоруухайсын талхуримын ууж өмсөөгүй

Нүүрэнтэйн хөндийн зэрэглээнд хос морьдыг эцээгээгүй

Нүгэл гүжрийн төлөөсийг хайраа эмтлэн дарсан

 

Хориод оны мананд амраглах гэдэг хомс

Хохь тайжийн үрд хэргэм зэрэг ч алс

Хүрээнд орох цас уушийн газруудаас тойрно

Хүүхэн хүний хүслийг цагийн бусгаан дайрна

 

Нэмж зовиурлах нь илүүц хорин нэгдүгээр зуунд

Нийтэд түгсэн намтар нь ч бараан сүүдрээр ботилогдсон

Хүрээндээ цуутай Пагмадулам чи зүүдэнд нэг ирээч

Хүйтэн байна шүү хорвоо хундага дарсыг тогтооцгооё...

Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмж… 42 минутын өмнө
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана 3 цагийн өмнө
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 3 цагийн өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… Өчигдөр
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… Өчигдөр
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр
Г.Пүрэвбаяр: Богино хугацаанд үр дүнтэй бэлдье-ОНЦ.МН Өчигдөр